Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 627

 

 

 

 

 

 

 

 

 

                                             “ДТҮ” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00434 дүгээр шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “ДТҮ” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ВЭЭБ” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 992 512 558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        Н.Э, Б.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ДТҮ” ХК-ийн ерөнхий захирал М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд тайлбартаа:

“ДТҮ” ХК нь хариуцагч “ВЭЭБ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ЦБ2016/04 гэдэг арматурын төмөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нийт “ДТҮ” ХК нь 281,52 тонн бүтээгдэхүүний 1 тонныг 1 260 000 төгрөг буюу нийт 354 715 200 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Энэ гэрээг байгуулснаас хойш 1 сар 20 хоногийн дараа “ДТҮ” ХК хариуцагч “Би Эйч энд Би” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дахин ЦБ2016/05 тоот бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 300 тонн арматурыг 1 тонныг 1 260 000 төгрөгөөр нийт 378 000 000 төгрөгөөр гэрээ хийсэн. Энэ 2 гэрээний хүрээнд нийт 731 132 640 төгрөгийн бүтээгдэхүүнийг “ДТҮ” ХК-иас “ВЭЭБ” ХХК-д нийлүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан баримтаар тогтоогдоно. 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар хариуцагч “ВЭЭБ” ХХК нийт 984 815 060 төгрөгийн өртэй гарсныг талууд харилцан баталгаажуулаад тамга тэмдгээ дарсан байгаа. Үүнээс нийт 984 000 000 төгрөгөөс 731 000 000 төгрөг нь арматурын өр учраас манай арматурын цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “ДТҮ” ХК зөвхөн “ВЭЭБ” ХХК-д өөрт нь зориулаад 581,52 тонн бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлээд нийлүүлсэн. Өнөөдөр нэхэмжилж байгаа алдангийн хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрээгүй, ЦБ2016/04 болон ЦБ2016/05 тоот гэрээний дагуу 732 977 280 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,05 хувийн алданги тооцохоор тохирсон. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгдөөгүй, үүнээс хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 715 хоногоор тооцоход алдангид 261 379 928 төгрөг гарсан. “ДТҮ” ХК-аас “ВЭЭБ” ХХК-д удаа дараа төлбөрөө төлөөч гэж бичгээр мэдэгдэж, утсаар холбогдож, мөн албан бичиг ч хүргүүлж байсан. Төлбөрийг төлнө гэсэн тайлбар ирүүлдэг байсан. Гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол хуулийн дагуу хандаж шийдвэрлүүлэх болно гэх байдлаар албан бичиг хүргүүлж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж уг шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 821 дүгээр шийдвэрээр эрэн сурвалжилж тогтоосон хаягаар шүүхэд хандсан. Ийм учраас гэрээний төлбөрийг алдангийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ВЭЭБ” ХХК-ийн төлөөлөгч Г.Вшүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа:

“ДТҮ” ХК-тай нэлээд олон зүйлээр холбогдож олон ажлыг хийж гүйцэтгэж өгсөн. Төлбөрийг би төлөхгүй гэж хэлээгүй. “Нисээч интернэшнл” ХХК-иас хүсэлт өгсөн. 308 000 000 төгрөгийн гэрээ хийж манай төлбөрөөс хасуулна гэж “ДТҮ” ХК “НИ ХХКхоёрын хийсэн гэрээ байгаа. “НИ ХХК“ДТҮ” ХК 2 олон жил хамтран ажиллаж байгаа. Иймд 308 000 000 төгрөгийг манайх “ДТҮ” ХК-д төлсөн гэж үзэж байна. Энэ гэрээ 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хийгдээд тэр сардаа хэрэгжсэн байхад гэрээний төлбөрөөс хасаагүй явж байгаа. Мөн 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Уул уурхайн механизмын засвар үйлчилгээний баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байдаг. Энэ гэрээгээр манай компани хүлээсэн үүргээ биелүүлээд бүх ажлаа дуусгасан, 291 000 000 төгрөгийн тооцоо нийлсэн баримт байдаг. Нэхэмжлэгч тал 752 000 000 төгрөгийн арматурыг зүгээр өгөх үндэслэл байхгүй. “ДТҮ” ХК-тай гэрээ хийнэ гэж хэлээд С М ХХК-ийн 7 500 000 төгрөгийн нэхэмжлэлтэй өрийг намайг зохицуулж өгөөч гэж гэсэн. Би 5,2 тэрбумын үнэтэй байр, арматур аваад 600 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. “ДТҮ” ХК-ийн хүмүүстэй би 4,5 удаа уулзалт хийсэн, 60,70 сая төгрөгийн үлдэгдлийг 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлье үүнтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулах саналыг “ДТҮ” ХК-д тавьсан боловч хариу өгөөгүй байгаа. Бас өөр нягтлан бүртгэлтэй холбоотой 40 000 000 төгрөг байдаг. Түүнийг манайх төлөх болж байх шиг байна. Тэгээд миний тооцоогоор 100-аад сая төгрөгийг төлнө, гэхдээ алданги нэхэх үндэслэл байхгүй. Өмнөх дарга солигдоод надаас нэхэмжилж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “ВЭЭБ” ХХК-аас гэрээнүүдийн төлбөрт 992 512 558 төгрөгийг гаргуулж “ДТҮ” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ВЭЭБ” ХХК-иас 5 120 612,79 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ДТҮ” ХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 120 612,79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Ванчинхүү давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК нь хариуцагч “ВЭЭБ” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт холбогдуулан үндсэн төлбөр 731 132 640 төгрөг, алданги 261 379 918 төгрөг, нийт 992 512 558 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 2431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Хариуцагч байгууллага анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, манай компани "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-аас 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 354 715 200 төгрөг арматур төмөр, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 378 000 000 төгрөгийн мөн арматур төмөр худалдан авсан. Дээрх худалдан авсан төмрийн үнийг бусад хэлбэрээр барагдуулахаар бид хамтран гэрээ байгуулан ажиллаж байсан. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК болон түүний охин компани болох "Кью Эс Си" ХХК мөн хариуцагч “ВЭЭБ” ХХК-нууд хамтран "2012 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэй уурхайн "Засвар үйлчилгээний төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр гурван талт гэрээ байгуулан ажилласан. Энэ гэрээт ажлын нийт төлбөр 2 491 507 200 төгрөгийн ажил байсан. Манай компани барилгын ажлыг хийж дуусгаад 2014 онд хүлээлгээд өгчихсөн байгаа. Энэ ажлын үлдэгдэл төлбөр буюу манай компанид төлөх төлбөр 291 000 000 орчим төгрөг байдаг. Үүнийг манай төлбөрөөс хасалт хийхээр бид тохирсон байдаг. Мөн "ДТҮ " ХХК болон "НИ" ХХК-иы хооронд сэлбэг хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний төлбөр 308 836 460 төгрөгийг худалдан авагч тал нь манай компанийн төлбөрөөс хасаж тооцно гэж гэрээнийхээ 5.1 дахь хэсэгт маш тодорхой заасан байдаг. Дээрх нөхцөл байдлууд байсан учир бид тухайн төлбөр тооцооны дийлэнх хувийг төлөөд дуусчихсан гээд явж байсан. Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр "ДТҮ" ХК-аас тооцоо нийлэх санал ирсэн. Ингээд бид тооцооныхоо үлдэгдлийг баталгаажуулж баримт үйлдсэн. Энэ тооцоо нийлсэн актаар манай компани "ДТҮ" ХК-нд өмнөх оны үлдэгдэл өр 133 184 920 төгрөг, мөн худалдах авах гэрээний төлбөр 851 630 140 төгрөг /энэ нь шүүхэд нэхэмжилж байгаа 731 132 640 төгрөг, "С" ХХК-аас шилжүүлэн тооцсон өр 120 497 500 төгрөг/ нийт 984 815 060 төгрөгийн өртэй гэж харилцан тооцоо нийлж гарын үсэг зурсан байдаг. Бид шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрөөс 731 132 640 төгрөгийн үндсэн өрийг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт нэхэмжлэгч байгууллага гэрээгээр тохирсон хоорондын тооцоогоор өрийг суутгахгүй гэж байгаа бол бид тухайн авлагатай компаниудаас өөрсдөө авлагаа нэхэж авах болно. Харин төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 261 379 918 төгрөгийн алданги төлүүлэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани хугацаа алдаагүй бөгөөд гурван талт гэрээгээр тохирсон тохиролцооны дагуу хоорондын тооцоогоор төлбөр хаагдсан гэж үзэж байсан. Мөн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулж харилцан тооцоо нийлсэн бөгөөд энэхүү тооцоо нийлсэн баримт дээр хугацаа алдсан тохиолдолд анз хэрэглэх талаар заагаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 261 379 918 төгрөгийн алданги төлөх үүрэг ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “ДТҮ” ХК, хариуцагч “ВЭЭБ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 992 512 558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэрээний үнэ 731 132 640 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангид 261 379 918 төгрөг төлөхийг эс зөвшөөрөн маргажээ.

 

            Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр “Цувимал бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ” тухай №ЦБ-2016/04 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч “ДТҮ” ХК нь худалдан авагч буюу хариуцагч “ВЭЭБ” ХХК 281,52 тонн бүтээгдэхүүнийг 354 715 200 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 100 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 254 715 200 төгрөгийг төлөх, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №ЦБ-2016/05 тоот гэрээгээр 300 тонн бүтээгдэхүүний үнэ 378 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 10-13 дугаар тал/

 

            “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг” бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийх гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Талууд 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Тооцооны үлдэгдлийг баталгаа”-г үйлдэж, тус байгууллагуудын хоорондын 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлээр оны эхний байдлаар 133 184 920 төгрөгийг “ВЭЭБ” ХХК төлөх үлдэгдэл бөгөөд хоёр тал 851 630 140 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ба “ВЭЭБ” ХХК нь 984 815 060 төгрөгийн өртэй гарсныг баримтаар харилцан баталсан байна. Гэрээний 7.3-т “Худалдан авагч худалдагчаас нийлүүлсэн хөрөнгийг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх бөгөөд төлбөр төлөлгүй хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,05 хувийн алдангийг худалдагч талд төлнө” гэж тохиролцжээ. / хавтаст хэргийн 14 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд зохигчдын гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээр тооцохоор заасан алдангийн талаарх зохицуулалт хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Иймд хуулиар тогтоосон шаардлага хангаагүй тохиролцоог үндэслэн нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “ВЭЭБ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үнэ 731 132 640 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ДТҮ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261 379 918 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаарын огноог 2018 оноор бичсэн нь техникийн алдаа байх бөгөөд уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00434 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “ВЭЭБ” ХХК-аас гэрээнүүдийн төлбөрт 731 132 640 төгрөгийг гаргуулж “ДТҮ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261 379 918 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “... 5 120 612,79 төгрөг”  гэснийг “ ...3 813 613 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ВЭЭБ” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 465 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО