Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1611

 

Л.О- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/00932 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.О, Д.Т, П.Э, Д.Э, Н.Х, Я.Ж, Д.Т, Д.Б  нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “ЗОК” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт илүү төлсөн 68 578 120 төгрөг, хохирол 16 349 634,31 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчингүйд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, Л.О, Д.Т, П.Э, Д.Э, Н.Х  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгч Я.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, Х.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид, анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “ТГ” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр нэхэмжлэлийнхээ үнийг тодорхойлсон. Одоо бол нэхэмжлэлийн шаардлагаа “У-А” ХХК-ийн хэмжилтээр үнэлж нийт 89.147.414 төгрөг гэж тодруулах хүсэлттэй ба үүн дээр арилжааны банкуудаас ирсэн албан бичиг болон хүүгийн тооцооллыг үндэслэн банкны хүү 20.747.234 төгрөгийг нэмсэн.  Нэхэмжлэлийн шаардлага бол дутуу талбайн зөрүүг “ТГ” ХХК-ийн хэмжилтээр тооцож 68.578.120 төгрөг болон гэрээ зөрчсөнөөс учирсан хохиролд 16.349.634,31 төгрөг гаргуулах. Хамгийн сүүлд шүүгчийн захирамжаар томилогдсон “У-А” ХХК-ийн хэмжилтээр 69.180.000 төгрөг буюу анхны хэмжилтээс бараг зөрүүгүй гарсан тул энэхүү хэмжилтээр шийдэх эсэхийг шүүх шийдвэрлэх байх. Нэхэмжлэгч Д.Т 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.200.000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 4.8 м.кв талбай дутуу, үүний улмаас хариуцагчид 5.760.000 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэгч П.Э 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.210.000 төгрөгөөр авахаар тохирсон ч 6.78 м.кв талбай дутуу, үүний улмаас хариуцагчид 8.203.800 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэгч Д.Э 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.550.000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 5.3 м.кв талбай дутуу, үүний улмаас хариуцагчид 8.215.000 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэгч Л.О 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.550.000 төгрөгөөр авахаар тохирсон хэдий ч 6.22 м.кв талбай дутуу, үүний улмаас хариуцагчид 9.641.000 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэгч Н.Х 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.150.000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 5.7 м.кв талбай дутуу, үүний улмаас хариуцагчид 6.555.000 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэгч Я.Ж 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.501.500 төгрөгөөр авахаар тохирсон байтал 5.88 м.кв талбай дутуу, үүний улмаас хариуцагчид 8.828.820 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэгч Д.Т 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.550.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байтал 6.37 м.кв талбай дутуу, үүний улмаас хариуцагчид 9.873.500 төгрөгийг илүү төлсөн, нэхэмжлэгч Д.Б 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1.550.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байтал 7.42 м.кв талбай дутуу, үүний улмаас хариуцагчид 11.501.000 төгрөгийг тус тус илүү төлсөн байна.  Түүнчлэн нэхэмжлэгч Л.О банкны хүүнд 3.470.076,67 төгрөг, нэхэмжлэгч Д.Э банкны хүүнд 3.014.737,45 төгрөг төлсөн, нэхэмжлэгч П.Э банкны хүүнд 4.518.927 төгрөгийг төлсөн бол нэхэмжлэгч Я.Ж банкны хүүнд 2.123.369 төгрөг, нэхэмжлэгч Д.Т банкны хүүнд 2.622.238 төгрөг, нэхэмжлэгч Д.Б банкны хүүнд 4.987.887 төгрөгийг тус тус дутуу талбайн хэмжээгээр төлсөн. Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй болон банкинд зээлийн хүү төлж хохирч байгаа нэхэмжлэгч нарын хохирлыг хожим дахин хариуцагчаас нэхэмжлэх бөгөөд дутуу талбайн ашиглалттай холбоотой халаалтын төлбөр 291.202 төгрөг, хэмжилт хийлгэхэд гарсан зардалд 376.960 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад 6.575.723,12 төгрөгийг тус тус төлж зардал гаргасан. Хариуцагч тал шүүхэд худал мэдүүлэг, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн, бага хэмжээтэй талбайг их хэмжээтэй гэж хэлж зарсан, тэр нь илчлэгдэхэд гомдол гаргадаг. Иймд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ: Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэг зааснаар худалдагч эд хөрөнгөд баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, хэрэв тогтоогоогүй бол өмчлөх эрхийг шилжүүлэн авсан өдрөөс хойш 6 сарын дотор тус хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргадаг. Мөн энэ хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч нар эд хөрөнгийг хүлээн авахдаа доголдлыг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байхад хүлээн авсан тохиолдолд шаардах эрхээ алддаг. Гэтэл нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч 6 сар өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Анх талууд уг гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх хугацаанд бид зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр худалдахаар тохиролцсон ба үүний хариуд байртай холбоотой ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэж тохирсон. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.3, 58.3.4 болон 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт зааснаар эдгээр нэхэмжлэгчид манай компанийг төөрөгдүүлснээс гадна хууран мэхэлсэн байна. Нэхэмжлэгч Л.О, Д.Т, П.Э, Д.Э, Н.Х, Я.Ж, Д.Т, Д.Б нартай байгуулсан гэрээг хүчингүйд тооцох сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагын хувьд эдгээр нэхэмжлэгчид банкнаас зээл авсан эсэх, тухайн зээлийг төлж дууссан эсэх нь тодорхойгүй, өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлохгүй байна. Талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг аль нэг талын шахалтаар байгуулаагүй, нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг хэрхэн яаж төлөх нь тэдгээрийн асуудал бөгөөд банкнаас зээл авсан явдалд манай компани ямар ч хамааралгүй. Мөн нэхэмжлэгчид ашиглаж байгаа орон сууцны ашиглалтын зардлыг хуульд зааснаар төлөх үүрэгтэй. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “ЗОК” ХХК-иас нийт 77.764.123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-д 12.496.657,61 төгрөг, нэхэмжлэгч Д.Т-т 5.760.000 төгрөг, нэхэмжлэгч П.Э-т 8,203,800.00 төгрөг, нэхэмжлэгч Д.Э-д 8,215,000.00 төгрөг, нэхэмжлэгч Н.Х-д 6.555.000 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж-т 10.176.570,14 төгрөг, нэхэмжлэгч Д.Т-д 11.532.920,46 төгрөг, нэхэмжлэгч Д.Б-д 14.824.175,41 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.163.631 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58.3.1, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлийн 59.2.-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ЗОК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч П.Э, Д., Н.Х, Д.Т, Д.Б, Л.О, Д.Т, Я.Ж, Д.Б нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.213.890 төгрөг, хариуцагчийн төлсөн 561.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 115.856 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчаас дутуу төлсөн 3.544.249 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, мөн хариуцагчаас 1.206.240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-д 226.967 төгрөг, нэхэмжлэгч Д.Т-т 107.110 төгрөг, нэхэмжлэгч П.Э-т 146.211 төгрөг, нэхэмжлэгч Д.Э-д 146.390 төгрөг, нэхэмжлэгч Н.Х-д 119.750 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж-т 192.725 төгрөг, нэхэмжлэгч Д.Т-д 214.427 төгрөг, нэхэмжлэгч Д.Б-д 267.087 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЗОК” ХХК-иас шинжээчийн зардалд 1.986.002 төгрөгийг гаргуулж “ИЭ” ХХК-д 400.000 төгрөг, “ИГ” ХХК-д 849.002 төгрөг, “У-А” ХХК-д 737.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

           Хариуцагч “ЗОК” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ЗОК” ХХК-ийн захирал Г.У би 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр уг компанийг шилжүүлсэн авсан. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудагдан очиход иргэн Л.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хурал 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр болно гэж мэдэгдсэн. Гэтэл надад ямар ч нэхэмжлэлийг гардуулж өгөөгүй, надаас тайлбар аваагүй шүүх хурлыг явуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хурлын товыг манай өмгөөлөгч Н.З-д мэдэгдээгүйгээс манай компаний эрх ашгаа хамгаалж шүүх хуралд өмгөөлөгч оролцуулах эрхийг зөрчиж, ямарч мэтгэлцээнгүйгээр шүүх хуралыг явуулсан. Өмнө нь шүүх хуралд “ЗО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б оролцоод явж байсан байдаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр намайг дуудаж баримтууд дээр гарын үсэг зуруулсан. Үнэндээ энэ хэргийн талаар би мэдэхгүй. Хэргийн талаар “ЗО” ХХК-ны захирал Н.М-с асууж тодруулахад уг барилгыг 2008 оноос 1 дүгээр сараас эхлэн барьж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусган улсын комисст өгч ашиглалтанд оруулсан байдаг. Барилгыг барьж дуусган ашиглалтанд оруулаад нэхэмжлэгч нарт байрыг худалдсан. Байрыг барьж байх явцад орон сууцны дотор ханыг гипсэн ханаар төлөвлөсөн байсныг хэрэглэгчийн эрх ашгийн үүднээс тоосгоор хийхээр болж зурагт өөрчлөлт оруулан тоосгоор хамар ханыг хийсэн. Мөн салхивчийг нэмж хийсэн. Энэ бүгдээс байрны хэмээнд өөрчлөлт орсон. Харин орон сууцны доторх хамар ханыг буулгах эсвэл гипсэн ханаар тооцон хэмжилтийг хийвэл орон сууцны талбайд зөрүү гарахгүй. Иргэдэд байрыг худалдахдаа орон сууцыг анхнаасаа үзүүлж тохиролцон үнийг тохироод худалдаж авах санал тавихад нь гэрээг байгуулж нэгэнт худалдаж авах тал дээр байраа үзэж, доголдол байгаа эсэхээ шалгасан учир гэрээндээ үүнийг тусгаад гэрээг байгуулсан. Гэтэл үүний дараа 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2 жилийн дараа гомдол гаргаж байгаа нь гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан. “ЗО” ХХК нь нэхэмжлэгч нарт орон сууц худалдсан. Харин орон сууцыг банкнаас зээл авч худалдахаар гэрээгээр тохироогүй. Нэхэмжлэгчид өөрийн хүсэлтээр банктай гэрээ байгуулан зээл авч байрыг худалдаж авсан. Гэтэл банкын зээлийн төлбөрийг “ЗОК” ХХК нь төлөхөөр шийдсэнд гомдолтой байна. Шинжээч нарын дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

“Орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага хувь хүмүүсийн хоорон хийсэн гэрээ”-ний дагуу хүлээн авсан орон сууцны талбайн зөрүүд нэхэмжлэгч нэхэмжлэгч Л.О 9 641 000 төгрөгийг, нэхэмжлэгч П.Э нь 8 203 800 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Э 8 215 000 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Х              6 555 000 төгрөгийг, нэхэмжлэгч Я.Ж  8 828 820 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Т  9 873 500 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Б 11 501 000  төгрөгийг, Д.Т нь      5 760 000 төгрөгийг тус тус хариуцагч “ЗО” ХХК-д илүү төлсөн гэж буцаан гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу талбайд төлсөн банкны хүү, халаалтын төлбөр, хэмжилт хийлгэсэн зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг хохирол тооцон   нэхэмжлэгч Л.О хохиролд 4 212 533,37 төгрөг, нэхэмжлэгч П.Э нь 781 660 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Э 720 750 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Х 634 800 төгрөгийг, нэхэмжлэгч Я.Ж 2 341 330,35 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Т 2 908 835,15 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Б 4 829 979,86 төгрөгийг тус тус хариуцагч “ЗО” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-ийн 1-4, 2хх-ийн 230/

Хариуцагч “ЗО” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нартай байгуулсан “Орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага хувь хүмүүсийн хоорон хийсэн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус  хэлцэл гэж  тооцуулахаар  сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 197-225/

Хариуцагч “ЗО” ХХК нь нэхэмжлэгч Л.О, П.Э, Д.Э, Н.Х, Я.Ж,  Д.Т, Д.Б, Д.Т нартай орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай гэрээ байгуулж, эдгээр гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85/Б тоот байрнаас нэхэмжлэгч Л.О 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 550 000 төгрөгөөр тооцож, нийт 81 220 000 төгрөгөөр, нэхэмжлэгч П.Э 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 210 000.00 төгрөгөөр тооцож, нийт 58 080 000 төгрөгөөр, нэхэмжлэгч Д.Э 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 550 000 төгрөгөөр тооцож, нийт 103 230 000 төгрөгөөр,  нэхэмжлэгч Н.Х 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 150 000.00 төгрөг, нийт 55 200 000 төгрөгөөр, нэхэмжлэгч Я.Ж 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 501 500 төгрөгөөр тооцож, нийт 99 999 900 төгрөгөөр, нэхэмжлэгч Д.Б 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 155 000 төгрөгөөр тооцож, нийт 60 260 000 төгрөгөөр,  нэхэмжлэгч Д.Т 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 200 000 төгрөгөөр тооцож, нийт 50 400 000 төгрөгөөр тус тус худалдан авах,  хариуцагч “ЗО” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Л.О нар гэрээнд заасны дагуу орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлсэн талаар хариуцагч маргаагүй, харин орон сууцнуудын өмчлөх эрх Л.О-ын нэр дээр 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, П.Э-ын нэр дээр 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, Д.Э- ийн нэр дээр 2013 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр, Н.Х-ын нэр дээр 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, Я.Ж-ын нэр дээр 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр,  П.Т-гийн нэр дээр 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, Д.Б-гийн нэр дээр 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр  Д.Т-ийн нэр дээр 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус тус шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан боловч хариуцагч “ЗОК” ХХК нь биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй талаар зохигчид маргажээ.

Нэхэмжлэгч Л.О-ын хүлээн авсан байрны талбай гэрээнд зааснаас 6.22 м.кв талбайгаар дутуу, нэхэмжлэгч П.Э-ын хүлээн авсан байрны талбай гэрээнд зааснаас  6.78 м.кв талбайгаар дутуу, нэхэмжлэгч Д.Э- нх 5.3 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Н.Х-нх 5.7 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Я.Ж-нх 5.88 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Д.Т-нх 6.37 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Д.Б-нх 7.42 м.кв талбай дутуу, нэхэмжлэгч Д.Т-нх 4.8 м.кв талбай дутуу болох нь удаа дараагийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, шүүх “ТГ” ХХК-ийн хэмжилттэй зөрүүтэй биш гэж үзсэн ба тус компани хэмжилт хийхдээ MNS 6058:2009 стандартыг баримталсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцооноос үзвэл гэрээний зүйл болох орон сууцны үнийг м.кв-аар тохиролцож тодорхойлсон тохиолдолд хариуцагч “ЗО” ХХК нь гэрээнд заасан талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нөгөө талаар зохигчдын хооронд  гэрээ байгуулагдах үед Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт / MNS 6058:2009 / хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “стандарт” гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичиг гэж тодорхойлсоноос гадна Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “барилгын норм, нормативын баримт бичиг” гэдэгт барилга байгууламжид мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм, дүрэм, стандарт, цомог, заавар, журмыг хамааруулахаар заасан тул нийтийн зориулалттай орон сууцны барилгын талбайн хэмжээг тогтоох стандартыг заавал даган мөрдөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Мөн хариуцагч нь  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2., 3.1.4-т зааснаар энэ төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг мэргэжлийн байгууллагын хувьд худалдаж буй барааныхаа чанар, доголдлын талаар хэрэглэгчээс илүү мэдээлэлтэй байхаас гадна хариуцлагатай байх ёстой гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 254.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох зохицуулалтын хамт хэрэглэж, хариуцагч нь биет байдлын доголдолтой, тодруулбал гэрээнд зааснаас дутуу талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн тул анхан шатны шүүх нэхэмжлэгч нар илүү төлсөн төлбөрөө, өөрт учирсан хохирлын хамт шаардах эрхтэй  гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Талууд гэрээний зүйл болох орон сууцны үнийг тодорхойлох талбай хэмжээг    м.кв-аар тохиролцсоноос гадна нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөх эрхийг хүлээн авснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Шударга өрсөлдөөн хэрэглэгийн төлөө газарт гомдол гаргаж байсан, хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байсан Н.Ц нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “А” ХХК-иас Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 85б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоот орон сууцанд хийсэн хэмжилтийн зурагт засвар оруулж өрөөний талбайн хэмжээг өөрчилсөн, 19, 37 тоот орон сууцны хэмжилтийн зургийг хийгээгүй байхад “А” ХХК-иас хийсэн мэтээр материалыг хуурамчаар үйлдэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 169 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 05 дугаар сарын 15-ны өдрийн 451 тоот магадлалаар тус тус тогтоогдсон зэргээс үзэхэд нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан гомдол гаргах хуульд заасан 6 сарын хугацааг хэтрүүлсэн, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар гэрээний зүйлийг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан гэх хариуцагчийн татгалзал тайлбар үндэслэлгүй байна. /1хх-ийн 145-151, 3хх-ийн 183-189, 191-193, 197/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хуулийн этгээдийн нэрээ “ЗОК” ХХК гэж өөрчилж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.У болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэргийн материалыг танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцсэн, шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /4хх-ийн 22-30, 46,48,50,/

 Хариуцагчийн өмгөөлөгчөөр Д.Н, Г.А, Л.З нар оролцож байсан боловч тэд цаашид хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. /3хх-ийн 24, 213,  4хх-ийн 2 /.

 Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/00932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 206 240 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

     

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                     Н.БАТЗОРИГ