Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/01192

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2022/01192 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

***-***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүргийн 0 дугаар хороо, Б 41 гудамж, 11 тоот хаягт оршин суух, О овогт Ж.Н/РД:ПЕ00000000/

 

Хариуцагч: ***-***дүүргийн 00 дугаар хороо,Т в хотхон 000 тоот хаягт оршин суух,Б овогт З Н /РД:ЦИ64120319/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч З.Над холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд: Нэхэмжлэгч Ж.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр З.Н-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Япон улсад 2001 онд үйлдвэрлэсэн цахилгаан генераторыг 25 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-д заасны дагуу хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг, гэрээ байгуулах өдөр үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2020 оны 5 сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Урьдчилгааг гэрээний заасан хугацаанд төлсөн байдаг. Харин үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 16 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 8 000 000 төгрөгийн алданги, гэрээний үлдэгдэл төлбөр болох 16 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ж.Н нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. 2001 онд үйлдвэрлэсэн биш 1993 онд үйлдвэрлэгдсэн хуучин муудсан 175 м.кв хөдөлгүүр ажиллуулж дийлэхгүй, доголдолтой эд хөрөнгө худалдсан байсан. Тийм учраас бид худалдагч талд доголдлыг арилгах, өөр эд хөрөнгөөр солих эсхүл, урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авах, гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж, нэмэлт хугацаа олгож байсан. Нийт 3 удаа доголдолд арилгах боломж олгосон боловч доголдол арилаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч З.Наас нэхэмжлэгч Ж.Нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд: Нэхэмжлэгчийн худалдсан цахилгаан генератор нь 2001 онд биш, 1993 онд үйлдвэрлэсэн, эвдэрхий эд хөрөнгө байсан тул гэрээний дагуу худалдагч талд мэдэгдэж гэрээ цуцлахыг санал болгосон боловч тухайн үед Ж.Н нь өөрийн биеэр уурхай дээр 3 удаа ирж засвар үйлчилгээ хийсэн ч үр дүн гараагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Ж.Нийн хувьд доголдлыг арилгахаар худалдан авагч З.Нямгэрэлийн ажлын байран дээр очиж байсан тохиолдол байхгүй бөгөөд харин 2020 оны 6 дугаар сард гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж түүний уурхай дээр очсон байдаг. Мөн хариуцагчийн тайлбарласан доголдлыг арилгахаар очсон гэх саруудын дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 09 сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус З.Нын зүгээс төлж байсан нь доголдлын талаар шаардлага гаргаж байсан, түүнийг арилгахаар очиж байсан гэх тайлбар няцаагдаж байна. Улмаар хариуцагч нь анх цахилгаан үүсгүүрийг гэрээ байгуулсан өдөр өөрийн биеэр очиж шалгаж хүлээн авсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: Ж.Нийн цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2021.03.11-ний өдрийн 119 дугаартай итгэмжлэл, 2020.04.22-ны өдрийн 1147 дугаартай Зээлээр худалдах, худалдах авах гэрээ, З.Нын гадаад паспорт, 2021.05.19-ний өдрийн 101/ШЗ2021/07892 дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021.06.16-ны өдрийн 000/ШШ2021/00000 дугаартай Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021.07.29-ний өдрийн Б дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-11 ху/

 

Хариуцагчаас: 2021.10.12-ны өдрийн 372 дугаар итгэмжлэл, фото зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 18, 40-43, 48-50 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч З.Над холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх үндсэн нэхэмжлэлийн заримыг хангаж буюу 16 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Япон улсад 2001 онд үйлдвэрлэсэн цахилгаан генераторыг 25 000 000 төгрөгөөр худалдахаар З.Нтай харилцан тохиролцож, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-д заасны дагуу хариуцагч гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2020 оны 5 сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Үлдэгдэл төлбөрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлөөд үлдэх 16 000 000 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 8 000 000 төгрөгөөр тооцож, нийт 24 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд 2001 онд биш 1995 онд үйлдвэрлэгдсэн, 75 кв-ын хөдөлгүүр ажиллуулж дийлэхгүй доголдолтой эд хөрөнгө худалдсан. Иймд гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ худалдах худалдан авах гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүр нь биет байдлын доголдолтой байсан. Ж.Н уурхай дээр 3 удаа ирж, засвар үйлчилгээ хийсэн хэдий ч доголдол арилаагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөх ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2020.06.19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020.09.10-ны өдөр 2 000 000 төгрөг төлсөн үйл баримт нь доголдлыг засварлахаар ирсэн гэх үйл баримтыг үгүйсгэж байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

6. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, төлөгдсөн төлбөрийн хэмжээ, гэрээний зүйлийг хүлээн авсан эсэхэд маргаангүй, харин цахилгаан үүсгүүр биет байдлын доголдолтой байсан эсэх, үйлдвэрлэгчтэй холбогдсон мэдээллийг үнэн зөв өгсөн эсэх талаар маргаантай.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар, зохигчийн хооронд 2020.04.22-ны өдөр Япон улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан үүсгүүрийг худалдах худалдан авахаар, урьдчилгаа 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 20 000 000 төгрөгийг 2020.05.22-ны өдрийн дотор төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцсон зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, 2020.04.22-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020.06.19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020.09.10-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

8. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээнд хамаарахаар байна.

 

Талууд гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэж, төлбөр төлөх хуваарийг тохирсон хэдий ч төлөх төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй, нэмэгдэхгүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүр биет байдлын доголдолтой, энэ талаар худалдагчид мэдэгдсэн, 3 удаа ирж засвар үйлчилгээ хийсэн боловч доголдол арилаагүй, үйлдвэрлэгдсэн огноог 2001 он гэж худал мэдээлсэн, иймд гэрээг цуцалж, төлбөр 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэл гарган маргасан боловч түүний татгалзал болон сөрөг шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заагаад 254 дүгээр зүйлийн 254.6-д ...баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.

Хариуцагч хуульд заасан дээрх хугацаанд доголдлын талаар гомдлын шаардлага гаргасны дагуу худалдагч доголдлыг арилгахаар засвар үйлчилгээ хийж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж гэж тайлбарлах боловч гэрчийн мэдүүлгийг цахилгаан үүсгүүрийн үлдэгдэл төлбөрт 4 000 000 төгрөгийг 2020.06.19, 2020.09.10-ны өдрүүдэд хэсэгчлэн төлсөн үйл баримттай харьцуулан дүгнэвэл хариуцагч Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй.

Түүнчлэн, Komatsu S6D105-B-1 загварын цахилгаан үүсгүүр нь 1995 онд үйлдвэрлэгдсэн болох нь bermac.nl вэбсайтад тавигдсан мэдээллээр нотлогдоно гэж тайлбарлах боловч уг мэдээлэл нь гадаад хэл дээрх мэдээлэл учир тухайн баримтыг нотлох баримтаар үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д нийцэхгүй, нөгөө талаас уг мэдээлэлд тавигдсан фото зураг талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл биш, гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүртэй ижил загвар гэж тайлбарлаж байх тул уг баримтаар гэрээний зүйлийн үйлдвэрлэгдсэн огноог тогтоох боломжгүй, улмаар вэбсайтад үзлэг хийх нь талуудын маргаантай үйл баримтыг тогтооход ач холбогдолгүй байна.

Иймд хариуцагч хуульд заасан 6 сарын хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаж байсан нь нотлогдохгүй байх тул худалдах худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ба гэрээг цуцлахаар шаардлага гаргах 6 сарын хугацаа дууссан гэж дүгнэсэн нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 9 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Гэхдээ шүүх, нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу алданги 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Учир нь:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан.

Гэрээний зүйл болох цахилгаан үүсгүүр нь механик энергийг цахилгаан энерги болгон хувиргах төхөөрөмжийн хувьд хүчин чадал, ажиллах горим зэрэг техникийн тодорхойлолт шаардсан эд хөрөнгө байх ба худалдагч эдгээр мэдээллийг худалдан авагчид бүрэн өгөөгүй болох нь гэрээний 2.1-д заасан хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл хэсэгт дурдагдсан байдлаар нотлогдож байна.

Имйд дээрх үйл баримтыг харгалзан шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан эрхийнхээ хүрээнд алданги 8 000 000 төгрөгийг хасахаар шийдвэрлэсэн болно.

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч З.Наас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 16 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг, хариуцагчийн худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

9. Мөн, хэрэгт авагдсан цахилгаан үүсгүүрийн фото зургийг нэхэмжлэгч гэрээний зүйл мөн эсэх нь тодорхойгүй гэх агуулгаар эс зөвшөөрсөн ба хариуцагч тухайн фото зурагт үзлэг хийлгэх болон бусад хүсэлт гаргаагүй тул шүүхийн санаачилгаар тухайн фото зургийг үзлэг хийх замаар бэхжүүлэх нь талуудын зарчимд нийцэхгүй гэж дүгнээд шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасахаар шийдвэрлэсэнийг дурдах нь зүйтэй. /хх 40-43 ху, 48-49 ху/

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчБ овогт З Н /РД:ЦИ64120319/-аас 16 000 000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О овогт Ж.Н/РД:ПЕ00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 /найман сая/ төгрөгийг, худалдан худалдан авах гэрээг цуцалж, 9 000 000 /есөн сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч З.Нын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Наас улсын тэмдэгтийн хураамж 237 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ