Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01866

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01866

 

 

Д.С-, Д.Ц- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02017 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Н-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 42,982,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С-, Д.Ц-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.А, хариуцагч С.Н-, хариуцагчийн өмгөөлөгч К.О, А.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э-д 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн. Зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 00 тоот дахь Ү-2205016463 улсын бүртгэлтэй байрыг барьцаалсан ба зээлдэгч Ц.Э- нь зээлээ бүрэн төлөөгүй, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Одоо энэ байрны өмчлөх эрхийн гэрчилгээ С.Н-т байдаг ба тэрээр иргэн Б.С-г нас барснаас хойш өвлөх эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар 2020 оны 08 дугаар сард өөрийн нэр дээр уг байрны гэрчилгээг авсан байдаг. Иймд С.Н-ээс барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,982,500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжилсэн мөнгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна.

Барьцааны эрх нь барьцаалуулагч этгээдээс бус барьцаанд тавигдсан хөрөнгийн эрхээ даган шилждэг өмчийн эрх зүйн өвөрмөц онцлогтой эрх байдаг. Иймд зээлийн барьцаанд тавьсан байраа дагаж энэ байрны өмчлөгч С.Н-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оноос хойш гаргаж байсан боловч энэ байрны өмчлөгч нь тогтоогдоогүйн улмаас миний нэхэмжлэл хангагдахгүй байсан. Одоо С.Н- нь барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Дээр дурдсанаар барьцаа нь барьцаалуулсан эзнээ биш, хөрөнгөө дагадаг учраас Барьцааны тухай хуулийн 5 дугаар бүлэг, 28.1, 28.4 дэх хэсэгт зааснаар барьцааг хүчинтэй гэж үзнэ.

Хариуцагч нар иргэн Б.С-г нас барснаас хойш 4-өөс 5 жилийн дараа өвлөх эрхийн асуудлаа хэрэгжүүлэхгүй явсаар байсан. Уг харилцааг үүрэгтэй холбоотой гэдгийг мэдэж байсан учраас тухайн орон сууцыг өвлөж авахаас татгалзаж байсан. Уг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар 5-аас 6 жил шүүхээр явж байна. Барьцаагаар хангагдах эрх буюу өмчөө дагасан үүргийн харилцаа хэвээр байх тул бид барьцаагаар хангагдах эрхээ хууль ёсных гэж үзэж байгаа.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

С.Н- нь 1973 онд Б.С-гийн ууган охин болж төрсөн бөгөөд түүний эцэг болох Б.С- нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Б.С-гийн өв хөрөнгө болох уг 40 м.кв орон сууцыг С.Н-ийн эзгүйд хуулийн хугацаанаас өмнө С.М-, С.М-, С.С- болон С.Н-ийг оролцуулахгүйгээр Ц.Э- нь хууль бусаар эзэмшиж өөрийн болгоод Д.С-, Д.Ц- нарт зээлийн барьцаанд тавин нас барсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн түүнчлэн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор сүүлд нэмж бүртгүүлсэн асуудал яригддаг болохоос зээлийн гэрээг сүүлд бүртгүүлсэн хугацаа нь 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, нэмж бүртгүүлсэн хугацаагаар тооцлоо ч үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Нэгэнт бүртгэл үнэн зөв байснаар гэрээг хүчинтэй гэж үзэх гэж байгаа бол анхнаасаа С.Н-ийн хойд эх болох Ц.Э-, Б.С-гийн орон сууцыг хууль зөрчиж авсан. Уг үйлдэл нь Захиргааны, Иргэний хэргийн шүүх хуралдааны захирамж, шийдвэр, магадлалаар нотлогддог. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Д.С-, Д.Ц- нар нь Ц.Э-тай харилцан тохиролцож өмчлөх, өв залгамжлах эрхгүй болохыг мэдсээр байж шунахай сэдлээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 00 тоот 3 өрөө бүхий 40 м.кв талбайтай орон сууцыг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж, барьцааны болон зээлийн гэрээг бүртгүүлсэн байдаг. Уг гэрээг сунгах хэлбэрээр Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт 5 удаагийн үйлдлээр хуурамч нотлох баримт бүрдүүлж барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэсэн. Нэхэмжлэгч нар нь Б.С-гийн хууль ёсны өв залгамжлагч нарыг байгааг мэдсээр байж хууль ёсны өв залгамжлагч С.Н-, С.М-, С.М-, С.С- нарыг эзгүйд, тухайлбал АНУ-д амьдарч байх үед гэр бүлийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, шунахай сэдлээр удаа дараа барьцаалбар бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга:

Ц.Э- нь үл хөдлөх хөрөнгийн газраас албан ёсоор олгосон нэг хүний өмчлөлтэй маргаан бүхий орон сууцны гэрчилгээг үндэслэн барьцаат зээл олгохыг хүсэж Д.С-, Д.Ц- нарт хандсан тул банк, банк бус байгууллагуудын зээл олгодог жишгээр иргэд хоорондын гэрээг Ц.Э-тай байгуулж, хуулийн дагуу нотариатаар батлуулан, үл хөдлөх хөрөнгийн газарт барьцааг бүртгүүлэн зээл олгож байсан. Эд хөрөнгийн барьцаа нь тухайн эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байдаг, барьцааны хөрөнгө устаж үгүй болоогүй бөгөөд барьцааны гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг тул хүчин төгөлдөр юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.С-, Д.Ц- нарын С.Н-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээгээр нийт 42,982,500 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 00 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н-ийн нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нарт холбогдуулан гаргасан 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Д.С-, Д.Ц- болон Ц.Э- нарын байгуулсан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,063 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 443,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.б. 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн барьцааны зүйл болсон орон сууц нь зээлдэгч Ц.Э-гийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, түүний өмчлөлд бүртгэсэн гэрчилгээ болон Б.С-гийн өв хүлээн авсан өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг нь хүчинтэй байсан гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд Ц.Э-г дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №583 дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэж, маргаан бүхий орон сууцыг С.Н-, С.С-, С.М-, С.М- нарын өмчлөлд бүртгэсэн. Мөн түүнчлэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Э-д олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон 101/ШШ2016/00264 дугаартай шийдвэр гарсан байдаг. Дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь хариуцагчаас гадна гурван өмчлөгчтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас шаардах эрхтэй эсэхийг тогтоогоогүй.

Ц.Э- нь бүгд 42,982,500 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна.... гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Ц.Э- нь өвлөгч биш тул түүнээс шаардах боломжгүй юм. Мөн түүний өвийг хариуцагч хүлээн аваагүй байтал шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №583 дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн байтал уг шийдвэрийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй.

Тус маргаан бүхий байрны өмчлөгч болох С.С-, С.М- нарын өмчлөх эрх зөрчигдсөөр байтал шүүх уг этгээдүүдийг шүүх хуралд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх дуудан ирүүлэх хаяг нь тодорхойгүйн улмаас тэднийг гуравдагч этгээдээр оролцуулах шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон гэсэн хэдий ч шүүх хуралдаанд С.М-гээс Америк улсаас итгэмжлэл явуулах гэж байгаа, хугацаа шаардаж байгаа талаар шүүхэд мэдүүлдэг. Иймд С.М-г шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй. Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч талаас гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шударга өмчлөгчид болох бусад 2 этгээдийг оролцуулаагүй гэж гомдолдоо тусгасан. Эдгээр хүмүүсийг оролцуулах талаарх хүсэлтийг хариуцагч талаас гаргаж, үүний дагуу шүүхийн захирамж гарсан бөгөөд тус захирамжийн дагуу ажиллагаа хийгдсэн. Зээлийн гүйцэтгэл болон барьцааны гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар гаргасан гомдол байхгүй. Хариуцагч маргаагүй гэх асуудлын талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа бөгөөд анхан шатны шүүхээс маргаагүй гэж дүгнэсэн. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор хангуулахаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр юм.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Д.С-, Д.Ц- нар, хариуцагч С.Н-т холбогдуулан Ц.Э-гийн 2010, 2011 онд авсан зээлийн гэрээний үүрэг 42,982,500 төгрөгийг барьцааны хөрөнгөнөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.С-, Д.Ц-, Ц.Э- /агсан/ нарын хооронд хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нар нь Ц.Э-д 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 00 тоот дахь Ү-2205016463 улсын бүртгэлтэй байрыг барьцаалсан, зээлдэгч Ц.Э- нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нас барсны гэрчилгээ, зээлийн гэрээ зэрэг баримтууд авагджээ. /1хх 11-20, 145/

 

2.а. Ц.Э- нь Ц.Э-, Ц.Э-, Ц.О- нарын төрүүлсэн 3 хүүхэдтэй байх боловч эдгээр хүүхдүүдээс нь түүний өвийг хүлээн авах тухай хүсэлтийг Монголын Нотариатчдын танхимд гаргаж бүртгүүлсэн баримтгүй байна./2хх 144-149/

 

2.б. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 00 тоотын 40 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Э-г бүртгэсэн улсын бүртгэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан./1хх 54-57/

 

2.в. С.С-, С.М-, С.М-, С.Н- нарт 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нотариатчаас олгогдсон Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу эцэг Б.С-гийн эд хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 00 тоотын 40 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн байна.

/1хх 141-142, 164/

 

2.г. Орон сууцны өмчлөгч асан Б.С- нь эхнэр Ц.Э-тай гэрлэлтээ 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн байх ба 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан байх тул Ц.Э- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчдийн нэг байсан гэж үзэхээр байна. /1хх 101, 143-148/

 

3. Дээрх тохиолдолд Ц.Э-д ногдох хэсгийг түүний хүүхдүүд өвлөх эсэх асуудал тодорхойгүй байна.

 

3.а. Мөн маргаан бүхий орон сууц нь нэр бүхий 4 хүний өмчлөлд бүртгэлтэй байхад зөвхөн хамтран өмчлөгч С.Н-т холбогдуулан зээлийн 42,982,500 төгрөгийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй С.М-ас бусад өмчлөгч нарыг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хариуцагч С.Н-ийн сөрөг нэхэмжлэлээр гаргасан зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн уг зээлийн үүргийг ямар этгээдүүд хэдэн хувиар, хариуцах зэрэг асуудлууд маргаантай хэвээр байна.

 

3.б. Түүнчлэн, нэхэмжлэгч нар нэр бүхий нотариатчид холбогдуулан энэхүү зээлийн гэрээнээс учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байх тул уг асуудал нь тухайн хэрэг маргаантай холбоотой эсэхийг мөн тодруулах шаардлагатай байна гэж үзлээ.

 

4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн бүрэн тогтоож, холбогдох этгээдүүдийг оролцуулж хэргийг хянан шийдвэрлээгүй байх тул хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ