Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/01424

 

 

 

 

 

2022 03 29

101/ШШ2022/01424

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: И.Ж нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ч,

 

Хариуцагч: Э.Б нарт холбогдох

 

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, байрыг зарж борлуулсан 59,500,000 төгрөгийг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч И.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмон, Ц.Батхүү,

Хариуцагч Б.Ч,

Хариуцагч Э.Б,

Хариуцагч Э.Бын өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.Ж миний бие 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр худалдан авсан Баянгол дүүргийн 4 0 тоот орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгөөр 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг,  тоотод байрлах 20 м.кв орон сууцыг худалдан авч, уг байранд амьдардаг байсан. 2019 оны 12 дугаар сараас эхлэн миний бэр болох Э.Б нь энэ байрны эзэмших эрхийг надад шилжүүл, худалдах, худалдан авах гэрээ байгуул, бэлэглэлийн гэрээ байгуулж надад өг, хэрэв өгөхгүй бол танай хүүгээс сална, 3 хүүхэдтэйгээ та нарыг уулзуулахгүй, амьдын хагацал үзүүлнэ гэх зэргээр удаа дараа дарамталж, хүч хэрэглэсээр байгаад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж миний эзэмшилд байсан Баянгол дүүрэг, 0 тоотод байрлах 20 м.кв орон сууцыг хүү Б.Ч, бэр Э.Б нар авсан. Yүний дараа 2020 оны 02 дугаар сард хүүхдийн бичлэг дур мэдэж хийлээ гэх шалтгаанаар шалтаглан удаа дараа хөөж, хэрүүл хийж байгаад 66 настай хөгшин намайг гэрээс минь хөөж гарган гомдоосон ноцтой үйлдэл хийсэн. Учир нь бэр Э.Б нь 3 хүүхдээ байнга зоддог бөгөөд дунд хүүхэд Ч.А нь ээждээ зодуулсан талаар ярьсныг би бичлэг хийж баримтжуулсан юм. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Ч, бэр Э.Б нар нь уг Баянгол дүүрэг, 0 тоотод байрлах 20 м.кв орон сууцыг бусдад 59,500,000 төгрөгөөр зарж борлуулсан. Миний бие ам бүл 7 бөгөөд 5 хүүхэдтэй одоо 70 хүрч буй өндөр настан, нөхөр Г.Б нь улсад 36 жил ажиллаж би өөрөө 29 жил ажил хөдөлмөрлөсний үр дүнд мөн 5 хүүхэд минь өсөж гадаад явсны ачаар бид байр орон сууц эд хөрөнгөтэй болцгоосон. 1974 онд Сүхбаатар дүүрэг,  тоот, 1999 онд Баянгол дүүрэг,  тоот, 2008 онд Баянзүрх дүүрэг, тоот /энд 40 саяд өргөтгөл хийсэн/, Э ХХК-иас 2 байр гэх мэт. Бид 2008 онд авсан амины орон сууцаа зараад 2011 онд 52 дугаар байрны 37 тоотыг иргэн н.Г, н.Д нараас И.Ж би авсан, мөн Баянзүрх дүүргийн  тоот хашааг тус тус худалдаж авсан бидний байрны үргэлжлэл хуваарьт эд хөрөнгө юм. 2020 онд иргэн н.Баасандоржоос И.Ж нь Баянгол дүүрэг, тоот байрыг авсан. Мөн 2011 оны 9 дүгээр сарын 07-нд  тоот, 2011 оны 9 дүгээр сарын 08-нд 52 дугаар байр 37 тоот байруудыг 1 өдрийн зайтай нэг доор ойрхон гэж хүү н.Н И.Ж нь авсан. Энэ бүх байруудын нотлох баримт хавтаст хэрэгт байгаа болно. 2003-2010 он хүртэл Хонг конгоос бага хүү авто машин, машины сэлбэг оруулж ирж, бид оруулж ирсэн машинуудыг гэр бүлээрээ зардаг гэр бүлийн бизнес эрхэлж байсан. Б.Ч нь иргэн н.Дд 100,000-аад мянган доллараа алдаад ирэхэд нь эх хүний сэтгэл өвдөөд ланд крузер 105 маркийн машинаа бэлэглэсэн. Ийм л хөрөнгөтэй, өөр ямар ч мөнгө төгрөг байгаагүй. Швейцайраас ирээд удаагүй Америкийн визинд 2011 оны 8 дугаар сард орсон. Визинд ороход нь үл хөдлөх хөрөнгөтэй байх, дансандаа мөнгө байршуулах шаардлага гарсаны улмаас Баянзүрх дүүрэг, тоот хашааг нэрэн дээр нь хийж, 70 сая төгрөгийг банкинд хийж өгсөн. Виз нь гараагүй тул бид буцааж авсан. 2011 онд Б.Ч нь Э.Бтай гэр бүл болж, энэ оныхоо 2 дугаар сард батлуулсан. 2011 оныхоо 5 дугаар сард бид 2008 онд авсан байраа зарж мөнгө, байруудыг авахад Э.Б батлуулаад 3 сар дотор энэ их мөнгө, байрыг бидний манай нөхрийн юм гэж гүтгэж өөртэйгээ хамааруулж болохгүй байх. Э.Б нь ямар ч хөрөнгөгүй ирсэн, хэрвээ маргаад байвал нотлох баримтаа гаргах хэрэгтэй байх. 2019 онд Б.Ч, Э.Б нар нь гэр бүлээ цуцлуулах гээд Баянгол дүүргийн шүүхээр явж байгаад гэнэт нэг өдөр би салахгүй эвлэрье гэж орж ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 20-нд дарамт шахалтын улмаас энэ хоёрт байраа бэлэглэсэн. Бэлэг хүлээж авахад миний зүгээс хэлсэн үг нь: За би хүүгээ, 3 ачийгаа бодоод байраа арга буюу бэлэглэж байна. Та 2 энэ байрыг хэзээ ч зарж үрж болохгүй дахиад ийм байр авч чадахгүй, яагаад гэвэл та 2 мөнгө байхгүй ядаж л 2 охины чинь сургууль ойрхон гэж итгэж захиж бэлэглэсэн юм. Гэтэл зарчихсан. Үнэхээр гомдсон. Хүний итгэлийг хөсөрдүүлж өвлийн хүйтэнд хөөж гаргаад удалгүй зараад одоо мөн л шүүхээр явж байна. Би байраа бэлэглэсэн хэдий ч 2 сар хиртэй байрны подвольд амьдарч байгаад Централ рийл эстэйт ХХК-д 12 сая төгрөг байршуулаад хүүнд нь 2 өрөө байр түрээсэлж сууж байгаад энэ их хэмжээний мөнгөө алдсан. Э.Б намайг хөөгөөгүй бол 12 сая төгрөгийн хохиролд унах уу? маш их гомдсон. Үүнийг гомдоосон хохироосон гэхгүй яах вэ? одоо би энэ их өрийг яаж төлөх билээ. Энэ 2 нь байраа зарчихаад хашаанд гэр барьж байснаа гэнэт 1 өдөр над дээр 3 хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Ээж бид таны энэ түрээслэн сууж байгаа байрны 1 өрөөнд чинь сууяа, бид гэрт даараад зутраад байх юм гэхэд нь би ёстой гайхсан. Хөөж явуулчихаад ичихгүй араас ороод ирдэг. Гэвч би бол 3 нялх ачийгаа 50 хүрч буй хүүгээ өрөвдөөд байлгасандаа. Яг энэ хугацаанд Э.Б нь 2020 оны 7 дугаа сарын 12-нд дусал тариа хийж өгөөч? гэсэн. Би тариаг нь хийх гэтэл 2 гар шуунаасаа урагш битүү хөхөрсөн, хөөх яасан их хөхөрчихсөн юм бэ? гэхэд харин тиймээ гэсэн. Би гарын дунд хэсэгт буюу хураахад нь дуслыг нь хийж өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өглөө цагдаа дуудаж хөхөрсөн гараа үзүүлж нөхрөө ял авхуулсан. Энэ өдрийнхөө үдээс хойш нь 44,297,000 төгрөгийг өөрийнхөө болон аав н.Энхжаргалынхаа дансанд дээрэмдэн авч хийснийг бид хэд хоногийн дараа мэдэж Голомт банкин дээр нь очиход банкныхан сандралдаж буцааж мөнгийг хийе гэж утасдаж байсан ба 2 сая гаран төгрөгийг бэлнээр авч үрсэн байсан. Энэ мөнгө нь манай бэлэглэсэн байрны мөнгө энэ байрыг дарамталж бэлэглүүлж зарсан мөнгөө дундын дансанд хийчихээд нөхрөө зодсон гэж ял өгүүлээд бүх мөнгийг ганцаар эзэмших гэж хууль зөрчиж явсныг нь хавтаст хэрэгт хийсэн байгаа. 2 сая төгрөгийг бэлнээр авсаныг нь цагдаа, шүүгч, эмч, прокурорт зарцуулсан байх гэж хардаж байгаа. Хийгээгүй хэрэг хийсэн болгосон ба зүгээр ч зогсохгүй намайг ч эрүүгийн хэрэгт оруулах гэж 4 ч удаа гүтгэн гүжирдэж телевизээр гаргасанд би туйлын их гомдож байна. 2020 оны 12 дугаар сарын 11-нд 2 цагдаа гэрт орж ирсэн, 108-ын дуудлагаар хүүхэд хүчирхийлсэн дуудлага өгсөн. 3 хүүхдийг нүцгэлж байгаад үзлэг хийсэн. Энд хүчирхийлэл үйлдэгдээгүй байна гээд явсан. /СБД-ийн цагдаагийн газраас/, 2020 оны 12 дугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нийгмийн ажилтан н.Өлзийбат гэдэг хүн байна, 108-аас дуудлага өгсөн, 3 хүүхдийг шалгая гээд шалгасан. 2 охин ээждээ очихгүй, ээж зоддог гэж хариулсан. Энэ хүн зохих газарт мэдэгдэнэ ямар ч хүчирхийлэл алга. 2021 оны 01 дүгээр сарын 15-нд ТВ-4 телевизийнх гэрт авч ирсэн. Энэ өдрийнхөө орой нь 2 цагдаа ирж 3 хүүхдийг нь шалгасан. 2 охин нь байсан. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтсээс ирж 2 цагдаа шалгахдаа мөн л энд хүчирхийлэл алга гэсэн. 2021 оны 4 дүгээр сарын 02-нд намайг бага хүү Ч.Атиллаг зодсон гэж 2 цагдаатай Э.Б нь ирж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэсэг дээр авч очсон, тэнд бүрэн ажиллагаа явагдсан. Хүүхдийн байгууллагаас н.Шүрэнцэцэг, 103-ын эмч байцаагч н.Төгсжаргал нь удаж ирж Э.Б нь 2 цаг гаран мэдүүлэг өгч байсан. Би гайхаад ганц л зүйл гуйяа, би хэлмэгдэд байна, хүүхдийг шүүх эмнэлэгт үзүүлж өгөөч гэж гуйсан. Энд би нэг зүйлийг онцлон хэлье: Аавынх нь шүүх хуралдаан нь 4 дүгээр сарын 6-нд болоход 2 охиныг гэрчээр оруулах гэж байсан юм. 4 дүгээр сарын 02-нд хүүхдүүдийг зодсон нэрээр хамгаалах байранд авч булаасан. 3 хүүхэд нь хамгаалах байрнаас гарч ирэхэд бага хүү Ч.Анүүр нь маажигдсан, нуруу гар нь хөхөрсөн маш их зодуулсан байсан. Би энэ тухай Сүхбаатар хүүхэд хөгжлийн төвд хандсан. Тэнд н.Шүрэнцэцэг нь танай бэр хэл амтай хэцүү хүн байна. Би таныг өрөвдөөд Ч.Атиллаг хүүхдийг чинь хамгаалалтын байранд орсоны маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн ямар ч зодсон зүйл байхгүй байна гэсэн. Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би олон цагаар цагдаа шүүхээр явж байгаадаа маш их гомдож байна. Өөрийнх нь үр хүүхдийг өсгөж өгч байхад ямар ч хүн баярламаар юм. Энэ Э.Б нь хэрэгт хийх гэж улайран цагдаа найз нартай, энд өмгөөлөгч Э.Эрдэнэтөгсийн найз нар байна гэж охид нь ярьдаг. Сэтгэл санааны гүн хямралд орж даралт ихсэж сахарын хүнд өвчтэй миний бие өдрөөс өдөрт муудаж байгаа. Энэ бэрээс болж байгааг бичихээс өөр аргагүй бөгөөд бичиж байна. Э.Б нь солих ээлжийн ч хувцасгүй ар гэр, ээж, эмээ нь одоо ч гэр оронгүй хүргэнийхээ хашаанд амьдардаг. Би ядуу ядмаг гээд бэрдээ 8 жил гэр орондоо байлгаж, үр хүүхдийг нь харж өсгөлцөж, 8 жил би тэжээсэн. 8 жил хиртэй нөхөр Б.Чтайгаа ажил хийгээгүй 2 хүн нийгмийн даатгал төлөгдсөнөөс нь үзвэл байр авах ч хэмжээний орлогогүй. Маш их худлаа ярьдаг, хүн шууд гүтгэдэг. Эрүүл хүн ингэж ор үндэслэлгүйгээр хүнийг гүтгэж харлуулж, харагдсан шигээ хүн биш ааш авир нь үнэн галзуу хүн хүүхдүүд нөхрөө хэрцгийгээр зодно. Том охин нь нүүрэндээ сорвитой нөхөр нь одоо ч үзэж болно. Энэ хүний хумсны сорви битүү. Хадам ээж болохгүй байна гэж ярих дуртай. Би бэртэйгээ хэрэлдэж үзээгүй юу ч дуугардаг ч үгүй. Би юм ярих л бол энэ хүн ойлгох чадваргүй, хэрүүл болно гэдгийг би мэдэрсэн. Маш их хэцүү 2 талын удамд нь галзуурсан сэтгэцийн өвчтэй хүмүүс байдаг юм билээ. Сэтгэцийн эмнэлэгт хэвтээд гарсан өдөр нь гэрт нь ирсэн байдаг юм. Мөн л хадам эх нь хэвтүүлсэн, өөрөө очиж үзүүлээд хэвтсэн. ТВ-4 телевиз нь ямар ч баримт нотолгоогүй 2 талын тэнцвэртэй мэдээлэл байж олон нийтээр гаргадаг хуулиа зөрчсөн. Сурвалжлагч асуултыг өөрөө хөтөлж асууж байсан. Би гол нь 11 дүгээр сарын 08-нд Э.Б хүүхдүүдээ авсан бичлэг нь минйи гар утас дээр байгаа, 11 дүгээр сарын 09-нд аавыг нь дуудаад 3 хүүхдээ ав би ажилтай байна гээд өөрөө өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 11 нд нь УОК-с онц байдал зарласан, энэ үед 3 хүүхэд бидэн дээр байсныг мэдсээр байж олон нийтийн хэрэгслээр нэр төрийг минь гутаан доромжилсонд туйлын их гомдож байна. Шүүх эцэслэн шийдэгдээгүй байхад шүүхэд нөлөөлөх гэж ийм худлаа гүтгэлэг хийсэн. Юун контейнер 3 хүүхдээ дагуулж миний хажуу өрөөнд байсан. Төрөөд удаагүй байхад зодсон, хэзээ ч зодоогүй. Сүхбаатар дүүргийн цагдаад контейнерт амьдруулах гэсэн гэж үг хэллэг байхгүй байгаа. 2016 оны хамгаалах байранд асуумжиндаа нөхрөөрөө гэр хашаа бэлдүүлмээр байна гэж байсан хүн бидний хашаа байр гэж маргаад явж байгаа нь үнэхээрийн үг үйлдэл нь байнга зөрж байна. Цагдаад өгсөн мэдүүлэгтээ 2 охиныг аав нь хүчинддэг байсан гэж бичүүлчихээд дараа нь би буруу ярьчихаж. Одоо ч онгоноороо, нөхрөө арай л дэндүү харлуулж байгааг энэ хүний үйлдлүүд гэрчилж байна. Б.Ч нь үг цөөнтэй хэтэрхий даруу, архи тамхи хэрэглэдэггүй. Айлын том хүү Э.Бын өөдөөс том ч хашгирч үзээгүй хүн зодох уу? насны зөрүүтэй 12 ах. Дүү ээж нар нь надтай таараач үгүй байж намайг юм оёсон гэж гэрчээр орж байгаа нь дэндүү өрөөсгөл зүйл. Би харамсаж байна. Хэтэрхий ядуу ч үнэн шударгаар явах нь иргэн хүний үүрэг байх ёстой. Би ах, дүүтэй нь тааралдаагүй сүүлийн 4 жил болж байна. Шүүхээр явж байх хугацаанд их юм үзэж байна.Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Б.Ч, Э.Б нарыг гэр бүл салахгүйгээр /энэ 2 хүн нэгд салаад тус тусдаа амьдарч 2 жил гаран болж байна. Гэр бүлийн хамаарал бүхий. Би энэ гэр бүлийн хамааралд орох нь зөв. Б.Ч нь манай төрсөн хүү, Э.Б нь миний бэр, 3 ач нь миний ач юм. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 52 дугаар байрны 37 тоот нь албан ёсоор үл хөдлөхийн гэрчилгээтэй иргэн н.Гончигсүрэнгээс И.Ж нь худалдаж авсан, миний хөрөнгө. Баянгол дүүрэг, 15 дугаар байр 18 тоотыг би иргэн н.Баасадоржоос худалдаж авсан, И.Ж миний байр. Энэ байранд би 1 жил хиртэй амьдарсан, Э.Б 3 сар гаран амьдарсан, цаг хугацааны хувьд ийм байна. Гэр бүлийн хамаарал бүхий гэдгийг хувийн өмчид энэ гэр бүлийг хамааруулж байгааг зөвшөөрөхгүй. Энэ байранд Б.Ч, Э.Б нар нь ямар ч мөнгө төгрөг эд материал оруулаагүй болно. Намайг гомдоосон маш их үйлдлүүд гаргасанд би байр бэлэглэсэн бэлэглэлээ хүчингүй болгуулж, 59,500,000 төгрөгөө авъя гэж л хүсэж байна. Би эвлэрч мөнгө өгөх санал гаргасан. Э.Б зөвшөөрөхгүй бүгдийг нь авна гэсэн. Одоо нэгэнт уг орон сууцыг бусдад худалдан борлуулсан, байрыг биет байдлаар буцаан авах боломжгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

Иймд бидний харилцаанд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн зэрэг нөхцөл байдал байгаа, хөгшин настай надад хүч хэрэглэн хэлцэл хийсэн, гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, байрыг зарж борлуулсан 59,500,000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж И.Ж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцтай холбоотой нэхэмжлэл гаргасан. Эхнэр бид хоёр бэлэглэлийн гэрээгээр орон сууц шилжүүлж аваад зарсан. Учир нь бид хоёрт мөнгө хэрэгтэй байсан. Ээжийн байрыг зарахын тулд ээжийг байрнаасаа хөөж гаргаж гомдоосноо хүлээн зөвшөөрч, ээжээс уучлалт гуйж байна. Ямар нэгэн маргах зүйлгүй болно. Манай аав, ээж хоёр 1970 онд гэр бүл болж 1974 онд байр авсан. 1999 онд байраа солиод би зөрүү мөнгөөр нь Швейцар улс руу явсан. 8 жилийн дараа би хүнд залилуулчхаад Монголд ирсэн. Манай гэр бүлийн 6 хүн 57 дугаар байрыг миний нэр дээр шилжүүлсэн. Тэр байрыг яагаад надад шилжүүлсэн бэ гэвэл зээл аваад Хонконгоос машины наймаа хийдэг бизнесийг эхлүүлсэн. 2008 онд авсан орон сууц бол манай гэрийн голомтыг зарсан мөнгөний үргэлжлэл юм. Э.Б бид хоёр ээжийн амьдардаг 37 тоот байранд амьдарсан. 2013 онд тэр байранд ээж, манай дүү хоёр цуг амьдарч байсан. 2008 онд авсан байрны эх үүсвэр 1974 оноос эхэлсэн. Ээж маань манай хүүхдүүдийг хараад надтай байдаг. Би Америк улс явах виз гаргуулахад заавал гэрлэсэн байх шаардлагатай байсан бөгөөд Э.Бтай сонингийн зараар 2011 оны 01 дүгээр сард танилцаад 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэсэн. Гэрлэх гээд материал бүрдүүлж явахад заавал сэтгэц, мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай болсон. Одоо анагаах ухааны доктор болсон н.Энхтүвшин гэдэг хүн тухайн үед Баянзүрх дүүргийн эмчээр ажиллаж байсан. Э.Быг үзүүлэхэд хэрэлдээд гараад ирсэн. Тэр эмч надад хэлэхдээ чи энэ хүнтэй суух юм бол насан туршдаа зовно шүү, сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн байна гэж хэлсэн. Тухайн үед Америк явахын тулд дансандаа мөнгөтэй байх шаардлагатай байсан учраас 2008 онд худалдаж авсан байраа зараад ээж миний дансанд 50,000,000 төгрөг байршуулсан байсан. Визэнд орох хугацаа тулсан байсан учраас би эмчээс гуйсаар байгаад гарын үсэг зуруулж аваад Э.Бтай гэрлэж байсан. Э.Бын зүгээс чи надаас салахын тулд эд хөрөнгөө нуугаад ийш тийшээ шилжүүллээ гэж ярьдаг. Гэвч би Э.Бын гаргадаг үйлдэл, хэрүүл, тэмцлээс маш их залхдаг байсан учраас 2016 он, 2019 онуудад салах өргөдөл өгч байсан. Ийм байдал нь огт засардаггүй, байнга намайг гүтгэж, цагдаад өгдөг. Би хүүхдүүдээ бодоод буцаад эвлэрдэг байсан. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн шүүхэд салах өргөдөл өгсөн боловч 2019 оны сүүлээр эвлэрсэн. Э.Б над дээр гурван удаа ирээд хоёулаа эвлэрье, үр хүүхдээ бодъё, би дахиж муухай ааш гаргахгүй гэж хэлж байсан. Би гуравдахь удаагаа ирэхэд нь эвлэрсэн. Эвлэрээд нэг гэрт ороод удаагүй байхад намайг маажаад хүүхдүүдээ зодоод ээжээсээ байр ав, заавал миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хий гэж байнга шалж байсан. Загнаж, зодоод янз бүрээр үзсээр байсан учраас би ээжээс гуйгаад байрыг бэлэглэлээр авсан. Бэлэглэлийн гэрээг хийхдээ Э.Б бид хоёрын нэр дээр хийсэн. Бэлэглэлийн гэрээ хийсний маргааш нь шүүх дээр очиж өргөдлөө татаж авсан. Учир нь Э.Б хэрэв чи байраа өгөхгүй бол би чамаас сална, гурван хүүхдийг чинь амьдын там үзүүлнэ гэж хэлдэг байсан. Тухайн үед н.Ариунаа гэдэг шүүгч хянан шийдвэрлэж байсан. Тэр шүүгчид хүүхдийн яриаг өөрчилсөн бөөн будлиантай асуудлууд байдаг. Одоо ч бид гомдолтой учраас шалгуулна гээд явж байгаа. Э.Бд Хүүхэд хөгжлийн газар, цагдаагийн байгууллагад танихгүй, мэдэхгүй гэх хүн байхгүй. Гэтэл тухайн байгууллагууд Э.Быг ямар хүн бэ гэдгийг мэдсээр байж заавал ийм муу муухай зүйл хийлгэдэг. Би ээжийгээ дарамтанд оруулж орон байрнаас нь гаргасандаа харамсаж явдаг. Ээжээсээ уучлал хүсэж байна, хүүгээ уучлаарай. 2018 оны 10 дугаар сард Э.Быг нийгэмшүүлэхийн тулд ажилд оруулсан. Нийгэмшүүлэхгүй бол гэрт байсаар байгаад хэцүү зан ааштай болсон, маш хүнд байдаг байсан. Э.Быг эхлээд Сант сургуульд ажилд оруулсан боловч хоёр хоноод хүнтэй хэрэлдээд ажлаасаа гарсан. Маш олон цагдаад шалгагдаж байгаа асуудал байгаа. н.Одмаа, н.Цогбаяр гэдэг байцаагч нар хүүхдийн яриаг өөрчилсөн, энэ асуудлаараа шалгагдаж байгаа, мөн ээжээс 100,000 төгрөг хүчээр авсан. 2019 оны 12 дугаар сард ээжийгээ дарамтанд оруулж, Э.Бын шахалтаар байрыг авсан нь үнэн. Би ээжийгээ олон удаа цагдаа, шүүхийн хаалгаар оруулж байгаадаа маш их санаа зовж байна. 2020 оны 01 дүгээр сард гэрээсээ хөөгдөж подвалд амьдарч байсан нь үнэн. Энэ талаар олон хүн гэрчилнэ. Ээж 1, 2 гэрч асуулгасан. Шаардлагатай гэж үзвэл 10 гэрч гарч ирнэ. Э.Бын дүү манайд 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Мартын 8 тэмдэглээд ууж, идээд архидсан гэж мэдүүлсэн байна. Тийм асуудал болоогүй, би архи уудаггүй. н.Баяраа гэдэг хүн 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Бор-Өндөр суманд ажилд орсон. Э.Б ажил хийснээсээ хойш гэртээ талх авдаггүй, архи уугаад тасарчихдаг, цагдаа нартай шоуддаг байсан. Би Э.Бын нийгмийн даатгалыг нь төлдөг байсан. Бидний цалин орлого байр авах хэмжээнд байгаагүй. Пробокс маркийн автомашиныг ээж маань тэтгэврийн зээл аваад авч байсан. Маяти маркийн автомашиныг 37 тоот байрыг зараад 30 сая төгрөгөөр авч байсан. Тал мөнгийг нь ээж төлж байсан. Эргүүлээд 25,000,000 төгрөгөөр зарсан. Эмээг нь хөөснийг хүүхдүүд мэднэ. Байрыг 59,500,000 төгрөгөөр зараад Э.Б намайг мөнгийг заавал дундын дансанд хий гээд банк дотор зодоод дундын дансанд хийхгүй бол дахиад сална, хүүхдүүдээ аваад явлаа гээд өдөржин болсон. Гуйгаад байхаар нь дундын дансанд хийсэн. Ээжийн тэтгэврийн зээлээр авсан пробокс гэдэг машин дээр 4,500,000 төгрөг нэмж өгөөд портер авсан. Э.Бын бүх улирлын хувцсыг авахад 3,500,000 төгрөг зарцуулсан. Дүүд нь 1,800,000 төгрөг зээлүүлээд одоо болтол авч чадаагүй. Үлдэгдэл 44,295,000 төгрөг Голомт банкны дундын дансанд байгаа. Би Голомт банкинд хүсэлт гаргаж дансыг битүүмжилж байгаад Э.Бд хууль сануулж байгаад хулгайлсан мөнгийг буцааж дундын дансанд хийлгэсэн. Ээжид байрны мөнгийг буцааж өгнө гэв.

 

Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэгч И.Жын төрсөн хүү хамтран хариуцагч Б.Чтай 2011 онд анх танилцаж, 2011 оны 02 дугаар сараас Б.Чын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших хашаа, хувийн сууцанд хамт амьдарч эхэлсэн. Ийнхүү хамтран амьдарч байх хугацаанд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр том охин Ч.Х, 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дунд охин Ч.А, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр отгон хүү Ч.А төрсөн. Улмаар бид 2011 оны 6 дугаар сард өөрсдийн амьдарч байсан хашаа, байшингаа зарж, 2011 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн  тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч, манай гэр бүл амьдарч байгаад 2018 оны 11 дүгээр сард зарсан. Үүний дараа 2019 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Энд дурдаж байгаа 3 болон 1 өрөө орон сууцанд манай гэр бүл амьдардаг байсан хэдий боловч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ нь дан ганц хадам эх И.Жын нэр дээр бүртгэлтэй байсан болно. Улмаар И.Ж 2019 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Ч бид хоёрт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн бөгөөд энэ орон сууцыг 2020 оны 3 дугаар сард бусдад зарсан. Б.Ч нь надтай хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа надад шалтгаангүйгээр уурлаж, намайг элдвээр хэлж, доромжилж, миний биед халдаж, зодож, танхайрч байсан. Б.Чын эхнэр буюу надад дээрэнгүй, хүндэтгэлгүй ханддаг, харилцдаг байдалд түүний эх И.Жын хатгалга, нөлөө их байсан. Энэ мэт нөхрийнхөө болоод хадам эхийнхээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг хүүхдүүдээ, өөрийн болон тэдний нэр төр, алдар хүндийг бодож, бусдаас нууж, энэрэнгүй сэтгэлээр хандаж, засрах байх гэж найдаж, уучилсаар ирсэн. Б.Ч, И.Ж нарын зүй бус үйлдэл, харилцааг удтал тэвчсэний эцэст таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагад ганц нэг удаа гомдол мэдүүлж байсан ч тухай бүр тэд надаас уучлалт гуйж, гомдлоосоо татгалзахыг хүсэж, намайг гомдлоосоо татгалзуулдаг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэртээ Б.Ч намайг зодож танхайрсан ба энэ үйл явдал цагдаад шалгагдаа шүүхээр орсон байгаа болно. Өдгөө миний бие энэ асуудлаас болоод 2020 оны 7 дугаар сараас хойш өөрийн төрүүлсэн гурван хүүхдээсээ хол тусдаа амьдарч байна. Мөн 2016, 2019 онуудад Ч.Чнадаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тодруулбал, хамгийн сүүлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ч надад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, эх байх эрхийг хасуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ч тэрбээр нэхэмжлэлээсээ татгалзсан учир тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээр өгүүлсэнчлэн Б.Чтай хамтран амьдарч байх хугацаанд манай гэр бүлийн амьдралд хадам эх И.Жын оролцоо, нөлөө их байсан бөгөөд үүний нэг илрэл нь танай шүүхэд манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг өмчирхөж, нэхэмжлэл гаргаж буй явдал хэмээн үзэж байна. Түүнчлэн Б.Ч нь И.Жын нахэмжлэлд дурдсан болон өөр бусад хөрөнгүүдээ эх И.Жыхаа нэр дээр шилжүүлж, надаас нуудаг байсан ба энэ нь тэд ирээдүйд Б.Ч бид хоёрын дунд үүсэж болзошгүй гэр бүлийн хөрөнгийн маргаанд нөлөөлөх оролдлого, санаа байжээ гэж хожим бодоход хүргэж байна. Нэхэмжлэлтэй танилцахад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хоёр үндэслэлээр шаардаж байна гэж ойлгосон. Нэгдүгээрт анх орон сууцыг хүч хэрэглэж, дарамталж байгаад байрыг авсан, хоёрдугаарт хүүхдийн бичлэг хийлээ гэж уурлаж, гэрээсээ хөөсөн гэсэн хоёр хууль зүйн үндэслэл хэлж байна гэж ойлгосон. Энэ тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий байрыг анх нэхэмжлэгч И.Жаас хоёр хариуцагчид бэлэглэсэн. Тухайн үед Б.Ч гэрлэлт цуцлуулна гээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд энэ хэрэг нь шийдвэрлэгдээгүй, шүүх хуралдаан нь болох дөхчихсөн байх үед Б.Ч Э.Бд хоёулаа эвлэрье, гэрлэлт цуцлуулахаа болъё, би ээжийн нэр дээр байгаа байраа өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэж хэлсэн байдаг. Үүнийг Э.Б зөвшөөрөөд бэлэглэлийн гэрээгээр байр шилжүүлж авсны дараа хоёулаа хамтдаа очоод шүүхээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ татаж авсан. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр хамт амьдраад Э.Б ээжээсээ байр ав гэж Б.Чыг дарамталсан гэсэн тайлбар худал гэдэг нь нотлогдож байна. Учир нь 2019 оны 12 дугаар сард хариуцагч нар тусдаа амьдарч байсан. Б.Ч 2019 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш Э.Б байр хөлсөлж амьдарч байсан. Яаж хариуцагч нар хамтдаа амьдраад бие биенийгээ дарамталсан юм бэ, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Э.Б гэрлэлт цуцлуулаад хүүхдүүдтэй уулзуулахгүй гэж хэлсэн гэж бичсэн. Гэвч энэ нь худал. Б.Ч 2016 онд шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Дараа нь 2019 оны 02 дугаар сард дахин Б.Ч шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Э.Б хүүхдүүдээ уулзуулахгүй, Б.Чаас сална гэж дарамталж байгаад байрыг авсан гэж бичсэн байдаг. Хэрэгт нотлох баримтаар авагдсан үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Б.Чын тайлбараас зөрж, худал гэдэг нь тогтоогдож байна. Бичлэг хийсэн гээд гэрээсээ хөөсөн гэж ярьж байгаа боловч энэ талаар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн дүүгийн мэдүүлэгт эгч маань салсан эхнэрийн оёдлын газарт амьдарч байхдаа бэртэйгээ муудалцаад ингэж амьдарч байна гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Гэвч тухайн хүн нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондоо муудалцаад Э.Б гэрээсээ хөөсөн үйл баримтыг мэдэхгүй, нотлоогүй. И.Ж анхнаасаа бэртэйгээ муудалцаад намайг хөөсөн гэдэг зүйл ярьж байгаа. Тэр гэрч ингэж хэлснийг нь мэдүүлж байгаа. Ер нь гэрчүүдийн мэдүүлэгүүд хоорондоо зөрүүтэй байх тул шүүх үнэлэх боломжгүй юм. Хамгийн сүүлд худалдаж авсан 18 тоот орон сууцыг авахдаа Б.Чын хөрөнгөөр авсан орон сууц гэж үзэж байна. Учир нь анх 2008 онд авсан амины орон сууцыг Б.Ч худалдан борлуулаад Голомт банкны дансаараа 90 сая төгрөг авсан байдаг. Энэ мөнгөөрөө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны орон сууцыг Б.Ч авсан байдаг. Бүх гэрээ, хэлцэл И.Жын нэр дээр хийгддэг боловч 37 тоот орон сууцыг худалдаж авдаг өдөр Б.Ч Төрийн банкинд байсан 70 сая төгрөгийн хадгаламжийн сертификатаа цуцлаад торгууль төлөөд мөнгөө авсан байдаг. Тэр өдөр нь 37 тоот орон сууцыг худалдаж авч байгаа юм. 37 тоот орон сууцыг авсны дараа 18 тоот орон сууцыг худалдаж авсан байдаг. Энэ мөнгө Б.Чын хөрөнгө байсан гэж үзэж байна. Нотлох баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч И.Ж байгаа боловч цаана нь мөнгийг авах сонирхолтой хүн нь Б.Ч гэж үзэж байна. Бэлэглэлийн гэрээ байгуулснаараа И.Жад шаардах эрх үүснэ гэж тайлбарлаж байгаа боловч Б.Ч Э.Баас тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө салгаж авахын тулд энэ нэхэмжлэлийг И.Жаар гаргуулж байна гэж үзэж байна. Энэ хоёр нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс. Яагаад гэвэл хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны сургуулийн хэсгийн гудамжид байрлах үл хөдлөх хөрөнгийн газрыг хамгийн анх н.Эрдэнэчимэг гэдэг хүнээс 2009 онд Б.Ч худалдаж аваад ээждээ шилжүүлсэн. Мөн пробокс, маяти машиныг Б.Ч худалдаж аваад ээждээ үнэгүй өгчихдөг. Нотлох баримтуудаас харахад маш олон удаа ээж, хүү хоёр хоорондоо юмаа бэлэглээд үнэгүй шилжүүлдэг нь нотлогдож байна. Хавтаст хэрэгт ээж тэгсэн, ингэсэн гээд хүүхдэд үг зааж өгөөд, гараар бичүүлсэн байна. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр 2019 онд Баянгол дүүргийн шүүх аав, ээжийнхээ хэнтэй нь амьдрах вэ гэдэг саналыг асуусан байдаг. Хүүхдүүд аав ингэж хэл гээд бичүүлсэн гэж хэлдэг. Гэтэл хүүхдийн санал асуусан шүүгчтэй заргалдаж, гомдол гаргасан. Хүүхдүүд аавтайгаа хамт байхдаа ямар байдалтай байдаг вэ, ээжтэйгээ хамт байхдаа ямар байдалтай байдаг вэ гэдэг талаар шүүхээс томилсон шинжээч нар дүгнэлт гаргасан. Мөн хүүхдийн гар бичмэлүүд авагдсан. Б.Чын зүгээс Э.Б намайг хүчирхийлдэг гэж ярьж байна. Гэхдээ хүчирхийлүүлсэн талаар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин Э.Быг Б.Ч хүчирхийлж байсан гэдэг нотлох баримт хавтаст хэргийн авагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад сүүлд авсан 18 тоот байрыг И.Ж өөрөө төлж авсан гэдэг баримт хэрэгт харагдахгүй байна. 2011 онд худалдаж авсан байрныхаа мөнгийг төлсөн баримтыг байхгүй гээд гаргаж өгөхгүй байна. Бид энэ байрыг И.Ж мөнгөөрөө аваагүй, Б.Чын мөнгөөр авсан гэж үзээд байхад И.Ж өмгөөлөгчтэй байж 37 тоот байрыг ийм байдлаар авсан гэдгийг нотолсон баримт байхгүй байна. Мөн 18 тоот байрыг шилжүүлсэн баримт байхгүй байна. Дансанд 31 сая төгрөг шилжүүлсэн хуулга байдаг. Тухайн өдөр хэнээс хийж байгаа нь мэдэгдэхгүй 31 сая төгрөг И.Жын дансанд орлогоор орж ирсэн, тэр мөнгөөр байр авсан байдаг. Тухайн мөнгийг Б.Ч И.Жын дансанд хийгээд байр худалдаж авсан гэсэн байр суурьтай байна. Шүүх хуралдааны явцад тайлбарлаад байгаа зүйлүүд нь нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна. Хариуцагч Э.Бын бичгээр гаргаж өгсөн бүх тайлбар нотлох баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй, өөр үндэслэл зааж бэлэглэгчийг гомдоосон гэж үзэж байх шиг байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, И.Жын иргэний үнэмлэх, Зоос банкны 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хадгаламжийн орлогын баримт, мөн банкны 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хадгаламжийн орлогын баримт, 000162235 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн  дугаартай лавлагаа, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.Ч, П.М нарын иргэний үнэмлэх,  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Н.Б, И.Ж нарын иргэний үнэмлэх, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ,  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.Ч, Э.Б, Э.Э, А.Н нарын иргэний үнэмлэх,  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Централ рийл эстэйт ХХК-тай хийх 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хариуцлагын гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, бэлэн мөнгөний орлогын баримт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 394 дугаартай тодорхойлолт, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариуцагч Б.Ч, Э.Б нарын хариу тайлбар, Зоос банкны 3 дугаар сарын 19-ний өдрийн хадгаламжийн орлогын баримт, Зоос банкны 2008.12.13-ны өдрийн Хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээ, 2011.09.08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2018.02.05-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ,  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатарр дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2018.10.03-ны өдрийн  дугаартай албан бичиг, 2019.08.13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2019.04.10-ны өдрийн  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Бын нэмэлт хариу тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2016.07.01-ний өдрийн  дугаартай эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2020.09.29-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн Э.Бын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Төрийн банкны тэтгэврийн зээлийн өргөдөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны 2019.03.16-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, 2019.03.13-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, И.Ж болон Ш.М нарын иргэний үнэмлэх, Төрийн банкны 2019.11.14-ний өдрийн тэтгэврийн хөнгөлөлттэй зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн өргөдөл, тус банкны  тоот И.Жын депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2019.10.15-ны өдрийн шийтгэлийн хуудас, Худалдаа хөгжлийн банкны 2018.08.29-ний өдрийн орлогйн ордер, Хаан банкны 2018.09.17-ны өдрийн зарлагын мэдүүлэгүүд, Худалдаа хөгжлийн банкны 2018.09.17-ны өдрийн зарлагын маягт, Төрийн банкны 2018.11.16-ны өдрийн орлогын мэдүүлэг, мөн банкны 2019.03.26-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2011.09.07-ны өдрийн  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2011.09.08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны 2008.01.28-ны өдрийн орлогын мэдүүлэг, мөн банкин дахь  тоот И.Жын дансны хуулга, Зоос банкны 2008.03.12-ны өдрийн хадгаламжийн орлогын баримт, Эко констракшн ХХК-ийн 2007.06.20-ны өдрийн орлогын баримтын тасалбар, Голомт банкин дахь тоот И.Жын дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2018.11.07-ны өдрийн  дугаартай зээлийн шийдвэр гарсан тухай албан бичиг, 2018.11.12-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2018.02.05-ны өдрийн  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны  тоот И.Жын дансны хуулга, Хаан банкны 2019.07.03-ны өдрийн орлогын мэдүүлэг, мөн банкны 2019.07.03-ны өдрийн зарлагын мэдүүлэг, мөн банкны 5111140640 тоот И.Жын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн банкны 2010.05.26-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, 2020.11.08-ны өдрийн Ч.Хгийн тодорхойлолт, П.Ч гэрчийн мэдүүлэг, Б.Чын Голомт банкин дахь  тоот данстай хадгаламжийн дэвтэр, Э.П гэрчийн мэдүүлэг, 1999.03.15-ны өдрийн орон сууцны арилжааны гэрээ, 2007.10.30-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 1 ширхэг СД, хариуцагч Б.Чын тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай магадлал, 2020.08.07-ны өдрийн насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2021.12.22-ны өдрийн 1449 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021.12.22-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 1999.03.15-ны өдрийн орон сууцны арилжааны гэрээ, 2007.10.30-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2008.03.27-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004.01.28, 2008.03.20-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2008.03.18-ны өдрийн иргэний хэлцэл, 2010.03.02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, С.Г болон Б.Ч нарын иргэний үнэмлэх, фото зургууд, 2011.09.08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.01.25-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2020.10.12-ны өдрийн тодорхойлолт, Хаан банкны 2010.05.26-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, 2016.03.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХБ-ны дотоод шилжүүлэгийн маягтууд, орлогын ордерууд, 2007.07.02-ны өдрийн  дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, Голомт банкны 2008.01.28-ны өдрийн орлогын мэдүүлэг, мөн банкны эргэн төлөгдөлтийн хуваарь, Сүхбаатарр дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2018.10.03-ны өдрийн 669 дугаартай албан бичиг, 2021.11.16-ны энгийн эмийн жор, Солонго эмнэлгийн И.Жад олгосон эмнэлгийн магадлагаа, Б.Чын Голомт банкин дахь  тоот данстай хадгаламжийн дэвтэр, Э.П гэрчийн мэдүүлэг, Д.Д тайлбар, О.Ч тайлбар, Ц.М гэрчийн мэдүүлэг, Хаан банкин дахь Б.Чын  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.03.02-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, Ч.Х, Ч.А нарын тайлбар, гомдол, бүртгэл хяналтын карт, 1 ширхэг СД-г зохигчдоос шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2020.09.18-ны өдрийн  дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.10.09-ний өдрийн  дугаартай албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2020.10.09-ний өдрийн 263 дугаартай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2020.10.23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт, тус шүүхийн шүүгчийн 2020.10.23-ны өдрийн  дугаартай захирамжийн дагуу Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2020.12.08-ны өдрийн 1046 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Чын гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.02.19-ний өдрийн Б.Чын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны Тоот Б.Чын дансны хуулга, Төрийн банкны  тоот Б.Чын депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2019.01.25-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019.01.25-ны өдрийн газар бэлэглэлийн гэрээ, Б.Ч болон И.Жын иргэний үнэмлэх, 2017.12.11-ний өдрийн  дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.01.25-ны өдрийн  дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.11.20-ны өдрийн дугаартай албан бичиг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019.07.18-ны өдрийн 02/182 дугаартай албан бичиг, дүгнэлт, хавсралт, 2019.11.04-ний өдрийн хүүхэд асуусан тэмдэглэл, Үйлчлүүлэгч хүлээн авах анкет, Түр хамгаалах байранд байрагчидтай хийх гэрээ, хамтарсан багийн үзүүлсэн үйлчилгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшинг үнэлэх нь, нийгмийн ажилтны дүгнэлт, Э.Баас авсан тайлбар, хамгаалах байранд хүүхэд хүлээж авах бүртгэлийн маягт, НЦГ-ын түр хамгаалах байраар үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хуудас, түр хамгаалах байрны хүлээлгэн өгөх тэмдэглэл, Б.Чын түр хамгаалах байранд гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.30-ны өдрийн 102/ дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, Голомт банкны 2020.12.17-ны өдрийн  дугаартай албан бичиг, Б.Чын тоот депозит дансны хуулга, тус шүүхийн шүүгчийн 2020.11.12-ны өдрийн 101/ дугаартай захирамжийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020.12.01-ний өдрийн 8/1966 дугаартай албан бичиг, Б.Ч, Э.Б нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тус шүүхийн шүүгчийн 2021.11.30-ны өдрийн  дугаартай захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2021.12.16-ны өдрийн 123 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2021.12.10-ны өдрийн  дугаартай албан бичиг, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, 2021.01.29-ний өдөр гэрч И.Э авсан мэдүүлэг, 2021.02.25-ны өдөр гэрч Э.Ө авсан мэдүүлэг, 2022.01.17-ны өдөр гэрч Э.Өс дахин авсан мэдүүлэг, 2022.02.17-ны өдөр гэрч Ш.Дариймаагаас авсан мэдүүлэг, 2022.03.15-ны өдөр гэрч Б.А, И.Д, Э.Гарьдпүрэв нараас авсан мэдүүлэг, 2022.03.25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Ж нь хариуцагч Б.Ч, Э.Б нарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг бусдад худалдан борлуулсан үндэслэлээр 59,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч Э.Б нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууц нь Б.Чын хөрөнгөөр худалдан авсан хөрөнгө, нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байхгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

И.Ж болон Б.Ч, Э.Б нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сайн дурын үндсэн дээр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр И.Ж нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн,  дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүрэг,  тоот хаягт байршилтай 20 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Ч, Э.Б нарт хариу төлбөргүй шилжүүлжсэн ба хариуцагч нарын өмчлөлд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, мөн хуулийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар бэлэглэлийн гэрээ байгуулагдсан ба зохигчид нь гэрээ байгуулсан, болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч И.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Э.Бын зүгээс дарамт шахалт үзүүлэн хүч хэрэглэсний улмаас тухайн бэлэглэлийн гэрээг байгуулсан, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцанд хариуцагч нарын хамт амьдардаг байсан боловч хүүхэд зодсон талаарх бичлэгийг дур мэдэн хийсэн гэх шалтгаанаар хэрүүл хийж гэрээсээ хөөсөн, өвлийн хүйтэнд очих газаргүйн улмаас подвальд хоёр сар амьдарч, улмаар байр түрээслэн амьдарч байгаа тул хариуцагч нар намайг ноцтой гомдоосон үндэслэлээр дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан гэж анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тайлбарлаж байсан байна.

 

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгч нь дээрх үндэслэлүүдээс гадна хүү болон 3 ачийгаа бодож орон сууцыг бэлэглэсэн ба бэлэг хүлээн авагч нар нь хандивын зүйл болох орон сууцыг зориулалтын дагуу ашиглаагүй, бусдад худалдан борлуулсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТВ4 телевизээр бичлэг цацсан зэргээр бэлэглэгчийг гомдоосон гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч И.Ж нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй юм.

 

Баянгол дүүрэг, 0 тоот, 20 мкв талбайтай, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч И.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Н. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр худалдан авсан байна.

 

Ийнхүү уг орон сууцыг худалдан авсанаас хойш И.Ж нь том хүүдээ гал голомтыг минь авч явна гэж зориулж бэлэглэж байгаа болно гэсэн үндэслэлээр Б.Чтай 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г байгуулж, өмчлөх эрхийг Б.Ч шилжүүлэн авсан ба Б.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр И.Жтай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэн үндэслэлээ бэлэг хүлээн авагч И.Ж нь уг үл хөдлөх хөрөнгийг хүү Б.Чт бэлэглэсэн бөгөөд эхнэр нь гомдоосон учир бэлгээ буцааж авч байгаа болно гэж зааж, И.Ж өмчлөх эрхийг дахин шилжүүлэн авсан байна.

 

И.Ж болон Б.Ч нар нь Баянгол дүүрэг, 0 тоот, 20 мкв талбайтай, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг харилцан шилжүүлж байх цаг хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Б.Чын нэхэмжлэлтэй, Э.Бд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эх байх эрхийг хасуулах, Э.Бын сөрөг нэхэмжлэлтэй Б.Чт холбогдох хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэрэг, маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж, улмаар мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байна.

 

Б.Ч, Э.Б нар нь 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, одоогоор тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ цуцлуулаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээрээс үзвэл Б.Ч, Э.Б нар нь гэр бүлийн асуудлаараа эвлэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан байх ба энэ цаг хугацаанд хариуцагч нар болон тэр дундаа Э.Б нь И.Жын орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авахаар удаа дараа дарамталж, хүч хэрэглэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Улмаар Б.Ч, Э.Б нар нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Э.Энхсайхан, А.Намуун нартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Баянгол дүүрэг, 0 тоот, 20 мкв талбайтай, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг 59,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, өмчлөх эрх шилжсэн байна.

 

Ийнхүү хариуцагч нар нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Голомт банкинд  тоот дундын хадгаламжийн данс нээж, 58,300,000 төгрөгийг хадгалуулж, үүнээс хариуцагч нар нь тодорхой хэсгийг захиран зарцуулж, одоо үлдэгдэл 44,297,800 төгрөг нь уг дансандаа байгаа болох нь хариуцагч нарын тайлбар, хадгаламжийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгч нь хүү болон 3 ачийгаа бодож орон сууцыг бэлэглэсэн ба бэлэг хүлээн авагч нар нь хандивын зүйл болох орон сууцыг зориулалтын дагуу ашиглаагүй, бусдад худалдан борлуулсан буюу зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний 4.6.1-д Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй гэж заасныг зөрчсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ нь бэлэглэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.6-д Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй гэсэн бэлэглэгчийн шаардах эрх байна.

 

Түүнчлэн дээрх гэрээний 3.3-т бэлэглэгч нь бэлэглэж байгаа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр бэлэг хүлээн авагчид ямар нэгэн болзол, тусгай зориулалт заагаагүй байх тул гэрээний 4.6.1-д заасан эрх, үүрэг үүсэхээргүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж зааснаар нэхэмжлэгч И.Ж болон хариуцагч Э.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчүүдийг оролцуулсан, гэрч И.Э Б.А, И.Д, Э.Г нар нь И.Жын хамаарал бүхий, гэрч Э.Ө, Ш.Д нар нь Э.Бын хамаарал бүхий этгээдүүд байх ба эдгээр гэрчүүд нь хамаарал бүхий этгээдүүдийнхээ тайлбарыг дэмжсэн агуулгатай мэдүүлэг өгсөн буюу цаг хугацааны хувьд хэн алиныгаа үгүйсгэсэн мэдүүлэгүүд гаргаж байх тул эдгээр гэрчүүдийн мэдүүлэгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж, нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Төрсөн эхийг нь гурван хүүхэдтэй нь уулзуулахгүй байна гэсэн ТВ4 телевизийн сурвалжлагч эмэгтэйтэй хийсэн бичлэгийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн бөгөөд уг бичлэгийн агуулгаас үзэхэд И.Ж нь Э.Быг 3 хүүхэдтэй нь уулзуулахгүй байснаас үүдэн хийгдсэн буюу Гэр бүлийн тухай хуульд заасан эх хүний эрх, үүргээ хэрэгжүүлэх үүднээс хийгдсэн үйлдэл гэж үзэхээр байх ба үүнийг орон сууц бэлэглэлийн гэрээтэй холбон тайлбарлаж, гомдоосон гэх үндэслэлд хамааруулж буй нь үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр-ээс үзэхэд Б.Ч болон Э.Б нар нь хүүхдүүд болох Ч.Х, Ч.А, Ч.А нар бүртгэлтэй байх ба нэхэмжлэгч И.Ж нь уг бүртгэлд бүртгэгдээгүй, нөгөөтэйгүүр И.Ж нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон иргэний үнэмлэхний хаягаар Сүхбаатар дүүрэг,  тоотод оршин суудаг гэж, мөн уг хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, иргэний үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

 

Эдгээрээс үзвэл И.Ж нь Б.Ч, Э.Б нартай хамт амьдарч байсан буюу Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар нэг гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Б.Ч нь хариуцагч Э.Бын тайлбар үндэслэлгүй, тухайн орон сууцыг худалдан авах санхүүгийн чадавхи түүнд байхгүй, байгаагүй, ээжийнхээ өмчлөлийн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч бусдад худалдсан гэх тайлбарыг гарган, ээж И.Ж нь гэрээсээ хөөгдөж бусдын түрээслэсэн подвальд амьдарч байсан гэх тайлбарыг гарган бэлэглэгч буюу нэхэмжлэгч И.Жыг амьдрах газаргүй болгон гомдоосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх боловч эдгээр нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Б.Ч, Э.Б нар нь 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Ч.Х, 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр охин Ч.А, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Ч.Аыг Э.Б нь төрүүлсэн байх ба энэ цаг хугацаанд түүнийг ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн гэсэн санхүүгийн чадавхитай байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иймд дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч И.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Э.П оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ч, Э.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч И.Жын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг бусдад худалдан борлуулсан үндэслэлээр 59,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/03932 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ