Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00952

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-, Д.Ц- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00598 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нарын хариуцагч С.Н-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 42 982 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С-, Д.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 байрны 5 тоот, байрны өмчлөгч байсан Цэнджамц овогтой Э-д түүний хүсэлтээр 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөгийн, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээл тус тус өгсөн юм. Улмаар талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Зээлдэгч Ц.Э- нь авсан зээлээ бүрэн төлж чадаагүй бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас нөгчсөн. Тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 8 сард Сумъяа овогтой Нямхишиг авсан байдаг. Иймд энэ байрны өмчлөгч С.Н-ээс нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нар барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 982 500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 байрны 5 тоот, Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй байрыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Б.Сумъяа нь 2008 оны 12 дугаар сарын 02-нд насан өөд болсон боловч миний эцгийн өв хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 05 тоот 40 м.кв талбайтай орон сууцыг биднийг эзгүйд хуулийн хугацаанаас өмнө өвийг хууль бусаар эзэмшиж өөрийн болгосон Ц.Э- нь Д.С-, Д.Ц- нарт барьцаанд тавиад нас барсан болно. Гэвч өдийг хүртэл Ц.Э-гийн төрсөн үр хүүхдүүдээс Ц.Э-гийн өвийг ч авахгүй, өрийг ч авахгүйгээр татгалзсан болно. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгийн үндсэн эзэмшигч Б.Сумъяагийн өв хөрөнгө бөгөөд Б.Сумъяагийн хуваарьт хөрөнгө болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д.С-, Д.Ц- нар яагаад өөрсдийн өмч хөрөнгө шиг үзэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг гаргуулж авах болон захиран зарцуулахад хориг тавих эрх мэдэлтэй болсныг ойлгохгүй байна. Угаасаа бидний гал голомт учраас зарах болон барьцаанд тавих үйлдэл бидний зүгээс хийхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Д.С-, Д.Ц- нар нь Ц.Э-тай харилцан тохиролцож өмчлөх өв залгамжлах эрхгүй болохыг мэдсээр байж шунахай сэдлээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хорооллын 16 байрны 05 тоот 3 өрөө бүхий 40 м.кв талбайтай орон сууцыг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2011 оны 11 сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг зээлж барьцааны болон зээлийн гэрээг бүртгүүлсэн болно. Уг гэрээг сунгах хэлбэрээр Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт нийт таван удаагийн үйлдлээр хуурамч нотлох баримт бүрдүүлж барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэжээ. Д.С- Д.Ц- нар нь дээрх орон сууцны жинхэнэ өмчлөгч Б.Сумъяатай Ц.Э- нь 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлээ батлуулж 8 сар болж байсан, мөн Б.Сумьяагийн хууль ёсны өв залгамжлагч нарыг байгааг мэдсээр байж хууль ёсны өв залгамжлагч болох С.Н-, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нарыг эзгүйд буюу АНУ-д амьдарч байх үед гэр бүлийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж шунахайн сэдлээр удаа дараа барьцаалбар бүртгүүлсэн байх тул дээрх таван удаагийн барьцааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.С- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид шунахайн сэдэлтээр Ц.Э-д зээл олгоогүй бодитоор өгсөн болно. Хариуцагч С.Н- нь шүүхэд худал мэдүүлэг өгсөн байна. Д.С- Д.Ц- нарын зээл өгсөн 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх гэр бүлийн гэрчилгээний асуудал бидэнд хамааралгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан С.Н- нь хариуцагч Д.С- Д.Ц- нарыг Ц.Э-тай харилцан тохиролцож хийсэн барьцааны гэрээ нь гэрээний ямар нөхцөлийг хангаагүй болох, яагаад хууль бус, хуурамч гэрээнүүд хийж бүртгүүлсэн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Зээлдүүлэгч Д.С- Д.Ц- нар Ц.Э-д зээл олгохдоо Ц.Э-гийн өмчлөлийн албан ёсны гэрчилгээг үндэслэн зээл өгсөн болно. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан С.Н-ийн нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж, мөнгө төлөхгүйн тулд худал сөрөг нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: С.Н-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Э- нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 дугаар байр, 5 тоот орон сууцыг барьцаанд тавьж гэрээ байгуулахад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000076247, Боржигон овгийн Цэнджамцын Э- ХА-53091401, нэг хүний өмч Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол 16 дугаар байрны 05 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. Ерөнхий бүртгэгч Л.Мөнхбаатар, улсын бүртгэгч А.Оюунчимэг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар 2009 гэсэн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байсан. Төрийн байгууллагаас олгосон энэ гэрчилгээг үндэслэн Д.С-, Д.Ц- нар Ц.Э-тай гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу Ц.Э-г хууль ёсны өмчлөгч хэмээн үзэж түүнийг тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхгүй болохыг Д.С-, Д.Ц- нар мэдэх боломжгүй байсан. 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх буюу барьцааны гэрээ байгуулахаас өмнө энэ байрны өмчлөлийн асуудал Д.С- Д.Ц- нарт огт хамааралгүй зүйлийг нэмж бичиж байна. Иймд С.Н- нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаагаа нотлоогүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 153 дугаар зүйлийн 153.1-т заасныг баримтлан хариуцагч С.Н-ээс 42 982 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нарын нэхэмжлэлийг, Д.Ц-, Д.С- нарт холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч С.Н-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 063 төгрөг, хариуцагч С.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 212 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.С- давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.С- би Ц.Э-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. Зээлийн барьцаанд барьцаалагдсан байрыг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С.Н-, С.С, С.М, С.М нар өв залгамжлалаар шилжүүлэн авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу барьцаалагч миний эрхийг хангаж өгөхийг хүсэж байна. Шүүх хариуцагчийг өв хүлээн аваагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Н- нь тус орон сууцанд амьдарч, ус, цахилгааны зардлыг төлдөг бөгөөд Ц.Э-гийн байрыг хүлээн аваад 7 жил болж байна. С.Н- нь өв хүлээн аваагүй гэдэг боловч Ц.Э-гийн өвийг ямар нэгэн гэрээ хэлцэл, нөхцөл болзолгүйгээр хуулиар тогтоосон эрэмбэ, дарааллын дагуу өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан байдаг. С.Н- нь 3 сарын дотор өвлүүлэгчийн эд хөрөнгийг хүлээн авсан гэдгээ биш хүлээн авахаас татгалзсанаа нотариат буюу баг, сумын Засаг даргад мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзэх талаар хуульчилсан байдаг. Иймд С.Н- нь Ц.Э-гийн өвийг хүлээн авсан гэдэг нь илэрхий байна. Өв залгамжлагчдын эрх ашгийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа учраас хуульд өв залгамжилбал зохих бусад иргэн гэж зориуд тогтоон заасан хэрэг юм. Иймд С.Н- нь өрх гэрийн аж ахуйг 7 жил хөтөлж байгаа тул Ц.Э-гийн өвийг авсан гэж үзэж байна. Иймд барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаж өгөхийг хүсэж байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан. Барьцаа нь тухайн хөрөнгө дээр оногдож байгаа хязгаарлагдмал эрх, өөрөөр хэлбэл барьцааны хөрөнгийн үүрэг нь өмчлөгчөө биш, эд хөрөнгөө дагадаг. Тухайн эд хөрөнгө хэний өмчлөлд байгаагаас үл хамааран барьцааны эрх хүчинтэй байх талаар Улсын Дээд Шүүхийн тогтоолд заасан байдаг. Иймд энэ тогтоолыг үндэслэн, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нар нь хариуцагч С.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 982 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зээлдэгч Ц.Э- нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 05 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан боловч, уг зээлээ бүрэн төлөлгүй нас барсан, иймд тус орон сууцны өмчлөгч С.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 42 982 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч тус 3 өрөө орон сууц нь миний аав Б.Сумъяагийн өмч бөгөөд Ц.Э- нь хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогдсон, миний бие Ц.Э-гийн өвлөгч биш гэсэн байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нар Ц.Э-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээнүүд авагдсан, зээлдэгч Ц.Э- нь дээрх 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байх бөгөөд зээлдэгч нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 44-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нар барьцаа хөрөнгийн өмчлөгчид холбогдуулан шаардлага гаргаж байгаа тохиолдолд үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүргийг хариуцвал зохих этгээд буюу нас барагч Ц.Э-гийн өвлөгч хэн болохыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 87 дугаар зүйлд зааснаар барьцааны эрх нь зээлийн гэрээний үүрэгтэй салшгүй холбоотой аксесор эрх юм. Шүүх дээрх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд тодруулах боломжтой бөгөөд уг ажиллагааг хийх нь зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгчийг заасан байх бөгөөд нас барагч Ц.Э-гийн хууль ёсны өвлөгчийн талаарх мэдээлэл хэрэгт авагдаагүй байна. 1-р хавтаст хэргийн 250-р талд байгаа ХААТР-1 маягтын лавлагаанд нас барагч Ц.Э- нь 1988 оны 4 сарын 20-ны байдлаар гурван хүүхэд төрүүлсэн гэж бүртгэгдсэн байх боловч тэдгээрийн талаарх мэдээлэл хэрэгт авагдаагүй байна. 1-р хавтаст хэргийн 245, 222 дугаар талд Монголын Нотариатчдын танхимын 2019 оны 12 сарын 21-ний өдрийн 890, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар албан бичиг авагдсан байх боловч уг баримт нь нас барагч Ц.Э-гийн хууль ёсны өвлөгч нь хэн гэдгийг нотолсон баримт биш юм.

 

Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ