Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 8

 

С.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0614 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0725 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: С.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУЕС-д холбогдох,

“МУЕС-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Далайхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвхатан, өмгөөлөгч Н.Ариунболд, Г.Мандахсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Далайхүү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0614 дүгээр шийдвэрээр: Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, МУЕС-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0725 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0614 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...МУЕС-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоосугай” гэснийг “...МУЕС-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоосугай...” гэж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд А.Т-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Далайхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

МУЕС- нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамж гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний 132 дугаар захирамжаар өмнө дурдсан 88 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч С.О- нь МУЕС-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтооно” гэж зааснаас үзвэл захиргааны акт цуцлагдсан, хүчингүй болж үйлчлэл нь арилсан, эсхүл дуусгавар болсон байхад шүүхээс ийм актыг хууль бус байсан гэж тогтоох шаардлагын гол нөхцөл нь “нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол” гэдгийг тогтоож өгөхөөр хуульчилсан.

Тэгэхээр энэхүү маргаанд нэхэмжлэгч нь МУЕС-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа гэдгээ шүүхэд нотлох ёстой байсан.

Нөгөө талаас анхан болон давж заалдах шатны шүүхүүд “нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхийг’' тогтоох ёстой байсан, хариуцагч болон гуравдагч этгээд шүүхүүдээс уг байдлыг тогтоохыг хүсч, маргасан болно. Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд "нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн” гэж тайлбарласан, харин ямар "ашиг сонирхол” байгаа болохоо тодорхойлж, нотолж чадахгүй байсан.

Анхан шатны шүүхийн шүүгч хөндлөнгийн байх зарчмаа алдагдуулж гуравдагч этгээдийн нэхэмжлэгчээс асуусан “нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхол байгаа юм бэ” гэсэн асуултад “эд хөрөнгийн ашиг сонирхол, оюун санааны ашиг сонирхол гэж байдаг” гэж тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно.

Ийнхүү анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан нэхэмжлэгчийн ашиг сонирхол байвал гэдгийг “оюун санааны ашиг сонирхол” гэж ойлгож хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаагаас гадна шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгч талын өмнөөс гуравдагч этгээдэд тайлбар өгч, мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөөгүй нь хууль бус юм.

Түүнчлэн шүүхүүд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхол байна гэж үзсэн талаараа шийдвэртээ дүгнэлт өгөөгүй байх тул "шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй” гэж үзэх, эсхүл шүүгчийн ярьснаар “оюуны санааны ашиг сонирхол байгаа” гэж үзсэн гэхээр байна. “Оюун санааны ашиг сонирхол” гэдэг хууль зүйн ойлголт байхгүй болохын хамт “оюун санааны ашиг сонирхол” гэдэг ойлголт нь шинжлэх ухаан талаасаа хэмжиж, тодорхой болгох боломжгүй зүйл тул энэхүү байдлаар тайлбарласан шүүгч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүхүүд нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн” гэсэн тайлбарт дүгнэлт өгч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дүгнэлт өгсөн үйл баримтад дахин дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.О-ын “С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх үйл баримтыг хэлэлцэн шийдвэрлэж, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0586 дугаар шийдвэр гарсан байсан.

Ийм учраас анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд хандан өөр шүүхэд дүгнэгдсэн үйл баримт буюу С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах асуудлыг дахин хэлэлцэхгүй байхыг, ийм үйл баримтад дүгнэлт өгөхийг хуулиар хориглосон болохыг удаа дараа сануулсан.

Гэтэл анхан шатны шүүх “Дээрх 2 захирамжид зааснаар нэхэмжлэгч С.О-ыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хугацаа нь нэг өдөр тохиож байх тул тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “ажилд эгүүлэн тогтоолгох буюу ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх асуудал байхгүй юм” гэсэн дүгнэлтийг хийжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох буюу ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар хянан дүгнэлт хийсэн гэдэг нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөөгүй болно.

Энэ байдлаар өөр шүүхэд хэлэлцэгдсэн асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.5-д заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0614 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0725 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, С.О-ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, А.Т-ныг тус хорооны даргаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилсон МУЕС-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар С.О-ын гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

Маргаан бүхий 88 дугаар захирамжид хууль зүйн үндэслэлийг дурдаагүй нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар уг захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг анх шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад МУЕС-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамжаар “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар...” гэж хуулийн үндэслэлийг тодорхой зааж, С.О-ыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр, мөн өдрийн 132 дугаар захирамжаар Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар А.Т-ныг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилж, маргаан бүхий 2016 оны 88 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.  

Ерөнхий сайдын 2016 оны 132 дугаар захирамжаар маргаан бүхий 88 дугаар захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа...” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу “...хүчингүй болгосон захирамж нь хууль бус байсан болохыг тогтоолгох...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж тайлбарлажээ.

Дээрх 131, 132 дугаар захирамжуудыг гаргасан буюу хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны акт болохыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар тогтоолд нэгэнт дүгнэсэн, энэ асуудлаар дахин дүгнэх шаардлагагүй. 

Тодруулбал, Ерөнхий сайдын 2016 оны 88 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл, энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар биш, харин маргааны гол үйл баримт болох нэгэнт хүчингүй болгогдсон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох, нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхийг тогтоох үндэслэлтэй эсэхийг дүгнэн хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байна.

Захиргааны хэргийн шүүх, хэрэг маргаан тус бүрийн онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн маргааны хувьд маргаж буй захиргааны акт холбогдох хуульд нийцэж байгаа эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх боломжтой эсэхэд нэгдмэл байдлаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээн тогтоох, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт тус тус заасан зорилт, шаардлагад нийцэх учиртай.

Энэ маргааны тухайд маргаан бүхий МУЕС-ын 88 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хууль ёсны болохыг нэгэнт дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахин уг захирамжийг хууль бус байсныг тогтоох шаардлагагүй болохыг шүүхүүд анхаараагүй, шүүхийн шийдвэрийн улмаас түүний зөрчигдсөн гэх ямар эрх, хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “...ашиг сонирхол байгаа...” гэх нөхцөлөө “...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах..., цаашид хуульд заасан хугацаагаар сунгаж үргэлжлүүлэн ажиллах боломж нээгдэнэ..., эргээд ажилдаа ороход энэ шүүхийн шийдвэр ач холбогдолтой...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь, маргаан бүхий 88 дугаар захирамж болон үүнийг хүчингүй болгон зөвтгөж гаргасан 131, 132 дугаар захирамжуудын агуулга, зорилго нь адил, нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг зөрчиж “6” жилээр томилсон асуудлаар анхнаасаа маргасан, энэ нь хууль зөрчсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэгэнт дүгнэсэн байна.

Иймээс маргаан бүхий 2016 оны 88 дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоосноор нэхэмжлэгчийн цаашид хуучин албан тушаалаа үргэлжлүүлэн ажиллах эрх ашиг байгаа гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс 88, 131, 132 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг “...маргаж байгаа актууд өөр, ...харилцан хамааралгүй...” гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзнэ.

Учир нь, маргааны үйл баримт, маргаж буй захиргааны актуудын агуулга, зорилго адил, нэхэмжлэгч, хариуцагч нь ижил байхад шүүх ”...маргаж буй актууд өөр, харилцан хамааралгүй...” гэж хэргийг нэгтгэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг буруу тайлбарлаж, маргааныг нэг ажиллагаагаар дуусгах боломжийг алдагдуулж, хэргийн оролцогчдыг чирэгдүүлсэн, агуулгын хувьд өмнөх хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдэж шийдвэрлэгдсэн асуудлаас зөрүүтэй, биелэгдэх боломжгүй, шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн үр дагаварт хүргэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн, шүүхүүд “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хууль ёсны эрх хөндөгдсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн атлаа шүүхийн тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй орхигдуулсан нь буруу байна.

Дээр дурдсаныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Далайхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0614 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0725 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 45 дугаар зүйлийн 45.1, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан “МУЕС-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай С.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Далайхүүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Х.БАТСҮРЭН

   ШҮҮГЧ                                                         Л. АТАРЦЭЦЭГ