Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00716

 

М.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/02340 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 296 дугаар магадлалтай,

М.О-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК, Б.Г нарт холбогдох

Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай Е1/3-2 тоот нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие одоогоос 2 жил 9 сарын өмнө Б.Гд холбогдуулан Теди төвийн 4 дүгээр давхрын 06-07 тоот лангууг эзэмшилдээ шилжүүлэн авах нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд анх гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосныг миний бие эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж магадлалыг хэвээр үлдээсэн. Хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 30-нд товлогдож нотлох баримт нэмж бүрдүүлэх үндэслэлээр хойшилсон тул миний бие хамтран хариуцагч З.Наранбаатараас татгалзаж, “Н” ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 13-нд гаргасан мөн бусад лангуугаа худалдах болон барьцаалах нь тухайн үед мөрдөж байсан журмыг зөрчиж байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-ыг үндэслэн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Гэтэл захирамжид дурдсан нотлох баримт шүүхэд ирээгүй буюу захирамжийн аль ч заалт биелэгдээгүй, хамтран хариуцагч татах миний хүсэлтийг шийдвэрлээгүй, тодруулсан шаардлагыг хариуцагчид танилцуулаагүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 16-нд хэмээн товлож надад мэдэгдэхгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан хийсэн байна. Захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан ч хангаагүй орхисон тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Е1/3-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.О-ийн “Н” ХХК-д холбогдуулан гаргасан гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч М.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэлцэл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ггийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Нэхэмжлэгч нь Е1/3-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тооцуулах тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий гэрээ нь 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Н” ХХК болон иргэн М.О- нарын хооронд байгуулагдсан байх тул миний бие уг гэрээний оролцогч биш болно. Миний хувьд хариуцагчаар татагдсан “Н” ХХК-тай ямар нэгэн хамааралгүй учраас тус компанид холбогдох хэрэгт хамтран хариуцагчаар намайг татсанд гайхаж байна. Миний бие иргэн М.О- болон түүний эхнэр Г.Сарантуяа нарт 2005 онд мөнгө зээлдүүлсэн ба тэд мөнгөө төлж чадахгүй болохоороо өөрсдийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан Теди төв дэх худалдааны талбайг З.Наранбаатарын нэр дээр шилжүүлсэн, энэ худалдааны талбайтай холбоотой асуудал надад огт хамааралгүй. Одоогийн байдлаар “Ньюком проперти” ХХК нь З.Наранбаатартай талбайн түрээсийн гэрээ байгуулсны дагуу одоо уг талбайн эзэмшигч нь З.Наранбаатар болсон байна. Яригдаж буй Теди төв дэх худалдааны талбай нь “Ньюком проперти” ХХК-ийн өмч учраас уг худалдааны талбайтай холбоотой асуудлыг тус компанид холбогдуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар хүсч буй нэмэлт гэрээ нь 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ба түүнээс хойш 11 жил өнгөрч уг гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул М.О-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/02340 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т тус тус зааснаар М.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Н” ХХК болон Б.Г нартай нэхэмжлэгчийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/3-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгч М.О-д олгож шийдвэрлэжээ.                                  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 296 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/02340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.24-ний өдрийн дугаар 296 дугаар магадлалыг хууль хэрэглээний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гэх агуулгаар тодорхойлсон байна” гэжээ. Гэвч тийнхүү тодорхойлоогүй болох нь нэхэмжлэлээс шууд харагдаж байна. ИХШХШТХ-д заасны дагуу шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан боловч хариуцагчид бичгээр гардуулаагүй хэмээн буруутгаж байх боловч ИХШХШТХ-д ийм утгатай өгүүлбэр байхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                               

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч “Н” ХХК болон Б.Гд холбогдуулан Е1/3-2 тоот Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг  хаиуцагч нар эс зөвшөөрч, “Н” ХХК “хэлцэл хуулийн дагуу хийгдсэн” гэж,    Б.Г нь “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэжээ.

Анхан шатны шүүх “Н” ХХК болон Б.Г нартай нэхэмжлэгчийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Е1/3-2 тоот “Гар утасны худалдаачдад талбай түрээслүүлэх гэрээний эрх шилжүүлэх тухай нэмэлт гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, М.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэгч М.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гэх агуулгаар тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.Г нарт тус тус гардуулсан байна.

Нэхэмжлэгчээс 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн агуулгаар түүний 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргаж байсан нэхэмжлэлийн хариуцагч нь Б.Г байсан бол харин 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь “Н” ХХК болон Б.Г нар байна.

Хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан байх боловч уг үндэслэлийн талаар хариуцагч тал тайлбар гаргах, тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцсэн гэж үзнэ. 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 296 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН