Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 140/ШШ2022/00319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сум багт байрлах, *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

2018 оны 8-р сарын 08-ны өдрийн тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсаны улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг нийт 6,438,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Б.*******, Д.******* /онлайнаар/, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч В., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ны Завхан салбар болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь *******ны Завхан салбарын тооцооны төвөөс 2018 оны 8-р сарын 08-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулаан өмнөх зээлийн үлдэгдэл 6,964,228.37 төгрөг дээр 800,000 төгрөгийг нэмж аваад нийт 7,764,228.37 төгрөгийн зээлийг жилийн 3.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай хүүхдийн хичээлийн хэрэгслийг авах зориулалтаар зээл авсан. Тухайн зээлийн барьцаанд гэр нэг ширхэг, зурагт нэг ширхэг гээд хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээл төлөх хуваарийн дагуу дараах төлбөрүүдийг энэ хугацаанд хийсэн. Анх үндсэн зээлийн төлбөрт 3,299,657.93 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 3,559,075.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3250.75 төгрөг нийт 6,851,984.55 төгрөгийг төлсөн. Зээлдэгчтэй 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөх хуваариар төлбөрөө бүрэн төлөөгүй. Ийм учраас банкны зүгээс зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр, үндсэн зээлийн үлдэгдэл буюу 6,323,225.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг нийт 6,408,242.60 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 177,482 төгрөг, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн 30,000 төгрөг, нийт 6,615,724.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, зээлийн төлбөрийг зээлдэгч нар сайн дураараа барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсаны дагуу гэр нэг ширхэг, зурагт нэг ширхэг хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулна. Зээлдэгч нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд хамтран зээлдэгч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн бөгөөд уг хуулийн 242 дугаар зүйлийн 242.5-д зааснаар нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь хамтран үүрээг гүйцэтгэгч *******оос зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан *******ны зүгээс гаргаж өгсөн хариуцагч *******ийн хүсэлт байгаа. уг хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ******* *******анд хүсэлт ирүүлсэн байна.Уг хүсэлтдээ зээлдэгч нас барсан тул зээлийн хүүг зогсоож өгнө үү, зээлийн гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэсэн байна. Уг хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандсан. Зээлийн хүү хэзээ зогсох вэ гэхээр аль ч арилжааны банк шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн хүү зогсоно. Хамтран зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг шүүхэд шилжүүлж зээлийн хүүг зогсоох арга хэмжээг авсан. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа. Өөр нэмж нэхэмжилсэн мөнгө байхгүй. Уг зээлийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр авахдаа хүүхдийн төлбөр, хичээлийн хэрэгсэл бэлдэхээр авсан байдаг. Зээл авсан цаг хугацааг харахаар 2018 оны 8 сард яах аргагүй сургууль цэцэрлэг орох үе байдаг. Тийм учраас уг зээлийг хүүхдийн хичээлийн хэрэгсэл авахаар авсан байна гэдэг нь харагдаж байна. Мөн үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар зээл авахдаа хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хүүхдийн төлбөрт зориулж 800,000 төгрөгийн зээлийг олгож өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан байдаг. Мөн уг зээлийг авахад гэр бүлийн хүн буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нь байснаар уг зээлийг олгосон. Гэтэл үндсэн зээлдэгч маань нас барсан байдаг. Үүний дагуу хамтран зээлдэгч маань зээлийн хүүг зогсоох хүсэлтийг банканд өгсөн байдаг. Зээлдүүлэгч буюу *******ны зүгээс хамтран зээлдэгчээс уг мөнгийг шаардах эрхтэй. Нэгэнт хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авах хүсэл зоригоо илэрхийлж зээл авсан, мөн хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээдэг учраас уг зээлийг хамтран зээлдэгчээс шаардах үндэслэлтэй. Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол гарсан. Уг тогтоолоор хэд хэдэн асуудал яригдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулах хүсэлт гаргасан учраас тухайн зээлийн барьцаанд барьцаалсан гэр болон зурагтаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн. Хамтран хариуцагч ******* нь *******анд зээл хүссэн хүсэлтийг гаргасан учраас зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тийм учраас *******ны нэхэмжилж байгаа мөнгийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний нөхөр Б. нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/201843401611 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй нийт 7,622,855.28 төгрөгийн цалингийн зээлийг *******ны Завхан салбараас авсан. Би нөхрийнхөө гуйлтын дагуу хамтран зээлдэгчээр тус зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тус зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй юм. Учир нь бид хувийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа өөр газар амьдардаг байсан. Би нэг гэрт хамт амьдардаг байснаа бодоод түүний гуйлтыг зөвшөөрсөн ба авсан зээлээ юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Намайг *******баатар хотод байх үед нөхөр Б. нь зуурдаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Талийгаач нь Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт галчийн ажил эрхэлдэг байсан ба өөрийн олсон цалин хөлс, орлогоосоо банкны өр зээлээ төлдөг байсан. Миний бие талийгаачтай тусдаа амьдарч байсан болохоор банкны өрөнд нийт хэдэн төгрөг төлсөн талаар мэдэхгүй. ******* нь зээлийн гэрээний 2.1.2-т "Зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ МNТ төрлийн бүтээгдэхүүн болно гэж зээлийн төрлөө тодорхойлсон байна. Гэтэл зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан байхад цалин орлогогүй хамтран зээлдэгч надаас зээлийг төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй юм.

Учир нь талийгаач нь сар бүрийн цалин хөлсөө барьцаалан *******наас 7,622,855.28 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь талийгаачийн цалин хөлс байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрддэг ба ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрийн хөлс юм. Ийнхүү хөдөлмөр эрхлэх, үүний төлөө цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба нөгөө талаар өөрийн орлогоо барьцаалж, цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг юм. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заасан. Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байна. Миний бие хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч зээлийг авч зарцуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс байхгүй, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйгээс тус цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 199.69 төгрөг нийт 6,408,242.60 төгрөгийн гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймд *******ны Завхан салбарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зээлийг гаргуулахаар *******наас *******ид хамтран үүрэг гүйцэтгэгчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээс тухайн зээлийг гаргуулна гэдгийг миний зүгээс боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр үндсэн зээлдэгч маань тухайн зээлийг авах үедээ Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт галч ажилтай тухайн байгууллагын цалингийн зээлтэй холбоотой зээлийн нөхцөл байдал үүссэн байна. Үндсэн зээлдэгч маань өөрөө ямар зээлийг авсан бэ гэхээр *******ны зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар зээлийг цалингийн зээлийн зориулалтай, уг зээл нь тухайн төрлийн бүтээгдэхүүн болно гэж гэрээнд заагдсан байдаг. Тийм учраас *******ны Завхан салбарын тооцооны төвөөс цалингийн зээл аваад 2019 онд нас барсан үйл явдал болсон байдаг. Энэ нь *******ид ямар хамаарлаар уг зээлийг *******ны зүгээс нэхэмжлээд байгаа нь үндэслэл муутай байна.

Нэгдүгээрт: Үүрэг гүйцэтгэгч гэдэг хүний хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ёстой. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ******* өөрөө би хамтран үүрэг гүйцэтгэгчээр ажиллана, эсхүл хамтран зээлдэгч болно гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт өнөөдрийн байдлаар *******ийн хүсэл зоригоо илэрхийлсэн баримт харагдахгүй байна. Энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр ******* зээл авах хүсэл зоригийг илэрхийлээгүй байна гэсэн үг. Мөн ******* өөрөө цалингийн зээл аваагүй байна гэсэн үг. Цалингийн зээл авахын тулд хэд хэдэн удаа хүсэлт гаргасан. Гэтэл *******наас зээл олгосон маягт дээр хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нэр томъё орж ирсэн. Тухайн зээлд хамтран үүрэг гүйцэтгэхээр хүсэл зоригоо илэрхийлээгүй *******оор уг баримт дээр гарын үсэг зуруулсан. Уг гарын үсгийг ямар үндэслэлээр яаж зуруулсан юм бэ гэдэг эргэлзээтэй асуудал үүссэн. ******* уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэнэ, үндсэн зээлдэгчид ямар нэгэн асуудал гарах юм бол би хамтран үүрэг гүйцэтгэнэ гэж хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад хамтран үүрэг гүйцэтгэгч болгосон хуучирсан үйлдэл байна гэж би үзэж байна. Цалинтай холбоотой асуудал Хөдөлмөрийн тухай хуульд заасан асуудал. Цалингийн зээл гэдэг чинь хийсэн хөдөлмөрөөрөө уг зээлийг төлнө гэсэн үг, хэрвээ уг зээлийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр төлнө гэсэн хүсэлт гаргаад түүнийг нь тухайн үед нь үнэлж дүгнээд энэ асуудлыг шийдэх ёстой байсан байна гэж харж байна. *******ны зүгээс энэ бол өрхийн зээл, хүүхдийн төлбөр, хичээлийн хэрэгслийг авахаар, уг зээл өрхөд зориулагдсан байна гэж байна. Тухайн хүн цалингийн зээлээ юунд зарцуулах уу гэдэг асуудал бол хувь хүний асуудал гэтэл түүнийг зөвхөн хүүхдийн хичээлийн төлбөр, хичээлийн хэрэгсэлд авсан гэж тухайн хүний дотоод нөхцөл байдалд гүнзгий орох нь хүний эрх зөрчсөн байна гэж харж байна. Тийм учраас ******* гэдэг хүн хамтран үүрэг гүйцэтгэгч мөн үү гэвэл биш гэж харж байна. Яагаад биш гэж үзэж байна вэ гэхээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасан байдаг. Гэтэл ******* уг зээлийг төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад банкны зүгээс үүнийг оруулж ирэх нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид зээлдүүлэгч гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл *******той энэ эрх үүрэг хэрэгжээгүй. Хэрэгжээгүй эрх үүргийг *******ны зүгээс манай байгууллага мөнгө нэхэмжлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгааг миний зүгээс үндэслэлгүй байна гэж үзэж байна. *******ны зүгээс уг зээлийг гүйцэтгэх хугацаа, биелэгдэх нөхцөл зээлийн эргэн төлөлт зэргийг тай л хийсэн. ******* зээл авах хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад ын хүсэлт дээр шууд гаргаж ирээд тавьсан нь үндэслэлгүй байна. Тийм учраас ******* Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангаагүй байна гэж үзэж байна. Үндсэн зээлдэгч маань нас барсан. Үндсэн зээлдэгч нь хэдэн төгрөгийн зээлтэй байж байгаад нас барсан гэдгийг нас барсан өдөр нь дуусгавар болгох ёстой. Үндсэн зээлдэгчийг нас барсан өдрөөр зээлийг дуусгавар болгохгүй үүнээс хойш тодорхой хугацаагаар явуулж хамтран зээлдэгчийг хамтран үүрэг гүйцэтгэгч мөн үү, биш үү гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 240 дүгээр зүйлд зааснаар ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш байна. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурахаар илэрхийлээгүй байхад нь гарын үсэг зурсан нь хэлбэрийн төдий байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч *******ны Завхан салбарын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний төлбөрт 6,408,242.60 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэг талаас *******ны Завхан салбар, нөгөө талаас зээлдэгч Б. нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, 6,964,228.37 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 800,000 төгрөгийн зээлийг авч нийт 7,764,228.37 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 4-5 дахь тал/ тогтоогдож байна.

Зээлийн барьцаанд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээгээр /х.х-ийн 6-7 дахь тал/ Завхан, , 5-р баг, хаягт байрлах гэр, зурагт зэргийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, барьцааны гэрээний хуулбараар тогтоогджээ.

Хариуцагч тус зээлийн гэрээнүүд нь зээлдэгч болон зээлдүүлэгч талуудын хооронд байгуулагдсан гэдэгтэй маргаагүй бөгөөд харин хамтран зээлдэгчийн үүргийг тус гэрээний хувьд хүлээхгүй гэж тайлбарлаж байна.

Тус гэрээнд гарын үсэг зурах үедээ бүрэн гүйцэд танилцаагүй, намайг гудамжинд явж байхад манай нөхөр аваачиж гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байна. Гэвч гэрээтэй уншиж танилцах боломжтой байсан боловч өөрөөс хамаарах шалтгаанаар танилцаагүй, зээлдүүлэгчийн зүгээс албадан гарын үсэг зуруулаагүй гэх тайлбараар хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх хүсэл зоригийн илэрхийллийн үүднээс гэрээнд гарын үсэг зурсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт, Иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ... гэж заасан байх бөгөөд өөрийн нэрээр эрх олж авсан, үүрэг хүлээснээ гарын үсгээр баталгаажуулсан байна.

Иймд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүхий зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр хариуцагч Б.******* үүрэг хүлээсэн болох нь тус гэрээний хуулбараар /х.х-4-5, 6-7, 8 дахь талд/ тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зээлийн гэрээ нь агуулга болон хэлбэр, гэрээ байгуулсан субьектив сэдэл буюу зорилго, субъектийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хэдийгээр үндсэн зээлдэгч нас барах хүртэл гэрээний үүргийн зөрчил гаргаагүй төлөлт хийж байсан ч түүнийг нас барснаас хойш төлөлт тасалдсан, иймд гэрээг цуцалж, үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 6,408,242.60 төгрөг гаргуулахаар шаардлага, үндэслэлээ тодорхойлж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зохицуулжээ.

            Нэхэмжлэгч талаас хэдийгээр үндсэн зээлдэгч нас барсан ч хамтран зээлдэгч гэрээний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх тул гэрээний үндсэн үүрэг болон зээлийн хүү, хугацаа хэтрүүлснээс үүдэх нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж, хариуцагч талаас үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн хүүг зогсоох талаар хүсэлт өгч байсан зэрэг хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн хүсэлт /х.х-11 дэх хуудас/-ээр нотлогдож байна.

Иймд зээлийн гэрээний зээлдэгч нас барснаар гэрээний үүрэг нь хамтран зээлдэгчид хамааран хэвийн үргэлжлэх боломжгүй бөгөөд харин гэрээний үлдэх үүрэг, үр дагаврыг хамтран зээлдэгчээс шаардах эрх нээлттэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн шаардлага чиглэгдэх үед үүргийг /үндсэн үүрэг бус хариуцлагын үүргийг/ хамтран хүлээх үүрэг бүхий байгаа бол хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх зохицуулалттай.

Иймд Иргэний хуулийн 242.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардаж байгаа нь хуульд нийцэх боловч түүний хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээг нөгөө үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хамаарах үүргээр тэнцвэржүүлэх шаардлагатай.

Зээлийн тооцооллын хувьд, зээлдэгчийг нас барах үед буюу хүүгийн тооцооллын үүрэг үлдээгүй байсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн зөрчилгүй байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

Зээлийн тооцоолол нь зээлдэгчийг нас барах үед 6,408,242.60 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байсан гэсэн тайлбар, тооцоололтой хариуцагч тал маргаагүй байна.

Иймд тухайн үлдэгдэл төлбөрөөр үндсэн болон хамтран зээлдэгчийн үүргийг тэнцвэржүүлж, зээлдүүлэгчээс шаардах үнийн дүн гэж үзэн 6,408,242.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд тухайн хөрөнгө нь талуудын байгуулсан барьцааны гэрээний 5.1-д зааснаар хамтран зээлдэгчээр төлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн нь агуулгын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх хүсэл зоригийн илэрхийлэл нас барсны дараа ч хүчин төгөлдөр хэвээр байх хуулийн зохицуулалттай.

Хэдийгээр хариуцагч тал барьцааны гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн боловч гэрээг барьцаалуулагч тал буюу тухайн хөрөнгийн өмчлөгчтэй байгуулсан бөгөөд энэ агуулгаараа хамтран зээлдэгч нь барьцаалуулагчийн хувиар бус харин барьцааны зүйлийн хувьд үүргийг эрхлэн гүйцэтгэх агуулгатай гэж үзэв.

Зээлийн үүргийг хариуцагч төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нь үндэслэлтэй байгаа боловч шүүх дараах үндэслэлээр барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс хангуулах боломжгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь барьцаа хөрөнгөд гэр, зурагт гэж бичигдсэн байгаа боловч барьцааны зүйл тодорхой бус, өөрөөр хэлбэл  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зээлийн хувийн хэргийг бүрдүүлэхдээ барьцаалж байгаа эд хөрөнгийг газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тулган шалгах үүрэгтэй мөн хуулийн 29.3-т Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Гэтэл нэхэмжлэгч *******ны Завхан салбар нь зээлийн хувийн хэргийг бүрдүүлэхдээ барьцааны хөрөнгийг газар дээр нь очиж шалгах үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг хэрэгт өгөөгүй байгааг харгалзан үзэж нэхэмжлэгчийн дээрх барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлалд хандахдаа улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгийг төлснийг гаргуулахыг хүссэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа учир шүүх хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг 6,408,242.60 төгрөг гэж тодорхойлон 117,482 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 117,482 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ны Завхан салбарт олгуулахаар шийдвэрлэв.     

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2. 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний төлбөрт 6,408,242.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгт холбогдох хэсэг, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 117,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ны Завхан салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ