Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2019/02721/И |
Дугаар | 183/ШШ2022/01715 |
Огноо | 2022-05-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2022/01715
2022 оны 05 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2022/01715 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, С.Амарсанаагийн гудамж, 00д байр, Эмфайри оффисын 0 давхарт байрлах, ЭХХК /РД:000000/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, С.Амарсанаагийн гудамж, 00д байр, Эмфайри оффисын 0 давхарт байрлах, Э ХХК /РД:000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 хэсэг, Рояал грийн вилла А-0 байр, 000 тоот хаягт оршин суух, Т овогт Цийн П /РД:УШ91022824/-д холбогдох
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-00, өөрийн байранд байрлах, Ж ХХК /РД:000000/,
ЭХХК, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Пд холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 2.2-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 436 060 000 төгрөг болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээнүүдээр шилжүүлсэн Э ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 35 хувьтай тэнцэх 20 387 500 ширхэг хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулж ЭХХК-д олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Анх Э ХХК нь 2010 оноос хойш Ж ХХК-иас интернетийн бөөний үйлчилгээ авч эхэлсэн. 2012 оноос хойш Э ХХК-ийн хувьцааг Мобиком корпораци компаниудаас худалдаж авах санал тавьж байсан. Тухайн үед Ж ХХК-ийн удирдлагуудаас танай компаний 35 хувийн хувьцааг 2.5 ам доллароор худалдаж авах санал тавьсны дагуу манай компани Ж ХХК-тай тохиролцоод үүсгэн байгуулагч Ц.Птай 2012.11.07-ны өдөр 35 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан байдаг. Гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор 1 сая ам долларыг худалдан авагч талаас шилжүүлнэ. Үлдэгдэл 1,5 сая ам долларыг гэрээний 5.3-т зааснаар Ж ХХК-иас Э ХХК нь сар бүр авч байгаа интернэт урсгалын төлбөрийг 125 000 000 төлж дуусгана гэж тохиролцсон. Уг гэрээний дагуу 2012.10.01-ний өдрөөс 2014.02.28-ны өдөр хүртэл нийт 17 сарын хугацаанд төлбөрөө төлөхгүй, зөвхөн НӨАТ төлж явсан. 2014 оны 3 дугаар сараас Ж ХХК-д төлбөрөө төлөх талаар мэдэгдэж эхэлсэн. Ц.П болон Ж ХХК-ийн зүгээс 2014.06.17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах баримт бичгийг үйлдсэн байдаг. Гэрээн дээр 2.7 сая ам доллар өгсөн гэж бичдэг. 1,5 сая ам доллар дээр нөгөө талаас хүү нэмж бичээд байдаг үйл баримт байдаг. Татгалзсан тухай бичиг үйлдсэний 7 хоногийн дараа манайхаас авсан үл хөдлөх эд хөрөнгөө нэмээд эрх шилжүүлэх гэрээ хийгээд тодорхой хугацаанд төлбөрөө төлчих юм бол буцаагаад үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцаагаа авах болзлоо тавиад манай үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцааг худалдан борлуулах, барьцаалах итгэмжлэл авч гүйцэтгэх захирлаар н.Улаан гэх хүнийг томилсон байдаг. Энэ бүгдээс дүгнэхэд Ж ХХК-ийн зүгээс төлбөрөө 2 жил төлнө гэж тохиролцсон хирнээ бидний хувьцааг Мобиком авсан байсан бол Ж ХХК-аас үйлчилгээ авах шаардлагагүй учраас үйлчилгээгээ шахахын тулд бидний хувьцааг 2,5 сая ам доллароор авъя гэж хэлээд бүх төлбөр тооцоо дуусах үед гэрээнээс татгалзаж, гэрээнээсээ татгалзсаны 7 хоногийн дараа үл хөдлөх эд хөрөнгөө өг гэж шахалтад оруулж хавтаст хэрэгт авагдсан эрх зүйн баримт бичгүүдийг хийлгэсэн байдаг. Уг үйл явдлаас хойш 2016 оны 9 дүгээр сард Ж ХХК-иас 2012.10.01-ний өдрөөс хойш 2016.09.30-ны хүртэлх хугацааны интернэтийн төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 3,6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад уг төлбөрийн төлөх ёсгүй, яагаад гэвэл манай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан борлуулах итгэмжлэл аваад Хас банкинд 10 сая долларын барьцаанд тавьсан, мөн манай компанийн дэд захирлаар н.У гэх хүнийг томилуулж удирдлагыг албан бусаар авсан байдалтай байгаа учраас бидний зүгээс 35 хувийн хувьцаагаа шилжүүлэх тохиролцоог хийхээр тохиролцсон тухай хариу тайлбараа гаргасан. Ингээд анхан шатны шүүхээс хувьцааны төлбөрт харилцан тооцогдсон төлбөр байна гэж үзээд интернэтийн төлбөр болон хувьцааны төлбөрөөс тооцогдохгүй цаашид гаргуулах хугацааны төлбөр 338 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад шүүхээс Ц.П гэх иргэн Ж ХХК хоёр нь тусдаа байгаа учраас Ж ХХК нь төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Ц.Пын төлбөрт харилцан тооцож болохгүй агуулгаар дүгнэлт хийгээд 932 873 000 төгрөгийг Э ХХК-иас Ж ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан 2012.11.07-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй, дуусгавар болсон. Энэ гэрээнээс 2014.06.17-ны өдөр татгалзсан байдаг. 2014.06.24-ний өдөр хийгдсэн гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар шийдвэрлэх гээд явж байсан боловч мөн Ж ХХК-ийн манайд нийлүүлсэн интернэтийн төлбөрийн мөнгөн дүн орсон гэрээ байсан. Бид шүүхийн магадлал гарснаас хойш Ц.П 1 000 000 долларын өртэй, Ж ХХК-д 932 873 000 төгрөгийн өглөгтэй болсон. Шүүхийн шийдвэр маргаантай байх хугацаанд ч төлбөрөө бага багаар төлөөд явж байсан. Гэтэл Ц.П гэх хүн яриад байгаа боловч цаанаа Ж ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийн өгч, баталгаа гаргаж өг гэх шахалтыг үзүүлдэг. Үүний дагуу 2018.10.19-ний өдөр Ж ХХК-тай төлбөр барагдуулах гэрээ, Ц.Птай харилцан тохиролцооны гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд эд хөрөнгөө шууд шилжүүлж өгөхөд хайран, өөрөө бүх бизнесээ босгоод явсан учраас өр төлбөрөө төлчих юм бол үл хөдлөхөө 1 жилийн дотор буцаан худалдаж авах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Уг гэрээн дээр үндэслээд хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэн авах гэрээг байгуулсан байдаг. Энэ өдрөөс хойш манай компани Ж ХХК-д төлбөл зохих 932 873 000 төгрөгөөс 400 гаруй сая төгрөгийг сайн дураар Ж ХХК-д төлсөн байсан. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оноос хойш үүссэн байсан. Бидний зүгээс сайн дураар төлсөн төлбөрийг Ж ХХК хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд хандахаас өөр арга замгүй болсон. Процессийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд буруу, зөрүү тодорхойлсон байж магадгүй.
1 дүгээр шаардлагын тухайд: Ц.Пд төлөх ёстой 1 сая ам доллар буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх өдрийн Монгол банк ХХК-ийн ханшаар 2 563 940 000 төгрөгийг төлөх баталгаа болгож шилжүүлсэн. 1 жилийн хугацаанд төлж чадаагүй тохиолдолд өмчлөх эрх Ц.Пын нэр дээр шилжээд уг гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэй. Энэ хугацаанд манай компани төлж чадаагүй учраас үл хөдлөх эд хөрөнгөө өгөөд өр төлбөрийг хаах хүсэл зоригтой байгаа. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний 2.2-т төлбөр тооцоог бүрэн төлөгдсөн гэж заасан. Манай зүгээс үл хөдлөх эд хөрөнгөө Ж ХХК-д төлөх 932 000 000 төгрөгийн төлбөртэй нийлээд 3,5 тэрбум төлөх баталгаа болгон шилжүүлж байгаа агуулгаараа нөгөө талаас харилцан тохиролцооны гэрээнд заасан хугацаанд өр төлбөрөө төлж чадах эсэх нь эргэлзээтэй, хэрэв төлөөгүй тохиолдолд худалдан авагч Ц.П гэрээний зүйлийн үнийг төлөхгүй гэх сэдлээр уг заалтын үр дагаварын хувьд төөрөгдөж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн хэмээн тусгасан. Харин Ц.Паас үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үнэ 3 тэрбум төгрөгийг бодитоор төлөөгүй болно. Иймд уг заалт нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 58.3.4-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Хэлцлийн 2.2 дахь заалтаас бусад заалт Иргэний хуулийн 61.1-т заасан хүчин төгөлдөр байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзээд Иргэний хуулийн 243.1-т зааснаар гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө 3 тэрбумын зөрүү 428 356 150 төгрөгийг нэхэмжилж байгаа.
2 дугаар шаардлагын тухайд: Э ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 35 хувьтай тэнцэх нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 2 038 750 000 төгрөгийн үнийн дүн бүхий 20 387 500 ширхэг хувьцааг 500 000 000 төгрөгөөр үнэлэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг Ц.Птай байгуулсан. Нэхэмжлэгч нар нь өмнө дурдсан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар Ж ХХК-д төлөх 932 800 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ж ХХК-тай урьдчилан хийсэн төлбөр барагдуулах тохиролцооны дагуу компанийн хувьцаагаа шилжүүлж өгснөөс хойш 1 жилийн дотор Ж ХХК-д өр төлбөрөө төлж буцаан авах нөхцөлтэйгөөр Ц.Пд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Учир нь үргэлж Ц.П Ж ХХК-иас нийлүүлсэн интернэтийн төлбөрийг өөрийн авлага 1 000 000 ам доллартой нийлүүлж бичдэг, нэхэмжилдэг байсан бөгөөд Ж ХХК-ийн хувьд ч анхнаасаа Ц.Пын нэрийн өмнөөс хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан 2012.11.07-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцуулахаар манай Э ХХК-д интернэтийн урсгал нийлүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 932 800 000 төгрөгийг Ж ХХК-д бүрэн төлж барагдуулсан тул уг өрийг төлөх баталгаа болгон шилжүүлсэн хувьцаагаа буцаан шаардах эрхтэй. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцаагаа шилжүүлж өгсөн өдрөөс 1 жилийн дотор төлбөр авагч Ж ХХК-д өр төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд Ц.П нь хувьцааг буцааж өгнө, ийнхүү өр төлбөрөө төлж чадаагүй бол хувьцаа Ц.Пд үлдэнэ гэх тохиролцоог хийсэн хирнээ өр төлбөр бүрэн төлөгдсөний дараа Ц.П нь бидэнтэй уулздаггүй, зайлсхийдэг, шүүхэд хандсан боловч өөрөө нэхэмжлэлээ гардаж авдаггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан тодорхой бус тайлбар гаргуулдаг зэргээр хувьцааг маань буцаан өгөхөөс татгалзаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 220.1, 220.2, 220.4, 205.1-д заасны дагуу тогтоогдсон 932 800 000 төгрөгийг хүлээн авах эрхгүй этгээд Ц.Птай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс жинхэнэ үүрэг гүйцэтгүүлэгч Ж ХХК-д төлбөр бүрэн төлөгдсөн буюу гэрээ байгуулах үндэслэл илтэд өөрчлөгдөж Ц.П үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдалд хүргэж буй тул татгалзаж, тус гэрээгээр шилжүүлсэн Э ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 35 хувьтай тэнцэх 20 387 500 хувьцааг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЭХХК болон Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б нь иргэн Ц.Паас зээлийн гэрээ байгуулж дансаар 1 сая ам.доллар болон Ж ХХК-иас авч байсан бөөний интернэт урсгалын төлбөр болох 1,5 сая ам.доллар, нийт 2,5 сая ам.долларыг зээлж авсан юм. Тухайн үед Ж ХХК нь ЭХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг Э ХХК-д интернет урсгалын бөөний үйлчилгээний төлбөрт авах ёстой 1,5 сая ам.долларыг захиран зарцуулахтай холбоотой бүрэн эрхийг Ц.Пд олгосон юм. Үүнээс хойш нэг ч төлбөр төлөгдөхгүй байсаар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт үйлдэж ЭХХК-иас 2 661 047 ам.доллар төлөхөөр болж, үүний дагуу 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж Э ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг болон тус компанийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар Ц.Пд шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл үүнээс хойш БНСУ-ын иргэн Б нь элдэв янзын шалтаг зовлон хэлэх байдлаар цаг хугацаа авсаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгах санаа зорилготой байсан болох нь тодорхой болсон тул 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн захирал Б-д албан бичиг хүргүүлсэн ба 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б нь Ц.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдож өөрийнхөө мэйл хаягаасаа харилцан тохиролцооны гэрээ байгуулъя гэсэн санал тавьж гэрээний загвар явуулсан байсан ба талууд зөвшилцөлд хүрч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцооны гэрээ-г байгуулсан байдаг юм. Б-ийн саналын дагуу гэрээ байгуулах өдрийн ам.долларын ханш акт үйлдсэн үеийнхээс өндөр зөрүүтэй байсан тул акт үйлдэж тооцоо нийлж тогтоосон 2 661 047 ам.долларыг тухайн акт үйлдсэн өдрийн ханшаар хөрвүүлэн тооцож Э ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг 3 000 000 000 төгрөгөөр, тус компанийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг 500 000 000 төгрөгөөр тооцохоор гэрээнд тусгасан. Үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр холбогдох гэрээ, хэлцлүүдийг байгуулж нотариатаар батлуулаад дээрх хөрөнгүүдийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийлгэсэн юм. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нь болсон үйл явдлыг өөрийн хүсэл, ашиг сонирхолд нийцүүлэх байдлаар найруулан тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэснийг зөрчиж байна. Нэхэмжлэгч тал 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 2.563,94 төгрөг байсан гэж 1 000 000 ам.долларыг хөрвүүлж 2 563 940 төгрөг гэж тооцоолол гаргаж, үүнээс зөрүү мөнгө авна гэж тооцсон байна. Хэрэв бид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ханшаар ам.долларыг тооцсон бол актаар тооцоо нийлсэн 2.661.047 ам.долларыг хөрвүүлбэл 6 822 764 845.18 төгрөг болно. Үүнээс үл хөдлөх эд хөрөнгө болон 35 хувийн хувьцааны нийт үнэ болох 3 500 000 000 төгрөгийг хасвал 3 382 764 845,18 төгрөг үлдэх ба шүүхийн шийдвэрээр төлсөн гэх 932 873 000 төгрөгийг уг дүнгээс хасвал 2 449 891 845.18 төгрөгийн үлдэгдэлтэй гарч байна. Ийм байдлаар тооцоо гаргаж байгаа бол ЭХХК нь ийм үлдэгдэл төлбөртэй болж байгаа. Харин бодит байдал дээр 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Тодруулбал, тухайн өдрийн 1 ам.доллар 1 825,14 төгрөгийн ханштай байсан ба 2 661 047 ам.доллар нь 4 856 783 321.58 төгрөг болж байсан. Үүнээс шүүхийн шийдвэрээр төлсөн гэх 932 873 000 төгрөгийг хасаж тооцоход 3 923 910 321,58 төгрөг болж, үл хөдлөх хөрөнгө болон 35 хувийн хувьцааны үнэ болох 3 500 000 000 төгрөгийг хасахаар 423 910 321.58 төгрөгийн үлдэгдэл гарч, үүнээс бусад тооцоог нийлээд 113 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарч байсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал Ц.Пыг 1 000 000 000 ам.доллар авах ёстой, харин Ж ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу 932 873 000 төгрөг төлсөн, өөр төлбөр байхгүй гэсэн агуулгатай тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна. Хоёрдугаарт: Ц.П Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсноор гүйцэтгэх захирал Б-ийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж шинэ гүйцэтгэх захирлыг томилох, компанийн санхүү, тайлантай холбоотой болон бусад асуудлуудыг шийдвэрлэх учиртай байсан боловч БНСУ-ын иргэн Б нь элдэв янзын арга хэрэглэж хурал хийхгүй саад хийж хувьцаа эзэмшигчийн, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосоор байна. Нэхэмжлэгч гаргах эрхгүй этгээд компанийн тухай хуулийг зөрчсөн асуудал байдаг. Зөрүү мөнгийг Ц.Паас гаргуулах ёстой гээд 35 хувийн хувьцааны мөнгийг өгөөгүй, 1 тэрбум долларын зөрүү 436 000 000 төгрөгийг өгөх ёстой гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, Ж ХХК нь өөрийн 1.5 сая ам.долларыг Ц.Пд захиран зарцуулах эрхийг олгосон учраас өнөөдрийг хүртэл ямар нэг маргаан гаргаагүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр шийдсэн Ж ХХК-ийн үйлчилгээний төлбөртэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн судлан өөрийн дотоод итгэлээр үнэлэн,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...Ц.Пд төлөх ёстой 1 сая ам доллар буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх өдрийн Монгол банкны ханшаар 2 563 940 000 төгрөгийг төлөх баталгаа болгож шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн хэмээн тусгасан. Харин Ц.Паас үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үнэ 3 тэрбум төгрөгийг бодитоор төлөөгүй болно. Иймд уг заалт нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 58.3.4-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Хэлцлийн 2.2 дахь заалтаас бусад заалт Иргэний хуулийн 61.1-т заасан хүчин төгөлдөр байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзээд Иргэний хуулийн 243.1-т зааснаар гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө 3 тэрбумын зөрүү 428 356 150 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн нэхэмжлэгч Э ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 932 800 000 төгрөгийг Ж ХХК-д бүрэн төлж барагдуулсан тул уг өрийг төлөх баталгаа болгон шилжүүлсэн Э ХХК-ийн 35 хувийн хувьцааг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч ...Нэхэмжлэгч нар хариуцагчид төлөх өр төлбөрийн тооцоог үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Маргаж буй гэрээ хэрэгжээд дуусгавар болсон. Нэхэмжлэгч шаардах эрхгүй. Гэрээнд буцаан худалдан авах болзол тавьсан боловч нэхэмжлэгч хариуцагчид төлбөл зохих өр төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон Э ХХК-ийн хувьцааг эрүүлэн авах эрхээ алдсан... гэж нэхэмжлэлийг үгүйсгэв.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Э ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Их тойруу 21 хаягт байрлах 1,260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Ц.Пд 3 000 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 2.2-т төлбөр төлөх нөхцөл-төлбөр бүрэн төлөгдсөн гэж тусгагджээ./хх-ийн 20-21/
Гэрээний 2.2 дахь заалтыг нэхэмжлэгч ...бодит байдалд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдөөгүй...гэх үндэслэлээр тухайн заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаварыг арилгуулахаар шаардсан. Тодруулбал, гэрээгээр тохиролцсон 3 000 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн төлөгдөөгүй байхад төлбөр бүрэн төлөгдсөн гэж тодорхойлсон нь бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж, үр дагаврыг шаардахдаа хоорондын тооцоотой холбоотой хариуцагчид төлөх төлбөрөө хасаж, зөрүү мөнгийг гаргуулахыг хүссэн агуулгатай байна.
Э ХХК болон Ц.П нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Харилцан тохиролцооны гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Их тойруу-21, Ситинэт барилга хаягтай, улсын бүртгэлийн Ү-00000006 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Пын өмчлөлд шилжүүлж өгөх, мөн Э ХХК-ийн 35 хувь буюу 20 387 500 ширхэг хувьцааг Ц.Пд шилжүүлж өгөх, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК нь эргүүлэн худалдаж авах эрхийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх, худалдаж авах үнэ 3 000 000 000 төгрөг байхаар, мөн Э ХХК нь хувьцааг шилжүүлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хувьцааг эргүүлэн худалдаж авах эрхийг хэрэгжүүлэх, хувьцаа худалдаж авах үнэ нь 500 000 000 төгрөг байхаар тохирчээ./хх-ийн 13/
Дээрх гэрээг хэрэгжүүлэх зорилгоор талуудын одоогийн маргааны эрх зүйн баримт бичиг болох 2018.10.26-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2018.10.26-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2018.10.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдийг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 14-24/
Нэхэмжлэгчээс дээрх хэлцлүүдийг хийх болсон шалтгаан үндэслэлээ ...2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбон тайлбарлаж байх бөгөөд уг гэрээний агуулгыг талууд ЭХХК нь Э ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс иргэн Ц.Паас зээл авах санал гаргаж улмаар талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан юм. Энэхүү гэрээний зорилго нь ЭХХК нь Э ХХК-ийн нийт хувьцааны 35 хувиас илүү хэсгийг шилжүүлэх баталгаатайгаар 2,5 сая ам.долларын хүүгүй, хөрвөгч зээл авахаар тус гэрээний 5.1-д тодорхой заасан байдаг. Гэрээнд зааснаар 1 сая ам.долларыг бэлнээр шилжүүлж, 1,5 сая ам.долларыг Ж ХХК-иас авч байсан интернэт үйлчилгээний төлбөрөөс суутган тооцуулж Ц.П гэрээний үүргээ биелүүлж ЭХХК-д зээл олгосон байдаг юм. Гэтэл ЭХХК нь гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрэх болсон тул дараах байдлаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. Үүнд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт үйлдэж ЭХХК нь 2 661 047 ам.доллар төлөхөөр болсон... гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан.
Маргаж буй 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Э ХХК болон Ц.П нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.1-т заасан гэрээний нэрлэсэн үнэ болох 3 000 000 000 төгрөгийг 2.2-т бүрэн төлөгдсөн талаарх хийсэн тохиролцоог төөрөгдөж хийсэн гэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн харилцан тохиролцооны гэрээнээс дүгнэхэд төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотойгоор нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, төлбөл зохих өр төлбөрөө барагдуулснаар буюу 6 сарын хугацаанд эргүүлэн худалдан авах нөхцөлийг тохирсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Ц.П нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Пыг 428 356 150 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.
Түүнчлэн, талуудын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулах урьтал нөхцөл болсон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн харилцан тохиролцооны гэрээний 1 дүгээр зүйлийн 2-т шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг эргүүлэн худалдан авах эрхийг Б тал /ЭХХК/ нь шилжүүлэн өгсөн өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийг Б тал эргүүлэн худалдан авах эрхийн хугацаанд А тал /Ц.П/ нь гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй захиран зарцуулахгүй. гэх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
4.2. Нэхэмжлэгч нар нь ...Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 1871 дугаартай магадлалаар Ж ХХК-д төлөх 932 800 000 үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Э ХХК-ийн 35 хувийн хувьцааг хариуцагч Ц.Пд шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн учир компанийн хувьцааг хариуцагчаас буцаан шаардана. Хувьцааг буцаан шилжүүлж аваагүй тохиолдол нэг өрийг хоёр удаа давхардуулан төлж хохирч байгаа гэж тайлбарлав.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00793 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөрт хамаарах хугацааны интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх, интернэтэд зориулан өндөр хурдны тоон суваг түрээслэх гэрээний үүрэг 3 604 824 510 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн ба уг шийдвэрт Э ХХК-ийн 35 хувийн хувьцааг хариуцагч Ц.Пд шилжүүлсэн үйл баримтыг дүгнэн 2 216 000 000 төгрөг буюу 1 500 000 ам.долларыг суутган үүргийг харилцан тооцсон агуулгаар дүгнэн шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалаар, Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 671 951 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо,..иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан өр төлбөр шилжүүлэх, зээл тооцох асуудлаар хийгдсэн гэрээний харилцааг зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шууд хамааруулах үндэслэл тогтоогдохгүй байна. гэж дүгнэсэн байх бөгөөд 932 873 000 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж Ж ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 109-128/
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн магадлалд заасан 932 873 000 төгрөгийг давхардуулан төлсөн гэх тайлбар үндэслэлгүй. Тодруулбал 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь магадлалд заасан төлбөр төлөгдсөнөөр хариуцагчаас буцаан шилжүүлэх үүрэг үүснэ гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4-т гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөхгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхийг зохицуулсан
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулах урьтал нөхцөл болсон 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн харилцан тохиролцооны гэрээний 2 дугаар зүйлийн 2-т шилжүүлэгдсэн хувьцааны хувьд Б тал /ЭХХК/ шилжүүлэн өгсөн өдрөөсөө хойш 1 жилийн хугацаанд хувьцаагаа эрүүлэн худалдаж авах эхийг хэрэгжүүлэх эрхтэй. 2 дугаар зүйлийн 3-т хувьцааг эргүүлэн худалдаж авах үнэ нь 500 000 000 төгрөг байна. гэх тохиролцооноос үзэхэд гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа өөрчлөгдсөн, үүний дагуу гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүссэн гэх үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанд хувьцааг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 265 дугаар зүйлийн 265.1, 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК, ЭХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436 060 000 төгрөг гаргуулах, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20 387 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай хариуцагч Ц.Пд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ