Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00889

 

 Ц.Золжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00478 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/00836 дугаар магадлалтай,

Ц.Золжаргалын нэхэмжлэлтэй

Б.Түвшинтөгсөд холбогдох

Гэрээний үүрэгт 7,125,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 6,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуянгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Золжаргалаас Б.Түвшинтөгсөд холбогдуулан гэрээний үүрэгт 7,125,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 6,360,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00478 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Түвшинтөгсөд холбогдох 7,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Золжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Золжаргалаас 2,450,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Түвшинтөгсөд олгон, хариуцагч Б.Түвшинтөгсийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,910,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,350 төгрөгийг болон хариуцагч Б.Түвшинтөгсийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 127,910 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Золжаргалаас 54,150 төгрөг гаргуулан хариуцагч Б.Түвшинтөгсөд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/00836 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 243 дугаар зүйлийн 243.1..., гэснийг хасаж, ... 232 дугаар зүйлийн 232.6, ... гэсний өмнө 205 дугаар зүйлийн 205.1, гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 185,500 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019.07.09-ний өдрийн Дүнзэн торх нийлүүлэх гэрээ-гээр 8x8x10 хэмжээтэй бүтэн дүнзэн торхыг захиалагч талд 2019.08.15-ны өдөр нийлүүлэх бөгөөд гэрээний нийт үнэ 13,500,000 төгрөг байхаар тохиролцсон байдаг. Бодитоор гарах зардал нийт 9,300,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг гэрээний нийт үнээс хасаж тооцвол нийлүүлэгч нь 4,200,000 төгрөгийн ашиг олох байсан, үүнээс хариуцагч нь нийт 3 удаагийн гүйлгээгээр 6,650,000 төгрөгийг төлсөн.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлээс илүү төлсөн 350,000 төгрөг, хариуцагчийн тээврийн зардалд төлсөн 2,100,000 төгрөгийг бодит хохирол учирсан гэж үзэн нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр, магадлалыг гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь гэрээний дагуу нэхэмжлэгч нь тээврийн зардлыг төлөх ёстой байсан боловч хариуцагч өөрийн санаачилгаар төлсөн үйлдэл нь гэрээний үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстой болохоос нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн бодит хохирол болохгүй. Энэ талаар нэхэмжлэл гаргах үед захиалагчаас төлөх ёстой үлдэгдэл төлбөр нь 6,850,000 төгрөг байснаас захиалагчийн тээврийн зардалд төлсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндсэн үнийн дүнгээс хасаж 4,850,000 төгрөг нэхэмжилсэн байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг 2,100,000 төгрөгийн тээврийн зардал төлсөн талаар холбогдох баримттай танилцан нэхэмжлэлийн шаардлагыг 100,000 төгрөгөөр багасгасан байдаг.

Мөн 2019.10.24-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт орших Улиастайн ам гэх газарт хариуцагчийн зуслангийн газарт дүнзэн торхыг буулгасан бөгөөд буулгаснаас хойш угсралт хийж өгөхөөр ажилчид очсон боловч хариуцагч өөрөө татгалзан буцааж н.Гансүх гэх хүнээр дүнзэн торхыг ашиглан байшин бариулсан байдаг. Энэхүү 2019.07.09-ний өдөр байгуулсан Дүнзэн торх нийлүүлэх гэрээ-нээс нэхэмжлэгч Ц.Золжаргал нэг ч төгрөгийн ашиг авч чадаагүйгээр барахгүй шүүх нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах биш зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хянаж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуянгийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.07.01-ний өдрийн 001/ШХТ2022/00760 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ: 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Талууд 2019.07.09-ний өдөр Дүнзэн торх нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч Ц.Золжаргал 8х8х10 хэмжээтэй бүтэн дүнзэн торхыг захиалагч тал болох Б.Түвшинтөгсөд 2019.08.15-ны өдөр хүлээлгэж өгөх, гэрээний нийт үнийн дүн 13,500,000 төгрөг гэж тохирсон, хариуцагч нь урьдчилгаа 6,650,000 төгрөгийг төлсөн, торхыг буулгуулах үедээ угсралтын ажлыг хийлгэхээс татгалзсан. ...Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад үлдэгдэл 4,850,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй тул гэрээний 5.1-д заасны дагуу алданги тооцож, нийт 7,275,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан,

Хариуцагч: ...Ц.Золжаргал нь гэрээнд заасан хугацаанд торхыг нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгээгүй. 2019.10.26-ны өдөр Ц.Золжаргалын ээжээс нь 140 ширхэг дүнзэн торх авсан. Торх ачиж ирсэн жолоочид тээврийн зардал 2,100,000 төгрөг төлсөн. Ц.Золжаргалд өмнө нь нийт 6,650,000 төгрөг өгсөн бөгөөд тээврийн зардал 2,100,000 төгрөг, нийт 8,750,000 төгрөгийн зардал Б.Түвшинтөгсөөс гарсан. Ц.Золжаргалтай тохирсон гэрээгээр 13,500,000 төгрөгт байшин босгож угсарч өгөх ёстой байтал түүний өмнөөс ээж нь 140 ширхэг дүнз нийлүүлснээс өөр юу ч хийгдээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн ба

Хариуцагчаас: ...13,500,000 төгрөгөөр торх нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаанд 6,650,000 төгрөгийг төлсөн боловч нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдаар гүйцэтгүүлж 12,860,000 төгрөгийн зардал гаргасан. Үүнээс нэхэмжлэгчид төлөх байсан гэрээний үлдэгдэл төлбөр 6,850,000 төгрөгийг хасаад, дүнзний зөрүү 350,000 төгрөгийг нэмбэл нийт 6,360,000 төгрөгийн хохирол учирсан үндэслэлээр дээрх төлбөрийг гаргуулах...-аар сөрөг нэхэмжлэл гаргасныг

Нэхэмжлэгч: ...Хариуцагч тал гэрээний агуулгыг буруу тайлбарлан төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан Дүнзэн торх нийлүүлэх гэрээгээр торхыг нийлүүлж, угсарч өгөх ба гэрээний үнийн дүн 13,500,00 төгрөг байсан, гэрээнд заагдаагүй зардлыг нэхэмжилж байх тул зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж, нэхэмжлэгчээс 2,450,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

9. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлсэн үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг, мөн хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох гэрээгээр тохирсон алдангийн хамт нэхэмжилсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн үйл баримтад хийсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч гомдол гаргаагүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулгатай байна.

10. Хэдийгээр хоёр шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд адил боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний агуулга сөрөг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийн хувьд буюу шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн агуулгын талаар шүүхүүд зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн... гэх гомдлын хүрээнд хэргийг хянах нь зүйтэй гэж үзсэн байна.

Тодруулбал, тэрээр гомдолдоо ...нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрт 6,850,000 төгрөг авах байснаас захиалагчийн тээврийн зардалд төлсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэх үнийн дүнгээс хасч 4,850,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад гэрээний үүрэгт илүү төлсөн 350,000 төгрөг, хариуцагчийн тээврийн зардалд төлсөн 2,100,000 төгрөгийг бодит хохирол учирсан гэж үзэж түүнээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах биш, зөрчиж байгаад гомдолтой байна... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

11. Хэрэгт цугларсан баримтаар зохигч 2019.07.09-ний өдөр Дүнзэн торх нийлүүлэх гэрээ байгуулсан, тус гэрээгээр нийлүүлэгч Ц.Золжаргал 8х8х10 хэмжээтэй бүтэн дүнзэн торхыг захиалагч талд тогтоосон хугацаанд нийлүүлэх буюу захиалагчийн хувийн эзэмшил газар дээр хуурай хар модон дүнзэн торхыг хүлээлгэн өгч, угсарч өгөх, захиалагч Б.Түвшинтөгс гэрээний үнэ 13,500,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

12. Гэрээний дагуу хариуцагч урьдчилгаа төлбөрт 6,650,000 төгрөгийг төлсөн боловч нэхэмжлэгч гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй, холбогдох боломжгүй болсон үндэслэлээр хариуцагч нь нь нэхэмжлэгчийн эцэг, эхээс 140 ширхэг дүнзийг авч Хөвсгөлөөс Улаанбаатарт тээвэрлэж ирсэн, тээврийн зардалд 2,100,000 төгрөгийг төлж, гуравдагч этгээдээр торхыг бариулж дуусгасан үйл баримт тогтоогдсон.

Гэрээний үнийн дүнд НӨАТ ороогүй, тээврийн зардал, ажлын хөлс, угсралтын үнэ багтсан болохыг гэрээний Хоёр дугаар зүйлд заажээ.

13. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

14. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.6-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, ажил дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан ба хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон. Талууд гэрээг цуцалсан байх ба ажлын үр дүн, гүйцэтгэсэн ажил байхгүй байна.

15. Зохигчдын хооронд байгуулсан Дүнзэн торх нийлүүлэх гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 6,650,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн боловч 6,300,000 төгрөгт /140ш х 45,000₮/ дүнз мод авсан байна.

Талууд гэрээг цуцалсанд хэн нь буруутай байх нь хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй тул талуудын хэн аль нь хохирол шаардах эрхгүй бөгөөд үндсэн нэхэмжлэл бүхэлдээ, сөрөг нэхэмжлэлийн хохирол шаардсан хэсэг тус тус үндэслэлгүй байна.

16. Иймд урьдчилгаанд өгсөн 6,650,000 төгрөгөөс 6,300,000 төгрөгөөр 140ш дүнзэн мод худалдаж авсан нь тогтоогдсон тул үлдэх 350,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцох үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2022/00836 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00478 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Түвшинтөгсөөс 7,125,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Золжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Золжаргалаас 350,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Түвшинтөгст олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...54,150 төгрөгийг... гэснийг ...11,150 төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуянгийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуянгаас 2022.06.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ЗОЛЗАЯА

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД