Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01190

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01190

 

Д.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01806 дугаар шийдвэртэй

Д.Өын нэхэмжлэлтэй Д.Ут холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 11,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр дотор 1,800,000 төгрөгийг төлөх, сарын 0,67 хувийн хүүтэй, алданги 0,25 хувиар тооцоохоор тохиролцож Д.Утэй зээлийн гэрээ байгуулсан. Жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний дотор 1,800,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 585,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 465,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд үндсэн зээл 7,840,000 төгрөг, алданги 3,920,000 төгрөг, нийт 11,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Д.У нар 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан хэдий боловч 9,000,000 төгрөгийг бодитоор өгөөгүй. Д.У нь 2018 оны эхээр Д.Өд Алтай хотхонд байрлах 63 м.кв 2 өрөө орон сууцыг зарсан. Нэхэмжлэгч Д.Ө нь мөнгөө өгөхгүй явсаар байгаад, урьд нь өгсөн урьдчилгаа дээрээ нэмээд Кореа таунд байрлах 2 өрөө байрыг өгье гээд арилжааны гэрээ хийгдээд байрыг нь авсан байдаг. Д.Ө нь өмнө өгсөн мөнгө дээрээ 2 өрөө байраа нэмээд өгөхөд 5,000,000 төгрөгийн зөрүү гарсан, жил хүлээлгэсэн юм чинь 5,000,000 төгрөгийн зөрүү дээрээ 4,000,000 төгрөг өгчих гээд нотариат дээр очиж гэрчлүүлсэн байдаг. Тэгээд нэр шилжүүлэхээр Кореа тауны байр дээр очиход Д.Ө нь 2 жил гаруй хугацааны СӨХ-ны төлбөр болон бусад ашиглалтын зардлыг төлөөгүй 2,000,000 гаруй төгрөгийн төлбөр байсан. Энэ мөнгөө 5,000,000 төгрөгөөсөө хас гээд хоорондоо маргалдсан. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлээгүй. 5 жилийн хугацаатай гэрээ байгуулчихаад шаардах эрх үүсээгүй байхад алданги тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгч байрны зөрүү мөнгөний байдлыг үнэн зөвөөр ярихгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Уээс 11,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Өт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 202,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Уээс 202,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 160 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Өт олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаярын давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжлэгч Д.Ө нь нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд алдангид 3,920,000 төгрөг нийт 11,760,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон. Гэвч бодит байдал дээр Д.Ө нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүрэг болох зээлдэгч Д.Уийн өмчлөлд 9,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар огт өгөөгүй болно. Мөн хэрэгт Д.Ут дансаар болон бэлнээр өгсөн үйл баримт огт авагдаагүй байхад шүүхэд хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг гаргасан байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бэлнээр Д.Ут өгсөн гэсэн худал нэхэмжлэл гаргаж 1,050,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэж удаа дараа шүүхэд худал мэдүүлсэн. Шүүхийн шийдвэрт хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2 удаа нэхэмжлэгчид 1,050,000 төгрөгийн төлсөн гэх үйл баримтууд дээр маргаагүй гэж шүүх шийдвэр гаргах үндэслэлээ тодорхойлсон нь буруу байна. Хэрэгт нэхэмжлэл, зээлийн гэрээнээс өөр ямарч баримт байхгүй, зээлдэгч мөнгө өгсөнөө нотолж чадахгүй байхад зээлдэгч Д.У бэлнээр мөнгө аваагүйгээ нотолж чадахгүй байна гэж шүүх үзэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанчлан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс бодитоор үнэлж үнэнд нийцээгүй анхан шатны шүүхййн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж хэрэгсэхгүй болгох эсвэл хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргалын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Иргэний хуулийн 282, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан тул алдангийг шаардсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасны дагуу татгалзал болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн заалтад нийцэхгүй байна.

3. Нэхэмжлэгч Д.Ө зээлийн гэрээний үүрэгт 11,760,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 0,67 хувийн хүүтэй, алданги 0,25 хувиар тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 585,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 465,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд үндсэн зээл 7,840,000 төгрөг, алданги 3,920,000 төгрөг, нийт 11,760,000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Д.У нь 2018 оны эхээр Д.Өд Алтай хотхонд байрлах 63 м.кв 2 өрөө орон сууцыг зарсан. Нэхэмжлэгч Д.Ө нь мөнгөө өгөхгүй явсаар байгаад, урьд нь өгсөн урьдчилгаа дээрээ нэмээд Кореа таунд байрлах 2 өрөө байрыг өгье гээд арилжааны гэрээ хийгдээд байрыг нь авсан байдаг. 5 жилийн хугацаатай гэрээ байгуулчихаад шаардах эрх үүсээгүй байхад алданги тооцох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. Хэрэгт талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 0,67 хувийн хүүтэй байхаар тохиролцсон бичгийн баримт байгаа боловч зохигчид дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийн хүлээн авсан асуудлаар маргаж, өөр өөр тайлбар гаргасан байна. /хх.4/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагч Д.Уээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,840,000 төгрөг, алданги 3,920,000 төгрөг, нийт 11,760,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өд олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид байр зарсан эсэх, талууд арилжааны гэрээ байгуулсан эсэх нь тодорхой бус байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан эсэх, өөр гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон эсэх, уг асуудлаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, маргааны үйл баримтыг тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах-аар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 203,110 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО