Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/01648

 

 

 

 

 

 

 

 

2022 04 12 101/ШШ2022/01648

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.О,

Нэхэмжлэгч: Д.Т

Нэхэмжлэгч: Д.Э,

Нэхэмжлэгч: Д.Э,

Нэхэмжлэгч: Н.Х,

Нэхэмжлэгч: Я.Ж,

Нэхэмжлэгч: Д.Т,

Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  З ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт илүү төлсөн 68,578,120 төгрөг, гэрээ зөрчсөнөөс учирсан хохиролд 16,349,634.31 төгрөг гаргуулах, хариуцагч З ХХКомпанийн гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 07-р сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Я.Ж,

Нэхэмжлэгч Д.Т, Н.Х П.Э, Д.Б, Л.О, Д.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С,

Хариуцагчийн өмгөөлөгч О.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авсан орон сууцны төлбөрийг гэрээнд зааснаар нэхэмжлэгч нар бүрэн төлж барагдуулсан. Гэтэл худалдан авсан орон сууцны талбай нь гэрээнд зааснаас дутуу байсан тул талбайн зөрүүг ТХХК-ийн хэмжилтээр тооцож 68,578,120 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 16,349,634.31 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Үүнд: Нэхэмжлэгч Д.Т 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 4.8 м.кв талбай дутуу, 5,760,000.00 төгрөгийг гаргуулах, П.Э 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,210,000 төгрөгөөр авахаар тохирсон 6.78 м.кв талбай дутуу, 8,203,800 төгрөг, Д.Э 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,550,000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 5.3 м.кв талбай дутуу, 8,215,000 төгрөг, Л.О 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,550,000 төгрөгөөр авахаар тохирсон хэдий ч 6.22 м.кв талбай дутуу, 9,641,000 төгрөг, хохирол 2,855,675,61 төгрөг, нийт 12,496,675,61 төгрөг гаргуулах, Н.Х 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,150,000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 5.7 м.кв талбай дутуу, 6,555,000 төгрөг, Д.Т 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,155,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байтал 6.37 м.кв талбай дутуу 9,873,500 төгрөг, нэхэмжлэгч Д.Б 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,155,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байтал 7.42 м.кв талбай дутуу, 11,501,000 төгрөгийг тус тус илүү төлсөн хариуцагчаас гаргуулна. Мөн маш олон жил энэ хэргийг шийдвэрлүүлэхээр явж байгаа учир зарим зүйлийг мартсан байна. 2019 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Өнөөдрийг хүртэл банкинд хүү төлж хохирч байгаа. Нэхэмжлэгч Л.О банкны хүүнд 3,470,076.67 төгрөг, нэхэмжлэгч Д.Э банкны хүүнд 3,014,737 төгрөг төлсөн, нэхэмжлэгч П.Э банкны хүүнд 4,518,927 төгрөгийг төлсөн бол нэхэмжлэгч Я.Ж банкны хүүнд 2,123,369 төгрөг, нэхэмжлэгч Д.Т банкны хүүнд 2,622,238 төгрөг, нэхэмжлэгч Д.Б банкны хүүнд 4,987,887 төгрөгийг тус тус дутуу талбайн хэмжээгээр төлсөн. Мөн дутуу талбайн ашиглалттай холбоотой халаалтын төлбөр 291,202.00 төгрөг, хэмжилт хийлгэхэд гарсан зардалд 376,960.00 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад 6,575,723.12 төгрөгийг тус тус төлж зардал гаргасан.

Эдгээр төлбөрийг цаашид ч шаардана гэж үзэж байгаа. Хариуцагч талын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Я.Ж-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Тухайн үед орон сууц худалдан авахаар олон байр үзсэн. Энэ компанийг сонгож байрыг худалдан авахаар болж төлбөрийг төлсөн. Энэ компанийн инженертэй уулзахад тэнхлэгээс тэнхлэгийн хооронд хэмждэг, зөрүү байхгүй гээд байсан. Гэтэл шинжээч томилуулахад 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууц хэмжүүлэхэд 5.88 м.кв талбай дутуу байсан. Иймд шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, олон жил болсон учир зарим зүйлийг мартсан байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд би 3 өрөө орон сууцыг тухайн зах зээлийн ханшаар м.кв-ыг нь 1,550,000 төгрөгөөр тооцож авсан. Би үнийг бууруулаагүй энэ компанийн санал болгосон үнээр худалдан авч үүргээ биелүүлсэн. Гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч О.М-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгөд баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, хэрэв тогтоогоогүй бол өмчлөх эрхийг шилжүүлэн авсан өдрөөс хойш 6 сарын дотор тус хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргадаг. Мөн энэ хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч нар эд хөрөнгийг хүлээн авахдаа доголдлыг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байхад хүлээн авсан тохиолдолд шаардах эрхээ алддаг. Гэтэл нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч 6 сар өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Анх талууд уг гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх хугацаанд бид зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр худалдахаар тохиролцсон ба үүний хариуд байртай холбоотой ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэж тохирсон. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.3, 58.3.4 болон 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт зааснаар эдгээр нэхэмжлэгчид манай компанийг төөрөгдүүлснээс гадна хууран мэхэлсэн байна. Нэхэмжлэгч Л.О, Д.Т, П.Э, Д.Э, Н.Х, Я.Ж, Д.Т, Д.Б нартай байгуулсан гэрээг хүчингүйд тооцох сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагын хувьд эдгээр нэхэмжлэгчид банкнаас зээл авсан эсэх, тухайн зээлийг төлж дууссан эсэх нь тодорхойгүй, өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлохгүй байна. Талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг аль нэг талын шахалтаар байгуулаагүй, нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг хэрхэн яаж төлөх нь тэдгээрийн асуудал бөгөөд банкнаас зээл авсан явдалд манай компани ямар ч хамааралгүй. Мөн нэхэмжлэгчид ашиглаж байгаа орон сууцны ашиглалтын зардлыг хуульд зааснаар төлөх үүрэгтэй. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ /1-р хх-ийн 16-17, 24, 33-34, 40-41, 51-52, 58-59, 73-74, 78-79 тал/, Ү-0дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 19 тал/, ТХХК-ийн хэмжилт хийж, талбай тооцсон тэмдэглэл, дүгнэлт /1-р хх-ийн 20-23, 29-32, 65-72, 81-84 тал/, бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-ийн 25-26, 42, 64 тал/, Ү-22  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 28 тал/, Сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ-ын хэмжилт хийж, талбай тооцсон тэмдэглэл /1-р хх-ийн 35-38, 43-47, 53-56 тал/, Ү-22  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 39 тал/, Ү-2  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 48 тал/, З ХХК-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 50, 77 тал/, Ү-22  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 57 тал/, З ХХК нэхэмжлэх /1-р хх-ийн 60 тал/, Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 61 тал/, Ү-2204046047 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 62 тал/, Ү-22  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 76 тал/, Ү-22  дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 80 тал/, Актас ХХК-ийн 2016-05-03-ны өдрийн 08/2016 тоот албан бичиг /2-р хх-ийн 172 тал/, Аксиом констракшн ХХК-ийн 2016-05-05-ны өдрийн 04/2016 тоот албан бичиг /2-р хх-ийн 173 тал/, Актас ХХК-ийн хэмжилтийн зураг /2-р хх-ийн 174-189 тал/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2016-12-23-ны өдрийн 7-426/919 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 232 тал/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2-р хх-ийн 233-238 тал/, Төрийн банк ХХК-ийн 2016-12-22-ны өдрийн 551 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 239 тал/, Зээлийн төлбөрийн хуваарь /2-р хх-ийн 240-242 тал/, Хас банк ХХК-ийн 2016-12-26-ны өдрийн 1535 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 243 тал/, Зээлийн төлбөрийн хуваарь /2-р хх-ийн 244-245 тал/, дансны хуулга /2-р хх-ийн 246-248 тал/, Хас банк ХХК-ийн 2016-12-09-ний өдрийн 27/10212 дугаартай тодорхойлолт /3-р хх-ийн 1 тал/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /3-р хх-ийн 2-4 тал/, Я.Жын зээлийн дансны хуулга /3-р хх-ийн 5-7 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,

Хариуцагчаас: Л.О, Н.Х, Д.Т, Д.Б нарын өргөдөл 1-р /хх-ийн 193-196 тал/, Актас ХХК-ийн хэмжилтийн зураг /2-р хх-ийн 14, 17-22 тал/, Аксиом констракшн ХХК-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 15 тал/, З ХХК-ийн 2011-02-23-ны өдрийн 2/3 тоот албан бичиг /2-р хх-ийн 16 тал/, 2012-11-30-ны өдрийн 426/2012 дугаар улсын комиссын акт /2-р хх-ийн 192-194 тал/, барилгын ажлын зураг /3-р хх-ийн 46-48 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,

Шүүхийн журмаар 2012-12-17-ны өдрийн 32 дугаартай Орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээ /1-р хх-ийн 140-141 тал/, 2012-12-20-ны өдрийн ЗГ214/12 тоот зээлийн гэрээ /1-р хх-ийн 142-144 тал/, ШӨХТГазарт гаргасан гомдол /1-р хх-ийн 146-147 тал/, Улсын байцаагчийн 2013-12-05-нй өдрийн 7/319 тоот дүгнэлт /1-р хх-ийн 148-151 тал/, И  ХХК-ийн хэмжилтийн тайлан /1-р хх-ийн 154-156 тал/, Итгэлт эстимэйт ХХК-ийн дүгнэлт /1-р хх-ийн 157-177 тал/, Инженер геодези ХХК-ийн дүгнэлт /2-р хх-ийн 128-165 тал/, Уран асар ХХК-ийн дүгнэлт /3-р хх-ийн 84-106, 119-120 тал/, Л.О-н Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн дансны зээл хүүгийн тооцоолол /3-р хх-ийн 139 тал/, Хас банк ХХК-ийн 2017-12-08-ны өдрийн 408 дугаартай тодорхойлолт /3-р хх-ийн 142 тал/, Хас банк ХХК-ийн 2018-01-18-ны өдрийн 74 дугаартай тодорхойлолт /3-р хх-ийн 152 тал/, Төрийн банк ХХК-ийн 2018-01-25-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт /3-р хх-ийн 153 тал/, Д.Т-гийн зээлийн хүүгийн тооцоолол /3-р хх-ийн 154 тал/, Төрийн банк ХХК-ийн 2013-05-02-ны өдрийн 96 дугаартай ОСЗГэрээ, зээлийн хуваарь, дансны хуулга /3-р хх-ийн 155-164 тал/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2018-01-30-ны өдрийн 5/467 дугаартай тодорхойлолт /3-р хх-ийн 165 тал/, П.Э-н зээлийн хүүгийн тооцоолол /3-р хх-ийн 166 тал/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2018-11-27-ны өдрийн 5/7774 дугаартай тодорхойлолт /3-р хх-ийн 211 тал/, Д.Э-гийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол /3-р хх-ийн 212 тал/, З ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэл /4-р хх-ийн 23-30 тал/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нар хариуцагч З ХХК-тай байгуулсан Орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах гэрээг байгуулж худалдан авсан орон сууцны талбайн зөрүүний үнийг ТХХК-иас хийсэн хэмжилтэнд үндэслэн нэхэмжлэгч Л.О 9,641,000 төгрөгийг, нэхэмжлэгч П.Э 8,203,800 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Э 8,215,000 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Х 6,555,000 төгрөгийг, нэхэмжлэгч Я.Ж 8,828,820 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Т 9,873,500 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Б 11,501,000 төгрөгийг, Д.Т 5,760,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулах,

- дутуу талбайд төлсөн банкны хүү, халаалтын төлбөр, хэмжилт хийлгэсэн зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг хохиролд нэхэмжлэгч Л.О 4,212,533,37 төгрөгийг, нэхэмжлэгч П.Э 781,660 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Э 720,750 төгрөгийг нэхэмжлэгч Н.Х 634,800 төгрөгийг, нэхэмжлэгч Я.Ж 2,341,330,25 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т 2,908,835,15 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Б 4,829,979,86 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шаардсан.

Хариуцагч З ХХК-ийн хувьд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актанд тусгагдсанаар нэг талаас тухайн орон сууцыг барьсан гүйцэтгэгч.

Зохигчид орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай гэрээг байгуулах цаг хугацаанд дээрх орон сууц нь ашиглалтанд ороход бэлэн болсон байсан, хариуцагч З ХХК-иас тус орон сууцыг шинээр барьж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх үүргийг хүлээгээгүй, харин орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээж орон сууцны үнийг м.кв-аар тооцож нийт үнийг тодорхойлж худалдах, худалдан авахаар тохиролцжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012-11-30-ны өдрийн 426/2012 актнаас үзвэл орон сууцыг 2012-09-15-ны өдөр барьж дуусгасан ба 2012-11-30-ны өдрөөс эхлэн ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн байна. /2 хх-ийн 192-194 тал/.

Хариуцагч З ХХК нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагч нэхэмжлэгч П.Э, Д.Э, Н.Х, Д.Т, Д.Б, Л.О, Д.Т, Я.Ж, Д.Б нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нар гэрээний үнийг тохирсон хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нар орон сууцны үнийг төлсөн гэх үйл баримт дээр зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигч гагцхүү гэрээнд заасан м.кв дутуу доголдолтой байсан, энэ нэхэмжлэгч Д.Тийн худалдан авсан орон сууцны 4.8 м.кв талбай, нэхэмжлэгч П.Эын 6.78 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Д.Эгийн 5.3 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Л.Оын 6.22 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Н.Хын 5.7 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Я.Жын 5.88 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Д.Тгийн 6.37 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Д.Бгийн 7.42 м.кв талбай дутуу байсан нь ТХХК-иас хийсэн хэмжилтээр тогтоогдсон гэж маргасан. /1 хх-ийн 2, 20-23, 29-31, 35-38, 43-47, 53-56, 65-67, 69-71, 75, 81-83 тал/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон Инженер геодизи ХХК, Уран-Асар ХХК болон Итгэлт Эстимэйт ХХК, Тод прогресс ХХК-иудын хийсэн талбайн хэмжилт нь ТХХК-ийн хийсэн хэмжилттэй зөрүүтэй биш, зохигч эдгээр шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй.

Зохигчдын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлд гэрээний үнийг тогтоохдоо 1 м.кв талбайн үнийг суурь болгож, 1 м.кв талбайн үнэлгээгээр гэрээний нийт үнийг тодорхойлжээ.

Хариуцагч З ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдол гаргах хуульд заасан 6 сарын хугацааг хэтрүүлсэн, мөн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар гэрээний зүйлийг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаас гадна 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.

Худалдан авагч буюу нэхэмжлэгч нар гэрээний зүйлийн доголдлыг худалдагч болох хариуцагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлснээр тус хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан нэгдүгээрт, эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, хоёрдугаарт, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гуравдугаарт, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, дөрөвдүгээрт, гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-т Хэрэв үйлдвэрлэгч удаан хугацаанд хэрэглэх бараанд баталгаат хугацаа тогтоогоогүй бол барааг худалдан авагчид шилжүүлсэн өдрөөс эхлэн хэрэглэгч хуульд өөрөөр заагаагүй бол 6 сарын хугацаанд барааны чанар, аюулгүй байдлын баталгаа авах эрхтэй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хэрэглэгчийг тодорхойлсон.

Нэхэмжлэгч нарын худалдан авсан орон сууц нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж зааснаар удаан хугацаанд суурьшин амьдрахад ашиглагдах хөрөнгө болохын хувьд 6 сарын баталгаат хугацаа тогтоох нь хэвийн байдлаар хүлээн авах үед илрэх боломжгүй доголдлыг илрүүлэхэд хангалттай ердийн боломжит хугацаа биш болно.

Харин Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасны нэгэн адил нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны чанар, доголдлын талаар гурван жилийн хугацаанд худалдагч талд гомдлын шаардлага гаргах эрхтэй байх нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол гэсэнтэй нийцэх юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид тус хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т заасан эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бөгөөд тухайн хугацааны дотор хариуцагч талд гомдол гаргаагүй тохиолдолд доголдлыг арилгуулах, доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг өөрөө засварлаад гарсан зардлыг нэхэмжлэх болон гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ алдах хэдий ч дутуу байгаа талбайн хэмжээгээр анхны үнийг бууруулахыг шаардах эрхтэй.

Уг эрхийг шүүхийн журмаар хэрэгжүүлэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, мөн 76 дугаар зүйлийн 76.1.-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасны дагуу тоолоход нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдгийг 2014 оны 04 дүгээр сард ТХХК-иар орон сууцны талбайн хэмжилт хийлгэснээр мэдсэн гэж тайлбарласан.

Хариуцагч З ХХК нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасны дагуу барьж худалдаж буй орон сууцны талбайн хэмжээг бодитоор тогтоож, худалдах бөгөөд тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан эд зүйл худалдах нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлэн өгөх үйлдэл хийхээс гадна чанартай зүйлийг худалдах үүрэгтэй.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасны дагуу худалдагч нь худалдаж буй барааг жигнэх /хэмжих/ үүргийг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх учиртай.

Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасантай нийцнэ.

Харин хариуцагч З ХХК гэрээнд ззасан талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар:

Нэхэмжлэгч Л.О 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахдаа дутуу 6.22 м.кв талбайд илүү авсан зээлийн хүүнд 2,855,657.61 төгрөг,

Нэхэмжлэгч Я.Ж 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авахдаа дутуу 5.88 м.кв талбайд илүү авсан зээлийн хүүнд 1,347,750.14 төгрөг,

Нэхэмжлэгч Д.Т 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахдаа дутуу 6.37 м.кв талбайд илүү авсан зээлийн хүүнд 1,659,420.46 төгрөг,

Нэхэмжлэгч Д.Б 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахдаа дутуу 7.42 м.кв талбайд илүү авсан авсан зээлийн хүүнд 3,323,175.41 төгрөгийг тус тус 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар төлсөн байна.

Нэхэмжлэгч Л.О, Я.Ж, Д.Т, Д.Б нар хариуцагч З ХХК-иас гэрээнд заасан орон сууцыг худалдан авахдаа банкнаас зээл авч, төлбөрийг төлсөн бөгөөд тэд дутуу авсан талбайд ногдох зээлийн хүүг төлсөн байна. /2-р хх-ийн 232-253, 3-р хх-ийн 1-11, 139, 142, 152-154, 190 хуудас/.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүрэг буюу дутуу талбайтай орон сууцыг нэхэмжлэгч нарт худалдсанаас бий болсон хохирол бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд авах шаардлагагүй байсан тухайн зээлийн хэмжээнд ногдох хүүг төлж байгаа нь гарах ёсгүй зардалд тооцогдоно.

Иймд, хариуцагч З ХХК-иас нэхэмжлэгч Л.О-д 2,855,657.61 төгрөг, нэхэмжлэгч Я.Жт 1,347,750.14 төгрөг, нэхэмжлэгч Д.Тд 1,659,420.46 төгрөг, нэхэмжлэгч Д.Бд 3,323,175.41 төгрөгийг тус тус гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.2.-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсаны үндсэн дээр 6,575,723.12 төгрөгийг төлсөн баримт байхгүй, ТХХК-нд төлсөн талбайн хэмжилт хийлгэсний зардлын баримт тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтад тавих шаардлагыг хангаагүй, талбайн ашиглалттай холбоотой халаалтын төлбөр 291,202.00 төгрөгийг төлсөн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч тал оньсноос оньсны хооронд хэмжилтийг хийдэг, орон сууцыг барихдаа тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм, журмын дагуу орон сууцны барилгын талбайн хэмжээг тогтоох стандартыг биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч мөн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас дутуу талбайн ашиглалттай холбоотой халаалтын төлбөр 291,202 төгрөг, хэмжилт хийлгэхэд гарсан зардалд 376,960 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад 6,575,723.12 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Хариуцагч З ХХК-иас нэхэмжлэгч П.Э, Д.Э, Н.Х, Д.Т, Д.Б, Л.О, Д.Т, Я.Ж, Д.Б нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг 58.3.1, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үзвэл нэхэмжлэгч нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн, мөн хууран мэхлэгдсэн гэсэн үндэслэлийг агуулсан байна. Гэтэл нэхэмжлэлд уг гэрээг байгуулахад нэхэмжлэгч нарын хувийн шинж чанар болон хэлцэл хийхэд гол үндэслэл болсон ямар эрхийн талаар төөрөгдсөн тухайгаа тодорхой дурдаагүй, энэ талаарх үйл баримт ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар тухайн гэрээ, хэлэлцээрийг хариуцагчтай байгуулахдаа гэрээг байгуулахгүй байх ямар нөхцөл байдлыг хэлэхгүйгээр нуун дарагдуулсан болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нар анх гэрээг байгуулахдаа хариуцагчид холбогдуулан аливаа гомдол, шаардлага гаргахгүй гэсэн атлаа хожим орон сууцны талбайн зөрүүг нэхэмжилж буйг тэдгээрийг хууран мэхэлсэн үйлдэл хийсэн гэжээ. Гэтэл хуульд зааснаар худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд зүйлийг худалдах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны дутуу талбайн үнийг нэхэмжилж байгааг хариуцагчийг хууран мэхэлсэн гэж үзэхгүй.

Хэрэв ийм тохиролцоо байх тохиолдолд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1.-д Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна... гэж, мөн 202.2.12.-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна.

Иймд, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох.

Иймд, дээрхи үндэслэлүүдээр хариуцагч З ХХК-иас нэхэмжлэгч Л.О-д 12,496,657.61 төгрөг, нэхэмжлэгч Д.Тт 5,760,000.00 төгрөг, нэхэмжлэгч П.Эт 8,203,800.00 төгрөг, нэхэмжлэгч Д.Э-д 8,215,000.00 төгрөг, нэхэмжлэгч Н.Х-д 6,555,000.00 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж-т 10,176,570.14 төгрөг, нэхэмжлэгч Д.Т-д 11,532,920.46 төгрөг, нэхэмжлэгч Д.Бд 14,824,175.41 төгрөг, нийт 77,764,123.00 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 7,163,631.00 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч Итгэлт Эстимэйт ХХК-ийн төлбөр 400,000.00 төгрөг, Инженер геодизи ХХК-ийн төлбөр 849,002 төгрөг, Уран-Асар ХХК-ийн төлбөр 737,000 төгрөг, нийт 1,986,002 төгрөгийг хариуцагч З ХХК-иас төлүүлж, улсын тэмдэгтийн хураамжийг доорх байдлаар хуваарилав. Үүнд:

Нэхэмжлэгч Л.О-д олгох 9,641,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 166,326 төгрөг, гэрээг зөрчсөнөөс учирсан хохирол 2,855,675.61 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 60,641 төгрөг, нийт 226,967.00 төгрөгийг, Д.Тт олгох 5,760,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 107,110 төгрөгийг, П.Эт олгох 8,203,800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 146,211 төгрөгийг, Д.Эд олгох 8,215,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 146,390 төгрөгийг, Н.Хд олгох 6,555,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 119,750 төгрөгийг, Я.Жт 8,828,820 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 156,211 төгрөг, гэрээг зөрчсөнөөс учирсан хохиролд олгох 1,347,750.00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 36,514 төгрөг, нийт 192,725.00 төгрөгийг,

Нэхэмжлэгч Д.Тд олгох 9,873,500.00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 172,926 төгрөг, гэрээг зөрчсөнөөс учирсан хохирол 1,659,420.46 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 41,501 төгрөг, нийт 214,427.00 төгрөгийг,

Нэхэмжлэгч Д.Б-д олгох 11,501,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 198,966 төгрөг, гэрээг зөрчсөнөөс учирсан хохирол олгох 3,323,175.41 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 68,121 төгрөг, нийт 267,087 төгрөгийг тус тус хариуцагч З ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагад илүү төлсөн 3,500 төгрөг болон 112,356.00 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгох. /1-р хх-ийн 5-13, 152, 2-р хх-ийн 130, 231, 3-р хх-ийн 83 хуудас/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4.-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр тооцно гэж заасны дагуу хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжийг Нэхэмжлэгч Л.Отай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ 81,220,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 564,050 төгрөг,

Д.Ттай байгуулсан гэрээний үнэ 50,400,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 409,950 төгрөг,

П.Этай байгуулсан гэрээний үнэ 58,080,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 448,350 төгрөг,

Д.Этэй байгуулсан гэрээний үнэ 103,230,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 674,100 төгрөг,

Н.Хтай байгуулсан гэрээний үнэ 55,200,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 433,950 төгрөг,

Я.Жтай байгуулсан гэрээний үнэ 99,999,900 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 957,949 төгрөг,

Д.Ттай байгуулсан гэрээний үнэ 60,260,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 459,250 төгрөг,

Д.Бтай гэрээний үнэ 60,260,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 459,250 төгрөг, нийт 4,106,849 төгрөгөөс З ХХК-иас 561,600 төгрөгийг төлсөн байх тул дутуу төлсөн 3,544,249 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 219

дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч З ХХК-иас нийт 77,764,123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-д 12,496,657.61 төгрөг, нэхэмжлэгч Д.Тт 5,760,000 төгрөг, нэхэмжлэгч П.Эт 8,203,800 төгрөг, нэхэмжлэгч Д.Эд 8,215,000 төгрөг, нэхэмжлэгч Н.Хд 6,555,000 төгрөг, нэхэмжлэгч Я.Жт 10,176,570.14 төгрөг, нэхэмжлэгч Д.Тд 11,532,920.46 төгрөг, нэхэмжлэгч Д.Бд 14,824,175.41 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,163,631 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 58.3.1, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны баримтлан хариуцагч З ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч П.Э, Д.Э, Н.Х, Д.Т, Д.Б, Л.О, Д.Т, Я.Ж, Д.Б нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,213,890 төгрөг, хариуцагчийн төлсөн 561,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 115,856 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчаас дутуу төлсөн 3,544,249.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод болгох, мөн хариуцагчаас 1,206,240.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Оад 226,967.00 төгрөг, нэхэмжлэгч Д.Тт 107,110 төгрөг, нэхэмжлэгч П.Эт 146,211 төгрөг, нэхэмжлэгч Д.Эд 146,390 төгрөг, нэхэмжлэгч Н.Хд 119,750 төгрөг, нэхэмжлэгч Я.Жт 192,725 төгрөг, нэхэмжлэгч Д.Тд 214,427 төгрөг, нэхэмжлэгч Д.Бд 267,087 төгрөгийг тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч З ХХК-иас шинжээчийн зардалд 1,986,002.00 төгрөгийг гаргуулж Итгэлт Эстимэйт ХХК-нд 400,000.00 төгрөг, Инженер геодизи ХХК-нд 849,002.00 төгрөг, Уран-Асар ХХК-нд 737,000.00 төгрөгийг тус тус олгосугай.

6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА