Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 661

 

 

 

 

 

 

 

 

 

М.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00224 дүгээр шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н” ХХК, Б.Г- нарт холбогдох

 

“2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/3-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээ”-ний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг лангуу эзэмших эрхийг М.О-д шилжүүлж өгөхийг “Н” ХХК-д даалгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Б.А

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                       Ц.А,                                                                                                      

                                                                                                              Ж.Ч

Хариуцагч Б.Г-гийн өмгөөлөгч                               Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                              Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.О- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.О- нь Е1/3-2 тоот "Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ"-г "Нью Тел" ХХК-тай 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ба уг гэрээнд эрх шилжүүлэн авагч хэмээн Б.Г- гарын үсэг зурж, мөн гэрээний оролцогч болсон. Иймд тэдгээрийг хамтран хариуцагчаар татсан ба уг гэрээг байгуулах болсон үндэслэл нь:

  1. “Теди” төв нээгдэх үеэс л М.О- нь өндөр хүүтэй мөнгийг Б.Г-өөс зээлж авдаг ба эгүүлэн төлдөг байсан ба талууд энэ талаар маргадаггүй.
  2. 2006 оны зун тэрээр 5 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлдээ лангуугаа барьцаал" гэсэн тул лангуугаа барьцаалахаар "Нью Тел" ХХК-тай байгуулсан гэрээгээ судалж үзэхэд тэр талаарх зохицуулалт байхгүй байсан. Иймээс өөрийн эзэмшил лангууг барьцаалах боломжгүй болсон тул түүний шаардсаны дагуу түрээслэгчийн эрхийг Б.Г-д шилжүүлсэн.

Б.Г- нь зээлийн хүүн дээрээ орон сууц түрээслэн амьдарч байгаа тул түүний мөнгийг нэмж өг хэмээн шаардсан тул 2006 оны зунаас эхлэн түрээсийн мөнгийг оролцуулан сар бүр 500 000 төгрөг төлж эхэлсэн. Тооцоогоо нийлье, лангуугаа авъя хэмээн удаа дараа шаардаж байж тооцоо нийлэхэд 30 000 000 төгрөг төлсөн байсан тул "лангуугаа эгүүлэн авъя" гэхэд "нэмж 3 000 ам.доллар төл" хэмээн 2012 оны 12 дугаар сард Б.Г- хэлсэн. Уг "ам.долларыг төлөх боломжгүй, харин 3 000 000 төгрөг төлж болно" гэхэд "за" гэсэн тул уг мөнгийг цуглуулж байтал лангууг нь өөр этгээдэд зарсан байсан.

Ингээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргасан.

“Н” ХХК-тай байгуулсан нэмэлт гэрээ нь зөвхөн М.О-ийн гаргасан хүсэлт дээр тулгуурласан талаар гэрээний 1-д бичсэн нь Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний нөхцөлийг Б.Г- хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт гаргаагүй, төлбөрийн чадвартайгаа нотолсон тухай баримтыг хавсаргаагүй байхад түүнд эрхийг шилжүүлсэн байна. Түүнчлэн уг лангууны түрээсийн төлбөрийг М.О- төлж байсан нь баримтаар нотлогдог тул уг нэмэлт гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байсан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-ыг үндэслэн "... нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл" хэмээн тооцуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага: 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/З-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцож, уг лангуу эзэмших эрхийг М.О-д шилжүүлгийг “Н” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, Ж.Чинхүүн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н” ХХК нь үйлчилгээний байрныхаа 2 давхрын сул талбайгаа гар утас болон гар утасны дагалдах хэрэгсэл зардаг тодорхой шаардлага хангасан иргэдэд түрээслүүлдэг бөгөөд үүний дагуу М.О- нь гэрээ байгуулж түрээслэгч болсон. 2006 онд М.О- нь түрээсийн гэрээгээ өөрийн хүсэлтээр цуцалж, дуусгавар болгохоор хүсэлт гаргаснаар “Н” ХХК болон М.О- нарын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дахь хэсэгт түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт үүргээс чөлөөлөгдөнө. гэж заасан нь түрээслэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийнхөө оронд өөр түрээслэгч санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн байх нь түрээслэгч солигдох гол нөхцөл нь болж байна. Мөн түрээсийн төлбөрийг М.О- төлж байсан нь баримтаар нотлогддог тул нэмэлт гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байсан гэсэн байна. “Н” ХХК-ийн хувьд түрээсийн төлбөр төлөгдөж байх нь чухал болохоос түрээсийн төлбөрийг төлөх, төлж байсан нь чухал биш бөгөөд өөр хэн нэгэн түрээслэгчийн өмнөөс төлбөр төлөхийг хуулиар хориглосон зүйл байхгүй, энэ нь хуульд харшилсан биш юм. Иймд шүүхийн зүгээс “Н” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/З-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээ”-ний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцож. М.О-ийн нэр дээр лангуу эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг “Н” ХХК-д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хариуцагч Б.Г- надад хамааралгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Маргааны зүйл болж буй энэхүү гэрээ нь 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч М.О- нь энэ гэрээтэй холбоотой асуудлаар өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж байгаа бол 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ба тэрээр хуулийн энэхүү хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Тухайн үед түрээслүүлэгч болох “Н” ХХК нь Е1/З-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ-г байгуулахдаа энэ гэрээний агуулгыг хууль зөрчсөн гэж үзээгүй бөгөөд түрээслэгч М.О-ийн хүсэл зоригийн дагуу лангуу түрээслэх эрхийг иргэн Б.Г- надад шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч нь намайг түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт гаргаагүй, төлбөрийн чадвартайгаа нотолсон тухай баримтыг хавсаргаагүй байхад түүнд эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн мэтээр тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Миний бие нь түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр уг лангуу эзэмших эрхийг шилжүүлж авсан болно. Нэхэмжлэлийн шаардлагад тухайлбал Е1/З-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцож, М.О-ийн нэр дээр лангуу эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг “Н” ХХК-д даалгах эсэх асуудлыг шийдвэрлэхэд бидний хооронд үүссэн байсан зээлийн асуудал огт хамааралгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор нэмэлт гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч миний бие нь шүүх хуралд оролцох боломжгүй байх тул намайг эзгүйд шүүх хурлыг явуулж өгөхийг хүсч байна гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Н” ХХК болон Б.Г- нарт холбогдох 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/3-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцож, уг лангуу эзэмших эрхийг М.О-д шилжүүлж өгөхийг “Н” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо:

... М.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 224 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шийдвэрт "... энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хүсэл зоригоо өөрөө илэрхийлж, гарын үсэг зурсан тул эрх шилжүүлэх нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй" гэжээ.

Дээрх нь энгийн хэлцэлтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа бөгөөд зарим төрлийн гэрээний талаар Иргэний хуульд тусгайлан заасан. Тухайлбал Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дахь хэсэгт "Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосон" гэжээ.

Уг заалтаас үзвэл Б.Г- нь түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт гаргаж, төлбөрийн чадвартайгаа нотлох ёстой байна. Гэтэл түрээсийн төлбөрийг М.О- 2012 оныг дуустал төлж байсан ба уг баримт нь Б.Г- төлбөрийн чадваргүй байсныг болон түрээсийн гэрээний үүрэг бусад руу шилжээгүй болохыг нотолж байна.

Энэ талаар Б.Г- нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө " ... 2012 оны 11 дүгээр сар хүртэл 30 000 000 төгрөгийг шилжүүлгээр хийж дуусгасан", "Одгэрэлийг түрээсээ өөрөө төлөөд, миний өрийг дар гэж суулгаж байсан. 2012 оны 12 дугаар сар хүртэл суулгах зорилготой. Түрээсэнд заасан төлбөрийг Одгэрэл төлж байсан" гэсэн.

Б.Г- нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр " ... лангууг шилжүүлээд мөнгө төлж чадахгүй бол лангуу минийх болно гэдгийг амаар тохирсон байсан. Сүүлд гэрээг өгөх үед би 3 000 000 төгрөг бэлнээр авна гэсэн" хэмээн тайлбарласан нь барьцаа болгож лангууг өөрийн нэр дээр болгосон гэдгийг нотолж байгаа ба зээл болон бусад шаардсан мөнгийг нь М.О- төлж дуусахад нэмж 3 000 000 төгрөг шаардсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

Гэрч Б.Б 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр " ... 6-7 тоот лангуун дээр 2005 оноос хойш М.О- нь сууж үйл ажиллагаа явуулдаг болохыг мэднэ. Манай Батбаяр “Теди” төв дээр суудаг. Тэгсэн чинь М.О-ийн сууж байсан 6-7 тоот лангууг хүн зарна гэнээ би авдаг юм билүү гэхээр нь юу ярьж байгаа юм бэ, М.О-ийн лангуу шүү дээ гэсэн" гэж мэдүүлсэн нь Б.Г-д лангуу байгаагүйг нотолж байгаа бөгөөд дээрх мэдүүлэг, тайлбарыг ямар нэг байдлаар шүүхээс үнэлсэнгүй.

Эрх зөрчигдсөн гэж үзсэн үе нь 2013, 2014 онд шүүхэд хандсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ба энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч “Н” ХХК болон Б.Г-д холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/3-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг лангуу эзэмших эрхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... уг лангууны түрээсийн төлбөрийг М.О- төлж байсан тул нэмэлт гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг үндэслэн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах үндэслэлтэй” гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М.О- болон Б.Г-, “Н” ХХК нарын хооронд 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Иргэн М.О-тэй байгуулсан Е1/З-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр М.О-ийн гаргасан хүсэлтээр түүнтэй байгуулсан түрээсийн гэрээний эрх, үүргийг Б.Г-гийн нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1 хавтас 7 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байдаг бөгөөд нэхэмжлэгч М.О- өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон, хариуцагчийн тайлбар, татгалзлыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.  

 

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч М.О- хариуцагч “Н” ХХК болон Б.Г-тэй 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/3-2 тоот гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ хийсэн хугацаанаас хойш 11 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон тасалдсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантайгаар уг хугацааг хэтрүүлсэн гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО