Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 233

 

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00233

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж ... байрны ...тоотод тоотод оршин суух, эрэгтэй,Д.С-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа, И-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А /2374/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ЧХОУНБ-д үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар 2016-11-17-ны өдөр орж, 2016-12-01-ний өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан Техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд тухайн хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 10 дугаар сараас хойш ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн бөгөөд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж, бүтцийн өөрчлөлтөд оруулж 2018 оны 05 сарын 17-ны өдөр техник хариуцсан дэд захирал болгон албан тушаал бууруулсан. Гэтэл 2018-09-26-ны өдөрийн Б/419 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 43.1, 131.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2, 3.3.6.1, ИНЕГ-ын ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6 тоот дүгнэлт, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн тушаагаад нэгдүгээр заалтад Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирал Д.Снь ажлын байранд нийтийн эзэмшлийн бүс, орон нутгийн явагчдын танхимд үйлчлүүлэгч, зорчигчдын дунд, нислэгтэй цагаар гүйцэтгэх ажилтантайгаа харилцахдаа аашилж, зандран, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж дарамталсан болох нь 2018-09-25-ны өдрийн ёс зүйн хорооны дүгнэлтээр нотлогдож, сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлсэн, тэрээр урд нь хоёр удаа сахилгын шийтгэл хүлээсэн байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас халсугай, хоёрдугаар заалтад ...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор хүлээлцүүлэхийг комиссын даргад үүрэг болгосугай гэж тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч надад сахилгын шийтгэл ногдуулсан гэх уг тушаалуудыг эх хувиар нь өгч байгаагүй тул хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар мэдээгүй, холбогдох байгууллагад гомдол гаргах боломж олгож байгаагүй. Ёс зүйн хороогоор шийдвэрлүүлсэн гэх боловч ёс зүйн хорооноос иргэн намайг байлцуулж шийдвэрлээгүй гомдол болон бусад холбогдох материалуудтай танилцуулж байгаагүй тул хэрхэн яаж шийдвэрлэсэн, хэн гомдол гаргасан албан ёсоор хэн оролцож юу болсон талаар мэдэгдээгүй, дүгнэлтийг танилцуулж байгаагүй болно. Гэтэл иргэн би тус сахилгын шийтгэлүүдийн улмаас үр дүнгийн урамшуулал болох 40 хувийн нэмэгдэл хөлсийг авч чадаагүй нь хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь заалтыг зөрчин нэг шийтгэлд 2 төрлийн шийтгэл давхардуулан оногдуулсан гэж үзэж байна. Мөн ажлаас чөлөөлсөн гэх Б/419 тоот тушаалыг эх хувиар олгоогүй нь иргэн надад хүндрэл учруулж байгаа бөгөөд тус тушаалын 1 дүгээр заалтад ...Д.Снь ажлын байранд нийтийн эзэмшлийн бүс, орон нутгийн явагчдын танхимд үйлчлүүлэгч, зорчигчдын дунд, нислэгтэй цагаар гүйцэтгэх ажилтантайгаа харилцахдаа аашилж, зандран, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж дарамталсан болох нь 2018-09-25-ны өдрийн ёс зүйн хорооны дүгнэлтээр нотлогдож гэжээ. Гэтэл иргэн Д.Сби нийтийн эзэмшлийн бүсэд өөрийн гүйцэтгэх ажилтантайгаа харилцахдаа аашилж, зандран, хэл амаар доромжилж айлган сүрдүүлж дарамталсан үйлдэл гаргаагүй байхад ёс зүйн хорооноос иргэн намайг байлцуулалгүй мэдэгдэлгүйгээр дахин шийдвэрлэсэн нь иргэн намайг шууд гүтгэж, өөрийгөө хамгаалах боломж олгоогүйд харамсаж байна. Мөн тус заалтад ...цуцалж, ажлаас халсугай гэсэн нь хууль зүйн хувьд ажилтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юмуу халаад байгаа юмуу гэдэг нь тодорхойгүй байгаа нь иргэн намайг болон бусад холбогдох төрийн байгууллагыг төөрөгдөлд оруулж хууль зүйн хувьд тодорхой бус шийдвэр гаргасан байна. Иймд нэхэмжлэгч Д.Снамайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирлаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал тайлбартаа 3 удаа сахилгын шийтгэл оногдуулж, дээрх сахилгын шийтгэлүүдэд иргэн Д.Снь 129 дүгээр зүйлд заасан хугацаанд гомдол гаргаагүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ёс зүйн хорооны 6 дугаар дүгнэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газарт ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан материалуудад хэрхэн харагддаг вэ гэхээр ёс зүйн хороо нь өөрөө хэрхэн яаж мэдэгдсэн талаар баримт байдаггүй. Өнөөдрийг хүртэл буюу нэхэмжлэлийн шаардлага буюу ажилгүй байсан хугацааны цалин 6, 7, 8 дугаар сар 6.536.195 төгрөг болдог. Үүнийг Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу хуваагаад, дахиад 3 сар 21 хоногийн цалингаас харахад 8.664.254 төгрөг болсон. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргасныг тухай бүр нь ёс зүйн хороогоор хэлэлцэж ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож, үүний үндсэн дээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж байсан. Хамгийн сүүлд ажлаас чөлөөлөх тушаал гарсан. С өмнө нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүйн улмаас сахилгын сануулах арга хэмжээ авахуулсан, мөн 2018 оны 3 дугаар сард хамт ажиллаж байсан хүнтэйгээ зүй бус, хүнлэг бус, хэрцгий догшин харьцсан гэх гомдол ёс зүйн хороонд ирсэн. Ёс зүйн хороо тухайн гомдлыг авч хэлэлцээд буруутай болохыг нь тогтож, ёс зүйн зөрчил гаргасан гэж үндсэн цалинг 3 сарын хугацаагаар хорин хувиар бууруулах арга хэмжээ авсан. Тухайн хариуцлагыг хүлээлгэснээс хойш 6 сар хүрэхгүй  хугацаанд яг өмнөх ёс зүйн зөрчлөө гаргасан талаар ёс зүйн хороонд гомдол ирсэн. Мөн тухайн ёс зүйн гомдлыг хянан шалгаад ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогоод, тэр дүгнэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар одоогийн сахилгын гурав дахь арга хэмжээг авсан. Ёс зүйн хороогоор орсон баримтууд, хурлын тэмдэглэл, ёс зүйн хорооны дүгнэлт, холбогдох хүмүүсээс авсан тайлбар, тодруулга гэх зэрэг бүх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт хавсаргасан байгаа. Сүүлийн ёс зүйн хорооны хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өөрт нь хэлээгүй, тайлбар, тодруулга аваагүй гэж байна. Бид өөрт нь ёс зүйн хорооны хурал болохоос өмнөх өдөр нь хэлсэн. Түүнийг манай ёс зүйн хорооны гишүүн н.Молор-Эрдэнэ газрын тусгай үйлчилгээний албаны хуулийн мэргэжилтэн, дотоод аудиторын албаны аудитор н.Цогбаяр нар С-т очиж маргааш ёс зүйн хорооны хурал болох гэж байна, таны асуудлыг хэлэлцэнэ Та хуралд ирж суугаарай, тайлбар, тодруулгаа маргааш авчраарай гэж хэлсэн байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор дэд захирал Сүхбаатар нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр хариу тайлбар гаргаж өгсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа асуудлууд хууль бус юм гэв.Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Снь Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч Д.Снь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, “...ИНЕГазарт холбогдох иргэний хэрэгт өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд шүүх хуралдаан явуулахад татгалзах зүйлгүй...” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан, огноогүй, хэргийн 60 дугаар хуудсанд дугаарлагдсан байх бөгөөд хариуцагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар тайлбар, хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-1-2, 60, 63, 62, 64-65/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Иргэний нисэхийн ерөнхий газарын дарга нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/419 тоот тушаалдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2, 3.3.6.1 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6 тоот дүгнэлт, ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захиралаар ажиллаж байсан Д.С-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-4, 53/.

 

Нэхэмжлэгч Д.С И-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсанхугацааны олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухайхуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна /хх-1-р хуудас арын нүүр/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.С нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захиралаар ажиллаж байсан болох 0047151 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-5-9/, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-10-13, 27-30, 14, 31/, ажлын байрны тодорхойлолт /хх-32-34/, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-35-39/, ажлын байрны тодорхойлолт /хх-40-43/, сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2017 оны Б/413, 2018 оны Б/119 тоот тушаалуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-51-52/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/419 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.С-г ажлаас чөлөөлөхдөө Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2, 3.3.6.1 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6 тоот дүгнэлт, ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 дэх заалтыг үндэслэжээ.

 

Дээрх тушаалын үндэслэл болсон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж, 8.4-т “агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж,

мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж, хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол,

Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2-т “ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд энэ журмын 3.3.6-д заасан үндэслэлүүдээр захиргааны санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас хална. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ” гэж, мөн журмын 3.3.6.1-д “ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр болон ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэл 2 удаа хүлээсэн ажилтан 3 дахь удаагаа сахилгын зөрчил давтан гаргасан бол ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж /хх-127, 121/,

Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6 тоот дүгнэлтэд ...Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирал Д.С нь ажлын байр үйлчилгээний танхимд, олон үйлчлүүлэгчдийн дунд гүйцэтгэх ажилтантайгаа харилцахдаа аашилж зандран, айлган сүрдүүлж, догшин хэрцгий харьцаж, дарамтлах зэргээр бусармаг зан авир гаргасан байна. Энэ үйлдэл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын  хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.5, 3.61.9, ...Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрмийн 5.7.6, ...хөдөлмөрийн гэрээний 4.2.3.3, ...заалтуудыг зөрчсөн нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно...” гэж /хх-34/,

Техник хариуцсан дэд захиралын албан тушаалд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-д “ажилтан хөдөлмөрийн гэрээгээр олон ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол” ноцтой зөрчилд ойлгоно гэж /хх-35-38/ тус тус заасан.

 

Хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Д.С Чингис хаан олон улсын нисэх буудалд техник, үйлчилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, техник хариуцсан дэд захирлын албан тушаалуудад томилогдон ажиллах хугацаандаа хуулиар болон гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар зөрчил, дутагдал гаргасан нь илэрсэн, мөн хамт ажиллагсад болон өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнуудтай зүй зохисгүй харьцсан, хэл амаар доромжилсон үйлдэл гаргаж, ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон, газрын даргын 2017 оны Б/413 дугаар тушаалаар сануулах, 2018 оны Б/119 дүгээр тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Эхний ёс зүйн хорооны хуралд биечлэн оролцож ёс зүйн дүрмийг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн, дараагийн ёс зүйн хорооны хурлын товыг мэдэгдсэн боловч хуралд ирж оролцоогүй. Түүнчлэн хөдөлмөрийн сахилгын зөрчил тогтоогдсон байх боловч заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил буюу хоёр удаа сахилгын шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргаж байгаагүй талаар тайлбарлаж, маргасан /хх-22, шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.С нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудлын техник, үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/161 тоот тушаалаар техник хариуцсан дэд захиралаар томилогдсон байна /хх-9, 10-13, 35-38/.

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсний төлөө хариуцлага хүлээдэг бол сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан нь сахилгын шийтгэлийг заавал шат дараалан ногдуулсан байхыг шаардахгүй боловч сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой, мөн хуулийн 131.1.3-т “ажлаас халах” гэж заасан бөгөөд уг заалт нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах талаарх зохицуулалт юм.

 

Тиймээс ажил олгогч нэхэмжлэгч Д.С-г ажлаас халахдаа хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2, 3.3.6.1-д заасныг үндэслэсэн, хэрэгт нотлох баримтаар гаргасан дотоод журмыг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны А/852 тоот тушаалаар баталсан, уг журмын 3.3.6-д Иргэний нисэхийн ерөнхий газрын ажлын онцлогийг харгалзан хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдлуудад ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж, 3.3.6.1-д ...сахилгын шийтгэл 2 удаа хүлээсэн ажилтан 3 дахь удаагаа сахилгын зөрчил давтан гаргасан бол гэж тусгасан байх бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан талаар тодорхойлжээ.

 

Ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээний талууд болох ажил олгогч, ажилтан нар ажил, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байна. Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх байдал нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл Д.С зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болох юм.

Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч Д.С техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захиралын ажлын байр, техник хариуцсан дэд захиралын ажлын байранд байгуулсан хоёр хөдөлмөрийн гэрээ авагдсан, техник хариуцсан дэд захиралын албан тушаалд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-д ноцтой зөрчилд тооцох зөрчлийг 1-13 хүртэл дугаарласан, 4.2.3.1-д ...сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол... гэж заажээ /хх-10-14, 27-31, 35-39/.

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр ажил олгогчоос тогтоосон хэм хэмжээг биелүүлэх үүрэгтэй бөгөөд ...хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2-т “ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд энэ журмын 3.3.6-д заасан үндэслэлүүдээр захиргааны санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас хална. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ” гэж, мөн журмын 3.3.6.1-д “ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр болон ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэл 2 удаа хүлээсэн ажилтан 3 дахь удаагаа сахилгын зөрчил давтан гаргасан бол ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж /хх-127, 121/ тус тус зохицуулжээ.

 

Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Снь Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудлын техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захиралаар ажиллах хугацаандаа 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/413 тоот тушаалаар сануулах, тус газрын дэд захиралаар ажиллах хугацаандаа 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/119 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдож байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргасан тухай баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Снь сахилгын шийтгэл ногдуулсан гэх тушаалуудыг эх хувиар нь өгч байгаагүй, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар мэдээгүй, холбогдох байгууллагад гомдол гаргах боломж олгож байгаагүй, ...ёс зүйн хорооноос иргэн намайг байлцуулж шийдвэрлээгүй, гомдол болон бусад холбогдох материалуудтай танилцуулж байгаагүй, хэн гомдол гаргасан албан ёсоор хэн оролцож юу болсон талаар мэдэгдээгүй, дүгнэлтийг танилцуулж байгаагүй талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан байх боловч түүний нотлох баримтаар гаргасан 0047151 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан баримтын 14-р хуудсанд бичигдсэн 2018 оны цалингийн бичилтийн 4, 5, 6 дугаар саруудын цалингийн дүн өмнөх 1-3 дугаар, 7-8 дугаар саруудын цалингийн дүнгээс буурч бичигдсэн /хх-5-9/, ёс зүйн хорооны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хуралд оролцсон /хх-74-76/, нотлох баримтаар ирүүлсэн Иргэний нисэхийн ерөнхий газар ирсэн бичиг бүртгэх №05 дугаартай дэвтэр, баримт бичиг хүлээлцсэн дэвтэр гэх бүртгэлийн дэвтэрүүдэд талуудын төлөөллийг байлцуулан үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр хэргийн 189-р талд дугаарлагдсан хуудасны 2570 дугаарт сахилгын шийтгэл ногдуулах тухай ИНЕГ-ын даргын Б/413 тоот тушаалыг аль нэгж, хэнд шилжүүлсэн гэх хүснэгтэд Д.М, П.Б гэх нэр бичигдэж ард нь гарын үсэг зурсан /хх-189/, хэргийн 181-р талд дугаарлагдсан хуудасны доороос 3 дахь мөрөнд Д.С, ЧХОУНБ тэр/дэд/зах, тушаал Б/119, 2018-04-02 гээд ард нь гарын үсэг зурсан байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахад, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд, хөдөлмөрийн гэрээнд, шүүхэд хүсэлт гаргахад болон шүүхийн ажиллагааны баримтуудад зурсан гарын үсгийн хэлбэр адилхан /хх-141-143/ байх бөгөөд ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргасан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй болно.

 

Түүнчлэн хариуцагч талын гаргасан “...манай ёс зүйн хорооны гишүүн н.Молор-Эрдэнэ, газрын тусгай үйлчилгээний албаны хуулийн мэргэжилтэн, дотоод аудиторын албаны аудитор н.Цогбаяр нар Сүхбаатарт очиж ёс зүйн хорооны хурал болох, таны асуудлыг хэлэлцэх талаар хуралд ирж суугаарай, тайлбар, тодруулгаа өгөөрэй гэж хэлсний дагуу дэд захирал С 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариу тайлбар гаргасан, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар өгсөн...” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй бөгөөд хэргийн 83-84 дүгээр хуудсанд авагдсан ИНЕГазрын хуулийн эрх зүй дүрмийн боловсруулалтын газар Солонгод тодорхойлолт гаргах нь 2018-09-12 гэх огноотой баримтанд техник хариуцсан дэд захирал Д.С гэсэн нэр бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал уг баримтын талаар маргаагүй. Учир нь дээрх тодорхойлолтод бичсэн тайлбар нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтэд дурдагдсан буюу нэхэмжлэгч Д.С-н ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан гарсан тайлбар байна /хх-83-84,-94/.

 

Тиймээс нэхэмжлэгч Д.Снь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг 2 удаа хүлээсэнболох нь, ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/413, 2018 оны Б/119 тоот тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-51, 52/, Иргэний нисэхийн ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018 оны 03/18 дугаартай хурлын тэмдэглэл /хх-74-76/, мөн хорооны 2018 оны 04 дугаартай дүгнэлт /хх-77-78/, ёс зүйн хорооны 2018 оны 05/18 дугаартай хурлын тэмдэглэл /хх-89-92/, мөн хорооны 2018 оны 06 дугаартай дүгнэлт /хх-93-94/ зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрмийн 6.8-д ёс зүйн хорооны эрх, үүргийг 1-8 хүртэл дугаарласан байх бөгөөд ...гомдол мэдээлэлд холбогдох ажилтан, албан тушаалтан болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, ...ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шалган дүгнэлт зөвлөмж гаргах, ...сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар санал гаргах, ...ёс зүйн асуудлыг хэлэлцэхдээ тухайн хамаарал бүхий ажилтанд урьдчилан мэдэгдэх бөгөөд биеэр байлцуулж асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв ажилтан өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгааныг хороонд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч ингэж мэдэгдсэн болохоо нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дөрөвдүгээр хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдийг тусгасан байх ба энэ хэсгийн 4.2.3.1-д “ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол” Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д хамааруулсан, дээрх ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/419 тоот тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...цуцалж, ажлаас халсугай гэсэн нь хууль зүйн хувьд ажилтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юмуу халаад байгаа юмуу гэдэг нь тодорхойгүй...” гэх тайлбарын тухайд ажлаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулах тохиолдол бүрт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нь тодорхой болно.

 

Хэргийн 67-68, 69-70, 71-72, 80, 81, 82, 85, 86, 87, 88 дугаар хуудсанд авагдсан М.Т, Ц.Э, Л.Т, А, Д.Б, Ч.О, Д.Э, Б.Э, Д.Б гэж гарын үсэг зурсан, гомдол, тайлбар гаргах гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захиралын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн Б овогт Д.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч наршүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                     Д.Я