Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00862

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00862

 

 

 

 

                                    И.Жын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00956 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Жын хариуцагч Б.Ч, Э.Бнарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууц худалдсан 59 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Э.Б, түүний өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмон, хариуцагч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, хариуцагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2011 оны 9 сарын 08-ны өдөр худалдаж авсан ...сууцыг 2018 оны 11 сарын 05-ны өдөр 60 000 000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөөр 2019 оны 4 сарын 10-ны өдөр ...18 тоот сууцыг худалдан авч амьдардаг байсан. Бэр Э.Бын шахалт дарамтаар  уг орон сууцыг 2019 оны 12 сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр хүү Б.Ч, бэр Э.Б нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн. 2020 оны 2 сард Э.Б хүүхдийн бичлэг дур мэдэж хийсэн гэж хэрүүл хийж гэрээс хөөсөн. Би охиных нь хацар хөхөрсөн байсныг баримтжуулж бичлэг хийсэн. Хүүхэд ээждээ эмээ бичлэг хийсэн гэж хэлсний дараа Э.Б тантай амьдрахыг хүсэхгүй байна, байраа бэлэглэсэн, гар гэж хэлсэн.  Э.Бд хөөгдөөд хамаатны охины  подвальд очсон. Подвальд 2 сар гаруй хугацаанд амьдарсан. 12 000 000 төгрөгөөр хоёр өрөө байранд орсон боловч мөнгөө залилуулсан. Одоо Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 22 дугаар байрны 64 тоот орон сууцанд түрээсээр сууж, гэр оронгүй амьдарч байна. Б.Ч, Э.Бнар  2020 оны 3 сарын 18-ны өдөр бэлэглэсэн орон сууцыг бусдад 59 500 000 төгрөгөөр худалдсан. Б.Ч, Э.Бнарт хоёуланд нь гомдож байгаа. Э.Б TV4 телевизтэй гэрт ирж олон нийтийн телевизээр гаргаж, нэр төр гутаасан. Иймд 2019 оны 12 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууц худалдсан 59 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Чын тайлбарт: Мөнгө хэрэгтэй байсан учраас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан орон сууцыг бусдад худалдсан. Ээжийн байрыг зарахын тулд байрнаасаа хөөж гомдоосноо хүлээн зөвшөөрч байна. Аав, ээж хоёр 1970 онд гэр бүл болж 1974 онд байр авсан. 2008 онд авсан орон сууц бол гэрийн голомтыг зарсан мөнгөний үргэлжлэл. Ээж маань манай хүүхдүүдийг хараад надтай байдаг. Э.Бын гаргадаг үйлдэл, хэрүүл, тэмцлээс маш их залхдаг байсан учраас 2016, 2019 онд шүүхэд  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч хүүхдүүдээ бодоод буцаж эвлэрдэг байсан. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж, 2019 оны сүүлээр эвлэрсэн. Бэлэглэлийн гэрээг хийхдээ Э.Б бид хоёрын нэр дээр хийсэн. Бэлэглэлийн гэрээ хийсний маргааш нь шүүх дээр очиж өргөдлөө татаж авсан. Учир нь Э.Б хэрэв чи байраа өгөхгүй бол би чамаас сална, гурван хүүхдийг чинь амьдын там үзүүлнэ гэж хэлдэг байсан. Би ээжийгээ дарамтанд оруулж орон байрнаас нь гаргасандаа харамсаж явдаг. Байр авах цалин орлоготой байгаагүй. Пробокс маркийн автомашиныг нэхэмжлэгчийн тэтгэврийн зээлээр авсан. Маяти маркийн автомашиныг 37 тоот байрыг зараад 30 000 000 төгрөгөөр авч байсан. Э.Б байрны мөнгийг дундын дансанд хийсэн. Ээжийн тэтгэврийн зээлээр авсан пробокс гэдэг машин дээр 4 500 000 төгрөг нэмж портер машин авсан. Үлдэгдэл 44 295 000 төгрөг Голомт банкны дундын дансанд байгаа, байрны мөнгийг буцааж өгнө гэжээ.

Хариуцагч Э.Бын тайлбарт: Б.Чтай 2011 онд танилцаж, 2011 оны 2 сараас Б.Чын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших хувийн сууц, хашаанд хамт амьдарч эхэлсэн. 2011 оны 11 сарын 11-ний өдөр том охин Ч.Х, 2013 оны 9 сарын 21-ний өдөр дунд охин Ч.А, 2017 оны 2 сарын 02-ны өдөр отгон хүү Ч.А төрсөн. 2011 оны 6 сард амьдарч байсан хашаа, байшингаа зарж, 2011 оны 09 сард ..., 37 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч, амьдарч байгаад 2018 оны 11 сард зарсан. 2019 оны 4 сард .. 18 тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Эдгээр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь дангаараа хадам эх И.Жын нэр дээр бүртгэлтэй байсан. И.Ж 2019 оны 12 сард 18 тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Ч, Э.Бнарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч, орон сууцыг 2020 оны 3 сард бусдад зарсан. Б.Ч 2016, 2019 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, эх байх эрхийг хасуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээс татгалзсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг өмчирхөж, нэхэмжлэл гаргаж буй явдал гэж үзэж байна. Б.Ч хөрөнгүүдээ эх И.Жын нэр дээр шилжүүлж, нуудаг байсан ба ирээдүйд үүсэж болзошгүй гэр бүлийн хөрөнгийн маргаанд нөлөөлөх оролдлого, гэж харж байна. 2019 оны 12 сарын 20-ны өдөр маргаан бүхий байрыг нэхэмжлэгч М.Жавзанхандаас хариуцагчид бэлэглэсэн. Тухайн үед Б.Ч гэрлэлт цуцлуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг нь шийдвэрлэгдээгүй, шүүх хуралдаан нь болох дөхчихсөн байх үед Б.Ч Э.Бд эвлэрье, гэрлэлт цуцлуулахаа болъё, ээжийн нэр дээр байгаа байраа өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэж хэлсэн байдаг. Үүнийг Э.Б зөвшөөрч бэлэглэлийн гэрээгээр байр шилжүүлж авсны дараа шүүхээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ татаж авсан. 37 тоот орон сууцыг худалдаж авдаг өдөр Б.Ч Төрийн банкинд байсан 70 000 000 төгрөгийн хадгаламжаа цуцалж мөнгөө авсан байдаг. 37 тоот орон сууцыг худалдаж авсны дараа 18 тоот орон сууцыг авсан. Нэхэмжлэгч нь И.Ж байгаа боловч цаана нь мөнгийг авах сонирхолтой хүн нь Б.Ч гэж үзэж байна. Мөн пробокс, маяти машиныг Б.Ч худалдаж аваад ээждээ үнэгүй өгсөн. И.Жын дансанд 31 000 000 төгрөгийн орлого орж, уг мөнгөөр байр авсан байдаг. Уг мөнгийг Б.Ч И.Жын дансанд хийгээд байр худалдаж авсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

  Шүүх:  Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.2-т заасныг баримтлан И.Ж, Б.Ч, Э.Бнарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагч Б.Ч, Э.Бнараас 59 500 000 /тавин есөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Жад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ч, Э.Бнараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 525 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Жад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Уг орон сууцыг И.Ж өөрийн хөрөнгөөр худалдан аваагүй, Б.Чын мөнгөөр худалдан авсан. Нэхэмжлэгч 18 тоот орон сууцыг өөрийн мөнгөөр худалдан авсан тухай нотлох баримт байдаггүй, хариуцагч Э.Бын уг орон сууцыг И.Ж өөрийн мөнгөөр худалдаж аваагүй гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж нотлох баримт шүүхэд гаргаж өгдөггүй. Мөн Б.Ч хариуцагч Э.Бын тайлбарыг үгүйсгэдэггүй. 37 тоот орон сууцыг И.Ж худалдан авдаг өдөр буюу 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б.Ч Төрийн банк дахь хадгаламжаа цуцлаж 70 000 000 төгрөгөө авсан, энэ нь 37 тоот орон сууцыг Б.Ч өөрийн хөрөнгөөр худалдаж авсан болохыг нотолдог. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэр дээр байх боловч үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг Б.Ч төлсөн. Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууц нь хариуцагч Б.Чын хөрөнгөөр бий болсон. Б.Ч 2011 оны 5 сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн амины орон сууцыг бусдад 92 310 000 төгрөгөөр худалдсан болохыг Б.Чын Голомт банк дахь .. тоот дансны хуулга, Б.Чын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаагаар нотолдог. Б.Ч 92 310 000 төгрөгийг Төрийн банкинд хадгаламжийн сертификат хэлбэрээр хадгалж байгаад 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 37 тоот орон сууцыг И.Ж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан өдөр 70 000 000 төгрөгийн хадгаламжийн сертификатуудаа цуцалж уг мөнгөөр орон сууц худалдан авсан болохыг нотолсон. И.Ж нь 37 тоот, 18 тоот орон сууцнуудыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан болохоо шүүхэд баримтаар нотолж чадаагүй. И.Ж болон Б.Ч нар нь эх хүү хоёр бөгөөд нэгдмэл ашиг сонирхолтой, иргэн Э.Баас орон сууцны төлбөрийг гаргуулах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг И.Ж гаргасан. Ийм учраас Б.Чын тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлж болохгүй, түүний тайлбар нотлох баримтуудаар няцаагддаг. Шүүх гэрч Э.Өын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаар шийдвэртээ тайлбарлаагүй. Зохигчдын тайлбар нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэгдэнэ. Шүүх хариуцагч Б.Чын тайлбарыг гэрч Э.Өын мэдүүлгээс өндрөөр үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Б.Ч нь гэр бүл болсон үеэс өөрийн нэр дээр аливаа хөрөнгийг авдаггүй, авах бол зөвхөн өөртөө бэлэглүүлж авдаг эсвэл нэхэмжлэгчийн нэр дээр авах, авсан хөрөнгөө үнэ төлбөргүй нэхэмжлэгчид шилжүүлдэг байсан. Б.Ч Э.Баас салсан тохиолдолд Э.Бд аливаа хөрөнгийг өгөхгүй байх байсан. Б.Ч нь Улаанбаатар хот, ... 668 м.кв талбай бүхий газрыг иргэн Ж.Э--с 7 000 000 төгрөгөөр худалдан авсан боловч Э.Бд хэлэхгүй, мэдэгдэхгүйгээр нэхэмжлэгчид үнэ төлбөргүй шилжүүлсэн.

Мөн өөрийн эзэмшлийн Хьюндай майти, Тоёота пробокс автомашинуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлсэн. 2020 оны 2 дугаар сард Э.Б гэрээсээ хөөсөн гэдэг боловч 2020 оны 8 дугаар сар хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, харин 2020 оны 7 дугаар сард хариуцагч Б.Ч нь Э.Быг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э.Б нэхэмжлэгчийг ноцтой гомдоогоогүй, харин Б.Ч Э.Быг зодож цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас гэр бүлийн дундын хөрөнгөнөөс эх И.Жаар дамжуулан авах гэсэн зорилготой болохыг тодорхой харуулж байна. И.Ж Б.Ч нар нь хүүхдэд үг зааж өгч хүчээр хэлүүлдэг болох нь шүүхээс хүүхдийн санал асуусан тэмдэглэл, хүүхдүүдээр худал зүйл бичүүлсэн гар бичмэлээр нотлогдоно. Хүүхдэд үг зааж өгч хэлүүлснээ бичиж авсан дүрс бичлэгийг үндэслэж Э.Б хүүхдээ зодсон бичлэгийг хийсэн гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө Б.Ч Э.Бын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн материалаас Ч.Х, Ч.А нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Хүүхдүүдийн мэдүүлэгт аав, эмээ хоёр намайг зоддог үг зааж өгч гар утсаараа бичлэг хийж авдаг тухай тодорхой бичигдсэн байсан. И.Жын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаагаар нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ... 34.69 м.кв талбайтай орон сууцтай, өмчлөлийн 2 газартай, бусдад 12.0 сая төгрөг бэлнээр зээлдүүлэх боломжтой амьдарч байхад шүүх нэхэмжлэгч амьдрах орон сууцгүй болсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Суурь хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөлд хүрсэн бол бэлэглэлийг хэрэгжүүлэх үндэслэлгүй, амьжиргааны үндсэн шаардлагыг хангах хөрөнгөгүй болох аюул нүүрлэсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах эрхтэй тухай зохицуулалт байхгүй байхад шүүх юуг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Бэлэглэгчид суурь хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөл үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэгч шүүхэд “намайг гэрээсээ хөөсөн учраас би хариуцагчид гомдсон” гэж мэдүүлдэг болохоос шүүхийн шийдвэрт дүгнэсэн шиг суурь хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон гэж хэлээгүй, хэлэх ч боломжгүй. Гэтэл шүүх хөндлөнгийн байр сууриас хэргийг шийдвэрлэх үүргээ умартаж нэхэмжлэгчийн хэлээгүй зүйлийг шийдвэрт бичсэн. Нэхэмжлэгч нь И.Эрдэнэбатын салсан эхнэр, охин хоёрыг гэрчээр асуулгаагүй. Хэрэв гэрчээр асуулгасан бол И.Жыг тухайн үед бэрдээ хөөгдөөд подвальд амьдарч байсан уу эсвэл хувцас оёж байсан уу гэдгийг гэрчлэх боломжтой байсан. Гэрч Э.Өын мэдүүлгээр И.Ж оёдлын цехэд хувцас оёж байсан нь тогтоогдоно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүүхдийн бичлэг хийсэн учраас Э.Б гэрээсээ хөөсөн гэж тайлбарладаг бол хариуцагч Б.Ч 15 дугаар байрны 18 тоот орон сууцыг бусдад худалдах зорилгоор өөрөө ээжийгээ гэрээсээ хөөсөн гэх зөрүүтэй тайлбарыг хэлдэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч И.Ж нь хариуцагч Б.Ч, Э.Бнарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарны 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, ... 18 тоот орон сууцыг худалдан борлуулсан 59 500 000 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжилжээ. Тэрээр шаардлагын үндэслэлээ “бэр Э.Б нь дарамталж, хүч хэрэглэн 1 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Хүүхдийн бичлэгийг дур мэдэн хийсэн гэж гэрээсээ хөөсөн, хүү Б.Ч, бэр Э.Б нар  бэлэглэсэн орон сууцыг бусдад худалдсан” гэж тайлбарласан байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлийг үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байх ба зарим үйл баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай.    

            Хариуцагч Б.Ч, Э.Бнар 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон 2011-2017 онуудад охин Ч.Х, Ч.А, хүү Ч.А нарыг төрүүлж одоог хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй хамтран амьдарч байна. /1хх84, 165/

Бэлэглэлийн гэрээний зүйл болох ... 18 тоот орон сууцны бэлэг хүлээн авагч тал нь гэрлэгчид буюу хариуцагч Б.Ч, Э.Б, бэлэглэгч тал нь хариуцагч Б.Чын төрсөн эх нэхэмжлэгч И.Ж байх ба тэрээр уг орон сууцыг зохигчид өмчлөлдөө 3 удаагийн бэлэглэлийн гэрээгээр харилцан шилжүүлж байсан байна.

 Хариуцагч Б.Ч, Э.Бнар Баянгол дүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэрлэлт цуцлах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан авсан бөгөөд энэ цаг хугацаанд орон сууц нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээгээр хариуцагч нарын өмчлөлд шилжсэн байна. /1хх16, 50-52, 227-228/  

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Б.Чын гэр бүлийн гишүүн мөн эсэх  маргаан бүхий 18 тоот орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах эсэх нь тодорхойгүй байхад 18 тоот орон сууцны бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд болон орон сууцны үнийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй эсэхт дүгнэлт хийх боломжгүй болно.

Нэхэмжлэгч нь 18 тоот орон сууцанд хүү Б.Чын гэр бүлтэй хамт амьдарч хүүхдүүдийг нь хардаг байсан гэж, хариуцагч Б.Ч “ээж манай хүүхдүүдийг хараад надтай байдаг ...,” гэж, хариуцагч Э.Б “орон сууцыг худалдах хүртэл хадам ээж хамт амьдардаг байсан гэж тайлбарладаг. /1хх1-2, 81, 2хх48/

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заасан. Хэрэгт нэхэмжлэгч И.Ж,  хариуцагч Б.Чын өрхийн бүртгэлтэй холбоотой баримт авагдаагүй байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно” гэж заасан тул нэхэмжлэгч И.Ж нь Б.Ч, Э.Бнарын гэр бүлийн гишүүнд хамаарах эсэхийг тодруулах шаардлагатай.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 525 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                      

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                                  А.МӨНХЗУЛ