Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 57

 

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00466/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  03 дугаар сарын 05-ны өдрийн 204 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д И” ХХК,

Хамтран хариуцагч Д.Б- нарт холбогдох

"Зээлийн гэрээний үүрэг 512.529.174,24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 05 дугаар сарын 06 өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас:

...Тус банк нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Д И” ХХК-тай Д/ТЗ/-14/06 тоот зээлийн гэрээ байгуулж 500.000.000 төгрөгийг экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээлийн зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 59 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2015 оны 01 дүгээр сарын 23 өдрийн Д/ТЗ/-14/06-1 тоот болон 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Д/ТЗ/-14/06-1/а/ тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35.681.393,91 төгрөг, хүү 61.046.189,28 нэмэгдүүлсэн хүү 605.914,35 төгрөг нийт 97.333.497,54 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа ноцтой зөрчиж төлөлт хийхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Д/ТЗ/-14/06 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн өр төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж

байна. Зээлдэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 464.318.606,09 төгрөг, үндсэн хүү 47.602.393,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 608.174,85 төгрөг, нийт 512.529.174,24 төгрөгийн төлбөртэй байгаа бөгөөд дээрх мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж нэхэмжилжээ.

Хариуцагч нараас:

...”Д И” ХХК-ийн захирал Л.Э- би 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14/06 тоот зээлийн гэрээгээр 500.000.000 төгрөгийг экспортын дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 59 сарын хугацаатай авсан. Үндсэн зээл 500.000.000 төгрөгөөс 35.681.393,91 төгрөг, хүүгийн төлбөрт 61.046.189,28 нэмэгдүүлсэн хүү торгуульд 605.914,35 төгрөг нийт 97.333.497,54 төгрөгийг төлсөн байна. Хөрөнгө оруулалтын банктай байгуулсан зээлийн гэрээний хууль ёсны хугацаа дуусаагүй байгаа, хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасанд бид гомдолтой байна. Гэрээ байгуулсан хугацаанд үлдэгдэл зээл, хүү, торгууль төлж барагдуулах нь үнэн болно гэж тайлбар гаргасан байна.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 204 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Д-ТЗ-14/06 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Д И” ХХК, Д.Б- нараас зээлийн төлбөр нийт 511.207.671,12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1.321.503,12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Д И” ХХК, Д.Б- нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Л.Э-ын өмчлөлийн Ү-2003018604, ГД:000366491 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 05 тоот, 53,18 мкв 2 өрөө орон сууц, Ү-2003018605, ГД:000366746 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 38 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц, Ү-2003018595, ГД:000366551 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 10 тоот, 34,86 мкв 2 өрөө орон сууц, Ү-2003018598, ГД:000366658 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 22 тоот, 37,46 мкв 2 өрөө орон сууц, Ү-2003018603, ГД:000366490 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 44 тоот 58,18 мкв 2 өрөө орон сууц, Ү-2003018600, ГД:000366660 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 03 тоот, 106,98 мкв 4 өрөө орон сууц, Ү-2003018599, ГД:000366659 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 23 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц, Ү-2003018597, ГД:000366553 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 24 тоот 106,98 мкв 4 өрөө орон сууц, Ү-2003018601, ГД:000366747 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 18 тоот 53,18 мкв 2 өрөө орон сууц, Ү-2003018928, ГД:000367231 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 09 тоот, 53.18 мкв 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.720.595,88 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 2.713.988 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Э- давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээл, хүү торгууль нь үндэслэлгүй талаар шүүхэд хүсэлт гаргаж, Монгол банкнаас улсын байцаагч томилж шалгасан ба зээлийн хүү, торгууль илт зөрүүтэй гарсан бөгөөд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гаргасан нэхэмжлэл болон улсын байцаагчийн гаргасан дүгнэлт хоёр нь ямар шалтгааны улмаас зөрүүтэй гарсан талаар дүгнэлтдээ дурдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэл хангаж шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Дээрх илт зөрүүтэй дүгнэлт гарсан асуудлаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй орхисон нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчжээ. Иргэний хуульд зээл, хүү, торгууль гэсэн дарааллаар төлөгдөх тухай тодорхой заасан ба бидний төлсөн хүү, торгуулийг дээрх журмыг зөрчиж, банк зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс зээлийн дүнгээс бага хэмжээтэй хасаж тооцсон асуудалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй асуудлыг шийдвэрлэсэн. Энэ байдлаас үзэхэд шүүхийн шийдвэр нь зөвхөн банкинд ашигтай компанийг илт хохироосон шийдвэр болжээ. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдол гаргаж байна.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь хариуцагч “Д И” ХХК, Д.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 512.529.174,24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч тал Хөрөнгө оруулалтын банктай байгуулсан зээлийн гэрээний хууль ёсны хугацаа дуусаагүй байгаа, хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд хязгаарлахгүйгээр хуульд заасан журмаар хэргийг бүхэлд нь хянахад дараах үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх заалттай нийцэж талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар болон 500.000.000  төгрөг өгсөн, авсан талаар маргаагүй болно.

Харин хариуцагч нар зээлийн үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн талаар болон гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч “Д И ХХК, Д.Б- нар нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зээлийн гэрээ байгуулж, 500.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр, 59 сарын хугацаатай, экспортыг дэмжих үйлдвэрлэлийн төслийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Д/ТЗ/-14/06 тоот гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Д/ТЗ/-14/06-1 тоот гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Д/ТЗ/-14/06-1а тоот гэрээ, бусад баримтуудаар тогтоогдсон.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Гэрээний хууль ёсны хугацаа дуусаагүй байгаа, хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалсанд гомдолтой, зээлийн гэрээний хугацаанд төлбөрийг төлнө гэх гомдлын тухайд, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ төлөөгүй тохиолдолд гэрээг хугацааны өмнө цуцлах талаар талууд зээлийн гэрээний 2.1.13, 8.2, 8.2.8 дахь хэсэгт тохиролцсон, мөн урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцалж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь заалтаар зохицуулжээ. 

Нэхэмжлэгч тал хариуцагч “Д И” ХХК, Д.Б- нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан нь хэрэгт авагдсан Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хариуцагч талд хүргүүлсэн мэдэгдэл, хариуцагч талтай уулзаж байсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагад зээлийн хүүг өндөр дүнгээр тооцсон гэх гомдлын тухайд,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас төлөх зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодруулж тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасны дагуу шинжээч Монгол банк  ...зээлийн өрийн үлдэгдэл 441.457.214,56 төгрөг, хүү 68.194.955,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.555.500,59 төгрөг, нийт 511.207.671,12 төгрөг байна.. гэж дүгнэлт гаргаж тогтоосон ба энэ дүнг нэхэмжлэгч тал зөвшөөрснөөр шүүх энэхүү дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүйгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.713.988 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1..1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.713.988 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА

                                                        ШҮҮГЧИД                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                С.ОЮУНЦЭЦЭГ