Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00136

 

М.О.-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00224 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 661 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: М.О.-

          Хариуцагч: Б.Г-

          Хариуцагч: “Н..” ХХК-д холбогдох

          2006-07-20-ны өдрийн Е1/3-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээ”-ний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, лангуу эзэмших эрхийг М.О.-д шилжүүлэхийг “Н..” ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч “Н..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн, Ц.Ариунболд, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: М.О.- нь Е1/3-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ”-г “Н..” ХХК-тай 2006-07-20-ны өдөр байгуулсан ба уг гэрээнд эрх шилжүүлэн авагч хэмээн Б.Г- гарын үсэг зурж, мөн гэрээний оролцогч болсон. Иймд тэдгээрийг хамтран хариуцагчаар татсан. Гэрээг байгуулах болсон үндэслэл нь Т.. төв нээгдэх үеэс л М.О.- нь өндөр хүүтэй мөнгийг Б.Г-өөс зээлж авдаг ба эгүүлэн төлдөг байсан. Талууд энэ талаар маргадаггүй. 2006 оны зун тэрээр 5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлдээ лангуугаа барьцаал” гэсэн тул лангуугаа барьцаалахаар “Н..” ХХК-тай байгуулсан гэрээгээ судалж үзэхэд тэр талаарх зохицуулалт байхгүй байсан. Иймээс өөрийн эзэмшил лангууг барьцаалах боломжгүй болсон тул түүний шаардсаны дагуу түрээслэгчийн эрхийг Б.Г-д шилжүүлсэн. Б.Г- нь зээлийн хүүн дээрээ орон сууц түрээслэн амьдарч байгаа тул түүний мөнгийг нэмж өг хэмээн шаардсан тул 2006 оны зунаас эхлэн түрээсийн мөнгийг оролцуулан сар бүр 500,000 төгрөг төлж эхэлсэн. Тооцоогоо нийлье, лангуугаа авъя хэмээн удаа дараа шаардаж байж тооцоо нийлэхэд 30 сая төгрөг төлсөн байсан тул “лангуугаа эгүүлэн авъя” гэхэд “нэмж 3,000 ам.доллар төл” хэмээн 2012-12-р сард Б.Г- хэлсэн. Уг “ам.долларыг төлөх боломжгүй, харин 3 сая төгрөг төлж болно” гэхэд “за” гэсэн тул уг мөнгийг цуглуулж байтал лангууг нь өөр этгээдэд зарсан байсан. Ингээд ЧД-н цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргасан. “Н..” ХХК-тай байгуулсан нэмэлт гэрээ нь зөвхөн М.О.-ийн гаргасан хүсэлт дээр тулгуурласан талаар гэрээний 1-д бичсэн нь ИХ-н 324.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний нөхцөлийг Б.Г- хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт гаргаагүй, төлбөрийн чадвартайгаа нотолсон тухай баримтыг хавсаргаагүй байхад түүнд эрхийг шилжүүлсэн байна. Түүнчлэн уг лангууны түрээсийн төлбөрийг М.О.- төлж байсан нь баримтаар нотлогдог тул уг нэмэлт гэрээ нь өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байсан. Иймд ИХ-ийн 56.1.1, 56.1.3-ыг үндэслэн “...нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл” хэмээн тооцуулах хүсэлтэй байна. 2006-07-20-ны өдөр байгуулсан Е1/З-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцож, уг лангуу эзэмших эрхийг М.О.-д шилжүүлгийг “Н..” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч “Н..” ХХК тайлбартаа: “Н..” ХХК нь үйлчилгээний байрныхаа 2 давхрын сул талбайгаа гар утас болон гар утасны дагалдах хэрэгсэл зардаг тодорхой шаардлага хангасан иргэдэд түрээслүүлдэг бөгөөд үүний дагуу М.О.- нь гэрээ байгуулж түрээслэгч болсон. 2006 онд М.О.- нь түрээсийн гэрээгээ өөрийн хүсэлтээр цуцалж, дуусгавар болгохоор хүсэлт гаргаснаар “Н..” ХХК болон М.О.- нарын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Дээрх хэлцэлийг ИХ-ийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.3-т өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй байна. ИХ-ийн 324.1-д түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. ИХ-ийн 324.2-т түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан нь түрээслэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийнхөө оронд өөр түрээслэгч санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн байх нь түрээслэгч солигдох гол нөхцөл нь болж байна. Мөн түрээсийн төлбөрийг М.О.- төлж байсан нь баримтаар нотлогддог тул нэмэлт гэрээ нь өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байсан гэсэн байна. “Н..” ХХК-ийн хувьд түрээсийн төлбөр төлөгдөж байх нь чухал болохоос түрээсийн төлбөрийг төлөх, төлж байсан нь чухал биш бөгөөд өөр хэн нэгэн түрээслэгчийн өмнөөс төлбөр төлөхийг хуулиар хориглосон зүйл байхгүй, энэ нь хуульд харшилсан биш юм. Иймд шүүхийн зүгээс “Н..” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч Б.Г- тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага Б.Г- надад хамааралгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Маргааны зүйл болж буй энэхүү гэрээ нь 2006-07-20-ны өдөр байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч М.О.- нь энэ гэрээтэй холбоотой асуудлаар өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж байгаа бол 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ба тэрээр хуулийн энэхүү хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Тухайн үед түрээслүүлэгч болох “Н..” ХХК нь Е1/З-2 тоот .. гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг байгуулахдаа энэ гэрээний агуулгыг хууль зөрчсөн гэж үзээгүй бөгөөд түрээслэгч М.О.-ийн хүсэл зоригийн дагуу лангуу түрээслэх эрхийг иргэн Б.Г- надад шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч нь намайг түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт гаргаагүй, төлбөрийн чадвартайгаа нотолсон тухай баримтыг хавсаргаагүй байхад түүнд эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн мэтээр тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Миний бие нь түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр уг лангуу эзэмших эрхийг шилжүүлж авсан болно. Нэхэмжлэлийн шаардлагад тухайлбал Е1/З-2 тоот ..гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцож, М.О.-ийн нэр дээр лангуу эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг “Н..” ХХК-д даалгах эсэх асуудлыг шийдвэрлэхэд бидний хооронд үүссэн байсан зээлийн асуудал огт хамааралгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор нэмэлт гэрээг өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 182/ШШ2019/00224 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй М.О.-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 661 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрт “...энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. ...хүсэл зоригоо өөрөө илэрхийлж, гарын үсэг зурсан тул ...эрх шилжүүлэх нэмэлт гэрээг... хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй” гэжээ. Дээрх нь энгийн хэлцэлтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа бөгөөд зарим төрлийн гэрээний талаар Иргэний хуульд тусгайлан заасан. Тухайлбал 324.2.-т “Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосон” гэжээ. Уг заалтаас үзвэл Б.Г- нь түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлт гаргаж, төлбөрийн чадвартайгаа нотлох ёстой байна. Гэтэл түрээсийн төлбөрийг М.О.- 2012 оныг дуустал төлж байсан ба уг баримт нь Б.Г- төлбөрийн чадваргүй байсныг болон түрээсийн гэрээний үүрэг бусад руу шилжээгүй болохыг нотлож байна. Энэ талаар Б.Г- нь ЧД-ийн ЦХ-т 2013-10-17-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “..2012-11 сар хүртэл ...30 сая төгрөгийг шилжүүлгээр хийж дуусгасан”, “О.-ийг түрээсээ өөрөө төлөөд, миний өрийг дар гэж суулгаж байсан. 2012-12 сар хүртэл суулгах зорилготой. Түрээсэнд заасан төлбөрийг О.- төлж байсан” гэсэн гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд харин ч эсрэгээр нь буюу өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруу дүгнэлт хийсэн. Гэтэл тухайн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг гаргаж өгсөн. Шийдвэрт “...барьцааны гэрээний харилцаа үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл ..барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ. Б.Г- нь ЧД-ийн ЦХ-т 2013-09-13-нд “..лангууг шилжүүлээд мөнгө төлж чадахгүй бол лангуу минийх болно гэдгийг амаар тохирсон байсан. Сүүлд гэрээг өгөх үед би 3 сая бэлнээр авна гэсэн ...” хэмээн тайлбарласан нь барьцаа л болгож лангууг өөрийн нэр дээр болгосон гэдгийг нотлож байгаа ба зээл болон бусад шаардсан мөнгийг нь М.О.- төлж дуусахад нэмж 3 сая төгрөг шаардсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэрч Б.Батгэрэл 2013-10-14-нд “.. 6-7 тоот лангуун дээр 2005 оноос хойш М.О.- нь сууж үйл ажиллагаа явуулдаг болохыг мэднээ. Манай Батбаяр Т.. төв дээр суудаг. Тэгсэн чинь М.О.-ийн сууж байсан 6-7 тоот лангууг хүн зарна гэнээ би авдаг юм билүү гэхээр нь юу ярьж байгаа юм бэ, О.-ийн лангуу шүү дээ гэсэн” гэж мэдүүлсэн нь Б.Г-д лангуу байгаагүйг нотлож байгаа бөгөөд дээрх мэдүүлэг, тайлбарыг ямар нэг байдлаар анхан шатны шүүхээс үнэлсэнгүй гэсэн давах гомдлын маань 2 дахь үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн түрээсийн төлбөр төлж байсан бүхий л баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно. Шийдвэрт “..11 жилийн дараа буюу 2017 онд нэхэмжлэл гаргасан нь ..нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна” гэжээ. Эрх зөрчигдсөн гэж үзсэн үе нь 2013 он ба 2014 онд шүүхэд хандсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ба энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    М.О.- 2017-05-22-ны өдөр “Н..” ХХК болон Б.Г- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2006-07-20-ны өдрийн Е1/З-2 тоот гэрээний “эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцон лангуу эзэмших эрхийг М.О.-д шилжүүлэхийг “Н..” ХХК-д даалгахыг шаарджээ.

     “Н..” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...М.О.- түрээсийн гэрээгээ өөрөө цуцлах хүсэлт гаргасан тул цуцалсан...” гэж, Б.Г- нь “...М.О.-ийн хүсэл зоригийн дагуу гэрээ цуцлагдаж би түрээслэх эрхийг шилжүүлэн авсан... гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна...” гэж тус тус маргасан байна.  

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх Иргэний хуульд нийцсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    2005-02-24-ний өдрийн Е/З-2 дугаартай “..Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх түр гэрээ..”-р М.О.- нь “Н..” ХХК-ийн үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын зүүн жигүүрт Е зэргийн №2 тоот лангууг сарын 180,000 төгрөгөөр түрээслэхээр  тохиролцсон, 2006-07-20-ны өдөр М.О.-, Б.Г-, “Н..” ХХК нар “..эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ..” байгуулж, М.О.- нь дээр дурдсан лангуу түрээслэх  гэрээний эрх, үүргийг Б.Г-д шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

    М.О.- нэхэмжлэл гаргахдаа “...Б.Г-гөөс авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд лангуу түрээслэх эрхээ барьцаалсан бөгөөд уг хэлцэлийг халхавчлах зорилгоор нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулсан...” гээд М.О.-, Б.Г-, “Н..” ХХК нар 2006-07-20-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргажээ.  

    Барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрх юм. Нэхэмжлэгч нь “...лангуу түрээслэх эрхийг 2006 оны зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан..” гэх боловч зээлийн гэрээтэй холбоотой ямар нэг шаардлагыг шүүхэд гаргаагүй, хэний зээлж авсан хэдэн төгрөгийн зээлд лангуу түрээслэх эрхээ барьцаалсан, уг гэрээ нь дуусгавар болсон /хх1 79-82,84-86,91-94,181/ эсэх зэрэг нь тодорхойгүй байна. 

     Иймд “...нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ байгуулагдсанаас хойш түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч төлж байсан...” гэх гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар 116.3, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.   

    Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

   М.О.- нь зохигчийн хооронд 2006 онд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2017 онд гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 76-82 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

     Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ, шүүх  нэхэмжлэлийн шаардлага, талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргана.

     Шүүх хэрэгт буй баримтыг харьцуулан дүгнэж, талуудын хооронд барьцааны гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 153,154,156 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25,38 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

    Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт буй баримтын хэмжээнд  Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн   гомдлыг хангахгүй орхиж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00224 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 661 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т   заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ