Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00999

 

 

 

 

 

2022.05.23

И.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29ий өдрийн 101/ШШ2022/01424 дугаар шийдвэртэй

И.Жын нэхэмжлэлтэй

Б.Ч, Э.Б нарт холбогдох

бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, байрны үнэ 59,500,000 төгрөг буцааж гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цолмон, хариуцагч Б.Ч, Э.Б, хариуцагч Э.Бын өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

И.Ж миний бие 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдан авсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 52 дугаар байрны 37 тоот орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгөөр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 18 тоотод байрлах 20 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч уг байранд амьдардаг байсан. 2019 оны 12 дугаар сараас эхлэн миний бэр Э.Б нь энэ байрны эзэмших эрхийг надад шилжүүл, худалдах-худалдан авах гэрээ байгуул, бэлэглэлийн гэрээ байгуулж надад өг, хэрэв өгөхгүй бол танай хүүгээс сална, 3 хүүхэдтэйгээ та нарыг уулзуулахгүй, амьдын хагацал үзүүлнэ гэх зэргээр удаа дараа дарамталж хүч хэрэглэсээр байгаад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж миний эзэмшилд байсан орон сууцыг хүү Б.Ч, бэр Э.Б нар авсан. Yүний дараа 2020 оны 02 дугаар сард хүүхдийн бичлэг дур мэдэж хийлээ гэх шалтгаанаар шалтаглан удаа дараа хөөж, хэрүүл хийж байгаад 66 настай хөгшин намайг гэрээс минь хөөж гарган гомдоосон ноцтой үйлдэл хийсэн. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Ч, бэр Э.Б нар нь уг орон сууцыг бусдад 59,500,000 төгрөгөөр зарж борлуулсан. Энэ байранд Б.Ч, Э.Б нар ямар ч мөнгө төгрөг, эд материал оруулаагүй болно. Намайг гомдоосон маш их үйлдлүүд гаргасан тул би байр бэлэглэсэн бэлэглэлээ хүчингүй болгуулж, 59,500,000 төгрөгөө авъя гэж хүсэж байна. Иймд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хөгшин настай надад хүч хэрэглэн хэлцэл хийсэн, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байрны үнэ 59,500,000 төгрөгийг олгуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Чын татгалзал, тайлбарын агуулга:

Ямар нэгэн маргах зүйлгүй. Ээжид байрны мөнгийг буцааж өгнө гэжээ.

 

3. Хариуцагч Э.Бын татгалзал, тайлбарын агуулга:

Уг 18 тоот орон сууц бол Б.Чын хөрөнгөөр авсан орон сууц гэж үзэж байна. Бэлэглэлийн гэрээ байгуулсанаараа И.Жад шаардах эрх үүснэ гэж тайлбарлаж байгаа боловч Б.Ч Э.Баас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө салгаж авахын тулд энэ нэхэмжлэлийг И.Жаар гаргуулж байна гэж үзэж байна. Энэ хоёр нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ч, Э.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч И.Жын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг бусдад худалдан борлуулсан үндэслэлээр 59,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/03932 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харгалзан үзээгүй, тухайн нотлох баримтууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэрэгт авагдсан үйл баримтад хэт ерөнхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Чын тайлбарын агуулга:

Хариуцагч Б.Ч: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Э.Бын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харгалзан үзээгүй гэж ямар баримтыг хэлж байгаагаа тодорхой бичиж чадаагүй. Харин шийдвэрийг уншиж үзвэл шүүхээс хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримт тус бүрд үндэслэл бүхий, оновчтой дүгнэлтийг хийсэн болох нь тодорхой ойлгогдоно. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг зохигчдын тайлбарыг дэмжсэн мэдүүлэг өгсөн, цаг хугацааны хувьд хэн алиныгаа үгүйсгэсэн мэдүүлгүүдийг гаргаж байх тул эдгээр мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж маш тодорхой, оновчтой дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч И.Ж нь хариуцагч Б.Ч, Э.Б нарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцны үнэ 59,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б.Ч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Э.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. /1хх 35-37/

3. Нэхэмжлэгч И.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр өөрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 18 тоот хаягт байрлалтай, 20 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Б.Ч, Э.Б нарт бэлэглэсэн гэрээг бичгээр үйлдсэн, орон сууцны өмчлөх эрх Б.Ч, Э.Б нарт шилжсэн.

Нэхэмжлэгч И.Ж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Э.Б нь энэ байрны эзэмших эрхийг надад шилжүүл, худалдах худалдан авах гэрээ байгуул, бэлэглэлийн гэрээ байгуулж надад өг, хэрэв өгөхгүй бол танай хүүгээс сална, 3 хүүхэдтэйгээ та нарыг уулзуулахгүй, амьдын хагацал үзүүлнэ гэх зэргээр удаа дарамталж хүч хэрэглэсэн гэх тайлбар гаргасан. Тэрээр уг тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иймд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

3.б. Түүнчлэн, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч И.Ж нь хариуцагч Э.Б намайг гэрээс минь хөөж гарган гомдоосон гэсэн үндэслэл зааж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох ёстой.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч Э.Гарьдпүрэвийн мэдүүлэгт ...[И.Ж] гэрийнхэндээ хөөгдсөн гээд подвальд амьдарч байсан гэх, гэрч И.Долгорсүрэнгийн мэдүүлэгт ...манай эгч [И.Ж] тухайн үед байрны подвалд амьдарч байсан..., юу болсон юм гэхэд Э.Б хөөгөөд явуулсан гэх, гэрч Б.Анунийн мэдүүлэгт ...өглөө эрт ирэхэд И.Жавзаа эгч [ажил дээр] байдаг, оройтож явахад ч мөн байдаг байсан, тэнд [подвальд] амьдарч байсан гэж ойлгосон, ... Жавзаа эгч надад хөөгдөөд ирсэн гэж хэлсэн гэх, И.Эрдэнэбатын мэдүүлэгт ...манай охины ажил дээр И.Ж эгч байсан, намайг [Э.Б] хөөж туугаад гээд, ороход уйлаад л байж байсан гэх нөхцөл байдал илэрсэн боловч гэрч Э.Гарьдпүрэв нэхэмжлэгч И.Жын төрсөн дүүгийн хүүхэд, гэрч И.Долгорсүрэн, И.Эрдэнэбат нар нь нэхэмжлэгчийн төрсөн дүү байх бөгөөд хариуцагч Э.Б нь нөхөр Э.Чулуунбаатараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй юм.

4. Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29ий өдрийн 101/ШШ2022/01424 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН