Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2022/02017

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....

Нэхэмжлэгч: .....  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... холбогдох,

Гуравдагч этгээд: .....,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 42,982,500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл,

... нарт холбогдуулан, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай ...ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д....,

Нэхэмжлэгч: Д.....,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ч...,

Хариуцагчийн өмгөөлөгч: М....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн .. дугаар хороо, ...дугаар байрны .. тоот дахь ... улсын бүртгэлтэй байрны өмчлөгч байсан ... овогтой ...д 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Зээлдэгч Ц.... нь авсан зээлээ бүрэн төлж чадахгүй байсаар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас нөгцсөн юм. Одоо энэ байрны өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 08 дугаар сард ... авсан байдаг. Иймд энэ байрны өмчлөгч ...ээс нэхэмжлэгч ... нар барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,982,500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нэхэмжилсэн мөнгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн ...дугаар хороо, ... дугаар байрны ... тоот байрыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Барьцааны эрх нь барьцаалуулагч этгээдээс бус барьцаанд тавигдсан хөрөнгийн эрхээ даган шилждэг өмчийн эрх зүйн өвөрмөц онцлогтой эрх байдаг. Иймд зээлийн барьцаанд тавьсан байраа дагаж энэ байрны өмчлөгч ...ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оноос хойш гаргаж байсан боловч энэ байрны өмчлөгч нь тогтоогдоогүйн улмаас миний нэхэмжлэл хангагдахгүй байсан. Одоо ... нь барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Дээр дурдсанаар барьцаа нь барьцаалуулсан эзнээ биш, хөрөнгөө дагадаг учраас Барьцааны тухай хуулийн 5 дугаар бүлэг, 28.1, 28.4 дэх хэсэгт зааснаар барьцааг хүчинтэй гэж үзнэ.

Хариуцагч нар иргэн Б....г нас барснаас хойш 4-өөс 5 жилийн дараа өвлөх эрхийн асуудлаа хэрэгжүүлэхгүй явсаар байсан. Уг харилцааг үүрэгтэй холбоотой гэдгийг мэдэж байсан учраас тухайн орон сууцыг өвлөж авахаас татгалзаж байсан. Уг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар 5-аас 6 жил шүүхээр явж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээс өвлөх эрхтэй холбоотой асуудлыг хангаж өгөхгүй гэх асуудлыг тавьсны дараагаар эдгээр хүмүүс хүсэлт гаргаж өвлөх эрхээ хэрэгжүүлсэн. Барьцаагаар хангагдах эрх буюу өмчөө дагасан үүргийн харилцаа хэвээр байх тул бид барьцаагаар хангагдах эрхээ хууль ёсных гэж үзэж байгаа...гэв.

2.Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 1973 онд Б....гийн ууган охин болж төрсөн. Гэтэл миний эцэг болох Б.... нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр насан өөд болсон. Миний эцгийн өв хөрөнгө болох Баянгол дүүргийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв орон сууцыг бидний эзгүйд хуулийн хугацаанаас өмнө С...., С...., С.... нар болон ...ийг оролцуулахгүйгээр Ц.... нь хууль бусаар эзэмшиж өөрийн болгосон, ... нарт барьцаанд тавиад нас барсан. Гэвч өдийг хүртэл Ц....гийн үр хүүхдүүдээс Ц....гийн өвийг ч авахгүй, өрийг ч авахгүйгээр татгалзсан болно. Гэтэл Б....гийн хуваарьт хөрөнгө болох орон сууцыг ... нар яагаад өөрсдийн өмч хөрөнгө шиг үзэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг гаргуулж авах болон захиран зарцуулахад хориг тавих эрх мэдэлтэй болсныг ойлгохгүй байна. Иймээс ... нарын хүсэлтийг эрс эсэргүүцэж байгаа болно...гэжээ.

3.Хариуцагчийн өмгөөлөгч М.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 9 дүгээр бүлэг, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Ерөнхий хугацаагаар үзсэн ч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор сүүлд нэмж бүртгүүлсэн асуудал яригддаг болохоос зээлийн гэрээг сүүлд бүртгүүлсэн хугацаа нь 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, нэмж бүртгүүлсэн хугацаагаар тооцлоо ч үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Нэгэнт бүртгэл үнэн зөв байснаар гэрээг хүчинтэй гэж үзэх гэж байгаа бол анхнаасаа ...ийн хойд эх болох Ц...., Б....гийн орон сууцыг хууль зөрчиж авсан. Уг үйлдэл нь удаа дараагийн шүүх хурал болон Захиргааны, Иргэний хэргийн шүүх хуралдааны захирамж, шийдвэр, магадлалаар нотлогддог тул өмгөөлөгчийн хувьд үүнийг давтаж ярих шаардлагагүй гэж үзэж байна...гэв.

4.Хариуцагч ... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... нар нь Ц....тай харилцан тохиролцож өмчлөх, өв залгамжлах эрхгүй болохыг мэдсээр байж шунахай сэдлээр Баянгол дүүргийн .. дугаар хороо, ...дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоот ... өрөө бүхий 40 м.кв талбайтай орон сууцыг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 19-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 02-нд 5,000,000 төгрөг зээлж, барьцааны болон зээлийн гэрээг бүртгүүлсэн байдаг. Уг гэрээг сунгах хэлбэрээр Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт дахин дахин 5 удаагийн үйлдлээр хуурамч нотлох баримт бүрдүүлж барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэжээ. Нэхэмжлэгч нар дээрх орон сууцны жинхэнэ өмчлөгч Б....тай Ц.... нь 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлээ батлуулж 8 сар болж байсан, мөн Б....гийн хууль ёсны өв залгамжлагч нарыг байгааг мэдсээр байж хууль ёсны өв залгамжлагч ..., С...., С...., С.... нарыг эзгүйд, тухайлбал АНУ-д амьдарч байх үед гэр бүлийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, шунахай сэдлээр удаа дараа барьцаалбар бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

5.Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .. дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч Ц.... нь үл хөдлөх хөрөнгийн газраас албан ёсоор олгосон нэг хүний өмчлөлтэй гэрчилгээг үндэслэн барьцаат зээл олгохыг хүсэж бидэнд хандсанаар ... нар банк, банк бус байгууллагуудын зээл олгодог жишигээр иргэд хоорондын гэрээг Ц....тай байгуулж, хуулийн дагуу нотариатаар батлуулан, үл хөдлөх хөрөнгийн газарт барьцааг бүртгүүлэн, Ц....д гэрээний дагуу мөнгийг олгож байсан нь гарын үсгээр батлагдан нотлогддог юм. Эд хөрөнгийн барьцаа нь тухайн эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байдаг, барьцааны хөрөнгө устаж үгүй болоогүй. Иймээс ... нарын нэхэмжлэлийг хуулйин дагуу шийдвэрлэж өгнө үү.

... нар Ц....тай удаа дараа иргэний эрх зүйн зээлийн харилцаанд орж байсан. Энэхүү харилцаанууд нь ажил хэргийн хүрээнд нилээд тодорхой хэрэгжиж байсан. Энэ утгаар байгуулагдсан гэрээ бүгдийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байсан. Тус гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр учраас. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...гэв.

6.Нэхэмжлэгчээс: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоот дахь ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-9/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот лавлагаа /1-р хх-10/, Зээлдүүлэгч ..., зээлдэгч Ц.... нарын байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15,000,000 төгрөгийн Зээлийн болон Барьцааны гэрээний хуулбар /1-р хх-11-12/, Зээлдүүлэгч ..., зээлдэгч Ц.... нарын байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөгийн Зээлийн болон Барьцааны гэрээний хуулбар /1-р хх-13-14/, Зээлдүүлэгч ..., зээлдэгч Ц.... нарын байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5,000,000 төгрөгийн Зээлийн болон Барьцааны гэрээний хуулбар /1-р хх-15-16/, Зээлдүүлэгч ..., зээлдэгч Ц.... нарын байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10,000,000 төгрөгийн Зээлийн болон Барьцааны гэрээний хуулбар /1-р хх-17-18/, Зээлдүүлэгч ..., зээлдэгч Ц.... нарын байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10,000,000 төгрөгийн Зээлийн болон Барьцааны гэрээний хуулбар /1-р хх-19-20/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-29/, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар тогтоол /1-р хх-68-71/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаар шийдвэр /1-р хх 72-75/, ..., С...., С...., С.... нарын өмчлөлд орон сууцыг бүртгэсэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1-р хх-76/, Монголын нотариатчдын танхимын 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 890 дугаар албан бичиг /1-р хх-245/, .... нарын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт /1-р хх-246, 247/, Б...., Ц.... нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-248/, Б...., Ц.... нар 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С....ийг үрчилсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-249/, Ц....гийн төрүүлсэн хүүхдийн лавлагаа /1-р хх-250/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн .... дугаар шийдвэр /2-р хх-1-8/ зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

7.Хариуцагчаас Ц....гийн иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-44/, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн болон 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 73 тоот тодорхойлолтуудын хуулбар /1-р хх-45-46/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар албан бичгийн хуулбар /1-р хх-47/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар шийдвэр /1-р хх-48-49/, 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот Өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-50/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж /1-р хх-51-52/, Ц....гийн өмчлөлд орон сууцыг бүртгэсэн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-53/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэр /1-р хх-54-57/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0680 дугаар магадлал /1-р хх-58-61/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлал /1-р хх-62-64/ зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

8.Нэхэмжлэгч талын хүсэлтээр: шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот захирамжаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий ... бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хувийн хэргийн материалыг нотлох баримтаар гаргуулж /1-р хх-38, 84-169/, зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх өөрийн санаачилгаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ....7 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц....гийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдүүдийн талаарх лавлагааг, Монголын Нотариатчдын танхимаас Ц....гийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг эрх бүхий этгээдээс өвлөж авахаар хүсэлт гаргасан эсэх, өвлөхөөс татгалзсан хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаарх лавлагааг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архиваас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаар шийдвэр, мөн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1... дугаар шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн .... дүгээр шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэртэй иргэний хэргээс дээрх шийдвэрүүдийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж бүрдүүлсэн байна. /2-р хх-92, 100-135, 144, 145-151/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэгч ... нарын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ...ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нар шаардах эрхээ ...ийн өмчилж буй орон сууцны өмчлөгч байсан Ц....тай Зээлийн гэрээний дагуу мөнгө зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээ байгуулан, түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ц.... зээлээ бүрэн төлөлгүй нас барсан, барьцааны зүйлийн өмчлөгчөөр ..., С...., С...., С.... нар бүртгэгдсэн ч бодитоор өмчилж байгаа нь ... учир түүнийг хариуцагчаар тодорхойлсон, барьцааны эрх нь барьцаалуулагчийг бус барьцаанд тавьсан хөрөнгийн эрхээ даган шилждэг учир өмчлөгч ...т холбогдуулан Ц....гийн зээлийн гэрээний үүрэгт 42,982,500 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Ц....гийн төрүүлсэн хүүхдүүд түүний өвийг хүлээн авахаас татгалзсан гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн татгалзлаа маргаан бүхий орон сууц нь миний аав Б....гийн өмч бөгөөд Ц.... нь хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, орон сууцыг барьцаалсан нь тогтоогдсон, ... бол Ц....гийн өвлөгч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд болохгүй. Нэхэмжлэгч нар Ц....тай хамтарч зориуд хууль бус гэрээ байгуулсан байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... нар нь Ц....тай хамтарч хууль бусаар, Б....гийн хүүхдүүдэд мэдэгдэлгүйгээр өвлөж авсан орон сууцыг дүр үзүүлэн барьцаалсан мэтээр гэрээ хийж, шунахай сэдлээр Б....гийн хүүхдүүдэд мэдэгдэлгүйгээр удаа дараа улсын бүртгэлд барьцаалбар бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч Ц....тай хуульд заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Биднээс зээл хүсэж ирэхэд хүчин төгөлдөр нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг хүссэн. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ц....гийн нэр дээр байсан учир бид хөрөнгийг барьцаалж, түүнд мөнгө зээлдүүлэн, өмнөх зээлийн гэрээнүүдийг дүгнэж дахин гэрээ байгуулан, барьцааны гэрээг шинэчлэн, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлж байсан нь хүчин төгөлдөр гэрээний дагуу хийгдсэн учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан няцааж байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн болон Барьцааны гэрээнүүд, Ц....д 2009 онд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Ц....д олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолууд, Ц...., Ц.... нарын шүүхэд гаргасан хүсэлт, Б...., Ц.... нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний С....ийг үрчилсэн тухай лавлагаа, Ц....гийн хүүхэд төрүүлсний лавлагаа, ..., С...., С...., С.... нарын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.... нар 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ц....тай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц....гийн өмчлөлийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн .. дугаар хороо,....дүгээр хороолол, ... дугаар байрны .. тоот дахь 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

6.2.Дээрх зээлийн гэрээний талууд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, өмнөх гэрээний нөхцлөөр 5,000,000 төгрөгийг, мөн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр адил нөхцлөөр 10,000,000 төгрөгийг Ц....д зээлдүүлэхээр зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн ба 2012 оны 9 дүгээр сарын 20, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус тус зээлийн болон барьцааны гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцож байгуулан, мөн гэрээнүүдийг болон барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

6.3.Барьцааны зүйлийг 1998 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн иргэн Д.... эзэмшиж, 2000 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хувьчлан өмчилж байгаад 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот Орон сууц бэлэглэлийн гэрээ-ний дагуу Б....гийн өмчлөлд шилжсэн байна.

6.4.Б.... нь зээлдэгч Ц....гийн нөхөр бөгөөд тэд 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн байна. Ц.... 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Б....гийн хамт охин С....ийг үрчилсэн байна.

6.5.Ц....гийн нөхөр Б.... нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барж, тэрээр 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Б....гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16-5 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өвлөн авч, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр уг хөрөнгө Ц....гийн өмчөөр бүртгэгдэн, улмаар 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ... нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээл авсан байна.

6.6.Зээлдэгч Ц.... 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд түүний хүүхдүүд болох Ц...., Ц.... нар нь Ц....гийн өвийг хүлээн авахаас татгалзсан. Түүнд олгогдсон 16 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нөхөр Б....гийн төрсөн хүүхдүүд болох ..., С...., С...., С.... нарын нотариатч Б....д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Б.... бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаар захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улмаар ..., С...., С...., С.... нар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №005 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болжээ.

6.7.Ц....г өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №... дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэж, маргаан бүхий орон сууцыг ..., С...., С...., С.... нарын өмчлөлд бүртгэсэн байна.

6.8.Зээлдүүлэгч ... нар нь ..., С.... нарт холбогдуулан маргаан бүхий барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээжээ.

7.Талуудын маргааны зүйл нь ... нарын Ц....тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нар эдгээр гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй эсэх, хариуцагч нь талийгаач зээлдэгч Ц....гийн үүргийг хариуцах эсэх талаар өөр өөрийн үндэслэлийг заан маргаж байна.

Харин зохигчид маргааны зүйл болох орон сууц ..., С...., С...., С.... нарын өмчлөлд бүртгэлтэй, одоогоор уг орон сууцыг ..., С.... нар эзэмшин амьдарч байгаа, мөн талийгаач Ц....гийн төрүүлсэн хүүхдүүд болох Ц...., Ц.... нар түүний өвийг хүлээн авахаас татгалзсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

8.Нэхэмжлэгч ... нарын талийгаач Ц....тай байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний дагуу зээлдүүлэгч нар нь зээлдэгчид 10,000,000 төгрөг зээлдүүлж, гэрээний хугацаа дуусахад нэмэлт гэрээ байгуулан гэрээний хугацааг сунган, өмнөх гэрээнүүдийг дүгнэж байсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт нийцжээ.

9.Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч Ц....гийн өмчлөлийн нэг хүний өмч болох маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.2, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

10.Хариуцагч ..., түүний өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий Барьцааны гэрээг ... болон Ц.... нар үнэн санаанаасаа хийгээгүй, Ц....г талийгаач нөхөр Б....гийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өвлөж авсныг мэдсээр байж шунахайн сэдлээр олон удаа барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу Б....гийн хүүхдүүдэд мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй барьцааны гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан.

11.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээнүүдийг нэхэмжлэгч нар нь Ц....тай байгуулах үед буюу 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр барьцааны зүйл болсон орон сууц нь зээлдэгч Ц....гийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, түүний өмчлөлд бүртгэсэн гэрчилгээ болон Б....гийн өв хүлээн авсан Өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг нь хүчинтэй байсан учир уг гэрчилгээг үндэслэн түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцсэн байна. Иймд дээрх үндэслэлээр 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч ...ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12.Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас Ц....тай байгуулсан Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 42,982,500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны .. тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шаардсан.

13.Зээлдэгч Ц.... нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 525,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 520,000 төгрөг, 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 5,250,000 төгрөг, нийт 1,570,000 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч нарын гаргасан тооцооллоор Ц.... 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 8,580,000 төгрөг, алданги 9,290,000 төгрөг, нийт 27,870,000 төгрөг, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 15,112,500 төгрөг, бүгд 42,982,500 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна.

14.Ц....гийн төрүүлсэн хүүхдүүд болох Ц...., Ц...., үрчилж авсан хүүхэд С.... нар нь түүний өвийг хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй. Харин Ц...., Ц.... нар өв хүлээн авахаас татгалзсан талаар шүүхэд бичгээр тайлбар, хүсэлт гаргасан ба үүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 528.5 дахь хэсгүүдэд зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

15.Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасны дагуу Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

16.Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч ... болон гуравдагч этгээд С...., мөн иргэн С...., С.... нар бүртгэгдсэн, хамтран өмчлөгчид болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно.

17.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйлийн хамтран өмчлөгч нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн боловч С...., С.... нар Монгол улсад амьдардаггүйн улмаас шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй, шүүхэд тухайн маргаан хянагдаж байгаа талаар мэдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба тэдний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт ирүүлээгүй байна. Хэдийгээр С...., С.... нарыг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн ч шүүхэд дуудан ирүүлэх хаяг тодорхойгүйн улмаас тэднийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, харин хамтран өмчлөгч С.... тухайн орон сууцанд ...ийн хамт амьдарч байсан тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Тэрээр хариуцагч ...т өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгосон ба хариуцагч ... гуравдагч этгээдийг төлөөлөн тайлбар шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай энэхүү нэхэмжлэлийг тухайн орон сууцны хамтран өмчлөгч ...т холбогдуулан гаргаж, бусад өмчлөгч нарыг хариуцагчаар тодорхойлоогүй үндэслэлээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй гэж зааснаар тодорхойлсон байна.

18.Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөж, ..., С...., С...., С.... нарын өмчлөлд шилжсэн ба Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж, мөн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй гэж заасны дагуу барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагч ...ээс шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

19.Шүүх нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 443,063 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 443,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... нарын ...т холбогдуулан гаргасан Зээлийн гэрээгээр нийт 42,982,500 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ... дугаар байрны ... тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...ийн нэхэмжлэгч ... нарт холбогдуулан гаргасан 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ... болон Ц.... нарын байгуулсан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,063 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 443,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА