Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 562

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00233 дугаар шийдвэртэй, Д.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ИНЕГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтаншагай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингис хаан Олон улсын нисэх буудалд үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан “Техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирал”-аар ажилласан, тухайн хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 10 дугаар сараас ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн бөгөөд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж, бүтцийн өөрчлөлтөд оруулж 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр техник хариуцсан дэд захирал болгон албан тушаал бууруулж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б/419 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 43.1, 131.1.3, Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2, 3.3.6.1, ИНЕГ-ын ёс зүйн хорооны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6 тоот дүгнэлт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн, ажлын байранд нийтийн эзэмшлийн бүс, орон нутгийн явагчдын танхимд үйлчлүүлэгч, зорчигчдын дунд, нислэгтэй цагаар гүйцэтгэх ажилтантай харилцахдаа аашилж, зандран, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж дарамталсан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ёс зүйн хорооны дүгнэлтээр нотлогдож, сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлсэн, урд нь хоёр удаа сахилгын шийтгэл хүлээсэн тул хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас халах, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор ажил хүлээлцүүлэхийг комиссын даргад үүрэг болгосон байсан.

Гэтэл нэхэмжлэгч надад сахилгын шийтгэл ногдуулсан гэх уг тушаалуудыг эх хувиар өгч байгаагүй тул хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар мэдээгүй, холбогдох байгууллагад гомдол гаргах боломж олгож байгаагүй. Ёс зүйн хороогоор шийдвэрлүүлсэн гэх боловч намайг байлцуулж шийдвэрлээгүй, гомдол бусад холбогдох материалтай танилцуулаагүй, хэн гомдол гаргасан, хэн оролцсон, хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй, дүгнэлтийг танилцуулж байгаагүй. Уг сахилгын шийтгэлүүдийн улмаас үр дүнгийн урамшуулал болох 40 хувийн нэмэгдэл хөлсийг авч чадаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасныг зөрчин нэг зөрчилд 2 төрлийн шийтгэл давхардуулан оногдуулсан гэж үзэж байна.

Мөн тушаалд хууль зүйн хувьд ажилтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юмуу халаад байгаа юмуу гэдэг нь тодорхойгүй байгаа нь намайг болон холбогдох төрийн байгууллагыг төөрөгдөлд оруулж тодорхой бус шийдвэр гаргасан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 6, 7, 8 дугаар сарын цалин 6 536 195 төгрөг болдог. Үүнийг Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу хуваагаад, дахиад 3 сар 21 хоногийн цалингаас харахад 8 664 254 төгрөг болсон. Ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирлаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч удаа дараа ёс зүйн зөрчил гаргасныг тухай бүрд нь Ёс зүйн хороогоор хэлэлцэж, зөрчил нь тогтоогдож, үүний үндсэн дээр ИНЕГ-ын даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, хамгийн сүүлд ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Нэхэмжлэгч өмнө нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүйн улмаас сахилгын сануулах арга хэмжээ авахуулсан, 2018 оны 3 дугаар сард хамт ажиллаж байсан хүнтэйгээ зүй бус, хүнлэг бус, хэрцгий, догшин харьцсан гэх гомдол ёс зүйн хороонд ирсэн. Тус хороо гомдлыг хэлэлцээд буруутай болохыг нь тогтоож, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар хорин хувиар бууруулах арга хэмжээ авсан.

Уг хариуцлагыг хүлээлгэснээс хойш 6 сар хүрэхгүй  хугацаанд яг өмнөх ёс зүйн зөрчлөө гаргасан талаар Ёс зүйн хороонд дахин гомдол ирснийг нь хянан шалгаад зөрчил нь тогтоогдоод дүгнэлт гаргасны дагуу ИНЕГ-ын даргын тушаалаар сахилгын гурав дахь арга хэмжээг авсан. Ёс зүйн хороогоор орсон баримтууд, хурлын тэмдэглэл, тус хорооны дүгнэлт, холбогдох хүмүүсээс авсан тайлбар, тодруулга зэрэг бүх нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангаж хэрэгт хавсаргасан. Сүүлийн ёс зүйн хорооны хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрт нь хэлээгүй, тайлбар, тодруулга аваагүй гэж байна. Бид өөрт нь ёс зүйн хорооны хурал болохын өмнөх өдөр хэлсэн. Ёс зүйн хорооны гишүүн н.Молор-Эрдэнэ, хуулийн мэргэжилтэн, дотоод аудиторын албаны аудитор н.Цогбаяр нар Д.С-т очиж “...маргааш ёс зүйн хорооны хурал болох гэж байна, таны асуудлыг хэлэлцэнэ, та хуралд ирж суугаарай, тайлбар, тодруулгаа маргааш авчраарай...” гэж хэлсэн. Д.С- нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр хариу тайлбар өгсөн, баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа асуудлууд хууль бус юм гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ИНЕГ-ын Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудас “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гээд хариуцагч тал тайлбартаа 3 удаа сахилгын шийтгэл оногдуулж, дээрх сахилгын шийтгэлүүдэд Д.С- нь 129 дүгээр зүйлд заасан хугацаанд гомдол гаргаагүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй” гэжээ. Гэтэл миний бие шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч тал холбогдох шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулаагүй нь өөрөө хууль зөрчсөн, үүний дагуу нэхэмжлэгч сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаж чадаагүй талаар тайлбарласан. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн болон тус хороо нь өөрөө хүчин төгөлдөр бус гишүүд, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэн тайлбарласан.

Шийдвэрийн 6 дугаар хуудас 1 дүгээр догол мөрд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг дурдсан буюу Д.С-ын нэг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж техник, үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж өөр албан тушаал болох техник хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон, энэ нь өмнөх хөдөлмөрийн гэрээний дагуу эрх зүйн харилцаа дуусгавар болж 2018 оны 5 дугаар сард шинээр эрх зүйн харилцаа үүсч байна. Иймд техник, үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирлаар ажиллаж байх үеийн сахилгын шийтгэл, холбогдох баримтууд нь техник хариуцсан дэд захирлын албан тушаалаас чөлөөлөхөд ач холбогдолгүй болно.

Шийдвэрийн 7 дугаар хуудас 3 дугаар догол мөрд “...2018 оны цалингийн бичилтийн 4,5,6 дугаар саруудын цалингийн дүн өмнөх 1-3, 7-8 саруудын цалингийн дүнгээс буурч бичигдсэн...” гэсэн атал ИНЕГ-аас нотлох баримтаар Д.С-ын цалингийн дэлгэрэнгүйг гаргуулж хэрэгт авсан ба уг баримтаас үзвэл 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/119 тоот тушаал нь 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах тухай байжээ. Гэтэл цалингийн дэлгэрэнгүйгээр Д.С-ын үндсэн цалингаас бус урамшуулал, үр дүнгийн цалингаас хасалт хийж олгосон хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байхад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэн буруу үйл баримтыг нь нуун далдлах, хэргийг зөвхөн хариуцагч талд шийдвэрлэх зорилготой мэт харагдаж байна.

Мөн дээрх хэсэгт “...2570 дугаарт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/413 тоот тушаалыг аль нэгж, хэнд шилжүүлсэн гэх хүснэгтэд Д.Мөнхбаатар, П.Батжаргал гэх нэр бичигдэж ард нь гарын үсэг зурсан /хх189/ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсгийн хэлбэр адилхан” гэжээ. Гэтэл дээрх баримтуудын гарын үсгээс өөр байгаа бөгөөд өөр этгээдэд шилжүүлсэн, түүнийг нь хүлээн авсан байхад нэхэмжлэгчийг хүлээн авч мэдэх ёстой байсан, гурван сарын хугацаанд гомдол гаргаагүй, уг баримтуудыг шүүхэд өгөөгүй байна гэж үзжээ. Сахилгын шийтгэлийн тушаал нь өөрт ирээгүй “Чингис хаан ОУНБ”-д хаяглагдан ирсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн албан бичиг байхад ИНЕГ- нь тухайн өдөр өөрт ирээгүй албан бичгийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулж, нэхэмжлэгчид тушаалын эх хувийг олгоогүй нь холбогдох баримтуудаар хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Шийдвэрийн 8 дугаар хуудас эхний догол мөрөнд дурдагдсан н.Молор-Эрдэнэ, н.Цогбаяр нар нэхэмжлэгчид ёс зүйн хорооны хуралдаанд ирж суугаарай гэж хэлсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариу тайлбар гаргасан. Энэ талаарх баримт хэрэгт өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, маргаагүй гээд нэхэмжлэгчийн бичсэн гэх 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 83-84 дүгээр хуудаст авагдсан баримтыг дурджээ. Гэтэл хариуцагч нь өмнөх ёс зүйн хорооны хуралдааны тов, холбогдох баримт бичгүүдийг бичгээр үйлдэж, бичгээр гардуулсны үндсэнд нэхэмжлэгч оролцож тайлбар гаргасан байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ёс зүйн хорооны дүгнэлттэй холбоотой баримтуудад ямар нэгэн бичгээр мэдэгдсэн, хариу тайлбар гаргасан баримт байдаггүй, нэхэмжлэгч өөрийн мэдээгүй, мэдэгдээгүй баримтуудын талаар хэзээ болох нь тодорхойгүй хуралдаанд зориулж тайлбар гаргаж, хүрэлцэн очих боломжгүй. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч бичсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх үнэлж шийдвэрт тусгасан байна.

Дээр дурдсан холбогдох баримтуудыг шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй талаар 8 дугаар хуудаст дурджээ. Уг баримтууд нь нэхэмжлэгчид мэдэгдсэн, хуралдаанд оролцсон тохиолдолд ИНЕГ-ын ёс зүйн хорооноос гаргаж өгөх боломжтой байсан ч уг үйл явдалтай холбоотой баримтыг ИНЕГ-аас өөрсдөө тайлбараа нотлох буюу мэдэгдсэн гэдгээ нотлох ёстойн үндсэн дээр гаргаж өгөх байсан ч өгөөгүй.

Б/419 тоот ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл бүрийг хариуцагч тал нотлох үүрэгтэй бөгөөд Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс холбогдох тогтоолын аль зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг асуухад хариуцагч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүйн дээр ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар хэлж чадаагүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Д.С- нь хариуцагчтай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингис хаан Олон улсын нисэх буудлын “Техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирал” албан тушаалд 9 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн уг гэрээг хугацаагүйгээр сунгаж, 109.01.02-II түвшингээр цалинжуулах нэмэлт, өөрчлөлт хийгдсэн байна. /хх10-14/

 

Мөн дээрх гэрээтэй ижил нөхцөл, цалингийн хэмжээг тохирсон хөдөлмөрийн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нь хэрэгт баримтаар авагдсан ба уг  гэрээг хариуцагч ИНЕГ- 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/419 дугаар тушаалаар цуцалж, нэхэмжлэгчийг ажлаас халах болсон үндэслэлээ “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирал Д.С- нь ажлын байранд, нийтийн эзэмшлийн бүс, орон нутгийн явагчдын танхимд, үйлчлүүлэгч, зорчигчдын дунд, нислэгтэй цагаар гүйцэтгэх ажилтантайгаа харилцахдаа аашилж, зандран, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж дарамталсан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ёс зүйн хорооны дүгнэлтээр нотлогдож, сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлсэн, урд нь 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн гэж тодорхойлсон байна. /хх 35-39,53/

 

Нэхэмжлэгчийн хувьд сахилгын шийтгэл ногдуулсан гэх тушаалыг эх хувиар өгөөгүй тул хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн талаар мэдээгүй, гомдол гаргах боломж байгаагүй, сахилгын шийтгэлүүдийн улмаас үр дүнгийн урамшуулал болох 40 хувийн нэмэгдэл хөлсийг аваагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасныг хариуцагч зөрчиж нэг зөрчилд хоёр төрлийн шийтгэл давхардуулан оногдуулсан гэж нэхэмжлэл, түүний үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл Д.С- нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирал”-аар ажиллах хугацаандаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06-046/191 албан шаардлагаар зөрчил дутагдал гаргасан нь нотлогдож, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/413 дугаар тушаалаар сануулах, “Дэд захирал”-ын албан тушаалаар ажиллах хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ёс зүйн зөрчил гаргасан нь тус газрын Ёс зүйн хорооны 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/119 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /хх51,52,77-79,144,197-200/

Улмаар Ёс зүйн хорооны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаар дүгнэлтээр “Техник хариуцсан дэд захирал” Д.С- нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож, дээрх дүгнэлтийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/419 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна./хх4,53,93-94/

 

Нэхэмжлэгч ёс зүйн хорооны дүгнэлт тус бүртэй танилцаагүй гэж тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр хариуцагч байгууллагын “Баримт хүлээлцэх дэвтэр”, “Ирсэн бичиг бүртгэх дэвтэр” гэх баримтуудад үзлэг хийж, Д.С- нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/119 дугаар тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/419 дугаар тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус гардан авч, гарын үсгээ зурсан нь нотлогджээ. /хх181,185/

 

Дээрхээс дүгнэвэл ёс зүйн зөрчил гаргасан дүгнэлттэй холбоотой үйл баримтын талаар нэхэмжлэгч тухай бүрт нь мэдэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх  бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж гомдол гаргасан талаар болон Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн хүчин төгөлдөр бус гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Сахилгын шийтгэлийн хувьд удаа дараа хүлээж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд ажил албан тушаалын хувьд нэг чиг үүрэг бүхий, нэршил өөрчлөгдсөн албан тушаал хашиж байсан учир өмнөх ажил, үүрэгтэй нь холбоотой сахилгын шийтгэлийг дараагийн зөрчилд хугацааны хувьд хамааралгүй гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан “хэргийн баримтыг хуурамч нотлох баримт” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, эрх, үүрэгтэй танилцсан байгаа тохиолдолд үзлэгээр тогтоогдсон баримтуудад нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж үзсэн бол энэ тайлбараа өөрөө нотлох бөгөөд үүний тулд шинжээч томилуулах зэрэг хүсэлтийг гаргаагүй, шүүх энэ эрхийг нь хангаагүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурлан, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд талуудын тайлбарыг шүүх хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.С- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                              ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                                        Т.ТУЯА