Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00056

 

“..ДТҮ..” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00434 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 627 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “..ДТҮ..” ХК

          Хариуцагч: “.... Би” ХХК-д холбогдох

          992,512,558 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд, Н.Энхтэмүүлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2016-05-03-ны өдөр арматурын төмөр худалдах-худалдан авах ЦБ2016/04 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нийт 281,52 тонн бүтээгдэхүүний 1 тонныг 1,260,000 төгрөг буюу нийт 354,715,200 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Энэ гэрээг байгуулснаас хойш 1 сар 20 хоногийн дараа талууд 2016-06-23-ны өдөр дахин ЦБ2016/05 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 300 тонн арматурыг 1 тонныг 1,260,000 төгрөгөөр нийт 378 сая төгрөг гэж тохирсон. 2 гэрээний хүрээнд нийт 731,132,640 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. 2017-02-08-ны өдрийн байдлаар хариуцагч нийт 984,815,060 төгрөгийн өртэй гарсныг талууд баталгаажуулсан. Нийт 984 сая төгрөгөөс 731 сая төгрөг нь арматурын өр учраас манай арматурын цувимал бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг алдангийн хамт нэхсэн. Бид 581,52 тонн бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлээд нийлүүлсэн. ЦБ2016/04 болон ЦБ2016/05 тоот гэрээний дагуу 732,977,280 төгрөгийг 2016-12-31-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,05%-н алданги тооцохоор тохирсон. Төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 715 хоногоор тооцоход алданги нь 261,379,928 төгрөг гарсан.Нийт 992,512,558 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгчтэй олон зүйлээр холбогдож олон ажлыг хийж гүйцэтгэж өгсөн. Төлбөр төлөхгүй гэж хэлээгүй. “Нисээч интернэшнл” ХХК-иас хүсэлт өгсөн. 308 сая төгрөгийн гэрээ хийж манай төлбөрөөс хасуулна гэж “..ДТҮ..” ХК, “Нисээч интернэшнл” ХХК нар байгуулсан гэрээ байгаа. “Нисээч интернэшнл” ХХК, “..ДТҮ..” ХК нар олон жил хамтран ажиллаж байгаа. Иймд 308 сая төгрөгийг манайх “..ДТҮ..” ХК-д төлсөн гэж үзэж байна. Энэ гэрээ 2017-12-06-ны өдөр хийгдээд тэр сардаа хэрэгжсэн байхад гэрээний төлбөрөөс хасаагүй. Мөн 2012-08-09-ний өдөр Уул уурхайн механизмын засвар үйлчилгээний баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байдаг. Энэ гэрээгээр манай компани хүлээсэн үүргээ биелүүлээд бүх ажлаа дуусгасан, 291 сая төгрөгийн тооцоо нийлсэн баримт байдаг. Нэхэмжлэгч тал 752 сая төгрөгийн арматурыг зүгээр өгөх үндэслэл байхгүй. “..ДТҮ..” ХК-тай гэрээ хийнэ гэж хэлээд “Содмонгол” ХХК-ийн 7,5 сая төгрөгийн нэхэмжлэлтэй өрийг намайг зохицуулж өгөөч гэсэн. Би 5,2 тэрбумын үнэтэй байр, арматур аваад 600 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. “..ДТҮ..” ХК-ийн хүмүүстэй би 4, 5 удаа уулзалт хийсэн, 60, 70 сая төгрөгийн үлдэгдлийг 06-01-ний өдрийн дотор төлье үүнтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулах саналыг “..ДТҮ..” ХК-д тавьсан боловч хариу өгөөгүй байгаа. Бас өөр нягтлан бүртгэлтэй холбоотой 40 сая төгрөг байдаг. Түүнийг манай тал төлөх болж байх шиг байна. Бидний тооцоогоор 100-аад сая төгрөгийг төлнө, гэхдээ алданги нэхэх үндэслэл байхгүй гэжээ.

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 183/ШШ2018/00434 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “.... Би” ХХК-иас 992,512,558 төгрөг гаргуулж “..ДТҮ..” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “.... Би” ХХК-иас 5,120,612.79 төгрөг гаргуулан ..ДТҮ.. ХК-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн 5,120,612.79 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 627 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00434 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “.... Би” ХХК-иас 731,132,640 төгрөг гаргуулж “..ДТҮ..” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 261,379,918 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид 3,813,613 төгрөг гаргуулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,465,000 төгрөгийг захирамжаар буцаан олгохоор заажээ.

     Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: “.... Би” ХХК үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. ЦБ2016/04, ЦБ2016/05 тоот гэрээний төлбөр 2016-12-31-ний өдрийн дотор бүрэн хийгдэж дуусах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл 2 жил 5 сар буюу 850 хоногийн хугацаанд нийлүүлсэн цувимал бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй байна. Төлбөр болон алданги төлөхийг мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд арматурын бүтээгдэхүүний төлбөр удааширснаас түүхий эд материалын таталт хийгдэхгүй удааширч, өөр эх үүсвэрээс санхүүжилт татах, түүнийхээ хүү, алданги төлөх, бусад компаниудтай арматур нийлүүлэх гэрээний үүргээ түүхий эд материал татаж чадахгүйн улмаас үйлдвэрлэлтийн хугацаа удааширч өөрсдөө алданги төлөх эрсдэл үүсч, зээл авах зэргээр маш их хэмжээгээр хохирсон. Цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд төмөр бэлтгэх, гадаад улсаас түүхий эд материалын татан авалт хийх, импортлох, төмрийг тасралтгүй цутган бэлтгэх, хайлуулах, цувих, бэлдцийг дахин халаах, эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх зэрэг олон шат дамжлагыг хамардаг бөгөөд ажилчдын цалин хөлс, тээвэрлэлт, шатахууны зардал, цахилгаан, эрчим хүчний зардал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн зардал, үйлдвэрлэлийн материалын зардал болон бусад зардлыг хамардаг өндөр өртөгтэй байдаг. Хариуцагч 2 жил 5 сарын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд их хэмжээний саад учруулсан. ЦБ2016/04, ЦБ2016/05 тоот гэрээг байгуулахдаа тодорхой хугацааны дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр, маш хямд нөхцөлөөр байгуулсан байдаг. ЦБ2016/04, ЦБ2016/05 тоот гэрээнүүдийн 7.3-т “Худалдан авагч худалдагчаас нийлүүлсэн “Хөрөнгө”-ийг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх бөгөөд төлбөр төлөлгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.05 хувийн алдангийг худалдагч талд төлнө.” гэж, мөн талууд ИХ-ийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу, ИХ-ийн 232.6-4 д заасан хувь хэмжээний дотор буюу 10 дахин бага хувь тооцон тохиролцсон. Дээрх талуудын хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан заалтыг авч үзэхэд худалдан авагч нь ЦБ2016/04, ЦБ2016/05 тоот гэрээний 4.3-т тохиролцсоны дагуу төлбөрийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн төлбөрийг огт төлөөгүй, гэрээний үүргээ бүхэлд нь буюу бүрэн биелүүлээгүй ганцхан тохиолдолд алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцон төлөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл талууд алдангийг тооцож болох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээг гэрээгээр тухайлан зохицуулсан юм. 2016-05-03-ны өдрийн ЦБ2016/04 тоот гэрээний 4.3-т “Худалдан авагч нь гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүний төлбөрөөс 100сая төгрөгийг 2016-05-20-ны дотор үлдэгдэл төлбөр болох 254,715,200 төгрөгийг 2016-06-30-ны дотор худалдагчид төлнө.” гээд 2016-06-23-ны ЦБ2016/05 тоот гэрээний 4.3-т “Худалдан авагч нь энэхүү гэрээний 3.2-т заасан бүтээгдэхүүний төлбөр болох 378сая төгрөг, 2016-05-03-ны өдөр байгуулсан ЦБ2016/04 тоот гэрээний дүн болох 354,977,280 төгрөг буюу нийт 732,977,280 төгрөгийг 2016-12-31-ний дотор худалдагчид бүрэн төлж барагдуулна.” гэж тус тус заасан. ЦБ2016/04, ЦБ2016/05 гэрээнүүдийн 4.3 дахь заалтуудаас дүгнэхэд Худалдан авагч нь гэрээнүүдийн 4.3-т заасны дагуу төлбөрийг бүрэн, зохих ёсны дагуу төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний төлбөрийг бүрэн буюу бүхэлд нь төлөөгүй ганцхан тохиолдолд төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгээс тооцон алданги төлөх тухай тохиролцоог талууд гэрээнд тусгаж, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс талуудын алданги төлөх тохиролцоо нь ИХ-ийн 232.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь талууд байгуулагдсан гэрээний алдангийн тохиролцооны дагуу худалдан авагч нь гэрээний нийт төлбөрийг огт төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу алдангийг тооцох урьдчилсан нөхцөл биелэх бөгөөд талуудын тохиролцсоны дагуу гэрээний нийт үнийн болон гүйцэтгээгүй үнийн дүн гэсэн ойлголтууд нь адил хэмжээний утгыг илэрхийлж байгаа болно. Мөн дээр дурдсаны дагуу хариуцагч нь гэрээний дагуу үүргээ огт биелүүлээгүй гэдгээ Давж заалдах шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд ЦБ2016/04, ЦБ2016/05 тоот гэрээнүүдийн дагуу төлөх нийт төлбөрийн хэмжээ болон гүйцэтгээгүй үнийн дүнгийн хэмжээ хоорондоо тэнцэж байхад шүүхээс ИХ-ийн 198.2-т заасны дагуу гэрээг агуулгаар нь тайлбарлаагүй. Талууд алданги төлөх тохиролцоог гэрээний нийт үнийн дүнгээс тооцохоор заасан боловч алданги тооцох тохиолдол нь зөвхөн худалдан авагч гэрээний дагуу бүх төлбөрийг зохих ёсны дагуу огт гүйцэтгээгүй байх тохиолдол гэдгийг шүүх авч үзээгүй, зөвхөн тухайн нийт үнийн дүн гэдэг үгийг хуулийн заалттай яг таг тулган авч үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн гэрээний заалтыг бүхэлд нь агуулгаар нь тайлбарлаж хуулийг хэрэглээгүй. ЦБ2016/04, ЦБ2016/05 гэрээнүүдийн 7.3, 7.4 дэх заалтуудад алданги төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан мөн түүнчлэн хариуцагч алдангийг үгүйсгэсэн, хүчингүй гэх талаар огт тайлбар өгөөгүй. Алданги төлөх тухай талуудын тохиролцооны болон алдангийн тухай хуулийн заалтын үг үсгийг найруулгыг үл харгалзан гэрээний талууд гэрээнүүдийн 7.3, 7.4-т заасны дагуу гэрээний аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний шийтгэл буюу алдангийг төлөх хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Хариуцагч алданги төлөх тухай заалт болон бусад гэрээний алдангийн заалттай холбоотой гомдлыг гаргаж байгаагүй, зөвхөн үндсэн төлбөр төлөлт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсон гэж маргаж алданги төлөх нөхцөл үүсээгүй гэж татгалздаг. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. ИХ-ийн 232.6-д заасны дагуу алдангийг “...0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон...” байхаар заасан,талуудын тохиролцоогоор хуульд заасан дээд хэмжээнээс 10 дахин бага, маш бага хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       “..ДТҮ..” ХК 2018-12-18-ны өдөр шүүхэд хандан, “.... Би” ХХК-иас 992,512,558 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 731,132,640 төгрөг, алдангид 261,379,928 төгрөг авна...” гэжээ.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...төлбөр төлөхгүй гэж хэлээгүй, харин өөр гэрээ байгуулан төлбөр төлөх нөхцөлийн талаар тохирч байсан тул уг тохиролцооны дагуу зарим төлбөрийг хасуулна... бидний тооцоогоор 100-гаад сая төгрөг л үлдсэн байх ёстой... алданги нэхэх үндэслэл байхгүй...” гэжээ. /хх52, 87-88/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа “...худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна...хариуцагч 731,132,640 төгрөгийн бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар маргаагүй...гэрээний мөнгийг төлөөгүй нь тогтоогдсон...гэрээний дагуу  алданги шаардсаныг буруутгах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

      Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...зохигчид гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээр алданги авах тухай заасан нь хууль зөрчсөн...” гэж үзээд   хариуцагчаас алданги гаргуулсныг хасч тооцжээ.  

      Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...алданги хасахдаа  үндэслэлгүй дүгнэлт хийсэн ....хариуцагч алдангийг үгүйсгэсэн тайлбар өгч байгаагүй...”  гэж маргасан байна.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. 731,132,640 төгрөгийн шаардлагын талаар:

       “...хариуцагч худалдан авсан цувимал бүтээгдэхүүний үнэ нийт 731,132,640 төгрөгийг  төлөөгүй...” гэж нэхэмжлэгч маргажээ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2016-05-03-ны өдрийн ЦБ-2016/04 тоот “Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-р “..ДТҮ..” ХК нийт  354,715,200 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн худалдах, “.... Би” ХХК бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

       2016-06-23-ны өдрийн ЦБ-2016/05 тоот “Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-р хариуцагч нийт 378,000,000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс худалдан авч төлбөр төлөх үүрэг хүлээжээ.

      Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иймд хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

      Анхан шатны шүүх цувимал бүтээгдэхүүний үнэ нийт 731,132,640 төгрөгийг “.... Би” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн, зохигч үүнд гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., 173 дугаар зүйлийн 173.3., 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэн дүгнэлт хийгээгүй болно. 

       Иймд хариуцагчаас гэрээний үндсэн үүрэгт 731,132,640 төгрөг гаргуулсныг хэвээр үлдээнэ.   

       2. 261,379,928 төгрөгийн шаардлагын талаар 

       “... хариуцагч алданги төлөх үүрэг хүлээсэн тул үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан 2016-12-31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018-12-18-ны өдөр хүртэл 715 хоногийн алданги 261,379,928 төгрөгийг төлүүлнэ...” гэж нэхэмжлэгч мэтгэлцсэн байна. 

       а/. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016-05-03-ны өдрийн болон 2016-06-23-ны өдрийн гэрээний 7.3-т “... төлбөр төлөлгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,05 %-н алдангийг худалдагчид төлнө..” гэж тус тус заасан байна.

      Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцагч алданги төлөхөөр талууд гэрээндээ тохиролцсон байхад давж заалдах шатны шүүх “...алдангийн хэмжээг хуульд зааснаас өөр байдлаар тогтоосон..” гэх агуулгатай дүгнэлт хийж нэхэмжлэлээс 261,379,928 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дутагдалтай болжээ. 

      Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “...анзын гэрээг бичгээр хийнэ..” гэж., 232.1 дэх хэсэгт “...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ...” гэж., 232.6 дахь хэсэгт “...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги..” гэнэ гэж тус тус заасан байна.

       Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцагч худалдан авсан эд хөрөнгийн үнээс гадна мөнгөн төлбөр төлөхөөр зохигч нар тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн “...анзын гэрээг бичгээр хийнэ..” гэснийг зөрчөөгүй  байна. 

        Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 232.3, 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзлээ.

       Хариуцагч алданги төлөх үүрэг хүлээхдээ алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаас өөр байдлаар тодорхойлсон нь мөн хуулийн 232.3-т заасан тохиролцоог үгүйсгэхгүй юм.

       Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

       б/. Анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүрэн хангасан нь үндэслэлгүй байна.

     Хариуцагч төлбөрийг 2016-12-31-ний өдрийн дотор төлнө гэж тохирсон боловч гэрээнд заасан уг хугацааг буюу төлбөр төлөх нөхцөл хугацааг талууд өөрчилж байсан нь   “..ДТҮ..” ХК, “Нисээч интернэшнл” ХХК-ийн хооронд 2017-12-06-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр тогтоогджээ.

      Тодруулбал, “..ДТҮ...” ХК /худалдан авагч/, “Нисээч интернэшнл” ХХК /худалдагч/-ийн 2017-12-06-ны өдрийн 2017/153 тоот гэрээний 5.1., 9.1.1-т зааснаар 308,836,460 төгрөгийг худалдан авагч тал нь “.... Би” ХХК-ийн авлагаас хасч тооцох /хх71/-р тохирсон байна.

      “..ДТҮ..” ХК, “Нисээч интернэшнл” ХХК-ийн хоорондын 2017-12-06-ны өдрийн 2017/153 тоот гэрээний 5.1., 9.1.1 дах заалт нь нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016.06.23-ны өдрийн ЦБ-2016/05 тоот гэрээний дагуу төлөх төлбөрийн хугацаатай холбоогүйг, мөн уг тохиролцоог “Нисээч интернэшнл” ХХК зөвшөөрөөгүйг нотлох баримт хэрэгт байхгүй байна.  

      Иймд 2016-06-23-ны өдрийн ЦБ-2016/05 тоот гэрээний 4.3-т заасан төлбөрийн зарим хэсгийг төлөх хугацааг нэхэмжлэгч нь “Нисээч интернэшнл” ХХК-тай байгуулсан 2017-12-06-ны өдрийн 2017/153 тоот гэрээгээр өөрчилж байсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн агуулгыг зөрчөөгүй гэж үзлээ.  

      “...ДТҮ...” ХК, “Нисээч интернэшнл” ХХК-ийн 2017-12-06-ны өдрийн 2017/153 тоот гэрээний 5.1., 9.1.1, 3.1-н заалтаас үзвэл төлбөрийг 2017-12-06-ны өдрөөс 25 хоногийн дотор буюу 2017-12-31-ний өдрийн дотор гүйцэтгэхээр тохирсон тул 2018-01-01-ний өдрөөс эхлэн 2016-06-23-ны өдрийн ЦБ-2016/05 тоот гэрээний алдангийг тооцно.   

      Алдангийн хугацааг 2018-01-01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2018-12-18-ны өдөр хүртэл тооцвол 350 хоногт нийт 127,948,212 төгрөгийн /731,132,640 төгрөгийн 0,05 хувь нь 365,566.32 төгрөг. 350х 365,566.32=127,948,212 / алданги төлөхөөр байна. 

      Өөрөөр хэлвэл, 261,379,928 төгрөгийн шаардлагаас 127,948,212 төгрөгийг хангаж, үлдэх  133,431,716 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.    

     Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, “.... Би” ХХК-иас гэрээний үндсэн үүрэг 731,132,640 төгрөг, алданги 127,948,212 төгрөг нийт 859,080,852 төгрөг гаргуулж, “..ДТҮ..” ХК-д олгох өөрчлөлтийг шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 627 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00434 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан “.... Би” ХХК-иас нийт 859,080,852 төгрөг гаргуулж, ..ДТҮ.. ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 133,431,706 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “....... Би ХХК-иас 5,120,612.79 төгрөг...” гэснийг “.... “.... Би” ХХК-иас 4,452,814 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 1,465,000 төгрөгийг нэхэмжлэгчид захирамжаар буцааж олгосугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ