Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/00478

 

 

 

 

 

 

 

2022 02 07 101/ШШ2022/00478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххххххх оршин суух, Ц.Зын /РД: 000000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоотод оршин суух, Б.Т-д /РД: 000000000000/ холбогдох,

2019 оны 7 сарын 9-ний өдөр байгуулсан дүнзэн торх нийлүүлэх гэрээний үүрэгт 7,275,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Тийн дүнзэн торх нийлүүлэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учруулсан хохирол 7.060.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.З 2019 оны 7 сарын 9-ний өдөр хариуцагч Б.Ттэй дүнзэн торх нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Ц.З 2019 оны 7 сарын 9-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 4.050.000 төгрөгийг хүлээн авч 8*8*10 хэмжээтэй бүтэн дүнзэн торхыг захиалагч тал болох Б.Төд 2019 оны 8 сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөх үедээ үлдэгдэл төлбөр 9.450.000 төгрөгийг хүлээн авахаар тохирсон.

Хариуцагч Б.Т нь тухайн төлбөрөөс 2019 оны 7 сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 7 сарын 10-ны өдөр 3.050.000 төгрөг, 2019 оны 9 сарын 1-ний өдөр 600.000 төгрөгийг тус тус төлсөн.

Гэрээний дагуу 2019 оны 8 сарын 15-ны өдөр дүнзэн торхыг заагдсан газар буулгах ёстой байсан боловч Б.Т нь газраа олчихоод ах нь хэлье гэж шалтгаан хэлж хойшлуулсаар 2019 оны 10 сарын 26-ны өдрийн шөнө Улиастайн ойролцоо буулгуулж авсан. Б.Т буулгуулах үедээ угсралтын ажлыг хийлгэхээс татгалзсан.

Ингээд нэхэмжлэгч Ц.З нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч Б.Т нь өөрийн үүрэг болох 4.850.000 төгрөгийн төлбөрийг одоог хүртэл өгөөгүй байна.

2019 оны 10 сарын 26-ны өдөр торхыг буулган хүлээлгэн өгсөн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд ...торхийг хүлээлгэн өгч, угсралтыг бүрэн угсарч дууссаны дараа үлдэгдэл 9.450.000 төгрөгийг хүлээлгэн өгөхөөр ... тохиролцсон.

Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй байх учир төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутамд алданги тооцохоор байна.

Дүнзэн торхыг Хөвсгөл аймгаас ачиж ирэх тээврийн зардал 2.000.000 төгрөг байсан ба уг мөнгийг Б.Т өөрөө хариуцсан бөгөөд энэ мөнгийг түүнээс авах 6.850.000 төгрөгөөсөө хасаад 4.850.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа 150.000 төгрөгөөр багасгаж байна. Үндсэн төлбөр 4.850.000 төгрөгөөс 100.000 төгрөг, алданги 2.425.000 төгрөгөөс 50.000 төгрөг тус тус багасгасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангиийг тооцсон. Иймд үндсэн төлбөр 4.750.000 төгрөг, алданги 2.375.000 төгрөг, нийт 7.125.000 төгрөгийг хариуцагч Б.Төөс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч Б.Тийг 2019 оны 7 сарын 9-ний өдрийн дүнзэн торх нийлүүлэх гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй учир үлдсэн төлбөр 4.850.000 төгрөг болон түүнд ногдох алданги 2.425.000 төгрөг, нийт 7.275.000 төгрөг нэхэмжилжээ.

Б.Түвшинитөгс нь Ц.Зтай 2019 оны 7 сарын 9-ний өдөр дараах нөхцөлтэй гэрээ байгуулсан.

Ц.З нь Улаанбаатар хот, Төв аймаг, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Б.Тийн эзэмшлийн газар дээр 8*8*10 хэмжээтэй хуурай модон дүнзэн торхыг 2019 оны 8 сарын 15-ны дотор нийлүүлэх, дүнзэн торхыг 2019 оны 8 сарын 15-ны өдөр гэрээнд заагдсан газар буулгаж угсралтыг хийж дуусган, захиалагч талд бүрэн хүлээлгэн өгөхөөр тохирсон.

Гэрээний нийт үнэ 13.500.000 төгрөг, гэрээний урьдчилгаа 4.050.000 төгрөг, нийлүүлэгч нь чанарын шаардлага хангаагүй гэрээнд заасан дүнзний хэмжээ зөрсөн, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн, харилцан тохиролцон тогтоосон хугацаанд нийлүүлээгүй зэрэг буруутай үйл ажиллагааны улмаас захиалагчид учирсан хохирлыг нийлүүлэгч тал бүрэн хариуцахаар, хугацаа хоцорсон тохиолдолд 0.1 хувь алданги тооцон захиалагч талд төлөх зэргээр тодорхой нөхцлүүдийг харилцан тохиролцсон.

Гэвч нийлүүлэгч буюу Ц.З нь гэрээ байгуулснаас хойш 2019 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл зугтаж алга болсон. Ц.Зыг модыг нийлүүлэхгүй алга болоход нь араас нь бүтэн 3 сар хагас хөөцөлдөж байж 2019 оны 10 сарын 26-ны өдөр Ц.Зын ээжээс нь 140 ширхэг дүнзэн торх авсан.

Ц.З нь мөнгө авсан мөртлөө худлаа хэлж нэг ч удаа холбогдохгүй, утсаа авахгүй зугтаад байсан учир хаягаар нь хайж очиход аав, ээж нь гэх хүмүүс байсан. Б.Т нь Ц.Зын аав, ээжтэй уулзаж охин чинь дүнзэн торх нийлүүлнэ гэж мөнгө авчихаад худлаа яриад сураггүй алга болчихлоо. Охиныг чинь цагдаад шалгуулж мөнгөө авна гэхэд ээж нь манай охин огт дүнз мод зардаггүй, та битгий цагдаад өгөөрэй, би ямар нэгэн аргаар дүнз модыг чинь танд нийлүүлж асуудлыг шийдье гэсэн.

Ингээд ээж нь Б.Ттэй холбоотой байж байгаад 2019 оны 10 сарын 26-ны шөнө холбогдож Улиастайд танай дүнз модыг буулгах гэж байна, хүлээж ав гэсэн бөгөөд 140 ширхэг бүтэн дүнз хүлээж авсан.

Мод ачиж ирсэн жолооч нь тээвэрлэлтийн хөлсөө очоод аваарай гэсэн гээд тээврийн зардал 2.100.000 төгрөг нэхсэн тул Б.Т мод ачиж ирсэн жолоочид өгсөн.

Ц.Зд өмнө нь 3.000.000 төгрөг, 3.050.000 төгрөг, 600.000 төгрөг, нийт 6.650.000 төгрөг өгсөн бөгөөд тээврийн зардал 2.100.000 төгрөг, нийт 8.750.000 төгрөгийн зардал Б.Төөс гарсан.

Ц.Зтай тохирсон гэрээгээр бол 13.500.000 төгрөгт байшин босгож угсарч өгөх ёстой байтал түүний өмнөөс ээж нь 140 ширхэг дүнз нийлүүлснээс өөр юу ч хийгдээгүй.

Тухайн үед Ц.Зыг цагдаад өгч залилангаар шалгуулахаар баримт бүрдүүлээд явж байхад ээж нь гуйгаад байхаар нь чимээгүй өнгөрсөн. Гэтэл өчнөөн хохироочихоод уучлалт гуйх нь бүү хэл, нэмж мөнгө авна гэж шүүхэд хандсан нь увайгүй санагдаж байна. Б.Т нь Ц.Зд ямар ч өглөг байхгүй, харин ч авлагатай тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т нь иргэн Ц.Зтай 2019 оны 7 сарын 9-ний өдөр дүнзэн торх нийлүүлэх 19 тоот гэрээ байгуулсан. Гэрээнд:

-хийж гүйцэтгэх ажил: Нийлүүлэгч нь захиалагчид 8*8*10 хэмжээтэй бүтэн дүнзэн торх нийлүүлэх, угсралтыг бүрэн угсарч дууссаны дараа хүлээлгэн өгөх,

-Хугацаа: 2019 оны 7 сарын 9-ний өдрөөс 2019 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл, гэрээний нийт үнэ 13.500.000 төгрөг байна. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй, тээврийн зардал, ажлын хөлс, угсралтын үнэ, бүтэн торхны дүнз, А нуруу, 10 куб банз зэрэг бүгд багтана.

Дээрх тохиролцооны ажлыг Б.Т нь 2019 оны 8 сарын 15-ны дотор хүлээж авах байсан боловч Ц.З нь үүргээ хугацаандаа огт биелүүлэгүй алга болсон. Ц.Зд 8.750.000 төгрөг төлчихөөд маш олон сар хүлээсэн учир түүний эцэг, эхээс 140 ширхэг дүнз авснаас өөр ямар ч материал болон ажил аваагүй.

Ц.Зын өмнөөс түүний үүргийг аав, ээж нь хагас дутуу биелүүлж, зөвхөн 140 ширхэг дүнз авсан учир түүнд илүү төлсөн мөнгө төлбөрийг тэр чигт нь орхиж, Б.Т нь Ц.Зын хийх ёстой байсан ажлыг болон түүнд илүү төлсөн мөнгийг өөртөө хохирол бий болгон 2019 оны 12 сарын 15-ны өдөр иргэн А.Гансүхтэй 2 тоот гэрээ байгуулж ажлаа хийж дуусгасан байна. Гэрээнд:

-8*8*10 хэмжээтэй дүнзэн байшин барьж гүйцэтгэх, Торхны өрлөгийг өрж дуусгах, дам нуруу тавьж шаллах, дээврийн ажил хийж гүйцэтгэх зэрэг ажлуудыг хийж дуусгана.

-Гэрээний нийт үнэ: 6.000.000 төгрөг.

-Гэрээний хугацаа: 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 1 сарын 10-ны өдрийн дотор дуусгана зэрэг тохиролцоонуудыг хийсэн байна.

Ц.Зтай байгуулсан гэрээнд түүнд илүү төлсөн зөрүү мөнгө 1.050.000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шаардаж байна. Үүнд:

-Ц.З нь Б.Төөс авсан 8.750.000 төгрөгт 140 ширхэг дүнз нийлүүлснээс өөр материал болон ажил хийгээгүй. 2019 оны 10 сарын 26-ны шөнө Хөвсгөлөөс Улиастайд Б.Төд мод ачиж, тээвэрлэж авчирч өгсөн жолооч нь чиний авч байгаа шиг 4 метр урттай, 19, 20 см голчтой модыг 1 ширхэгийг 40.000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлсэн.

Ц.Зын ээж нь 140 ширхэг дүнзийг тухайн өдрийн ханш 40.000 төгрөгөөр худалдаж авсан бол 5.600.000 төгрөг зарцуулсан байгаа юм. Гэтэл Ц.З дүнз худалдаж авах урьдчилгаанд 6.050.000 төгрөг захиалагчаас авсан. Бодит зарцуулалтыг 5.600.000 төгрөг гэж үзвэл зөрүү 450.000 төгрөг өөртөө илүү авч үлдсэн.

-Ц.З нь банзны мөнгө гэж 600.000 төгрөг шилжүүлж аваад захиалагчид банк нийлүүлээгүй. Энэ үүргээ огт биелүүлээгүй учир 600.000 төгрөг мөн түүнд үлдсэн.

-Ц.Зтай байгуулсан гэрээний үнэ 13.500.000 төгрөг байснаас 6.650.000 төгрөгийг Ц.Зд өгснийг нийт үнээс хасвал 6.850.000 төгрөгт үлдсэн ажил багтаж дуусах учиртай байсан.

Гэвч Б.Т нь Ц.Зын буруутай үйлдлийн улмаас дараах зардлуудыг өөрөөсөө бодитоор зарцуулж хохирсон байна.

Үүнд:

-Гэрээний 2-р зүйлд гэрээний зүйлийн үнэ гэдэгт ... тээврийн зардал, ажлын хөлс, угсралтын үнэ ...багтана гэж тооцсон. Гэвч Б.Т 2019 оны 10 сарын 26-ны шөнө Хөвсгөл аймгаас дүнз ачиж ирсэн үл таних Н.Мөнхдалай гэх жолоочид бэлнээр 400.000 төгрөг, дансаар 1.700.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг төлж байж 140 ширхэг дүнзээ авсан.

Учир нь тээврийн жолооч Хөвсгөлөөс гарахад миний машинд зөвхөн мод ачсанаас хөлс төлбөр төлөөгүй. Улаанбаатарт очоод дүнзээ буулгахдаа тээврийн хөлсөө дүнз хүлээж авах хүнээсээ аваарай гэсэн гэж тээврийн хөлс 2.100.000 төгрөг төлөхийг шаардсан.

-Ц.Зтай байгуулсан гэрээ цуцлагдаж, ажлаа яаралтай хийлгэхийн тулд Б.Т нь дахин А.Гансүхтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Дүнз модыг 2019 оны 10 сарын 26-ны өдөр Б.Т хүлээн авсан ба Ц.З 2019 оны 7 сарын 9-ний өдрийн гэрээгээр хүлээсэн угсралтыг бүрэн угсарч өгөх үүргээ биелүүлэхгүй байсан тул тодорхой хугацааны дараа буюу 2019 оны 12 сарын 15-ны өдөр А.Гансүхтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

А.Гансүхэд 2019 оны 12 сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 1 сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 700.000 төгрөг, 2020 оны 1 сарын 4-ний өдөр ажилтнуудын хоолны мөнгөнд 100.000 төгрөг, гэрээний дагуу нийт 6.100.000 төгрөг А.Гансүхээр ахлуулсан бригадад төлсөн.

-Б.Т нь Ц.Зтай байгуулсан 2019 оны 7 сарын 9-ний өдрийн гэрээгээр дүнз, банз, А нурууны палк зэргийг бүгдийг хамтад нь гэрээний нийт өртөгт тооцож оруулсан байсан боловч 13 куб банз, А нурууны палк зэргийг байшингаа бүрэн босгуулахын тулд өөрөөсөө доорх мөнгийг зарцуулан дахин хохирол амссан.

Өөрөөр хэлбэл түүнд төлсөн бүтэн торхны үнэ, А нуруу, 13 куб банзны үнэ гэж шилжүүлсэн 6.050.000 төгрөгт багтах байсан материалыг тэрээр дахин доорх мөнгийг төлж өөр хүнээс худалдан авч байшингаа босгуулсан. Үүнд:

-2019 оны 12 сарын 21-ний өдөр иргэн н.Дорж-Отгоноос 13 куб банз, А нурууны палк худалдаж авсан 2.500.000 төгрөг,

-2019 оны 12 сарын 21-ний өдөр иргэн н.Дорж-Отгоноос мод худалдаж авсан 2.160.000 төгрөг, нийт банз, мод, палк, нуруу модонд 4.660.000 төгрөг нэмж төлсөн.

Дээрх зарцуулалтыг нэгтгэж тооцвол:

-Дүнз 450.000 төгрөг, /илүү төлсөн учир буцаан гаргуулах/

-Банз 600.000 төгрөг /илүү төлсөн учир буцаан гаргуулах/

-Тээврийн хөлс 2.100.000 төгрөг /хохирол/

-Дахин гэрээ байгуулсан хөлс 6.100.000 төгрөг /хохирол/

-13 куб банз, А нурууны палк 2.500.000 төгрөг /хохирол/

-Нуруу мод 2.160.000 төгрөг /хохирол/

-Илүү төлсөн 1.050.000 төгрөг.

Нийт хохиролд 12.860.000 төгрөг үүнээс гэрээгээр тохирсон байсан 6.850.000 төгрөг /Ц.Зд нэмж өгөх байсан/-ийг хасаад 6.010.000 төгрөг, илүү төлсөн 1.050.000 төгрөгийг нэмэн Ц.Заас 7.060.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Домогт далай ХХК-иас ирүүлсэн баримтаар Ц.Зын ээж дүнз 1 ширхэгийг 45.000 төгрөг, 140 ширхэг дүнзийг нийт 6.300.000 төгрөгөөр авсан байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэгч Ц.Заас 6.360.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.З, хариуцагч Б.Т нар нь харилцан тохиролцож 2019 оны 7 сарын 9-ний өдөр дүнзэн торх нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2-т зааснаар гэрээний нийт үнэ 13.500.000 төгрөг байх бөгөөд урьдчилгаа 30 хувь буюу 4.050.000 төгрөгийг 2019 оны 7 сарын 9-ний өдөр төлөх ба үлдэгдэл 9.450.000 төгрөгийг чанарын шаардлага хангасан захиалагчийн захиалсан торхийг хүлээлгэн өгч угсралтыг бүрэн угсарч дууссаны дараа хүлээлгэн өгөхөөр тохирсон.

Уг үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй, тээврийн зардал, ажлын хөлс, угсралтын үнэ багтсан.

Ц.З нь дүнзэн торх нийлүүлэх гэрээгээр 8*8*10 харьцаатай дүнзэн торхыг Б.Төд нийлүүлж, угсарч өгөх ёстой байсан бөгөөд гэрээний үнэ болох 13.500.000 төгрөгрт зөвхөн энэ үйлчилгээ л багтаж байсан.

Гэтэл хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 7 сарын 9-ний өдрийн дүнзэн торх нийлүүлэх гэрээний дагуу 8*8*10 хэмжээтнй бүтэн дүнзэн торх нийлүүлэх, угсралтыг бүрэн угсарч дууссаны дараа хүлээлгэн өгөх, гэрээний нийт үнэ 13.500.000 төгрөг байна. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй, тээврийн зардал, ажлын хөлс, угсралтын үнэ, бүтэн торхны үнэ, А нуруу, 10 куб банз зэрэг багтана гэх мэтээр гэрээг буруу тайлбарласан нь үндэслэлгүй.

Мөн Б.Тийн А.Гансүхтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр торхны өрлөгийг өрж дуусгана, дам нуруу тавьж шаллах, дээврийн ажил хийж гүйцэтгэх, н.Дорж-Отгоноос 13 куб банз, А нурууны палк худалдаж авсан нь нэхэмжлэгч Ц.Зд хамааралгүй буюу 2019 оны 7 сарын 9-ний өдрийн дүнзэн торх нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.З нь Б.Ттэй 2019 оны 7 сарын 9-ний өдөр байгуулсан дүнзэн торх нийлүүлэх гэрээний хуулбар, Ц.Зын Голомт банк дахь 2719137825 тоот дансны 2019 оны 7 сарын 9-ний өдрөөс 2019 оны 9 сарын 3-ны өдрийг хүртэл хугацааны хуулга,

Б.Төд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.З өөрийгөө төлөөлүүлэхээр Ц.Насанбуянд 2021 оны 7 сарын 7-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Ц.Насанбуянгийн иргэний үнэмлэхний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Алтанмөрөн гол ХХК-ийн 2021 оны 8 сарын 13-ны өдрийн 2 тоот Ойн мэргэжлийн байгууллагаар 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү ажиллах хугацаандаа 2019-2020 оны хооронд 8*8, 10-ын мансардтай дүнзэн хийцийн барилга угсралтын ажлыг 500.000 төгрөгийн үнэ ханштай барьж гүйцэтгэж байсан болно гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Б.Т нь Ц.Зын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг Э.Мөнхзолбоод 2021 оны 8 сарын 2-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Б.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа, Э.Мөнхзолбоогийн иргэний үнэмлэхний хуулбар,

Нэхэмжлэгч Ц.Зтай 2019 оны 7 сарын 9-ний өдөр байгуулсан дүнзэн торх нийлүүлэх гэрээний хуулбар, Ц.Зын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа,

Б.Тийн Голомт банк дахь 1929217422 тоот дансны 2019 оны 7 сарын 9-10-ны өдрүүдийн хуулга,

Ш.Гын Хаан банк дахь 5018005800 тоот данснаас 2019 оны 9 сарын 1-ний өдөр 91097897 банзны мөнгө хийв гүйлгээний утгатай 600.000 төгрөгийг Ц.Зын Голомт банк дахь 2719137825 тоот дансанд шилжүүлсэн баримт,

Б.Т нь Г-тай 2019 оны 12 сарын 15-ны өдөр байгуулсан Улиастайн зусланд 8*8, 8*10 хэмжээтэй байшинг барьж гүйцэтгэхтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ,

Ш.Гын Хаан банк дахь 5018005800 тоот данснаас 2019 оны 10 сарын 27-ны өдөр 91097897 мод ачаа гүйлгээний утгатай 1.700.000 төгрөгийг Н.Мөнхдалайн Хаан банк дахь 5898049276 тоот дансанд шилжүүлсэн баримт,

Ш.Гын Хаан банк дахь 5018005800 тоот данснаас А.Гансүхийн Хаан банк дахь 5020328022 тоот дансанд 2019 оны 12 сарын 15-ны өдөр 99240081 91097897 байшин гэсэн гүйлгээний утгатай 1.500.000 төгрөг, 2019 оны 12 сарын 29-ний өдөр 91097897 байшин нийт 3 сая өгөв гэсэн гүйлгээний утгатай 1.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт,

Б.Тийн Голомт банк дахь 1929217422 тоот данснаас н.Дорж-Отгоны Хаан банк дахь дансанд 2019 оны 12 сарын 21-ний өдөр 2.500.000 төгрөгийг мод Дорж-Отгон гүйлгээний утгатай, мөн өдөр нь 2.160.000 төгрөгийг Төөс Дорж-Отгонд утгатай тус тус шилжүүлсэн баримт,

Ш.Гын Хаан банк дахь 5018005800 тоот данснаас Б.Балжиннямын мөн банк дахь 5270353347 тоот дансанд 2020 оны 1 сарын 4-ний өдөр 100.000 төгрөгийг 91097897 хоол, 2020 оны 1 сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг Гээс Балжинямд, мөн өдөр нь 1.300.000 төгрөгийг Гээс Балжиннямд гүйлгээний утгатай шилжүүлсэн баримтууд,

2019 оны 10 сарын 24-ний өдрийн Мод, модон материалын гарал, үүслийн 0021204 дугаар бүхий гэрчилгээний хуулбар, мөн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 012224 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 17729 дугаар захирамжаар хариуцагч Б.Тийн эзэмшлийн 91097897 дугаартай, samsung note 7 маркийн, хар өнгөтэй, 357872080818322 IМЕI кодтой, гар утаснаас 96779666 дугаарт бичсэн болон уг 96779666 дугаараас 2019 оны 10 сарын 2, 6, 7-ны өдрүүдэд ирсэн мессэжүүдэд,

Хариуцагч Б.Тийн эхнэр гэх Шагдарын Гийн эзэмшлийн 99240081 утасны дугаартай, Саlаху note 9 маркийн, хөх цэнхэр өнгийн, 358496092040946 IМЕI кодтой, гар утаснаас 96779666 дугаарт бичсэн болон уг 96779666 дугаараас 2019 оны 9 сар, 2019 оны 9 сарын 8, 16, 2019 оны 10 сарын 10-ны өдрүүдэд ирсэн мессэжүүдэд,

Ш.Гийн фэйсбүүк дэх Shagdar Sodko нэртэй хаяг болон Дүнзэн торх нэртэй хаяг хооронд 2019 оны 10 сарын 11, 18, 19-ний өдрүүдэд бичсэн цахим захидлуудад тус тус үзлэг хийлгэх зохигчийн /нэхэмжлэгч, хариуцагч/ хүсэлтийг хангаж, 2021 оны 10 сарын 28-ны өдөр үзлэгийг хийжээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 3-ны өдрийн 18868 дугаар захирамжаар хариуцагч талын хүсэлтээр 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 0021204 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ, 012224 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр худалдан авсан 16 м3 модыг хэн худалдан авсан, 16 м3 модыг 1 м3-ыг хэдэн төгрөгөөр тооцон авсан, нийт хэдэн төгрөгөөр авсантай холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Домогт Далай ХХК-ийн 2021 оны 12 сарын 6-ны өдрийн 20/21 тоот лавлагаанд ... Ц.З 2019 оны 10 сарын 24-ний өдөр 4 метртэй, 22 диаметртэй 140 ширхэг токардсан дүнзийг 1 ширхэгийг 45.000 төгрөгөөр, нийт 6.300.000 төгрөг, бэлнээр худалдан авсан нь үнэн. Гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг эх хувиараа 140 ширхэг дүнзээ дагаж явуулсан тул баримт нь байхгүй. Тухайн үед модон бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн зарлагын баримтыг хавсралтаар хүргүүлэв, мөн компаниас ирүүлсэн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн зарлагын баримтад худалдагч Домогт Далай ХХК, худалдан авагч Ц.З, токардсан дүнз 140 ширхэг, 1 бүрийн үнэ 45.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөг гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч Б.Төд холбогдуулан 2019 оны 7 сарын 9-ний өдөр байгуулсан дүнзэн торх нийлүүлэх гэрээний үүрэгт 7,275,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

 

/6.850.000 төгрөг-2.000.000 тээврийн зардал=4.850.000 төгрөг

4.850.000 төгрөг+2.425.000 төгрөг=7.275.000 төгрөг/

 

Хариуцагч Б.Т нь дүнзэн торх нийлүүлэх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учруулсан хохирол 7.060.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

/Дүнз 450.000 төгрөг, /илүү төлсөн буцаан гаргуулах/

Банз 600.000 төгрөг /илүү төлсөн буцаан гаргуулах/

Тээврийн хөлс 2.100.000 төгрөг /хохирол/

Дахин гэрээ байгуулсан хөлс 6.100.000 төгрөг /хохирол/

13 м3 банз, А нурууны палк 2.500.000 төгрөг /хохирол/

Нуруу мод 2.160.000 төгрөг /хохирол/

Илүү төлсөн 1.050.000 төгрөг.

Нийт хохиролд 12.860.000 төгрөг-6.850.000 төгрөг /Ц.Зд өгөх байсан/=6.010.000 төгрөг

6.010.000 төгрөг+1.050.000 төгрөг=7.060.000 төгрөг/

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал үндсэн төлбөр 4.850.000 төгрөгөөс 100.000 төгрөг, алданги 2.425.000 төгрөгөөс 50.000 төгрөг тус тус багасган 7.125.000 төгрөгийг, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага 7.060.000 төгрөгийг 700.000 төгрөгөөр багасган 6.360.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

 

Нэхэмжлэгч буюу нийлүүлэгч Ц.З, хариуцагч буюу захиалагч Б.Т нар 2019 оны 7 сарын 9-ний өдөр Дүнзэн торх нийлүүлэх гэрээ байгуулан нийлүүлэгч Ц.З нь Төв аймаг, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах захиалагч талын эзэмшлийн газарт 8*8*10 хэмжээтэй, бүтэн дүнзэн торхийг 2019 оны 8 сарын 15-ны өдөр буулган,

уг дүнзэн торхны угсралтыг нь бүрэн хийж дуусган хүлээлгэн өгөхөөр,

талууд гэрээний нийт үнийг 13.500.000 төгрөгөөр, мөн уг үнэд тээврийн зардал, ажлын хөлс, угсралтын үнэ багтсан болохыг тодорхойлон, захиалагч Б.Т гэрээ байгуулсан өдөр 4.050.000 төгрөг төлж үлдэгдэл 9.450.000 төгрөгийг торхыг хүлээлгэн өгч угсралтыг бүрэн дууссаны дараагаар өгөхөөр,

мөн 10 м3 шалны банзны үнэ 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан байна.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243, 343 дугаар зүйлүүдэд заасан худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

/ХХ-ийн 4-5, 60-61 дүгээр тал/

 

Захиалагч буюу хариуцагч Б.Т нь нийлүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.Зд 2019 оны 7 сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 7 сарын 10-ны өдөр 3.050.000 төгрөг, 2019 оны 9 сарын 1-ний өдөр 600.000 төгрөг, нийт 6.650.000 төгрөг өгсөн талаар зохигч хэн аль маргаагүй ба уг үйл баримт захиалагч, нийлүүлэгч нарын банкууд дахь дансны хуулгуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 6-7, 62-63 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 7 сарын 9-ний өдрийн гэрээний 3 дугаар зүйлд Гэрээнд 2 тал гарын үсэг зурсан өдөр хүчин төгөлдөр болох бөгөөд барилгын материалыг 2019 оны 8 сарын 15-ны өдөр гэрээнд заагдсан газар буулгаж, угсралтыг хийж дуусган захиалагч талд бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэж заасан бөгөөд нийлүүлэгч Ц.З гэрээ ёсоор 2019 оны 8 сарын 15-ны өдөр 8*8*10 хэмжээ бүхий дүнзэн торхыг буулган, угсралтыг бүрэн хийж дуусган захиалагч Б.Төд хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.

 

Захиалагч Б.Т нь нийлүүлэгч Ц.Зыг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан нь хариуцагч Б.Тийн эзэмшлийн 91097897 дугаартай, samsung note 7 маркийн, хар өнгөтэй, 357872080818322 IМЕI кодтой, гар утаснаас нийлүүлэгч талын 96779666 дугаарт бичсэн уг 96779666 дугаараас 2019 оны 10 сарын 2, 6, 7, 9, 10-ны өдрүүдийн ирсэн мессэжүүдэд,

хариуцагч Б.Тийн эхнэр гэх Шагдарын Гийн эзэмшлийн 99240081 утасны дугаартай, Саlаху note 9 маркийн, хөх цэнхэр өнгийн, 358496092040946 IМЕI кодтой, гар утаснаас нийлүүлэгчийн 96779666 дугаарт бичсэн уг 96779666 дугаараас 2019 оны 9 сарын 1, 8, 16, 17, 2019 оны 10 сарын 4, 7, 9, 10, 21-ний өдрүүдэд ирсэн мессэжүүдэд,

мөн түүний Shagdar Sodko нэртэй хаяг болон Дүнзэн торх нэртэй хаяг хооронд 2019 оны 10 сарын 11, 18, 19-ний өдрүүдэд бичсэн цахим захидлуудад тус тус 2021 оны 10 сарын 28-ны өдөр үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 46-51 дүгээр тал/

 

Нийлүүлэгч Ц.З нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул түүний гэр бүл болох эцэг, эхэд нь мэдэгдэхэд тэд түүний өмнөөс гэрээний үүрэг гүйцэтгэн 2019 оны 10 сарын 24-ний өдрүүдэд тус тус олгогдсон Мод, модон материалын гарал, үүслийн 0021204 дугаар бүхий гэрчилгээтэй, мод бэлтгэх 012224 дугаар бүхий эрхийн бичигтэй Домогт далай ХХК-ийн бэлтгэсэн дүнзийг хино маркийн 84-14 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн 2019 оны 10 сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улиастай гэх газарт буулгасан нь гарал үүслийн бичиг, мод бэлтгэх эрхийн бичиг болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 75-76 дугаар тал/

 

Захиалагч Б.Т 2019 оны 10 сарын 26-ны өдөр дүнзийг Хөвсгөл аймгаас тээвэрлэн ирсэн жолооч Н.Мөнхдалайд бэлнээр 400.000 төгрөг, 2019 оны 10 сарын 27-ны өдөр 1.700.000 төгрөгийг Хаан банк дахь дансаар шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байх ба Хөвсгөл аймгаас дүнз тээвэрлэн ирэх зардал 2.100.000 төгрөг талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.

/ХХ-ийн 66 дугаар тал/

 

Домогт Далай ХХК-ийн 2021 оны 12 сарын 6-ны өдрийн 20/21 тоот лавлагаанд:

Домогт далай ойн мэргэжлийн байгууллагаас Ц.З 2019 оны 10 сарын 24-ний өдөр 4 метртэй, 22 диаметртэй 140 ширхэг токардсан дүнзийг 1 ширхэгийг 45.000 төгрөгөөр, нийт 6.300.000 төгрөг, бэлнээр худалдан авсан нь үнэн.

Гар үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг эх хувиараа 140 ширхэг дүнзээ дагаж явуулсан тул баримт нь байхгүй. Тухайн үед модон бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн зарлагын баримтыг хавсралтаар хүргүүлэв гэсэн байх ба мөн компанийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн зарлагын баримтад худалдагч Домогт Далай ХХК, худалдан авагч Ц.З, токардсан дүнз 140 ширхэг, 1 бүрийн үнэ 45.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөг гэжээ.

/ХХ-ийн 109-110 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 7 сарын 9-ний өдрийн гэрээнд заасны дагуу 2019 оны 8 сарын 15-ны өдөр гэрээнд заагдсан газар дүнзийг буулган угсралтыг бүрэн хийж өгөхөөр тохирсон атал нийлүүлэгч Ц.З нь 2019 оны 8 сарын 15-ны өдөр бус 2019 оны 10 сарын 26-ны өдөр дүнзийг захиалагч Б.Төд хүлээлгэн өгсөн тухайд талууд мөн маргаагүй.

 

Мөн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар материалыг 2019 оны 8 сарын 15-ны өдөр гэрээнд заагдсан газар буулгаж, угсралтыг хийж дуусган захиалагч талд бүрэн бүтэн хүлээлгэж өгнө гэж тохирсон хэдий ч нийлүүлэгч Ц.З дүнзийг 2019 оны 10 сарын 26-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш 2019 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд дүнзэн торхийг угсрах үүргээ биелүүлээгүй тул захиалагч Б.Т өөр этгээдтэй буюу Г-ийн захирал А.Гансүхтэй 2019 оны 12 сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Улиастай зусланд 8*8, 8*10 хэмжээтэй дүнзэн байшин барих ажил гүйцэтгүүлсэн нь уг гэрээ болон А.Гансүхийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдлоо.

 

Захиалагч Б.Т 2019 оны 12 сарын 15-ны өдрийн гэрээтэй холбоотой эхнэр Ш.Гын Хаан банк дахь 00000000000000 тоот данснаас А.Гансүхийн мөн банк дахь 000000000000 тоот дансанд 2019 оны 12 сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг, Б.Балжиннямын мөн банк дахь 00000000000 тоот дансанд 2020 оны 1 сарын 4-ний өдөр 100.000 төгрөгийг, 2020 оны 1 сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлж байсан гэжээ.

/ХХ-ийн 64-65, 67-68, 71-72, 120-123 дугаар тал/

 

А.Гансүх 2022 оны 1 сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Фейсбүүкт миний тавьсан зарын дагуу ярьсан. Улиастайн эх гэдэг газарт торхны бэлдэц дүнз мод байсныг угсарсан. 2 давхрын таазыг хийх, углуурга гаргах, загвар гаргах, 2 давхрын шал, дээврийн ажлыг бүтэн хийсэн. Үнэ хөлсийг нь 6.000.000 төгрөг гэж тохирсон. Ажлын хөлс 6.000.000 төгрөгийг авахдаа н.Балжинням, н.Гансүх нарын дансаар авсан ба барилга дээр хамт ажилладаг. Тооцоо дууссан гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,

232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т Захиалагч тал гэрээнд заагдсан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож хоног тутамд алданги тооцож нийлүүлэгч талд төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу захиалагч Ц.З нь алданги нэхэмжилжээ.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа иргэн бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай.

 

Нэхэмжлэгч Ц.З гэрээгээр тохирсоны дагуу 2019 оны 8 сарын 15-ны өдөр дүнзийг гэрээнд заасан газарт буулган, бүрэн угсарч өгөх үүргээ биелүүлээгүй болох нь дээрх дурдсан баримтуудаар тогтоогдсон тул тэрээр гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг болон захиалагч Б.Тийг төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй хэмээн алданги нэхэмжилж буй нь үндэслэлгүй тул Ц.Зын 7.125.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Талууд 2019 оны 7 сарын 9-ний өдрийн гэрээгээр 8*8*10 хэмжээтэй дүнзэн торхоос гадна 10 м.3 шалны банз нийлүүлэхээр тохирч байсан ба захиалагч Б.Т нь 13 м3 банз, А нурууны палк, банз н.Дорж-Отгоноос 2019 оны 12 сарын 21-ний өдөр 2.500.000 төгрөгөөр, 2.160.000 төгрөг, нийт 4.660.000 төгрөгөөр тус тус худалдан авсаныг хохирол гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байна.

Домогт Далай ХХК-иас Ц.З токардсан дүнз 140 ширхэг, 1 бүрийн үнэ 45.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд захиалагч Б.Т 6.650.000 төгрөгийг нийлүүлэгчид хүлээлгэн өгсөн ба илүү төлсөн 350.000 төгрөг, дүнзийг Хөвсгөл аймгаас тээвэрлэн ирсэн зардал 2.100.000 төгрөг, нийт 2.450.000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжлэгч Ц.Заас гаргуулан сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Төд холбогдох 7.125.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Заас 2.450.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Төд олгон, хариуцагч Б.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.910.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Алтанмөрөн гол ХХК нь 2021 оны 8 сарын 13-ны өдрийн 2 тоот тодорхойлолтдоо 2019-2020 оны хооронд 8*8*10-ын мансардтай дүнзэн хийцийн барилга угсралтын ажлыг 500.000 төгрөгийн үнэ ханштай барьж гүйцэтгэж байсан гэсэн бөгөөд нэхэмжлэгч тал уг хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан угсралтын ажил гүйцэтгүүлдэг гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй ба энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Төд холбогдох 7.125.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Заас 2.450.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Төд олгон, хариуцагч Б.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.910.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Зын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131.350 төгрөгийг болон хариуцагч Б.Тийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 127.910 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Заас 54.150 төгрөг гаргуулан хариуцагч Б.Төд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН