Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/00434

 

2019 оны 02 сарын 22 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00434                             Улаанбаатар хот

 

 

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ... , өөрийн байр, Д ХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-уул дүүргийн .... тоотод байрлах, В ХХК /РД:..../-д холбогдох,

 

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 992,512,558 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э , хариуцагчийн төлөөлөгч Г.В , нарийн бичгийн даргаар Б.Баярцэнгэл нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч “Д ” ХК нь “В ” ХХК-иас нийт 992.512.558 төгрөг гаргуулахыг хүссэн, үүнээс 731.132.640 төгрөг гэрээний  төлбөр, үлдэх 261.379.918 төгрөг гэрээний алданги нэмэгдэж нийт 992.512.558 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. “Д ” ХК нь хариуцагч “В ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ЦБ2016/04 гэдэг арматурын төмөр  худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нийт “Д ” ХК  нь 281,52 тонн бүтээгдэхүүний 1 тонныг 1.260.000 төгрөг буюу нийт 354.715.200 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Энэ гэрээг байгуулснаас хойш 1 сар 20 хоногийн дараа “Д ” ХК хариуцагч “Б ” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахин ЦБ2016/05 тоот бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 300 тонн арматурыг 1 тонныг 1.260.000 төгрөгөөр нийт 378.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Энэ 2 гэрээний хүрээнд нийт 731.132.640 төгрөгийн бүтээгдэхүүнийг “Д ” ХК-иас “В ” ХХК-д нийлүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан зарлагын баримт, хүлээн авсан баримтууд, талууд тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан баримтаар тогтоогдоно. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч “В ” ХХК нийт 984.815.060 төгрөгийн өртэй гарсныг талууд харилцан баталгаажуулаад тамга тэмдгээ дарсан байгаа. Үүнээс нийт 984.000.000 төгрөгөөс 731.000.000 төгрөг нь арматурын өр учраас манай арматурын цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “Д ” ХК зөвхөн “В ” ХХК-д өөрт нь зориулаад 581,52 тонн бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлээд нийлүүлсэн. Гэрээ дараа төлөгдөх нөхцөлтэй байгуулагдсан. Өнөөдөр нэхэмжилж байгаа алдангийн хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрээгүй, ЦБ2016/04 болон ЦБ2016/05 тоот гэрээний 4.3, 7.3-т 378.000.000 төгрөг буюу 354.000.000 төгрөгийг нийлүүлээд нийт 732.977.280 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.05 хувийн алданги тооцохоор тохирсон. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгдөөгүй, үүнээс хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй  тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 715 хоногоор тооцож 261.379.928 төгрөг гарсан. “Д ” ХК-иас “В ” ХХК-д удаа дараа төлбөрөө төлөөч гэж бичгээр мэдэгдэж, утсаар холбогдож, мөн албан бичиг ч хүргүүлж байсан. Төлбөрийг төлнө гэсэн тайлбар ирүүлдэг байсан. Гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол хуулийн дагуу хандаж шийдвэрлүүлэх болно гэх байдлаар албан бичиг хүргүүлж байсан. Хариуцагч “В ” ХХК нь төлбөр төлнө гэх байдлаар хандаж байгаад сүүлдээ зугтаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж уг шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 821 дүгээр шийдвэрээр эрэн сурвалжилж тогтоосон хаягаар шүүхэд хандсан. Ийм учраас гэрээний төлбөрийг алдангийн хамт гаргуулж өгнө үү” гэв.

 

 

 

Хариуцагч В ХХК-ийн захирал Г.В  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д ” ХК-тай нэлээд олон зүйлээр холбогдож олон ажлыг хийж гүйцэтгэж өгсөн. Төлбөрийг би төлөхгүй гэж хэлээгүй. Мөн аман яриа байсан учраас энэ асуудал хойшилж явсан. “Н” ХХК-иас хүсэлт өгсөн. 308.000.000 төгрөгийн гэрээ хийж манай төлбөрөөс хасуулна гэж “Д ” ХК  “Н” ХХК 2-ын хийсэн гэрээ байгаа.  “Н” ХХК “Д ” ХК 2 олон жил хамтран ажиллаж байгаа. Иймд 308.000.000 төгрөгийг манайх “Д ” ХК-д төлсөн гэж үзэж байна. Энэ гэрээ 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийгдээд тэр сардаа хэрэгжсэн байхад гэрээний төлбөрөөс хасаагүй явж байгаа. Мөн 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Уул уурхайн механизмын засвар үйлчилгээний баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байдаг. Энэ гэрээгээр манай компани хүлээсэн үүргээ биелүүлээд бүх ажлаа дуусгасан, 291.000.000 төгрөгийн тооцоо нийлсэн баримт байдаг. Нэхэмжлэгч тал 752.000.000 төгрөгийн арматурыг зүгээр өгөх үндэслэл байхгүй. “Д ” ХК-тай гэрээ хийнэ гэж хэлээд С ХХК-ийн 7,5 сая төгрөгийн нэхэмжлэлтэй өрийг намайг зохицуулж өгөөч гэж гэсэн. Би 5,2 тэрбумын үнэтэй байр, арматур аваад 600.000.000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Өмнөх захирал байсан н.Б-тай амаар ярьсан. Би “Д ” ХК 1 сард дээр очоод 5 жил ашиглачихаад энэ байрыг хүлээж аваач гэж хэлэхэд одоо хүлээж авна гэсэн. Барилгын бутээц 5 жил өнгөрсөн учраас би бүгдийг нь шинээр авах хэрэгтэй болсон. Энэ төлөөлөгч залуу “К ” ХХК-ийн ажилтан учраас энэ талаар мэдээгүй байгаа байх. “Д ” ХК-ийн хүмүүстэй би 4,5 удаа уулзалт хийсэн,  60,70 сая төгрөгийн үлдэгдлийг 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлье үүнтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулах саналыг “Д ” ХК-д  тавьсан боловч хариу өгөөгүй байгаа. Бас өөр нягтлан бүртгэлтэй холбоотой 40.000.000 төгрөг байдаг. Түүнийг манайх төлөх болж байх шиг байна. Тэгээд миний тооцоогоор 100-аад сая төгрөгийг төлнө, гэхдээ алданги нэхэх үндэслэл байхгүй. Манай нягтлан бодох бүртгэл дээр гэрээгээ зуучилж өгөөд 5,2 тэрбум төгрөгийн өр авлагыг барагдуулж өгөхөд 630.000.000 төгрөгийн алдагдал хүлээсэн. “Д ” ХК төлөхөөр бол 7,5 тэрбум төгрөг төлөх гээд байсан. Тэнд бослого гараад ажил зогссон, өмнөх даргыг гэрчээр дуудаж ирүүлэх боломжтой. Өмнөх дарга солигдоод надаас нэхэмжилж байгаа” гэв.                                                                                                                            

 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх Д ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч  Д ХК нь худалдах, худалдан авах гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 731,132,640 төгрөг, алданги 261,379,918 төгрөг нийтдээ 992,512,558 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг хариуцагч В ХХК-д холбогдуулан  гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үлдэгдэл төлбөрт ойролцоогоор 100,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Д ХК, В ХХК-ийн хооронд 2016.05.03-ны өдөр ЦБ-2016/04 тоот Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний 1.4-т бүтээгдхүүний тоо хэмжээ 281.52 тонн, гэрээний 3.1, 3.2-т бүтээгдхүүний нэгжийн үнэ 1,260,000 төгрөг, бүтээгдэхүүний нийт үнэ 354,715,200 төгрөг, гэрээний 4.3-т худалдан авагч нь гэрээнд заасны дагуу бүтээгдхүүний төлбөрөөс 100,000,000 төгрөгийг 2016.05.20-ний дотор үлдэгдэл 254,715,200 төгрөгийг 2016.06.30-ны дотор худалдагчид төлнө” гэж тус тус заажээ.

 

Үүний дараа талуудын хооронд 2016.06.23-ны өдөр ЦБ-2016/05 тоот Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулсан, энэ гэрээний 1.4-т бүтээгдхүүний тоо хэмжээ 300 тонн, гэрээний 3.1, 3.2-т бүтээгдхүүний нэгжийн үнэ 1,260,000 төгрөг, бүтээгдхүүний нийт үнэ 378,000,000 төгрөг, гэрээний 4.3-т худалдан авагч нь гэрээнд заасны дагуу бүтээгдхүүний төлбөр 378,000,000 төгрөг, мөн 2016.05.03-ны өдрийн ЦБ-2016/04 тоот гэрээний дүн болох 354,977,280 төгрөг нийтдээ 732,977,280 төгрөгийг 2016.12.31-ний дотор худалдагчид бүрэн төлж барагдуулна гэж тус тус тохирсон байна.

 

Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний хавсралт болон Д ХК-ийн зарлагын баримтууд, 2016.07.18-ны өдрийн бүтээгдэхүүний наряд, талуудын тайлбар зэргээс үзэхэд  худалдан авагч В ХХК нийтдээ 731,132,640 төгрөгийн цувимал бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар маргаангүй боловч дээрх 2 гэрээний дагуу төлбөр төлөгдсөн эсэх талаар талуудын хооронд  маргаан үүссэн байна.

 

Талуудын хоорондын 2017.02.08-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, авлага өглөгийн тооцоо, худалдан авагч В ХХК-д хүргүүлж байсан 2017.12.18-ны өдрийн 1-3/2198-2 мэдэгдэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд ЦБ-2016/04 болон ЦБ-2016/05 тоот Цувимал бүтээгдхүүн худалдах, худалдан авах  тухай 2 удаагийн гэрээний нийт төлбөрийг 2016.12.31-ний дотор худалдан авагч бүрэн төлөөгүй байх тул гэрээнүүдийн 4.3, 7.3-т заасныг үндэслэн гэрээний төлбөрт 731,132,640 төгрөг, алданги 261,379,918 төгрөг нийтдээ 992,512,558 төгрөгийг хариуцагч В ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Д ХК-ийн нэхэмжлэлд эхний гэрээний үнийн дүн болон 2 гэрээний нийт үнийн дүн, нэхэмжлэлийн үнийн дүн өөр өөр тусгасан байх боловч зарлагын баримтыг үндэслэн худалдан авагчид бодитоор хүлээлгэн өгсөн цувимал бүтээгдэхүүний нийт үнийн дүн 731,132,640 төгрөг болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарласан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 731,132,640 төгрөг гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ”,  232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т төлбөр төлж дуусгах хугацааг заасан, гэрээний 7.4-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,05 хувийн алданги худалдагч талд төлөхөөр тохирсон байх тул 2016.12.31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 715 хоногийн алданги тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хариуцагч В ХХК-ийн захирал Г.В   шүүх хуралдааны явцад болон бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...Д ТӨХК, К  ХХК, В ХХК-ийн хооронд байгуулсан 2012.08.09-ний өдрийн гурвалсан гэрээний дагуу Д ТӨХК-ийн төлөх 291,507,200 төгрөгийг, мөн 218,400,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууцыг, Д , Н ХХК-ийн хооронд байгуулсан 2017.12.06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 5.1-д зааснаар 308,836,460 төгрөгийг, Ханбогд вест солиушн ХХК-иас нийлүүлсэн хаягдал төмрийн төлбөрийн үлдэгдэл зэргийг тус тус В ХХК-ийн өр төлбөрт шилжүүлэн тооцох, авлагаас нь хасч тооцохоор урьдчилсан байдлаар хэлэлцэж тохироод байгаа”  талаар тайлбарлажээ.

 

Шүүх хуралдааны явцад Д , Н ХХК-ийн хооронд байгуулсан 2017.12.06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 5.1-д зааснаар 308,836,460 төгрөгийг В ХХК-ийн авлагаас хасагдсан гэж хариуцагч тал тайлбарладаг боловч нотолсон баримтгүй, В ХХК-ийн өр төлбөрөөс хасагдаагүй болох нь хариуцагч талын 2019.01.18-ны өдрийн хариу тайлбараар тогтоогдсон болно.

 

Хариуцагч В ХХК 2019.01.18-ны өдрийн хариу тайлбартаа “...Н ХХК-иас төлбөр тооцоог хоорондын тооцоогоор шилжүүлэн хаах хүсэлтийг Д ХК-д хүргүүлсэн боловч төлбөрийг манай өр төлбөрөөс хасагдуулж тооцоогүй байгаа юм. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр хэлэлцэж тохироод байна” гэжээ.

 

Хариуцагч тал ЦБ-2016/04 болон ЦБ-2016/05 тоот Цувимал бүтээгдхүүн худалдах, худалдан авах  тухай 2 удаагийн гэрээний нийт төлбөрийг өөр гэрээний үүргийн гүйцэтгэлээр шилжүүлэн тооцох, авлагаас хасч тооцохоор хэлэлцэн тохирч байгаа гэх боловч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан үүрэг дуусгавар болох үндэслэлүүд, мөн хуулийн 238 дугаар зүйлд харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч буюу Д ХК нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, мөн талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэх талаар нотолсон баримтгүй тул  нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох боломжгүй болно.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.24-ний өдрийн 821 дугаар шийдвэрээр хариуцагч В ХХК болон түүний захирал Г.В г эрэн сурвалжилсан байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас олж тогтоосон хаягийн дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч харьяаллын талаар маргаагүй байна.

 

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,120,512.79 төгрөгийг гаргуулж Дарханы төмөрлөгийн  үйлдвэр ХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,120,512.79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар В ХХК-иас гэрээнүүдийн төлбөрт 992,512,558  төгрөгийг гаргуулж Д ХК-д олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В ХХК-иас 5,120,612.79 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,120,612.79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ