Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00836

 

 

 

Ц.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00478 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.З-ын хариуцагч Б.Т-өд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 7,125,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 6,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ц.З- нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Б.Т-тэй дүнзэн торх нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Ц.З- 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 4,050,000 төгрөгийг хүлээн авч 8х8х10 хэмжээтэй бүтэн дүнзэн торхыг захиалагч тал болох Б.Т-өд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөх үедээ үлдэгдэл төлбөр 9,450,000 төгрөгийг хүлээн авахаар тохирсон. Хариуцагч Б.Т- нь тухайн төлбөрөөс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,050,000 төгрөг, 2019 оны 09 дүгээ сарын 01-ний өдөр 600,000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дүнзэн торхыг заагдсан газар буулгах ёстой байсан боловч Б.Т- нь газраа олчихоод ах нь хэлье гэж шалтгаан хэлж хойшлуулсаар 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шөнө Улиастайн ойролцоо буулгуулж авсан. Б.Т- буулгуулах үедээ угсралтын ажлыг хийлгэхээс татгалзсан. Ингээд нэхэмжлэгч Ц.З- нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч Б.Т- нь өөрийн үүрэг болох 4,850,000 төгрөгийн төлбөрийг одоог хүртэл өгөөгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр торхыг буулган хүлээлгэн өгсөн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд торхыг хүлээлгэн өгч, угсралтыг бүрэн угсарч дууссаны дараа үлдэгдэл 9,450,000 төгрөгийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг гэрээний 5.1-д заасны дагуу төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй байх учир төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутамд алданги тооцохоор байна. Дүнзэн торхыг Хөвсгөл аймгаас ачиж ирэх тээврийн зардал 2,000,000 төгрөг байсан ба уг мөнгийг Б.Т- өөрөө хариуцсан бөгөөд энэ мөнгийг түүнээс авах 6,850,000 төгрөгөөсөө хасаад 4,850,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 150,000 төгрөгөөр багасгаж байна. Үндсэн төлбөр 4,850,000 төгрөгөөс 100,000 төгрөг, алданги 2,425,000 төгрөгөөс 50.000 төгрөг тус тус багасгасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг тооцсон. Иймд үндсэн төлбөр 4,750,000 төгрөг, алданги 2,375,000 төгрөг, нийт 7,125,000 төгрөгийг хариуцагч Б.Т-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмлжэгч Ц.З- нь гэрээнд заасан хугацаанд торхыг нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгээгүй. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.З-ын ээжээс нь 140 ширхэг дүнзэн торх авсан. Торх ачиж ирсэн жолоочид тээврийн зардал 2,100,000 төгрөг төлсөн. Ц.З-д өмнө нь нийт 6,650,000 төгрөг өгсөн бөгөөд тээврийн зардал 2,100,000 төгрөг, нийт 8,750,000 төгрөгийн зардал Б.Т-өөс гарсан. Ц.З-тай тохирсон гэрээгээр 13,500,000 төгрөгт байшин босгож угсарч өгөх ёстой байтал түүний өмнөөс ээж нь 140 ширхэг дүнз нийлүүлснээс өөр юу ч хийгдээгүй. Тухайн үед Ц.З-ыг цагдаад өгч залилангаар шалгуулахаар баримт бүрдүүлээд явж байхад ээж нь гуйгаад байхаар нь чимээгүй өнгөрсөн. Гэтэл өчнөөн хохироочихоод уучлалт гуйх нь бүү хэл, нэмж мөнгө авна гэж шүүхэд хандсаныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Гэрээт ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор хүлээж авах байсан боловч Ц.З- нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Ц.З-д 8,750,000 төгрөг төлчихөөд маш олон сар хүлээсэн учир түүний эцэг, эхээс 140 ширхэг дүнз авснаас өөр ямар ч материал болон ажил аваагүй. Ц.З-ын өмнөөс түүний үүргийг аав, ээж нь хагас дутуу биелүүлж, зөвхөн 140 ширхэг дүнз авсан учир түүнд илүү төлсөн мөнгө төлбөрийг тэр чигт нь орхиж, Б.Т- нь Ц.З-ын хийх ёстой байсан ажлыг болон түүнд илүү төлсөн мөнгийг өөртөө хохирол бий болгон 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Гансүхтэй 2 тоот гэрээ байгуулж ажлаа хийж дуусгасан байна. Гэрээнд 8х8х10 хэмжээтэй дүнзэн байшин барьж гүйцэтгэх, торхны өрлөгийг өрж дуусгах, дам нуруу тавьж шаллах, дээврийн ажил хийж гүйцэтгэх зэрэг ажлуудыг хийж дуусгана. Гэрээний нийт үнэ 6,000,000 төгрөг, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор дуусгана зэрэг тохиролцоонуудыг хийсэн байна. Ц.З-тай байгуулсан гэрээнд түүнд илүү төлсөн зөрүү мөнгө 1,050,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шаардаж байна. Хөвсгөл аймгаас дүнз ачиж ирсэн Н.Мөнхдалай гэх жолоочид тээврийн хөлс нийт 2,100,000 төгрөг төлсөн. Ц.З-тай байгуулсан гэрээ цуцлагдаж, ажлаа яаралтай хийлгэхийн тулд Б.Т- нь дахин А.Гансүхтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. А.Гансүхэд ажлын хөлс нийт 6,100,000 төгрөг төлсөн. Б.Т- нь Ц.З-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр дүнз, банз, А нурууны палк зэргийг бүгдийг хамтад нь гэрээний нийт өртөгт тооцож оруулсан байсан боловч 13 куб банз, А нурууны палк зэргийг байшингаа бүрэн босгуулахын тулд өөрөөсөө доорх мөнгийг зарцуулан дахин хохирол амссан. Өөрөөр хэлбэл түүнд төлсөн бүтэн торхны үнэ, А нуруу, 13 куб банзны үнэ гэж шилжүүлсэн 6,050,000 төгрөгт багтах байсан материалыг тэрээр дахин доорх мөнгийг төлж өөр хүнээс худалдан авч байшингаа босгуулсан. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн н.Дорж-Отгоноос 13 куб банз, А нурууны палк худалдаж авсан 2,500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн н.Дорж-Отгоноос мод худалдаж авсан 2,160,000 төгрөг, нийт банз, мод, палк, нуруу модонд 4,660,000 төгрөг нэмж төлсөн. Дээрх зарцуулалтыг нэгтгэж тооцвол дүнз 450,000 төгрөг, /илүү төлсөн учир буцаан гаргуулах/, банз 600,000 төгрөг /илүү төлсөн учир буцаан гаргуулах/ тээврийн хөлс 2,100,000 төгрөг /хохирол/, дахин гэрээ байгуулсан хөлс 6,100,000 төгрөг /хохирол/, 13 куб банз, А нурууны палк 2,500,000 төгрөг /хохирол/, нуруу мод 2,160,000 төгрөг /хохирол/, илүү төлсөн 1,050,000 төгрөг. Нийт хохиролд 12,860,000 төгрөг үүнээс гэрээгээр тохирсон байсан 6,850,000 төгрөг /Ц.З-д нэмж өгөх байсан/-ийг хасаад 6,010,000 төгрөг, илүү төлсөн 1,050,000 төгрөгийг нэмэн Ц.З-аас 7,060,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Домогт далай ХХК-аас ирүүлсэн баримтаар Ц.З-ын ээж дүнз 1 ширхэгийг 45,000 төгрөг, 140 ширхэг дүнзийг нийт 6,300,000 төгрөгөөр авсан байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэгч Ц.З-аас 6,360,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч тал гэрээний агуулгыг буруу тайлбарлан төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Б.Т-ийн А.Гансүхтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр торхны өрлөгийг өрж дуусгана, дам нуруу тавьж шаллах, дээврийн ажил хийж гүйцэтгэх, н.Дорж-Отгоноос 13 куб банз, А нурууны палк худалдаж авсан нь нэхэмжлэгч Ц.З-д хамааралгүй буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүнзэн торх нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Т-өд холбогдох 7,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.З-аас 2,450,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Т-өд олгон, хариуцагч Б.Т-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,910,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.З-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,350 төгрөгийг болон хариуцагч Б.Т-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 127,910 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.З-аас 54,150 төгрөг гаргуулан хариуцагч Б.Т-өд олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.а.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, хэргийн үйл баримтыг буруу дүгнэжээ. Нийлүүлэгч Ц.З-ын эцэг эх биш нийлүүлэгч өөрөө гүйцэтгэсэн нь хэргийн 109-110 дугаар талд авагдсан баримтаар тогтоогддог. Энэхүү худалдаж авсан үнэ нь Домогт далай ХХК-аас Ц.З-ын худалдан авсан үнийн дүн бөгөөд Ц.З- нь Б.Т-өд энэхүү үнээр худалдан борлуулах үндэслэлгүй юм. Учир нь Домогт далай ХХК-аас худалдан авч бизнесийн ашиг нэмж зарж борлуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрт үйлдвэрийн үнээр бодсон нь үндэслэлгүй Нийлүүлэгч Ц.З- нь дүнзийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгснөөс хойш удаа дараа угсралтын ажлыг хэзээ хийж гүйцэтгэх талаар захиалагч Б.Т-өөс лавлахад хаврын урь орохоор бариулна гэж хойшлуулсан байдаг бөгөөд дүнзэн торх буулгасан өдрөөс 7 хоногийн дараа Алтан мөрөн гол ХХК-ийн 2 барилгачин очиж угсарч өгөх гэхэд захиалагчаас угсруулаагүй буцаасан байдаг. Мөн захиалагчаас угсралтын ажлыг ямар байдлаар хийх талаар зааварчилгаа болон ямар нэгэн зураг төсөл гаргаж өгөөгүй тул нийлүүлэгчийн зүгээс угсралтыг хийх ямар ч боломжгүй байсан. Ийнхүү түүний хэлсэн хугацааг өнгөртөл хүлээн дахин захиалагчтай холбогдоход аль хэдийн буюу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ГНБГГ ХХК-тай гэрээ байгуулан байшин бариулсан байдаг. Ингээд үзэхэд захиалагч Б.Т- нь Ц.З-ыг үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан, мөн үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон. Шүүхийн хийсэн үзлэгт нэхэмжлэгчийн бичсэн мессэжийг устгасан, зөвхөн өөрийн бичсэн, өөрт ашигтай мессэжүүддээ үзлэг хийлгэсэн. Шүүх хэт нэг талыг барьсан үзлэгийн тэмдэглэлээр шийдвэрийн үндэслэл болгож буй явдал нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ц.З- нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанд буулгах гэсэн боловч хариуцагч Б.Т- нь газраа олчихоод ах нь хэлье гэсний дагуу 9 сар хүртэл хүлээсэн. 2019 оны 9 сараас гэнэт Б.Т- нь модоо авмаар байна гэхэд ачих машин олдохгүй, мөн цаг агаарын байдал зэргээс хамаарч 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Т-ийн заасан газар буюу Улиастайн зусланд түүний зуны байшингийн хажууд буулгасан байдаг. Гэрээнд Төв аймгийн Батсүмбэр суманд дүнзэн торхыг буулгахаар тохирсон. Энэ талаар хариуцагч маргадаггүй.

6.б.2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүнзэн торх нийлүүлэх гэрээний үнэ 13,500,000 байна. Үүнээс 6,300,000 төгрөг, 140 ш дүнзэн торхны үнэ, 2,000,000 төгрөг тээврийн зардлын үнэ, 500,000 төгрөг угсралтын үнэ, 500,000 төгрөг гарал үүслийн бичиг авахад улсад төлөх төлбөр нийт 9,300,000 төгрөгийн шууд зардал, үлдэх 4,200,000 төгрөг нь нэхэмжлэгчийн авах ёстой ашиг байсан. Үүнээс хариуцагч нийт 3 удаагийн гүйлгээгээр 6,650,000 төгрөгийг төлсөн байдаг. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,850,000 төгрөгөөс тээврийн зардалд төлөх ёстой байсан 2,000,000 төгрөгийг Б.Т- өөрөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 4,850,000 төгрөг гэж тооцон нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс хариуцагчийн тээврийн зардалд төлсөн 2,100,000 төгрөг нь бодит хохирол биш юм. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй буюу хэргийн үйл баримтыг бодитоор үнэлж дүгнээгүй, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3 дах хэсэгт заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох нотлох баримтыг хангалттай бүрдүүлж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдол нь дүнзэн торхны үнэ дээр ашиг нэмэх ёстой байсныг анхан шатны шүүх ашгийг тооцоогүй гэх байдлаар гаргасан байна. Анхан шатны шүүх аливаа бизнесийн ашиг тооцдог байгууллага биш. Мөн дүнзэн торхны үнийг нэхэмжлэгч тал өөрсдөө тогтоогоогүй. Үүнийг хариуцагч талаас Хөвсгөл аймгийн холбогдох компаниас нь үнийн дүнтэй баримт гаргаж ирснээр ширхэгийн үнийг үндэслэн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч шаардсан. Гэтэл өөрсдөө хэдэн төгрөгөөр хаанаас хэрхэн нийлүүлсэнийг мэдээгүй шүүхэд орж ирчхээд одоо шүүхийн журмаар тогтоосон үнийн дүнд маргасан нь үндэслэлгүй. Мөн манайхыг угсруулахаар татгалзсан гэж байна. Гэтэл энэ нь нотлогдсон. 2020 оны 08 дугаар сарын 15-нд хүлээж авах буюу бүрэн торхоор угсарч баригдаж дуусах ёстой байсан. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 140 ширхэг дүнзийг Ц.Золзаяагаас биш түүний эцэг, эхээс нь хүлээж авсан. Ингээд хохирлоо нэхэмжлээгүй байхад Ц.З- өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс манайх нотлох баримтууд бүрдүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үзлэг хийлгэх хүсэлт нь хариуцагч талд ашигтайгаар хийсэн гэж байна. Анхан шатны шүүх үзлэг хийлгэх эрхийг нь хязгаарлаагүй. Нэхэмжлэгч талд өөрсдөө ашигтай текст бүхий чат мессеж, холбогдох үзлэг хийлгэх шаардлагатай төхөөрөмж байсан бол үзлэг хийлгэх боломжтой бөгөөд эрх нь нээлттэй байсан боловч эрхээ эдлээгүй. Тэгэхээр анхан шатны шүүх ямар нэгэн байдлаар эрхийг хязгаарлаж, шүүх үзлэг хийж манай талд шийдвэр гаргасан асуудал байхгүй. Анхан шатны шүүх эрх тэгш байдлаар хандсан. Мөн тээврийн зардлын талаар маргасан. Гэтэл анхан шатны шүүх тээврийн зардлын талаар тодруулж, тээврийн зардлыг хэн хариуцах ёстой байсан бэ, хариуцагч төлсөн байна, танайх зөвшөөрч байгаа юу гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тээврийн зардлыг манайд өгөхөөс гаднах хөлс байсан. Үүнийг нөгөө тал төлсөн байгааг хүлээн зөвшөөрч байна. Илүү төлсөн 100,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан гэж үзэж байх тул тус шүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ц.З- нь хариуцагч Б.Т-өд холбогдуулан гэрээний үүрэгт 7,275,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг багасган 7,125,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 7,060,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасган 6,360,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дүнзэн торх нийлүүлэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.З- нь 8х8х10 хэмжээтэй дүнзэн торхыг угсарч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч Б.Т- нь урьдчилгаа 30 хувь буюу 4,050,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлөх, үлдэгдэл 9,450,000 төгрөгийг угсралтын ажил дууссаны дараа төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт нийт 6,650,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, дүнзэн торх нийлүүлэх гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4, 62-63-р тал/

5.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Талуудын тайлбар, гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь дүнзэн торхыг угсарч ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө тал нь хөлс төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулсан байна.

5.а.Нэхэмжлэгч Ц.З- нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт үйл ажиллагаа эрхэлдэг Домогт далай ХХК-аас 140 ширхэг дүнзийг нийт 6,300,000 төгрөгөөр худалдан авч, мөн өдөр 84-14 ХӨА улсын дугаартай, хино маркийн автомашинд ачуулан, Улаанбаатар хотод хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Б.Т- нь тээврийн хөлсөнд нийт 2,100,000 төгрөг төлж дээрх торхыг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны шилжүүлгийн баримт, гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичиг, зарлагын баримт, Домогт далай ХХК-ийн албан бичиг зэргээр тогтоогджээ. /хх-ийн 66, 75-76, 109-110-р тал/

5.б.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.З- нь гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дүнзэн торхыг угсарч хариуцагч Б.Т-өд хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй.

Мөн хариуцагч Б.Т- нь 2019 оны 09, 10 дугаар сард нэхэмжлэгч Ц.З-аас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 47-51-р тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.З-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор хариуцагч Б.Т- нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

5.в.Нэгэнт нэхэмжлэгч Ц.З- нь ажлын үр дүнг хариуцагч Б.Т-өд хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардах эрхгүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6.Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 6,360,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг 2,450,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв.

Тодруулбал, хариуцагч Б.Т- нь нэхэмжлэгч Ц.З-д гэрээний урьдчилгаа болгож нийт 6,650,000 төгрөг төлсөн байх бөгөөд уг төлбөрөөс нэхэмжлэгчийн нийлүүлсэн 140 ширхэг дүнзэн торхны үнэ 6,300,000 төгрөгийг хасвал 350,000 төгрөг үлдэж байх тул 350,000 төгрөгийг хариуцагч Б.Т- нь нэхэмжлэгч Ц.З-аас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

6.а.Тээврийн хөлс 2,100,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талуудын байгуулсан Дүнзэн торх нийлүүлэх гэрээ-ний 2-т гэрээний нийт үнэ 13,500,000 төгрөгт тээврийн зардал багтсан байх боловч нэхэмжлэгч Ц.З- нь дээрх үнийн дүн бүхий ажлыг хариуцагч Б.Т-өд хүлээлгэн өгөөгүй, мөн нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор хариуцагч Б.Т- нь тээврийн хөлсөнд нийт 2,100,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон тул уг зардлыг нэхэмжлэгч Ц.З-аас гаргуулж, хариуцагч Б.Т-өд олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасанд нийцсэн байна. Иймд шүүх хэт нэг талыг барьсан, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 3,910,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй байх тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 243 дугаар зүйлийн 243.1..., гэснийг хасаж, ... 232 дугаар зүйлийн 232.6, ... гэсний өмнө 205 дугаар зүйлийн 205.1, гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 185,500 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА Г.ДАВААДОРЖ