Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2270

 

 

М.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/01706 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид төлөх 2 362 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

1 286 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Н,

Хариуцагчийн төлөөлөгч В.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Э” ХХК-д хуулийн зөвлөхөөр 2018 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан. Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, гүйцэтгэх захирлын тушаалын хамт нийгмийн даатгалын дэвтрээ авахад 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, баталгаажилт хийгдээгүй байсан. Иймд дээрх асуудлаар гүйцэтгэх захирлаас тодруулахад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс манайд шалгалт хийнэ гэсэн түр хүлээж бай гэсэн боловч зохих арга хэмжээг аваагүй. Иймд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад захирал В.М нь ...харилцагч байгууллагуудаас нэхэмжилсэн төлбөр хийгдэхгүй, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учир дээрх төлбөрийг ойрын хугацаанд хийх боломжгүй, санхүүжилт орж иртэл хүлээх хэрэгтэй гэсэн. Дээрх байдлаас болж М.Н нь дараагийн ажилд орох, зээл авах, нийгмийн даатгалаас тэтгэмж авах зэрэг эрх нь хязгаарлагдах, зөрчигдөх нөхцөл байдал үүссэн тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөх 1 320 000 төгрөг нөхөн төлүүлэх тухай нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 2 362 500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба үүнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлд 1 575 000 төгрөг, алданги 787 500 төгрөг болсон, үүнийг нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд тооцон нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н нь манай компанид 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 23-ныг өдрийг хүртэл хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь бичилт хийх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар ажилтны цалингаас дээрх шимтгэлийг суутган нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэг бий. Харилцагч байгууллагууд төлбөр тооцоог цаг тухайд нь хийгээгүйгээс болоод байгууллагын ажиллагсадын цалин хөлсийг олгохын тулд зээл авч цалин олгож байсан ба одоогийн байдлаар нийгмийн даатгалын санд өр төлбөртэй байгаа. Нийгмийн даатгалын байцаагч өр төлбөртэй учир нийгмийн даатгалын тайлан авахгүй бичилт хийхгүй байсан. Нэхэмжлэгчийн гомдлоор манай байгууллагыг нийгмийн даатгалын байгууллагаас шалгасан. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь манайд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа. Нэхэмжлэгч нь манай компанийг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учраас хохирол учирсан гэж үзэж гэм хорын хохиролд 2 362 500 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй, нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын байгууллагын өмнөөс шимтгэл, алдангийг нэхэмжлэх ямар нэгэн итгэмжлэл олгосон баримтгүй. Нийгмийн даатгалын байгууллага л шимтгэл, алдангийг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай нийгмийн даатгалын тайланд нэхэмжлэгчийн цалин, шимтгэл орсон байгаа, үүнд маргаангүй учир тайлан шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манай байгууллагад ажил хийгээгүй тул цалин олгогдоогүй байгаа. Үүнд талууд маргахгүй байгаа. 2017 оны 9 дүгээр сард Ц.Н ээлжийн амралт авсан бөгөөд ээлжийн амралтын мөнгийг нь би буруу бодож өгсөн байдаг. 2017 оны 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хуульчийн сонгон шалгаруулалт зарлагдсан байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сараас эхлээд шалгалт хүртэлх өдрүүдэд шалгалтад бэлдэх нэрийдлээр ажиллаж байгаагүй. Тухайн үед үргэлжлүүлэн ажиллана гэдэг тайлбар өгч байсан тул цалинг нь шийдвэрлээд өгч байсан. Хэрэгт авагдсан баримтад 2 хувааж цалинг олгодог байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж сарын цалинг сарын эхэнд бүтнээр олгодог болсон. Ц.Н-с зээлтэй учир цалинг бүтнээр нь гаргаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 8 дугаар сарын цалинг аваад, 8 дугаар сарын 30-ны өдөр 687 400 төгрөг авсан байгаа. Энэ нь 9 дүгээр сарын цалин болох 412 000 төгрөг, 9 дүгээр сард ээлжийн амралтын мөнгө 215 000 төгрөг ба өөрөөр хэлбэл амралттай байгаа сард нь 412 000 төгрөгийн цалин илүү олгосон байгааг нэхэмжилсэн.

Сөрөг нэхэмжлэлээс 50 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил эрхлээгүй хугацааны цалин 412 000 төгрөг, 2017 оны 9 сард ээлжийн амралттай байсан хугацаанд олгосон 412 000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр 9 сарын цалин гэж дахиад 412 000 төгрөг шилжүүлсэн. Иймд нийт 1 286 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх хугацаанд ажиллаж байсан талаар тайлан гаргаж өгөхгүй байгаа тул ажилласан гэдгээ нотлохгүй байна. М.Н-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 18-ныг өдрийг хүртэл М.Н нь хуульчийн сонгон шалгаруулалтад бэлдэж байсан ч гэсэн ажлын цагаар ажлаа хийсэн, ажлын бус цагаар ажлын байранд байрлан бэлдэж байсан. Ийм учраас ажил олгогчийн зүгээс тухайн хугацаанд цалинг олгосон. Мөн 2017 оны 9 дүгээр сард М.Н ээлжийн амралт авах байсан ч ар гэрийн шалтгаанаар ажиллах шаардлагатай байна гэдгээ В.М-д мэдэгдэж, тус сард ээлжийн амралтыг биеэр эдлэхгүй байхаар тохиролцож 2017 оны 9 сард ажилласан. Ээлжийн амралттай байсан хугацаанд ажиллаагүй гэдгийг нотолсон ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 412 000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Гэтэл М.Н нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн “Нью соник” ХХК-д ажиллаж эхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлсэн 412 000 төгрөг нь 10 сарын цалин гэсэн байдаг. Хариуцагч 10 дугаар сарын 23-ныг хүртэл ажилласан гэж байгаа, тиймээс цалингаа авах ёстой. Үүнээс хойш цалин гэх болон бусад ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Харин үлдэх 50 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөний үлдэгдэл мөн гэсэн тул үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н-с 50 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Э ХХК-д олгон, хариуцагч Э ХХК-иас 2 352 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Эй Эс партнёрс ХХК-ийн нэхэмжлэгч М.Н-с 1 236 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 820 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө "холбогдох шимтгэл, алдангыг харуицагчаас гаргуулан, нөхөн төлүүлэх" тухай тайлбарлах чиглэл өгсөн. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний хүсэл зоригийг дутуу илэрхийлсэн гэж үзэж байна. Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дутуу тодруулж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй байхад "2 362 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох тухай" шаардлага гаргасан мэтээр дүгнэж, шийдвэрлэсэн байна. Миний бие хариуцагч талаас ямар нэгэн төлбөр гаргуулж, өөртөө авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Нэхэмжлэгч миний хүсэл зориг бол төлөгдөөгүй үлдсэн 1 575 000 төгрөгийн даатгалын шимтгэлийг, 787 000 төгрөгийн алдангын хамт хариуцагч "Э" ХХК-с гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалд нөхөн төлүүлэх замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх юм. Энэ агуулгын хүрээнд нэхэмжлэлээ гаргаж, нотлох баримтуудаа шүүхэд өгсөн. Шүүх шийдвэртээ хариуцагчийн гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг мушигаж, хэргийн үйл баримтын талаар нэхэмжлэлд маш тодорхой дурдсан байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "тодруулах" гэх тайлбарын нэг үгэнд хөтлөгдөж, нэхэмжлэгч миний эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлага тодруулах гэдэг нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зөрөхгүй, агуулгын хүрээнд тайлбарлахыг ойлгох ба хэрэв нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх бол үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд бүхэлд нь өөрчлөх явдал хэмээн ойлгож байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч болон миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй гэдгийг шүүхээс харгалзан үзнэ гэдэгт итгэж байна.

М.Н-ын нэхэмжлэлтэй, “Э" ХХК-д холбогдох иргэний хэрэг нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар шүүгч дангаар шийдвэрлэх маргаан байтал нэхэмжлэлийн шаардлагьн" гэм хорын хохирлын маргаан хэмээн шүүх урьдаас дүгнэж, бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Бид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гэм хорын хохирол нэхэмжилж буй тухай дурдаагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "гэм хорын хохирол нэхэмжлээгүй, гэм хорын маргаан биш" хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан байтал хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид төлөх 2 362 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 1 286 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Шүүх нэхэмжлэгч нь төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид 2 362 500 төгрөг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах эсхүл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд төлөгдөөгүй байгаа нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид 2 362 500 төгрөг гаргуулахаар шаардсан эсэхийг тодруулснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл ойлгомжтой тодорхой болох байжээ.

 

Түүнчлэн, шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “... Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны ерөнхий шүүгч, ... шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж заажээ.

 

Хэргийн 32 дугаар талд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ЕШ2018/00953 дугаарын захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Байгалмааг томилсон байхад хэргийг шүүгч Ц.Алтанцэцэг, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн ба дээрх шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/01706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ