Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2022/00250

 

 

 

     2022          6           6                                           103/ШШ2022/00250

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................. дүүрэг, .................дугаар хороо, .............., ........................ тоотод байрлах, “......................” ХХК /РД.5........................8/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............. дүүрэг, ....................... дугаар хороо, Ү....................... районд байрлах, “.....................” ХХК /РД..........................3/-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 94,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт олгосон 119,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б/цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд .................. ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, гэрч Б.Э, Б.Ө, Б.Э, Ц.Э, нарийн бичгийн дарга  Ж.Эрдэнэсувд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...........................” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “..........................” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “..................” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг гэрээгээр “.........................” ХХК нь хариуцагч “......................м” ХХК-ийг тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүргийг хүлээсэн бөгөөд манай байгууллагын хувьд гэрээний хугацаанд гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ чин шударгаар бүрэн биелүүлж дуусгасан болно. Харин “.....................” ХХК нь гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ буюу гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг тоочиж гэрээний төлбөр төлөх үүргээсээ санаатайгаар зайлсхийж манай байгууллагыг хохироосоор байна. Хариуцагч “........................” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний 3.1-д заасан урьдчилгаа төлбөрийг бэлнээр гаргуулж өгсөн ба үлдэх төлбөр дээр 4 сая төгрөг дансаар, 1000 тн нүүрсийг /40 сая төгрөгт тооцож авсан/, 5,500,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд одоо төлбөрийн үлдэгдэл 94,500,000 төгрөг байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр харилцан тохиролцсон гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг албан бичгээр болон амаар удаа дараа шаардсан боловч “.....................” ХХК нь гэрээний  төлбөрөө одоог хүртэл бүрэн гүйцэд төлөхгүй байна. Иймд “..........................” ХХК-иас гэрээний төлбөрийн үлдэгдэл 94,500,000 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ .

 

Хариуцагч “.....................” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “.....................й” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байдаг. Гэрээний дагуу “......................” ХХК нь цахилгаан машины засвар, үйлчилгээ хийх, “............................” ХХК нь цахилгаан машины засварын ажлаар хангах үүрэг хүлээсэн бөгөөд мөн энэхүү засварын ажил гүйцэтгэхтэй холбоотой хэрэглэгдэх материал сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу 2018 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр 74,000,000 төгрөгийг Д.С хүлээлгэн өгсөн,  2018 оны 2,3 дугаар саруудад 40,294,893 төгрөгийн нүүрс нийлүүлсэн. Хамгийн сүүлд 5,500,000  төгрөгийг өгсөн байдаг. Гэтэл “...................” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс гадна ямар ч сэлбэг хэрэгсэл материал  нийлүүлээгүй, харин бид өөрсдөө ОХУ болон БНХАУ-аас сэлбэг хэрэгслийг захиалан, оруулж ирж .................... үйлдвэрийн тоног төхөөрөмжийг засаж гэрээний үүргээ биелүүлж дуусгасан. Иймд “....................” ХХК-ийн “....................” ХХК-иас гэрээний төлбөрийн үлдэгдэл 94,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “......................” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Хамтран ажиллах гэрээ” нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан. Би “...................” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилогдсон. Тухайн үед манайх ...................т үйлдвэрээс зарласан тендерт ялаад хийх ажлаа хүлээгээд авчихсан, засварын ажлаа эхлэх гээд түүхий эдээ татах гэж байсан юм. Тэр 74,000,000 төгрөгийг Д.С гэдэг хүн буюу “.....................” ХХК нь ОХУ-аас хамгийн хямдаар тухайн ажлыг хийж гүйцэтгэх техник тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэж хэлээд авсан байдаг. Тухайн үед энэ гэрээг байгуулсан хүн нь миний гэрчээр асуулгахаар ирүүлсэн Ц.Э гэдэг хүн байгаа юм. Тэр 74,000,000 төгрөгийг материалын үнэ гэж гаргасан манай санхүүгийн баримт байдаг. Гэвч тэрнээс хойш “.........................” ХХК нь манайд ямар нэгэн материал нийлүүлсэн зүйл байхгүй, бид нар өөрсдөө  татаж авч ирээд тэр тендерт орсон. Тухайн тендер нь 2 үе шаттай байсан. Эхнийх нь 3 жижиг хөдөлгүүрийг засах ажил байсныг манайх засаад явуулчихсан, дараагийнх нь маш том хэмжээтэй бутлуурын хөдөлгүүрийг засах ажил байсан. Энэ ажил маань маш том ажил тул 6 сарын хугацаатай хийгдэх ёстой ажил байсан. Ингээд бид энэ ажлыг хийж байх хугацаанд “....................” ХХК бидэнтэй хамтарсан ямар нэгэн зүйл байхгүй, би гүйцэтгэх захирал болсноосоо хойш “.......................й” ХХК-тай хамтран ажиллах ямар нэгэн хэлэлцээр, санал санаачлага гаргаагүй. Ерөнхийдөө би “.....................й” ХХК-тай өөр нэг сэжүүрээр холбогдож, тухайн үед итгэлгүй байдал гаргаж байсныг нь мэддэг байсан юм. Д.С-ын хувьд манайхаас авсан мөнгөө буцааж өгөхгүй байсан болохоор би тухайн үед анх гэрээг хийсэн хүнээр нь хэд хэдэн удаа нэхүүлж байсан. Биднийг “...............” ТӨҮГ-т ажлаа хийгээд өгсний хойно Эрдэнэт үйлдвэрээс мөнгө авна гэдгийг мэдэж байсан учраас мөнгө нэхээд салдаггүй, гэрч Ц.Э руу маш их мессеж бичдэг, согтуу байхдаа байнга залгадаг, ийм л зүйл болсон. Гэрээнд “..........” ХХК-ийг Д.С гэдэг хүн буюу “................” ХХК нь тендерээр хангаж ажиллана гэсэн өгүүлбэр байгаа боловч би энэ тухай хувь хүнийхээ хувьд ойлгоход тендерээр хангана гэж ямар зүйл байж болох вэ? юу гэсэн үг вэ, энэ талаар надад ямар нэгэн гаргалгаа олдохгүй байгаа юм. Тэр утгаараа би татгалзсан, энэ бол төөрөгдүүлсэн маягийн хууль бус гэрээ гэсэн үзэл бодолтой байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, “..............” ХХК-д өгсөн 119,000,000 төгрөгөө буцааж авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, Д.С хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байж манай мөнгийг өгөхгүй, нэмж мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч “...............” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.  “.........................й” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “........................м” ХХК-д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөр болох 94,500,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Гэвч “........................м” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээнд заагдсаны дагуу манай компани сэлбэг хэрэгсэл нийлүүлэх үүрэг хүлээгээгүй болохыг мэдэгдэж байна. Иймд “...........” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ........................ үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөгч Х.З шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 540 дугаартай захирамжаар “....................” ТӨҮГ-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулснаас хойш бид энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. “...................” ХХК байх үед 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дунд шатны цахилгаан хөдөлгүүрүүдийн их засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2 багцтай нээлттэй тендерийг “Өдрийн сонин”, “................... МС” гээд цахим хаягт байршуулж, зарласан байсан. Багц-1 нээлттэй сонгон шалгаруулалтыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээлт хийхэд “..................” ХХК, “....................ж” ХХК, “........................с” ХХК гэсэн компаниуд материал ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр материалуудыг хянан шалгаж үзсэн. “........................” ХХК нь 549,156,000.09 төгрөг санал болгосон нь тухайн тендерт өрсөлдөж байсан компаниудын хамгийн бага үнийн дүнг санал болгосон компани байсан учраас шаардлагад нийцсэн гэж үзээд захиалагчаас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулах эрхийг олгосон байдаг. Уг шийдвэрт тухайн тендерт оролцсон компаниуд гомдоогүй тул захиалагчийн шийдвэр хүчин төгөлдөр болж албажиж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “..............” ХХК болон “.............” ХХК нарын хооронд “Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний 4.2-т зааснаар  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 274,568,000 төгрөгийг “......................” ХХК-д шилжүүлсэн. Дараа нь гэрээний 4.3-т зааснаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 263,876,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээний хэрэгжилтийн явцад 2 удаа доголдол гарсан. Тухайн үед нь “.......................” ХХК-д доголдлыг арилгуулах шаардлага тавиад тухайн доголдлыг арилгуулсан гэдгийг “............................” ТӨҮГ-ын хуулийн хэлтэс бидэнд мэдэгдсэн байгаа. Ингээд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр шилжиж орсноор гэрээ дуусгавар болсон. “.........................” ТӨҮГ-ын хувьд тендерийг өгч, авалцана гэдэг асуудал огт байдаггүй, тендерийг нээлттэй зарлаад, холбогдох журмын дагуу үнэлгээний хороо нягталж үздэг. “...................” ТӨҮГ бол Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухайн хуулийн 4.1-т зааснаар захиалагч болдог. Тийм учраас хуулийн дагуу нээлттэй тендерийг зарлах үүрэг нь “.........................” ТӨҮГ-т байдаг. Манай ерөнхий захирлын тушаалаар үнэлгээний хороо байгуулагддаг бөгөөд уг үнэлгээний хороо нь хэнээс ч хараат бус үнэлгээ хийх үүрэгтэй байдаг тул 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Иймд “....................” ТӨҮГ-ын “...................” ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон учраас өнөөдөр бид энэ асуудалд хөндлөнгийн байр сууринаас оролцож байгаа, манай эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдсөн асуудал байхгүй. Манайхаас зарласан нээлттэй тендер шалгаруулалтад “...................” ХХК нь дангаараа тендер бэлтгэж ирүүлсэн бөгөөд “...................” ХХК-тай түншлэл эсхүл туслан гүйцэтгүүлэх хэлбэрээр хамтран оролцож байгаа талаар тендерийн баримт бичигт дурдаагүй тул эдгээр компаниудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон гэрээнээс үүдэлтэй маргаан “..........................” ТӨҮГ-т хамааралгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч “...........................й” ХХК шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор  “...........................” ХХК-ийн .......................... регистрын дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  компанийн дүрэм, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0/45,  2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0/47 дугаартай  “Тооцоо нийлж гэрээний төлбөр барагдуулах тухай” албан бичгүүд,  2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай “..........................” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.С-г томилсон тушаал, итгэмжлэл, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, хариуцагч “.......................м” ХХК өөрийн татгалзал шаардлагаа нотлохоор компанийн дүрэм, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, орлогын мэдүүлэг, мемориалын баримт, кассын орлогын ордер, “ ........................” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг,  Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн даалгаврууд зэргийг  нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээний төлбөртэй холбоотой депозит дансны хуулга, нэхэмжлэл, мемориалын ордер, төлбөрийн баримтыг “......................... “ ХХК-иас шаардан авсан.

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “.....................” ТӨҮГ нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд хариу тайлбарын хамт Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдийн их засвар ХХ-ИЗ-2017/XI-08, тогтмол гүйдлийн генераторт их засвар хийлгэх техникийн даалгавар, синхрон цахилгаан хөдөлгүүрт их засвар хийлгэх техникийн даалгавар, тендерийн урилга, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдийн их засварын үнийн хуваарь, ажлын график, ажил гүйцэтгэлийн төлөвлөгөө, нэхэмжлэл, төлбөрийн даалгаврууд, Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн.

            Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “..........................” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зохигчдын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 94,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “....................” ХХК-нд холбогдуулан, хариуцагч “........................” ХХК нь нэхэмжлэгч “........................” ХХК-д холбогдуулан  урьдчилгаанд өгсөн 119,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  гаргасан байна.

 

Хариуцагч “.....................” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр  “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.3-т ”Тендерээр хангах”, 3.1-т ажил гүйцэтгэх урьдчилгаа 274,578,004 төгрөг орж ирсний дараа 70.000.000 төгрөг бэлнээр өгөх...” гэх заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан заалт байх тул хүчин төгөлдөр бус байна. ................. үйлдвэр ХХК-иас зарласан тендерт “..........................” ХХК холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгарсан байхад “.....................” ХХК нь хүчин төгөлдөр бус гэрээнд заасан төлбөрийг нэхэмжилж байгаа нь үнэдэслэлгүй, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 119,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

 

Нэхэмжлэгч “...........................й” ХХК нь шаардлагын үндэслэлээ: “Хамтран ажиллах гэрээ”-ний  1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэж, хариуцагч “........................м” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  “Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тул хүчин төгөлдөр бус. “...................” ХХК нь  хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй ” гэж тус тус тодорхойлон маргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

 

1.”..........................й” ХХК, “....................м” ХХК-иудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээгээр А тал буюу “.................” ХХК цахилгаан машины засвар, үйлчилгээ хийж, “...................й “ХХК-д 214,000,000 төгрөг төлөх, Б тал буюу “..........................й” ХХК нь тендер болон цахилгаан машин засварын ажлаар хангах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

2.Талуудын хооронд гэрээ байгуулагдсан өдөр “.........................” ХХК-иас Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдийн их засварын нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, “...................” ХХК тендерийн баримт бичгийн үнийг ................. үйлдвэр ХХК-д шилжүүлжээ. /1-р хх-ийн 34-40 , 2-р хх-ийн 13-14 дүгээр тал /

3.2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж “....................” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид уламжлахаар шийдвэрлэж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “...........................вэр” ХХК-иас хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан болохыг мэдэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч “....................” ХХК-тай 549,156,009 төгрөгийн үнийн дүнтэй “Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна. /2-р хх-ийн 15-26, 31-33 дугаар тал/

 

   4.“..................... ХХК,  “........................” ХХК-ийн хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, “.....................” гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, “..........................” ХХК-иас  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үлдэгдэл төлбөрийг шилжүүлснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болжээ.  / 2-р хх-ийн 3, 36-37 дугаар тал /

 

           5.Нэхэмжлэгч “.........................” ХХК нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүргээ биелүүлсэн гэж “Монцахим” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 94,500,000 төгрөгийг шаардсан.

       

          6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д  “тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус этгээдийг ойлгоно”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиалагч бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна /нээлттэй тендер шалгаруулалтын журам/”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана”, 21 дүгээр зүйлийн 21.1-д ”Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болох хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ”, 21.2-т “Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэж хуулиаар зохицуулсан байхад гэрээний нэг тал нөгөө талаа “Тендер”-ээр хангахаар тохиролцож гэрээ байгуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад үл нийцжээ.

 

        7. Талуудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” гэх нэртэй гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу хуулиар хориглосон хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  уг гэрээ нь байгуулагдсан үеэсээ ямар нэгэн үр дагаврыг үүсгэх боломжгүй тул зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, үүсэх боломжгүй юм.

 

       8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх хуулийн зохицуулалттай. Иймд хариуцагч “........................” ХХК-иас нэхэмжлэгчид төлсөн 119,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “..........................” ХХК-иас буцаан гаргуулж хариуцагчид олгон, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан гэрээний үлдэгдэл төлбөр 94,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т зааснаар шүүх хэргийг иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлцүүлэхээр ирүүлсэн бол 30 хоногийн дотор шийдвэрлэхээр, дээрх хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор заасан.

 

Энэ хэргийн хувьд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 15-ны хүлээн авсан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусаж, Шүүгчдийн зөвлөгөөнөөр 30 хоногийн хугацаагаар сунгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дууссан, өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн байна.

 

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд  нэхэмжлэгч “....................................й” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч авах тухайгаа шүүхэд мэдэгдсэн, 05 дугаар сарын 12-ны өдөр тухайн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 13 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж,  дахин өмгөөлөгч авахтай холбоотой болон бусад асуудлаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй талаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид анхааруулж байсан, 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг мөн өмгөөлөгч авах хүсэлтээр дахин хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх мөн хүлээн авч 12 хоногийн хугацаагаар дахин хойшлуулсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нь дээрх хугацаануудад өмгөөлөгч авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, 3 дугаар сарын 15-наас хойш шүүхэд болон шүүх хуралдаанд нэг ч удаа ирээгүй, хүсэлтээ цахим шуудангаар шүүхэд ирүүлж байсан, шүүхээс нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхээр нь  боломжит хугацаагаар хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болно.

          Шүүгчийн туслах П.Н нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-т нөлөөллийн мэдүүлэгтэй танилцах, өмгөөлөгч авсан эсэх, өмгөөлөгчтэйгээ ирж хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаандаа ирэх талаар удаа дараа утсаар ярьж мэдэгдэж, сануулж байсан, Болормаа гэх өмгөөлөгчийг авсан гэж мэдэгдсний дагуу холбогдоход “Надтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй” гэсэн хариуг мэдэгдсэн байна.  / 2-р хх-ийн 58, 61, 66, 68-73, 75-76, 78-79, 85-89, 102 дугаар тал/

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад  өмгөөлөгч авч, шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох  эрх, үүрэг нь цаг хугацааны хувьд  хангалттай  байсан боловч энэ эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн хүсэлтээр, хэрэгт авагдсан нотлох баримт бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэрэг маргааныг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар “................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,450 төгрөг, “.....................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,228,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “........................” ХХК-иас 755,450 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 472,600 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж  “......................” ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д  зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “.....................” ХХК, “...................” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсанд тооцож, 56.5-д зааснаар “...................” ХХК-иас 119,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “....................” ХХК-д олгон, нэхэмжлэгч “.....................” ХХК-ийн хариуцагч .................... ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 94,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар “....................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,450 төгрөг, “..................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,228,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “.....................” ХХК-иас 755,450 төгрөгийг, 472,600 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж  “.....................” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЦЭЦЭГДУЛАМ