Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2018/01706

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж, байр, тоотод оршин суух, дугаарын регистртэй, М.Нын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Дипломат 95 цогцолбор, 3 дугаар орц, 30 тоотод байрлах, 5801176 регистрийн дугаартай Э ХХК-д холбогдох,

 

Хохиролд нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид төлөх 2 362 500 төгрөг гаргуулах  тухай үндсэн  нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн,  1 286 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч -ийн гүйцэтгэх захирал, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Наас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Э ХХК-д хуулийн зөвлөхөөр 2018 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан. Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, гүйцэтгэх захирлын тушаалын хамт нийгмийн даатгалын дэвтрээ авахад 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, баталгаажилт хийгдээгүй байсан. Иймд дээрх асуудлаар гүйцэтгэх захирлаас тодруулахад “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс манайд шалгалт хийнэ гэсэн түр хүлээж бай” гэсэн боловч зохих арга хэмжээг аваагүй. Иймд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад захирал В.Мнь “...харилцагч байгууллагуудаас нэхэмжилсэн төлбөр хийгдэхгүй, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учир дээрх төлбөрийг ойрын хугацаанд хийх боломжгүй, санхүүжилт орж иртэл хүлээх хэрэгтэй” гэсэн. Дээрх байдлаас болж М.Н нь дараагийн ажилд орох, зээл авах, нийгмийн даатгалаас тэтгэмж авах зэрэг эрх нь хязгаарлагдах, зөрчигдөх нөхцөл байдал үүссэн тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөх 1 320 000 төгрөг нөхөн төлүүлэх тухай нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 2 362 500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба үүнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлд 1 575 000 төгрөг, алданги 787 500 төгрөг болсон, үүнийг нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд тооцон нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

 Хариуцагч  Э ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Маас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н нь манай компанид 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хойш 2017 оны 10 дугаар сарын 23-ныг хүртэл хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь бичилт хийх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар ажилтны цалингаас дээрх шимтгэлийг суутган нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэг бий. Харилцагч байгууллагууд төлбөр тооцоог цаг тухайд нь хийгээгүйгээс болоод байгууллагын ажиллагсадын цалин хөлсийг олгохын тулд зээл авч цалин олгож байсан ба одоогийн байдлаар нийгмийн даатгалын санд өр төлбөртэй байгаа.

Нийгмийн даатгалын байцаагч өр төлбөртэй учир нийгмийн даатгалын тайлан авахгүй бичилт хийхгүй байсан. Нэхэмжлэгчийн гомдлоор манай байгууллагыг нийгмийн даатгалын байгууллагаас шалгасан. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь  манайд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа. Нэхэмжлэгч нь манай компанийг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учраас хохирол учирсан гэж үзэж гэм хорын хохиролд 2 362 500 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй, нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын байгууллагын өмнөөс шимтгэл, алдангийг  нэхэмжлэх ямар нэгэн итгэмжлэл олгосон баримтгүй. Нийгмийн даатгалын байгууллага л шимтгэл, алдангийг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай  нийгмийн даатгалын тайланд нэхэмжлэгчийн цалин, шимтгэл орсон байгаа, үүнд маргаангүй учир тайлан шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Э ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гүйцэтгэх захирал В.Маас гаргасан тайлбартаа: Ц.Н нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манай байгууллагад ажил хийгээгүй тул цалин олгогдоогүй байгаа. Үүнд талууд маргахгүй байгаа. 2017 оны 09 дүгээр сард Ц.Н ээлжийн амралт авсан бөгөөд ээлжийн амралтын мөнгийг нь би буруу бодож өгсөн байдаг. 2017 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хуульчийн сонгон шалгаруулалт зарлагдсан байсан бөгөөд 2017 оны 07 сараас эхлээд шалгалт хүртэлх өдрүүдэд шалгалтад бэлдэх нэрийдлээр ажиллаж байгаагүй. Тухайн үед үргэлжлүүлэн ажиллана гэдэг тайлбар өгч байсан тул цалинг нь шийдвэрлээд өгч байсан. Хэрэгт авагдсан баримтад 2 хувааж цалинг олгодог байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж сарын цалинг сарын эхэнд бүтнээр олгодог болсон.  Ц.Н “зээлтэй учир цалинг бүтнээр нь гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 8 дугаар сарын цалинг аваад, 08 дугаар сарын 30-ны өдөр 687 400 төгрөг авсан байгаа. Энэ нь 09 дүгээр сарын цалин болох 412 000 төгрөг, 09 дүгээр сард ээлжийн амралтын мөнгө 215 000 төгрөг ба өөрөөр хэлбэл амралттай байгаа сард нь 412 000 төгрөгийн цалин илүү олгосон байгааг нэхэмжилсэн.

Сөрөг нэхэмжлэлээс 50 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил эрхлээгүй хугацааны цалин 412 000 төгрөг, 2017 оны 09 сард ээлжийн амралттай байсан хугацаанд олгосон 412 000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр 9 сарын цалин гэж дахиад 412 000 төгрөг шилжүүлсэн. Иймд нийт 1 286 500  төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх хугацаанд ажиллаж байсан талаар тайлан гаргаж өгөхгүй байгаа тул ажилласан гэдгээ нотлохгүй байна. М.Нтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй  гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил эрхлээгүй хугацааны цалин 412 000 төгрөг,  2017 оны 09 сард ээлжийн амралттай байсан хугацаанд ноогдох 412 000 төгрөг, 09 сарын цалинг аваагүй гэж маргаж улмаар хоорондоо ярилцаад 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн гэх 412 000 төгрөг гэсэн 3 өөр зүйлийг  сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байна.

Нэгдүгээрт: 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэл М.Н нь хуульчийн сонгон шалгаруулалтад бэлдэж байсан ч гэсэн ажлын цагаар ажлаа хийсэн,  ажлын бус цагаар ажлын байранд байрлан бэлдэж байсан. Ийм ч учраас ажил олгогчийн зүгээс тухайн хугацаанд цалинг олгосон. Мөн 2017 оны 09 дүгээр сард М.Н ээлжийн амралт авах байсан ч ар гэрийн шалтгаанаар ажиллах шаардлагатай байна гэдгээ В.Мд мэдэгдэж, тус сард ээлжийн амралтыг биеэр эдлэхгүй байхаар тохиролцож 2017 оны 09 сард ажилласан. Ээлжийн амралттай байсан хугацаанд ажиллаагүй гэдгийг нотолсон ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 412 000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Гэтэл М.Н нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн “Нью соник” ХХК-д ажиллаж эхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлсэн 412 000 төгрөг нь 10 сарын цалин гэсэн байдаг. Хариуцагч 10 дугаар сарын 23-ныг хүртэл ажилласан гэж байгаа, тиймээс цалингаа авах ёстой. Үүнээс хойш цалин гэх болон бусад ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Харин үлдэх 50 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөний үлдэгдэл мөн гэсэн тул үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны  төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, түүний алдангид 2 362 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 Хариуцагч байгууллага нь дээрх нэхэмжлэлийг үл зөвшөөрч нийгмийн даатгалын байгууллага манай байгууллагаас шимтгэлийг нэхэмжилсэн зүйлгүй, түүний өмнөөс шимтгэл төлүүлэхээр нэхэмжлэх эрх байхгүй, шимтгэлийг төлөөгүйгээс ямар хохирол учирсныг нотлоогүй гэж тайлбарлан маргасан.

Түүнчлэн  М.Нт ажиллаагүй хугацаанд олгосон болон ээлжийн амралтын олговортой давхардуулан олгосон цалинд 1 236 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 50 000 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаас нэхэмжлэгч тал  нь зээлийн үлдэгдэл 50 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд М.Н нь ажлаа гүйцэтгэж байсан, 09 дүгээр сард ажиллах шаардлагатай гэж тохиролцсоны дагуу ээлжийн амралтаа биеэр эдлэлгүй ажил үүргээ гүйцэтгэсэн, 10 дугаар сард бүтэн ажилласан учир цалингаа авах эрхтэй, 11 дүгээр сараас өөр компанид ажилласан гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлээс 1 236 000 төгрөгийн шаардлагыг үл зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,  сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Хэрэгт М.Ныг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр авагдаагүй ч  М.Н  нь хариуцагч Э ХХК-д  2016 оны 07 дугаар сарын 01-нээс  эхлэн хуулийн зөвлөхөөр  ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, 1118678 дугаартай М.Нын нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтаар  нотлогдсон байна.

Ажил олгогч нь ажилтан М.Нтай Хөдөлмөрийн тухай хуулийн 21., 24. дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, түүнчлэн тус компанид М.Ныг ажиллаж байх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамжийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад /нийгмийн даатгалын санд/ төлөх, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасан үүргээ биелүүлээгүй талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

2.Нэхэмжлэгч тал нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 975 дугаартай албан бичиг, түүний хавстралтуудыг үндэслэн 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртлэх 15 сарын хугацаанд өөрийнх нь цалингаас төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлд 1 575 000 төгрөгийг тооцон суутгаж нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагааны улмаас дараагийн ажилд орох, зээл авах, тэтгэмж авах эрхүүд хязгаарлагдан зөрчигдөж нийт 2 562 500 төгрөгийн хэмжээгээр хохироосон  гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байх ба хуульд заасан дээрх үүргээ ажил олгогч буюу хариуцагч тал биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

3.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан ба үүний дагуу хариуцагч нэхэмжлэгчийн дээрх 15 сарын хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчоос Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас  ажилд орох, зээл авах, тэтгэмж авах эрхүүд нь зөрчигдөж хохирсон хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй боловч  нэхэмжлэгчийн дээрх эрх нь ямар байдлаар хязгаарлагдсан, үүний улмаас ямар хэмжээний хохирол учирсан талаарх баримтгүй,  эсхүл ажил олгогчийн, ажилтны цалингаас суутгасан атлаа төлөөгүй байгаа  1 575 000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, түүний алданги 787 500 төгрөг, нийт 2 352 500 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагад төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй байна.
           

4.Хариуцагч байгууллага нь ажилтан М.Н 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаанд хуульчдын сонгон шалгаруулалтын шалгалтанд бэлтгэн үүрэгт ажлаа гүйцэтгээгүй учир энэ хугацааны цалинд олгосон 412 000 төгрөг, 09 дүгээр сард ээлжийн амралтын олговортой давхардуулан цалинд олгосон 412 000 төгрөг,  мөн 10 дугаар сард ажиллаагүй тул 06-ны өдөр олгосон 412 000 төгрөг, нийт 1 236 000 төгрөгийн цалинг илүү олгосон гэж үзэн сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

Нэхэмжлэгч М.Нын 1118678 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн “Даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл” гэсэн хэсэгт: “...Эй Эс партнёрс ХХК,  Хуулийн зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв. 2018.01.08. ГЗ 01/21...” гэж тэмдэглэсэн,   М.Нын ХААН банк дахь депозит дансны хуулгаар 2017 оны 10 дугаар сарын 06-нд 412 000 төгрөгийн цалинг олгосон байдал, хариуцагчийн “...М.Н нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2018 оны 02 дугаар сарын 08-ныг хүртэл манайд ажиллаагүй...” гэсэн тайлбар, нэхэмжлэгч талын “...2017 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан...” гэх тайлбаруудаас үзэхэд М.Н нь хариуцагч байгууллагад 2017 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хуулийн зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

5.Мөн түүнчлэн нэхэмжлэгч М.Ныг 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй талаар хариуцагч тал баримтаар нотлоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь  2017 оны 08 дугаар сард цалин, ээлжийн амралтын олговорт 1 019 400 төгрөг, 09 дүгээр сард цалинд 150 000 төгрөг авсан болох нь дансны хуулгаар нотлогдож байна.

Ажилтан М.Н нь 2017 оны 08 дугаар сард цалинд 412 000 төгрөг, талуудын тайлбарласнаар 09 дүгээр сарын 01-нээс  ээлжийн амралтаа эдлэхээр тохиролцож ээлжийн амралтын олговорт 353 774  /500 000:21,2х15 хоног/ төгрөг, 09 дүгээр сарын 21-нээс 29-нийг хүртэл ажлын 7 хоногт 165 094 төгрөгийн цалин тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тооцогдон олгогдох ёстой байсныг ажил олгогчоос олгосон байна.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх  ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор ...гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан ба үүний дагуу хариуцагч нь 2017 оны 08 дугаар сард ажиллаагүй хугацаанд олгосон цалин, 09 дүгээр сарын ээлжийн амралтын олговор дээр нэмж  олгосон цалин, 10 дугаар сард олгосон цалинд нийт 1 236 000  төгрөгийг ажилтнаас буцаан шаардсан талаарх болон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргасан талаар  баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч  нь хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 06-нд цалинг олгосноос хойш 3 сарын дотор, 2018 оны 02 дугаар сарын 08-нд М.Нын ажлаас нь чөлөөлснөөс хойш 2018 оны 05 дугаар сарын 08-ны дотор өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан гэж үзэхээр байна.   

Тодруулбал, хариуцагч нь ажилтанд илүү олгосон цалинг шаардах, зохих журмын дагуу  хуульд заасан хугацааны дотор буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны дотор шүүхэд  гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааг хэтрүүлсэн байх ба уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

 Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч М.Н нь хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол нь баримтаар нотлогдоогүй тул нийт 2 362 500 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч М.Наас 1 236 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, харин нэхэмжлэгч нь зээлсэн 100 000 төгрөгийн үлдэгдэл 50 000  төгрөгийг хариуцагчид төлөхөөр зөвшөөрсөн байх тул уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгон  шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,59 дүгээр зүйлийн 59.1.,  60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 820 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116., 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон                                                                                                                           

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Наас 50 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Э ХХК-д олгон,  хариуцагч Э ХХК-иас 2 352 500 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч М.Наас 1 236 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 820 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид 4 550  төгрөгийг гаргуулан  хариуцагчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.БАЙГАЛМАА

 

                  ШҮҮГЧИД                                     Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                  Т.ЭНХТУЯА