Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01467

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 103/ШШ2022/00250 дугаар шийдвэртэй Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 94,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний үүрэгт олгосон 119,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хөхөө, Д.Пүрэвбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь М ХХК-ийг тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч байгууллага гэрээний хугацаанд гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ шударгаар бүрэн биелүүлсэн. Харин М ХХК нь гэрээний 3.2-т заасан гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, манай байгууллагыг хохироосоор байна.

М ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний 3.1-д заасан урьдчилгаа төлбөрийг бэлнээр өгч, үлдэх төлбөрт дансаар 4,000,000 төгрөг, 1000 тн нүүрсийг 40,000,000 төгрөгт тооцож, 5,500,000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн. Иймд төлбөрийн үлдэгдэл 94,500,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М ХХК 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Э ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу М ХХК нь цахилгаан машины засвар, үйлчилгээ хийх, Э ХХК нь цахилгаан машины засварын ажлаар хангах үүрэг хүлээж, засварын ажил гүйцэтгэхтэй холбоотой хэрэглэгдэх материал, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ дагуу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 74,000,000 төгрөгийг Д.Ст хүлээлгэн өгсөн, 2018 оны 2,3 дугаар саруудад 40,294,893 төгрөгийн нүүрс нийлүүлж, сүүлд 5,500,000 төгрөгийг өгсөн.

Гэтэл Э ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна ямар ч сэлбэг хэрэгсэл, материал нийлүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М ХХК нь тухайн үед Э ТӨҮГ-аас зарласан тендерт ялж, засварын ажлаа эхлэхээр түүхий эдээ татах гэж байсан. Э ХХК нь ОХУ-аас хамгийн хямдаар тухайн ажлыг хийж гүйцэтгэх техник, тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэсэн тул 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.Ст 74,000,000 төгрөгийг бэлнээр, мөн оны 02, 03 дугаар саруудад 40,294,893 төгрөгийн нүүрс нийлүүлснээс гадна 5,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл Э ХХК нь манай компанид ямар нэгэн материал нийлүүлээгүй, бид нар өөрсдөө техник, тоног төхөөрөмж татан авч ирээд тендерт орсон.

Иймд Э ХХК-д өгсөн 119,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Манай компани 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр сэлбэг хэрэгсэл нийлүүлэх үүрэг хүлээгээгүй. Иймд М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Э ХХК /хуучнаар/ ньМ ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.2-т зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 274,568,000 төгрөгийг, гэрээний 4.3-т зааснаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 263,876,000 төгрөгийг шилжүүлсэн. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр шилжиж орсноор гэрээ дуусгавар болсон.

Э ТӨҮГ-ын М ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон тул манай эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй.

Манайхаас зарласан нээлттэй тендер шалгаруулалтад М ХХК дангаараа тендер бэлтгэж ирүүлсэн бөгөөд Э ХХК-тай түншлэл эсхүл туслан гүйцэтгүүлэх хэлбэрээр хамтран оролцож байгаа талаар тендерийн баримт бичигт дурдаагүй тул эдгээр компаниудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон гэрээнээс үүдэлтэй маргаан Э ТӨҮГ-т хамааралгүй гэжээ.

 

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Э ХХК, М ХХК-уудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсанд тооцож, 56.5 дахь хэсэгт зааснаар Э ХХК-аас 119,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч М ХХК-д олгон, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 94,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,450 төгрөг, М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,228,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-аас 755,450 төгрөгийг, 472,600 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Э ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22/0020 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ өмгөөлөгч сонгох хүсэлтийг орхигдуулж, Ц.Энхбатыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхойлж тайлбарласан хүсэл гаргасаар байтал нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар: Шүүхээс Д.Ст шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан. Тэрээр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримт, хүсэлтгүйгээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын байгууллагад хандсан шүүхийн баримт хэрэгт авагдсан. Шүүх гуравдагч этгээдээр Э ТӨҮГ-ыг оролцуулсан тул прокурор байгууллагын оролцоо шаардлагагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ст 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сөрөг нэхэмжлэлийг гардуулж, хариу тайлбар бичгээр гаргасан нь хэрэгт авагдсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд талуудын гаргасан нотлох баримт, хүсэлт, тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гараагүй тул нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 13, мөн оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдаан 3 удаа товлогдсон.

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүрэлцэн ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримт, хүсэлт ирүүлээгүй. Мөн өмгөөлөгч авсан эсэх нь тодорхой бус байсан тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь өмгөөлөгч, төлөөлөгч авах нь эрхтэй боловч мөн шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирж, шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй ба хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх магадлалын үндсэн дээр гуравдагч этгээдээр Э ТӨҮГ-ын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байж болзошгүй гэх үндэслэлээр татан оролцуулсан. Гуравдагч этгээд нь тендерийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаж М ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн дээр ажлаа хүлээн авсан бөгөөд ямар нэгэн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 94,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй гэж мөнгөн хөрөнгө 119,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эксковатор болон тоног төхөөрөмж бүх төрлийн цахилгаан хөдөлгүүр засварын чиглэлээр хамтран ажиллаж Э ХХК нь нөгөө талыг тендер болон ЦМ засварын ажлаар хангах, М ХХК нь цахилгаан машины засвар, үйлчилгээ хийж ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 05 дахь тал/

 

3.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа манай компани гэрээгээр хүлээсэн тендер болон цахилгаан машины засварын ажлаар хангах үүргээ биелүүлсэн тул гэрээний үлдэх төлбөр 94,500,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3.б.Уг гэрээгээр Э ХХК-ийн М ХХК-ийг тендерээр хангахаар тохиролцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ гэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх ба анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

3.в.Иймд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээ нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир талуудын хооронд үүрэг үүсэхгүй. Иймд нэхэмжлэгч компани нь гэрээний үлдэгдэл гэх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

4. Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШЗ2022/00540 дугаар захирамжаар Э ТӨҮГ-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 46-47/

 

Э ТӨҮГ-аас дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдийн их засварын нээлттэй тендерийг зарлаж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тендерийн урилгыг Өдрийн сонин, www.erdenetme.mn сайтад нийтлүүлжээ. /хэргийн 2 дугаар хавтасны 4-8, 13 дахь тал/

 

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний хороо хуралдаж, уг хурлаар тус тендерт М ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, Э ХХК /хуучнаар/, М ХХК-уудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дунд чадлын цахилгаан хөдөлгүүрүүдэд их засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 15-17, 31-33 дахь тал/

 

Хэрэгт авагдсан баримтууд болон гуравдагч этгээд, хариуцагч нарын тайлбараар М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Э ХХК-аас гэрээний төлбөрийг шилжүүлснээр гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ. /хэргийн 2 дугаар хавтасны 36-37 дахь тал/

 

Уг тендерийн ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу явагдсан байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

5. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний төлбөрт шилжүүлсэн 119,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

5.а.Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөхийг шаардах эрхтэй.

 

5.б.Иймд М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Э ХХК-аас 119,000,000 төгрөг гаргуулах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчид хуралдааны тов мэдэгдсэн, хэргийн материалтай болон нэхэмжлэлтэй бүрэн танилцуулсан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 89-91, 105/

 

6.а.Хариуцагч М ХХК-аас гаргасан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6.б.Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч Л.Нямдагва 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ц.Энхбатыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШЕ2022/00863 дугаар захирамжаар хангаж, түүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ц.Энхбатыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 103/ШШ2022/00250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ