Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00176

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 103/ШШ2021/00421 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 94,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 119,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь 2017 оны 11 сарын 21-ний өдөр “М” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Э” ХХК нь хариуцагч “М” ХХК-ийг тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүргийг хүлээсэн бөгөөд манай байгууллагын хувьд гэрээний хугацаанд гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ шударгаар бүрэн биелүүлж дуусгасан болно. Харин “М” ХХК нь гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ буюу гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг тоочиж гэрээний төлбөр төлөх үүргээсээ санаатайгаар зайлсхийж манай байгууллагыг хохироосоор байна. Хариуцагч “М” ХХК нь 2018 оны 01 сарын 11-ний өдөр гэрээний 3.1-д заасан урьдчилгаа төлбөрийг бэлнээр гаргуулж өгсөн ба үлдэх төлбөр дээр 4,000,000 төгрөг дансаар, 1,000 тонн нүүрсийг 40,000,000 төгрөгт тооцож, 5,500,000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн. Одоо төлбөрийн үлдэгдэл 94,500,000 төгрөг байгаа.

Иймд “М” ХХК-аас гэрээний төлбөрийн үлдэгдэл 94,500,000 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгож өгнө үү.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Манай компани 2017 оны 11 сарын 21-ний өдөр “Э” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу “М” ХХК нь цахилгаан машины засвар үйлчилгээ хийх, “Э” ХХК нь цахилгаан машины засварын ажлаар хангах үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү засварын ажил гүйцэтгэхтэй холбоотой хэрэглэгдэх материал сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу 2018 оны 01 сарын 11-ний өдөр “материалын үнэ”-д 74,000,000 төгрөгийг бэлнээр Д.Сайнбаярт хүлээлгэн өгсөн, мөн 2018 оны 02, 03 саруудад 40,294,893 төгрөгийн нүүрс нийлүүлсэн, мөн 5,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл “Э” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс гадна ямар ч сэлбэг хэрэгсэл, материал нийлүүлээгүй, харин бид өөрсдөө ОХУ болон БНХАУ-д хэрэгтэй сэлбэгийг хэрэгслийг захиалан оруулж ирсэн.

Иймд “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Сөрөг нэхэмжлэлийн агуулга: “М” ХХК нь 2018 оны 01 сарын 11-ний өдөр 74,000,000 төгрөгийг бэлнээр Д.Сайнбаярт хүлээлгэн өгсөн, мөн 2018 оны 02, 03 саруудад 40,294,893 төгрөгийн нүүрс нийлүүлсэн, мөн 5,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл “Э” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, сэлбэг хэрэгсэл, материал нийлүүлээгүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй. Иймд “Э” ХХК-аас 119,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.   

 

  1. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: 2017 оны 11 сарын 21-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-нд заагдсаны дагуу манай компани сэлбэг хэрэгсэл нийлүүлэх үүрэг хүлээгээгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас 94,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар “Э” ХХК-аас 119,000,000 төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,450 төгрөг, “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 630,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосон.

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, зохих өөрчлөлт оруулж өгнө үү.

          а/. Хариуцагч “М” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас зарласан Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд хийх их засварын Багц-1 ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон, үнэлгээний хорооноос “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгарч, гэрээ байгуулан ажилласан болно. Нэхэмжлэгч талтай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан боловч энэ гэрээг хариуцагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээ гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК нь ажил үйлчилгээ үзүүлээгүй, тендерт хамтран оролцоно гэсэн боловч ямар ч үүрэг гүйцэтгээгүй. Гэрээ бүрэн хэрэгжээгүй учир сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар “тендерээр хангах” гэдэг хууль зүйн зохицуулалт байхгүй буюу хууль бус бөгөөд энэ хэсгийг хүчин төгөлдөр бус гэж хариуцагч үзэж маргасан. Иймд “М” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: “Э” ХХК нь “Хамтран ажиллах гэрээ”-ний үүргээ бүрэн биелүүлж, “М” ХХК-д тендерийн талаарх мэдээллээр хангаж, ажил олж өгсөн. “Э” ХХК нь сэлбэг хэрэгсэл нийлүүлэх үүрэг гэрээгээр хүлээгээгүй.           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

          Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

  1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь ““Хамтран ажиллах гэрээ”-ний 1.3-т заасан тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүргээ биелүүлсэн учир мөн гэрээний 3.2-т заасан төлбөрийн үлдэгдэл 94,500,000 төгрөгийг гаргуулна” гэж шаардсаныг хариуцагч “М” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь гэрээгээр сэлбэг хэрэгсэл, материал нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй учир шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө 119,000,000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж сөрөг шаардлага гаргаж, зохигчид маргажээ. /хх 1-2, 20, 59, 62/

 

  1. Хэрэгт авагдсан 2017 оны 11 сарын 21-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ” /хх 6/, Голомт банкны “Орлогын мэдүүлэг” /хх 35/, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг /хх 41/, 2017 оны 12 сарын 25-ны өдрийн “Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ” /хх 42-47/, “2018 оны 01 сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэл №01” /хх 80/, “М” ХХК-ийн Капитал банк дахь 2021000701 тоот дансны хуулга, түүнд тусгагдсан 2018 оны 01 сарын 09-ний өдрийн орлогын гүйлгээ /хх 79/, 2018 оны 01 сарын 11-ний өдрийн “Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл” болон “Бэлэн мөнгөний зарлагын баримт” /хх 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а/. Талууд “Хамтран ажиллах гэрээ” гэх гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Э” ХХК нь тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүргийг, хариуцагч “М” ХХК нь цахилгаан машины засвар, үйлчилгээг хийж, нэхэмжлэгчид нийт 214,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн;

 

б/. Дээрх гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 11 сарын 21-ний өдөр хариуцагч “М” ХХК нь тендерийн баримт бичгийн үнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д шилжүүлсэн;

 

в/. Үүний дараа буюу 2017 оны 12 сарын 11-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тухай мэдэгдэж, 2017 оны 12 сарын 25-ны өдөр хариуцагч “М” ХХК-тай 549,156,009 төгрөгийн үнийн дүн бүхий “Дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан;

 

г/. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 2018 оны 01 сарын 09-ний өдөр хариуцагч “М” ХХК-д 274,578,004 төгрөг шилжүүлсний дараа буюу 2018 оны 01 сарын 11-ний өдөр хариуцагч “М” ХХК-аас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбаярт “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.1-т заасан урьдчилгаа төлбөрт 70,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн.

 

  1. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд “Э” ХХК болон “М” ХХК нарын хооронд үүссэн маргаанд төрийн өмчит компани болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх, ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй тул шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах талаар ажиллагаа хийх, улмаар мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэхийг тодруулах шаардлагатай.

 

          Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцааны оролцогч хуулиар “хориглоогүй” асуудлаар өөрт эрх, үүргийг хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно. Талуудын маргааны зүйл болж буй гэрээний зүйл, төлбөр төлөх үндэслэл болсон гэх үйлчилгээ нь хуулиар хориглоогүй үйл ажиллагаа мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Шүүхээр хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар хандсан бол үндэслэлээ нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь тодорхой заах учиртай. Үүнээс шалтгаалан гэрээний үүрэг эсхүл гэрээний бус үүрэгт үндэслэсэн шаардах эрхийг тогтоох юм.

 

          Тодруулбал, дээр дурдсан төрийн өмчит компани, эрх бүхий албан тушаалтныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны үндсэн дээр “тендерийн ажлаар хангах, үүний төлөө хариу төлбөр авах” тухай “Э” ХХК болон “М” ХХК-ийн тохиролцоо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэх эсэх, гэрээний талуудын харилцан шаардлагын зүйлийн үндэслэлийн талаар шүүхийн зүгээс хууль зүйн дүгнэлт өгч, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

 

  1. Дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 103/ШШ2021/00421 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 1,383,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

 

                           ШҮҮГЧИД                                                     Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР