Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00008

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00233 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар магадлалтай

Д.С-ын нэхэмжлэлтэй,

ИНЕГ-холбогдох

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтаншагайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтаншагай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингис хаан Олон улсын нисэх буудалд үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан Техник үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирлаар ажилласан.

Тухайн хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 10 дугаар сараас ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн бөгөөд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж, бүтцийн өөрчлөлтөд оруулж, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр техник хариуцсан дэд захирал болгон албан тушаал бууруулж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б/419 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 43.1, 131.1.3, Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2, 3.3.6.1, Иргэний Нисэхийн Ерөнхий газрын ёс зүйн хорооны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6 тоот дүгнэлт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн, ажлын байранд нийтийн эзэмшлийн бүс, орон нутгийн явагчдын танхимд үйлчлүүлэгч, зорчигчдын дунд, нислэгтэй цагаар гүйцэтгэх ажилтантай харилцахдаа аашилж, зандран, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж дарамталсан нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ёс зүйн хорооны дүгнэлтээр нотлогдож, сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлсэн, урд нь хоёр удаа сахилгын шийтгэл хүлээсэн тул хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас халах, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор ажил хүлээлцүүлэхийг комиссын даргад үүрэг болгосон байсан.

Гэтэл нэхэмжлэгч надад сахилгын шийтгэл ногдуулсан гэх уг тушаалуудыг эх хувиар өгч байгаагүй тул хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар мэдээгүй, холбогдох байгууллагад гомдол гаргах боломж олгож байгаагүй. Ёс зүйн хороогоор шийдвэрлүүлсэн гэх боловч намайг байлцуулж шийдвэрлээгүй, гомдол бусад холбогдох материалтай танилцуулаагүй, хэн гомдол гаргасан, хэн оролцсон, хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй, дүгнэлтийг танилцуулж байгаагүй. Уг сахилгын шийтгэлүүдийн улмаас үр дүнгийн урамшуулал болох 40 хувийн нэмэгдэл хөлсийг авч чадаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасныг зөрчин нэг зөрчилд 2 төрлийн шийтгэл давхардуулан оногдуулсан гэж үзэж байна.

Мөн тушаалд хууль зүйн хувьд ажилтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм уу ажлаас халаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа нь намайг болон холбогдох төрийн байгууллагыг төөрөгдөлд оруулж тодорхой бус шийдвэр гаргасан. Иймд Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирлаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч удаа дараа ёс зүйн зөрчил гаргасныг тухай бүрд нь Ёс зүйн хороогоор хэлэлцэж, зөрчил нь тогтоогдож, үүний үндсэн дээр Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, хамгийн сүүлд ажлаас чөлөөлөх тушаал гарсан.

Нэхэмжлэгч өмнө нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүйн улмаас сахилгын сануулах арга хэмжээ авахуулсан, 2018 оны 3 дугаар сард хамт ажиллаж байсан хүнтэйгээ зүй бус, хүнлэг бус, хэрцгий, догшин харьцсан гэх гомдол ёс зүйн хороонд ирсэн. Тус хороо гомдлыг хэлэлцээд буруутай болохыг нь тогтоож, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар хорин хувиар бууруулах арга хэмжээ авсан.

Уг хариуцлагыг хүлээлгэснээс хойш 6 сар хүрэхгүй хугацаанд яг өмнөх ёс зүйн зөрчлөө гаргасан талаар Ёс зүйн хороонд дахин гомдол ирснийг нь хянан шалгаад зөрчил нь тогтоогдоод дүгнэлт гаргасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын гурав дахь арга хэмжээг авсан. Ёс зүйн хороогоор орсон баримтууд, хурлын тэмдэглэл, тус хорооны дүгнэлт, холбогдох хүмүүсээс авсан тайлбар, тодруулга зэрэг бүх нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангаж хэрэгт хавсаргасан. Сүүлийн ёс зүйн хорооны хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрт нь хэлээгүй, тайлбар, тодруулга аваагүй гэж байна. Бид өөрт нь ёс зүйн хорооны хурал болохын өмнөх өдөр хэлсэн. Ёс зүйн хорооны гишүүн н.Молор-Эрдэнэ, хуулийн мэргэжилтэн, дотоод аудиторын албаны аудитор н.Цогбаяр нар Д.С-т очиж ...маргааш ёс зүйн хорооны хурал болох гэж байна, таны асуудлыг хэлэлцэнэ, та хуралд ирж суугаарай, тайлбар, тодруулгаа маргааш авчраарай... гэж хэлсэн. Д.С- нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр хариу тайлбар өгсөн, баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа асуудлууд хууль бус юм гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00233 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.С- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтаншагай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.25-ны өдрийн 183/ШШ2019/00233 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.27-ны өдрийн 562 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тус хэргийг хянан шийдвэрлэгдэх явцад шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн үзэж байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг дахин хуваарилсан бөгөөд дахин хуваарилах явцад хэргийг шууд томилогдон ирсэн шүүгчид хуваарилсан нь хэргийг тойргийн журмаар хуваарилах буюу ИХШХШтХ-ын 78 дугаар зүйлийн 78.2 дахь заалт, 83 дугаар зүйлийн 83.1 дахь заалтыг тус тус зөрчсөн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй.

Нэхэмжлэгчид буюу Д.С-т шүүгч солигдсон болон шүүх хуралдааны товыг талаар мэдэгдээгүй нь ИХШХтХ-ийн 77-р зүйлийг зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх ИХШХШтХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасны дагуу гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх ёстой байсан ч хэргийг бүхэлд нь хянан үзэлгүйгээр зөвхөн гомдлын холбогдох 2 хэсгийг хянан магадлал гаргасан.

Давж заалдах хуралдааны товыг нэхэмжлэгчид мөн мэдэгдээгүй.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                     ХЯНАВАЛ:                                                                    

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Д.С- нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар ИНЕГ-холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Д.С-ыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын техник хариуцсан дэд захирлаар ажиллаж байхад нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/419 тушаалаар “...ажлын байранд нийтийн эзэмшлийн бүс, орон нутгийн явагчдын танхимд, үйлчлүүлэгч, зорчигчдын дунд, нислэгийн цагаар гүйцэтгэх ажилтантайгаа харилцахдаа аашилж, зандран, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж дарамталсан нь нотлогдсон, урьд 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., Хөдөлмөрийн дотоод журмын 3.10.2., 3.3.6.1. дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1. дэх заалтыг тус тус журамлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч дээрх тушаалыг үндэслэлгүй гарсан гэж, хариуцагч нь ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон тул ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.

Д.С- нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/413 тушаалаар “...Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй...” гэх үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/119 тушаалаар “...хамт ажиллагсдын эрх, эрх чөлөөг үл хүндэтгэж, бусдыг аашилж загнах, үзэл бодлоо тулгах зэргээр бүдүүлэг зан авир гаргаж ИНЕГ-ын ажилтны зүйн дүрмийг ёс зөрчсөн...” гэх үндэслэлээр “үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 20 хувь бууруулах” сахилгын шийтгэлийг  тус тус хүлээж байжээ.

Улмаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлын байр, үйлчилгээний танхимд, олон үйлчлүүлэгчдийн дунд гүйцэтгэх ажилтан, Аж ахуй хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Одонбаярыг аашилж зандран, айлган сүрдүүлж, догшин хэрцгий харьцаж, дарамтлах зэрэг зан авир гаргаж, Хөдөлмөрийн гэрээ, ажилтны  ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэн, ажил олгогчоос 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/419 тушаалаар Д.С-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчийн хоорондох Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр ажилтны гаргасан зөрчил нотлогдсон, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалтыг зөрчөөгүй гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоолгох тухай Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийж гомдлыг хангахгүй орхихдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчөөгүй, магадлал хуульд нийцсэн байна.

Иймд шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн гомдол гаргагч анхан шатны шүүх хэрэг хуваарилах журам зөрчсөн, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, шүүгч солигдсон болон шүүх хуралдааны товын талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэжээ.

Хэрэг хуваарилах журмыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоож, хэрэгжүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.-т зохицуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу хэргийг хуваарилсан талаарх холбогдох баримтыг хэрэгт хавсаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гомдолд дурдсан үндэслэлийн талаар хүсэлт гаргах, шүүгчээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцохгүй гэж хүсэлт гаргасан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх-202/, давж заалдах шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримт хэргийн 222 дугаар талд авагдсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00233 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтаншагайн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР  

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД