Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00581

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл  даргалж, шүүгч Н.Нарангэрэл, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23 дугаар байрны 33 тоотод оршин суух, 28 настай, эмэгтэй, Улаанцав овгийн Мягмаржавын Нямжав /РД:УУ91072822/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Дипломат 95 цогцолбор, 3 дугаар орц, 30 тоотод байрлах, “Эй Эс партнёрс” ХХК /РД:5801176/-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид 2 362 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай,

Хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, М.Нямжавт холбогдох 1 286 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж,  иргэдийн төлөөлөгч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Нямжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өөрчилсөн нэхэмжлэлдээ:

... Миний бие нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Эс Эй Партнёрс” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд 2 362 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие нь “Эс Эй Партнёрс” ХХК-ийн захирал В.Мандах нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сар хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 2 362 500 төгрөгийг төлөөгүй байсан....

            Иймд “Эй Эс Партнёрс” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 2 362 500 төрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс төлүүлэх, М.Нямжав миний нийгмийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны буюу 15 сарын шимтгэл төлөлтийн нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ. 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна. Нэхэмжлэгч М.Нямжав нь 2016 оны 07 дугаар сараас эхлэн “Эй Эс Партнёрс” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед нийгмийн даатгалын дэвтрээ тушаалтайгаа хамт авахад ажил орсон үеэс буюу 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй байсан. Энэ асуудлыг тодруулаад асуухад компанийн төлбөрийн асуудлаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй гэж ажил олгогчийн зүгээс хэлсэн. М.Нямжав нь нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргасан боловч танай байгууллага нийгмийн даатгалын тайлангаа гаргаж өгөөгүй тийм учраас бичилт хийх боломжгүй энэ асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн. М.Нямжав нийгмийн даатгалын байгууллагаас өөрийн нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооллыг гаргуулсан.        

Үүнд 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл нийт 2 362 500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тухай хариу өгсөн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох цалин хөлснөөс хуульд заасны дагуу хувь хэмжээгээр шимтгэлийг суутган авч төлөх үүргийг хүлээдэг. Энэ үүргээ хүлээгээгүй байна гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан.  Тус төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл нь ажил олгогчоос суутгаад авсан байгаа учир хохиролд тооцогдоно. Эдгээр үндэслэлийн дагуу төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 2 362 500 төгрөгийг нөхөн төлүүлэхийг даалгах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч “Эй Эс партнёрс” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Мандах хариу  тайлбартаа:

М.Нямжав нь манай компанид 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хойш 2017 оны 10 дугаар сарын 23-ныг хүртэл хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь бичилт хийх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар ажилтны цалингаас дээрх шимтгэлийг суутган нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэг бий. Харилцагч байгууллагууд төлбөр тооцоог цаг тухайд нь хийгээгүйгээс болоод байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг олгохын тулд зээл авч цалин олгож байсан ба одоогийн байдлаар нийгмийн даатгалын санд өр төлбөртэй байгаа.

Нийгмийн даатгалын байцаагч өр төлбөртэй учир нийгмийн даатгалын тайлан авахгүй бичилт хийхгүй байсан. Нэхэмжлэгчийн гомдлоор манай байгууллагыг нийгмийн даатгалын байгууллагаас шалгасан. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын байгууллага нь манайд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа. Нэхэмжлэгч нь манай компанийг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учраас хохирол учирсан гэж үзэж гэм хорын хохиролд 2 362 500 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй, нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын байгууллагын өмнөөс шимтгэл, алдангийг  нэхэмжлэх ямар нэгэн итгэмжлэл олгосон баримтгүй. Нийгмийн даатгалын байгууллага л шимтгэл, алдангийг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай  нийгмийн даатгалын тайланд нэхэмжлэгчийн цалин, шимтгэл орсон байгаа, үүнд маргаангүй учир тайлан шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Мандах сөрөг нэхэмжлэлдээ болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Нямжав нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манай байгууллагад ажил хийгээгүй тул цалин олгогдоогүй байгаа. Үүнд талууд маргахгүй байгаа. 2017 оны 09 дүгээр сард М.Нямжав ээлжийн амралт авсан бөгөөд ээлжийн амралтын мөнгийг нь би буруу бодож өгсөн байдаг. 2017 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хуульчийн сонгон шалгаруулалт зарлагдсан байсан бөгөөд 2017 оны 07 сараас эхлээд шалгалт хүртэлх өдрүүдэд шалгалтад бэлдэх нэрийдлээр ажиллаж байгаагүй. Тухайн үед үргэлжлүүлэн ажиллана гэдэг тайлбар өгч байсан тул цалинг нь шийдвэрлээд өгч байсан. Хэрэгт авагдсан баримтад 2 хувааж цалинг олгодог байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж сарын цалинг сарын эхэнд бүтнээр олгодог болсон. М.Нямжаваас “зээлтэй учир цалинг бүтнээр нь гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 08 дугаар сарын цалинг аваад, 08 дугаар сарын 30-ны өдөр 687 400 төгрөг авсан байгаа. Энэ нь 09 дүгээр сарын цалин болох 412 000 төгрөг, 09 дүгээр сард ээлжийн амралтын мөнгө 215 000 төгрөг ба өөрөөр хэлбэл амралттай байгаа сард нь 412 000 төгрөгийн цалин илүү олгосон байгааг нэхэмжилсэн.

Сөрөг нэхэмжлэлээс 50 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил эрхлээгүй хугацааны цалин 412 000 төгрөг, 2017 оны 09 сард ээлжийн амралттай байсан хугацаанд олгосон 412 000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр 9 сарын цалин гэж дахиад 412 000 төгрөг шилжүүлсэн. Иймд нийт 1 286 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх хугацаанд ажиллаж байсан талаар тайлан гаргаж өгөхгүй байгаа тул ажилласан гэдгээ нотлохгүй байна. М.Нямжавтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил эрхлээгүй хугацааны цалин 412 000 төгрөг,  2017 оны 09 сард ээлжийн амралттай байсан хугацаанд ногдох 412 000 төгрөг, 09 сарын цалинг аваагүй гэж маргаж улмаар хоорондоо ярилцаад 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн гэх 412 000 төгрөг гэсэн 3 өөр зүйлийг  сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байна.

Нэгдүгээрт: 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэл М.Нямжав нь хуульчийн сонгон шалгаруулалтад бэлдэж байсан ч гэсэн ажлын цагаар ажлаа хийсэн,  ажлын бус цагаар ажлын байранд байрлан бэлдэж байсан. Ийм ч учраас ажил олгогчийн зүгээс тухайн хугацаанд цалинг олгосон. Мөн 2017 оны 09 дүгээр сард М.Нямжав ээлжийн амралт авах байсан ч ар гэрийн шалтгаанаар ажиллах шаардлагатай байна гэдгээ В.Мандахад мэдэгдэж, тус сард ээлжийн амралтыг биеэр эдлэхгүй байхаар тохиролцож 2017 оны 09 сард ажилласан. Ээлжийн амралттай байсан хугацаанд ажиллаагүй гэдгийг нотолсон ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 412 000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Гэтэл М.Нямжав нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн “Нью соник” ХХК-д ажиллаж эхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлсэн 412 000 төгрөг нь 10 сарын цалин гэсэн байдаг. Хариуцагч 10 дугаар сарын 23-ныг хүртэл ажилласан гэж байгаа, тиймээс цалингаа авах ёстой. Үүнээс хойш цалин гэх болон бусад ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Харин үлдэх 50 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөний үлдэгдэл мөн гэсэн тул үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгондорж сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.  Тухайлбал 2017.07.19-ны өдрөөс 2017.08.18-ны өдрийн хооронд ажил үүргээ гүйцэтгээгүй, шалгалтанд бэлдсэн гэдэг асуудал яригдсан. Энэ өдрийн цалин хөлсийг ажил олгогч олгосон. Үүнийг буцаан авъя гэсэн байсан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед хуульчийн сонгон шалгаруултанд бэлдэж байсан. Гэхдээ ажлын байрандаа ажлын бус цагаар бэлдэж байсан. Ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ажлаа цалгардуулсан зүйл байхгүй. Ээлжийн амралтын нөхөн олговорт  олгосон мөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс ээлжийн амралтын олговор авсан боловч ажил олгогчийн хүсэлтийн дагуу ажлын шаардлагын улмаас тухайн үед ажилласан.

“Эй Эс Партнёрс” ХХК-д 2017 оны 10 сар хүртэл ажиллаж байгаад 11 дүгээр сараас өөр компанид шилжин ажилласан. 10 дугаар сард “Эй Эс Партнёрс” ХХК-д бүтэн ажилласан, ажилласан хугацааны цалин хөлсөө авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацаанд гомдлын шаардлагаа гаргаагүй. М.Нямжав шүүхэд нэхэмжлэл гаргасан дараа 2018 оны 06 дугаар сард  сөрөг нэхэмжлэл гарган, 2017 оны 10 дугаар сард олгосон цалин хөлсний асуудлаар  маргаж байгаа. ... Бараг 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэлийг гаргасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Зээлийн үлдэгдэл 50 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.Нямжав нь хариуцагч “Эй Эс партнёрс” ХХК-д холбогдуулан хохиролд нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид 2 362 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч “Эй Эс партнёрс” ХХК нь М.Нямжав холбогдуулан 1 286 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. /х.х-ийн 1-2, 42-43 тал/

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа, өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбол:

“Эй Эс Партнёрс” ХХК-иас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 2 362 500 төрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлэх, М.Нямжавын нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзнэ. /х.х-ийн 134 тал/

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг шаардлагын зарим шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбар, сөрөг шаардлага гарган мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 46, 83-84 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж зохицуулсан байх тул хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргээс үзэхэд нэхэмжлэгч  М.Нямжав  нь  хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-д 2016 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь  тогтоогдож байна. /х.хийн 30 тал/

Хариуцагч “Эй  Эс Партнёрс” ХХК болон нэхэмжлэгч М.Нямжавын хооронд  хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, тус компанийн гүйцэтгэх захирлын  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар М.Нямжавыг хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд томилж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, ажил олгогч нь ажилтны дээрх ажилласан хугацааны цалин хөлсийг олгож байсан боловч, тухайн цалин хөлснөөс зохих хувь хэмжээгээр сар бүр тооцон суутгасан гэх эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад /нийгмийн даатгалын санд/ төлөөгүй, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулах хуулиар хүлээсэн үүргээ “Эй Эс Партнёрс” ХХК нь биелүүлээгүй, энэ үйл баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа болно.

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заажээ.

            Түүнчлэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

Хэргийн 75 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд “Эй Эс Парнёрс” ХХК бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж бөгөөд ажил олгогч байна.

Тус компани нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэнд олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй нь хэргийн баримтаар тогтоогдсон, ажил олгогчийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байх ба хуульд заасан дээрх үүргээ ажил олгогч буюу хариуцагч тал биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх 15 сарын хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүйгээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.Нямжав нь нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх асуудлаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргасан байх  бөгөөд, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Эй Эс Партнёрс” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хянан шалгаж, тус компани  нь  2016 оны 08 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан  3 ажилтанд олгосон 37 250 000 төгрөгийн цалин хөлсийг нийгмийн даатгалд тайлагнаагүй, хоцроосон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцлага тооцож, нийт 11 733 750 төгрөг нөхөн төлүүлэх тооцоо гаргаж байна. М.Нямжавт холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 2 362 500 төгрөг байна ...” гэх хариуг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 703, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 975 тоот албан бичгээр тус тус өгчээ. /х.х-ийн 28-29, 47 тал/

Иймд хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК нь нэхэмжлэгч М.Нямжавын 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл, ажилласан хугацаанд олгосон 7 500 000 төгрөгийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгасан  2 362 500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /нийгмийн даатгалын санд/-т нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч М.Нямжав нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийх үүргээ биелүүлэхийг хариуцагч талд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. “Эй Эс Партнёрс” ХХК нь М.Нямжаваас илүү олгосон цалин хөлс 1 236 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 50 000 төгрөг нийт 1 236 000 төгрөг гаргуулах тухай сөрөг  шаардлага гаргасан.

 М.Нямжав нь “Эй Эс Партнёрс” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэл ажиллаж байсан болох зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар бүрэн тогтоогдож байна. /х.х-ийн 28-30 тал/

 Хэрэгт баримтаар нэхэмжлэгч М.Нямжавын 1118678 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр авагдсан байх ба “ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл” гэсэн хэсэгт: “Эй Эс Партнёрс” ХХК, Хуулийн зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв. 2018.01.08. ГЗ 01/21...” гэж тэмдэглэсэн, түүнчлэн    М.Нямжавын ХААН банк дахь депозит дансны хуулгаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 412 000 төгрөгийн цалин олгосон болох нь нотлогдож байна.

Сөрөг нэхэмжлэлд “М.Нямжавыг 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй” гэх боловч, энэ талаарх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сард цалин, ээлжийн амралтын олговорт 1 019 400 төгрөг, 09 дүгээр сард цалинд 150 000 төгрөг авсан болох нь дансны хуулгаар нотлогдож байна. /х.х-ийн 5-23 тал/

Зохигчдын гаргаж буй тайлбараар М.Нямжавд 2017 оны 08 дугаар сард цалинд 412 000 төгрөг, 09 дүгээр сарын 01-нээс ээлжийн амралтаа эдлүүлэхээр  тохиролцсоны дагуу, ээлжийн амралтын олговорт 353 774 төгрөг, 09 дүгээр сарын 21-нээс 29-нийг хүртэл ажлын 7 хоногт 165 094 төгрөгийн цалин гэж тус тус олгосон гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх  ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч хуульд заасан дээрх шаардлага гаргах хугацаанд гомдлын шаардлага гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гомдлын шаардлагаа гаргаагүй гэж үзнэ.

Иймд хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн, зээлийн үлдэгдэл 50 000 төгрөгийг гаргуулж, нотлох баримтаар нотлогдоогүй илүү олгосон цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 1 236 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-ийн захирал В.Мандахад 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэж эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 153 тал/

М.Нямжавын нэхэмжлэлтэй, “Эй Эс Партнёрс” ХХК-д холбогдох иргэний хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан заалттай нийцэж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-иар нэхэмжлэгч М.Нямжавт олгосон цалингаас суутган тооцсон, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 2 352 500 /хоёр сая гурван зуун тавин хоёр мянга таван зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын /нийгмийн даатгалын санд/ хэлтэст нөхөн төлүүлэх, М.Нямжавын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-д даалгасугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлгч М.Нямжаваас 50 000 төгрөг гаргуулж, хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК олгож, сөрөг нэхэмжлэлээс 1 236 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Нямжаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 820 төгрөг, хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 35 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-иас 65 820 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Нямжавт олгох, М.Нямжаваас 4 550 төгрөг гаргуулан, хариуцагч “Эй Эс Партнёрс” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05337 тоот захирамж хэвээр хүчинтэй байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ

 

                             ШҮҮГЧИД                                Н.НАРАНГЭРЭЛ

 

                                                                              Т.НАРАНЦОГТ