| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2018/01668/И |
| Дугаар | 660 |
| Огноо | 2019-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 660
“Г Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00456 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ш.О-, Б.А- нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 542 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
С.Б
Хариуцагч Ш.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т
Хариуцагч Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Хариуцагч Б.А-ийн өмгөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Билэгсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ш.О- болон Б.А нар нь манай байгууллагатай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 83/ЗГ дугаартай "Зээлийн гэрээ" байгуулан 25000000 /Хорин таван сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулан зээлж авсан. 2016 оны 6 дугаар сарын 23 өдөр 83/ЗГ-02 дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулан 13 000 000 төгрөг нэмж олгон нийт зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг болсон. Үүний дараагаар 2016 оны 9 сарын 1 өдөр 83/ЗГ-ОЗ дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулж 83/ЗГ зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар буюу 2017 оны 3 сарын 1 өдөр хүртэл сунгасан. Улмаар 2017 оны 6 сарын 20 өдөр 83/ЗГ-04 дугаартай зээлийн гэрээний нэмэлт байгуулан 83/ЗГ зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 сарын 01 өдрийг хүртэлх сунгаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 25 000 000 төгрөг болгон тодорхойлсон. Зээлийг олгохдоо талуудын хооронд дараах "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зохих бүртгэлийг хийлгэсэн. Зээлийн гэрээний үндсэн болон нэмэлт хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Ш.О- болон Б.А- нараас 83/ЗГ дугаартай "Зээлийн гэрээ"-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 25000000 төгрөг, үндсэн хүү 12997500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1710000 төгрөг нийт 39707500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 0-р хороо, 0-р хороолол, 00-р байр 00 тоот хаягт байрлах Ү-2205059816 улсын бүртгэлийн дугаар болон 000406298 гэрчилгээний дугаар бүхий 55м.кв орон сууцаар хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.З нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:
Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Ш.О- болон Б.А- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч өнөөг хүртэл тухайн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. 2019-01-21 өдөр нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлсэн. 2019-01-29-ний өдрийн шүүх хуралд хэрэг эцэслэн шийдэгдээгүй 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл дахин хойшилсон тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна.Үүнд нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаа (бодогдсон өдөр-301хоног)-ны зээлийн хүү болох 11287500 (Арван нэгэн сая хоёр зуун наян долоон мянга таван зуу) төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 2,257,500 (хоёр сая хоёр зуун тавин долоон мянга таван зуу) төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 51542500 (Тавин нэгэн сая таван зуун дөчин хоёр мянга таван зуу) төгрөг болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ш.О-гийн нөхөр Н.Ганбаатар өөрийн байраа 50 000 000 төгрөгөөр үнэлж 37 000 000 төгрөгийг өөрийн зээлээс, үлдсэнийг Ш.О-гийн зээлийн төлбөрөөс хасуулж, зээлийн үлдэгдлийг 25 000 000 төгрөгөөр тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.10 болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байгаа. Энэ үүргийнх нь дагуу бид нэхэмжлэлээ гаргасан байгаа. Бид зээлдэгчийн хүндрэлтэй байдлыг харгалзаж үзэж тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж 9 гаруй сая төгрөгийг хассан. Ш.О- зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд зайлшгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээгүй. Талуудын гаргасан хүсэлтийн дагуу бид зээл олгосон. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хэдий ч нэхэмжлэлээ татан авах эрхтэй учраас нэхэмжлэлээ татан авсан гэж бичсэн байгаа. Тиймээс хэргийг шийдвэрлэх боломжтой. Манай үйл ажиллагааг зогсоосон, түдгэлзүүлсэн баримт байхгүй учраас манайх зээл олгох эрх бүхий этгээд, уг үйл ажиллагааг хугацаагүй эрхлэхээр гэрчилгээгээ шинэчилж авсан. Зээл эргэн төлөх график тохиролцоогүй учраас манайх нэмэгдүүлсэн хүүг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Г Ф ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг асуудлаар “Г Ф ББСБ” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед Говь финанс итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах гэх хүн утсаар эвийн журмаар хэргээ шийдвэрлэвэл хэн хэнд нь амар гэх мэтээр шүүхэд нэхэмжлэл өгснийхөө дараагаас ярих болсон. Ингээд Говь финанс ББСБ-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр нөхөр Н.Г-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамжны 0а байрны 00 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгч байсан. Ингээд эвлэрч уг асуудлыг дууссан гэж ойлгосон. Гэтэл “Г Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах нь миний эрх зүйн мэдлэггүйг ашиглан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан татан авсан байна. Н.Ганбаатарын өмчлөлийн байрыг шилжүүлэн авахдаа бидэнд эвлэрч байна. Уг асуудал ингээд дууссан гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр манай нөхрийн байрыг авч захиран зарцуулчхаад дахиад их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр Ш.О- надтай байгуулсан гэх гэрээг хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байгаа тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг “Г Ф ББСБ” ХХК-д үүсгэхгүй. Нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээл гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, шаардахын тулд хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэх гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүйн дээр миний зүгээс тус зээлийн төлөлтөд их хэмжээний мөнгийг төлсөн. Иймээс нэхэмжлэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Ш.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангахгүй учир хүү, алданги тооцох эрхгүй. Анх 25 000 000 төгрөг, дараа нь 13000000 төгрөг авсан асуудал байгаа. Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан баримт болон нэхэмжлэгч байгууллагын өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтаар 37000000 төгрөг төлсөн нь харагдаж байна. Тэгэхээр зөрүү мөнгийг нь л өгнө үү гэхээс хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан байхад хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй. Анх манайх 25000000 төгрөг авъя гэсэн боловч дансны хуулгаар 24750000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр 2475000 төгрөг шилжүүлчхээд 25000000 төгрөг нэхэмжлэх боломж байхгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ. Хэрэгт авагдсан баримтаас харахад талууд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулдаг. Талууд олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараагаар гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага хуулийн дагуу гэрээ байгуулсан гэж ярих үндэслэлгүй. Хуулийн дагуу гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй. Шаардах эрх бий болохгүй. Тэгэхээр зээлүүлсэн 24 750 000 төгрөг болон 13 000 000 төгрөгийг л төлнө. Манайхаас одоо 200 гаруй мянган төгрөг төлөх тооцоо гарч байгаа. Банк бус санхүүгийн байгууллага гэж үзсэн ч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл зээл хүссэн өргөдөл байхгүй, зээлийг хэн авч, юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй. Өргөдлийг тодорхой авах ёстой. Хууль тогтоомжид зайлшгүй зээлдэгчийн өргөдлийг авна гэж заасан. Мөн зээлийн байгуулсан гэрээнүүдийг харахаар 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэйгээр хийсэн. Тухайн гэрээгээ сунгахдаа өмнөх гэрээний нөхцөл хэвээр л гэж бичиж байгаа. Иргэний хуулийн 41, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Сунгаж байгаа гэрээнүүд дээр хүү тогтоосон нөхцөл байхгүй. Үнэхээр хүү тохирсон бол зээлийн төлөлтийн график дээрээ тодорхой бичих ёстой. Гэтэл огт график байхгүй байж хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцно гэж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцно гэдэг. Гэтэл зээл төлөлтийн хуваарь байхгүй байхад яаж хувиар зөрчигдсөн гэж үзэх юм. Нэмэгдүүлсэн хүү тооцох эрх байхгүй. 13 000 000 төгрөгийн гэрээг өмнө ерөнхий гэрээндээ нийцүүлэн хийсэн гэж тайлбарлаж байгаа. 13 000 000 төгрөгийн гэрээний хүү, хугацаа нь тодорхойгүй. 13 000 000 төгрөгийн гэрээн дээрээ хүү тооцсон талаарх тохиролцоо баримтаа нэхэмжлэгч тал гаргаж ирэх хэрэгтэй. Нэхэмжлэгч ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй, 13 000 000 төгрөг дээрээ хүү тохиролцоогүй байж, сүүлд нөхөж хүү тооцож гэрээ хийж байгаа нь хуульд нийцэхгүй. Сүүлд хийсэн гэрээ хуульд нийцэхгүй. 13 000 000 төгрөгийн гэрээнд хүү тооцох боломжгүй. Энэ нэхэмжлэлийг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад нэхэмжлэлээ татаж авч байсан. Гэтэл нэхэмжлэлээ татан авсныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэж Иргэний хуульд заасан. Нэхэмжлэлийн шаардлагаас 200 гаруй мянган төгрөгийг манайх төлнө гэжээ.
Хариуцагчийн Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Г Ф ББСБ” ХХК-тай 83/ЗГ 83-БГ байгуулж иргэн Ш.О-тай 25 000 000 төгрөгийг хамтран эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлэхээр болсон. Гэвч тус мөнгөнөөс иргэн А нэг ч төгрөг олгогдоогүй бөгөөд Алтанхуяг нь ямар нэгэн байдлаар захиран зарцуулахад огт оролцоогүй. Хэргийн материалтай танилцан үзэхэд Говь финанс ББСБ болон Ш.О- нарын хооронд А-гийн зөвшөөрөлгүй зээлийн гэрээний нэмэлт 83/ЗГ-01, 83/ЗГ-02, 83/ЗГ-ОЗ, ВЗ/ЗГ-04 байгуулсан байна. Эдгээр нэмэлт гэрээнүүдийг хэзээ байгуулж хэдэн төгрөг авсан талаар огт мэдээгүй. Ингэж нэмэлт гэрээ байгуулан зээл авч байгаа тухай Алтанхуягт нэг ч удаа ББСБ-аас мэдэгдэж байгаагүй болно. 2015 оны 9 сарын 1 өдөр байгуулсан ВЗ/ЗГ 83/БГ-нд А хамтарч гэрээ байгуулсан байхад яагаад нэмэлт гэрээнүүдийг түүний зөвшөөрөлгүйгээр зөвхөн Ш.О-тай байгуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Ш.О-д зээл авах гэрээ сунгах эрх олгоогүй байхад “Г Ф ББСБ” ХХК-аас энэ талаар Б.А-т мэдэгдэж тодруулалгүй нэмэлт гэрээнүүд байгуулж байгаа нь Б.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй байж зээлийн хамтран хариуцагч болж, өөрийн хувийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Алтанхуягт холбогдуулан гаргаж байгаа хэсгийг болон үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийг Ш.О-д өгчхөөд зээлээ төлүүлэх болохоор Б.А-ийн байраар төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллага маш өндөр хүүтэй зээл олгодог. Бид нарт мэдэгдээгүй Ш.О-д нэмэлтээр зээл олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Их Өлзийт овогт Шархүүгийн Одонтуяа, Боржигин овогт Баасангийн Алтанхуяг нараас 435 580,54 /дөрвөн зуун гучин таван мянга таван зуун наян төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, хариуцагч Их Өлзийт овогт Ш.О 13 000 000 /арван гурван сая/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38 106 919,46 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О-, Б.А- нараас 435 580,54 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 17 дугаар байр 50 тоотод байршилтай 30 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014576 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №83/ЗГ-02 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 870 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.О-, Б.А- нараас улсын тэмдэгтийн хураамжид 13 717 төгрөг, хариуцагч Ш.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 222 950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Г.З давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхээс талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан 83/ЗГ дугаартай "Зээлийн гэрээ"-г ...хуульд заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна." гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаас 38 106 919,46 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт "Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно" гэж заасан байх энэхүү хуулийн заалтад нийцүүлэн. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр "Зээлийн гэрээний нэмэлт" байгуулсан бөгөөд шинэ хугацааг тоолохдоо 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл байхаар тохиролцож гэрээнд тусгасан нь холбогдох хуулийн заалтад бүрэн нийцсэн үйлдэл болсон гэж үзэж байна.
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэхдээ Ир хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан зүйл заалтад нийцүүлэн хугацааг зов тодорхойлсон тул энэхүү хуулийн заалтуудыг зөв уялдуулан хэрэгжүүлсэн болно. Учир нь зайлшгүй болох үйл явдал буюу зайлшгүй төлбөр төлөгдөх үйл явдлын хугацааг талууд харилцан тохиролцсоноор гэрээг дууссан өдрөөс нь үргэлжлүүлэн сунгасан нь дээрх хуулийн заалтад бүрэн нийцсэн.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан "Зээлийн гэрээний нэмэлт" гэрээнүүд нь сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд ямар нэг шахалт, дарамт дор хийгдээгүй бөгөөд зээлдэгч тал сунгасан хугацааг хүлээн зөвшөөрч тухай бүр гарын үсэг зуран баталгаажуулж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар огт маргаагүй болно.
Шүүгч нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрийг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний заалт болон хугацаа сунгасан гэрээг үндэслэлгүйгээр хүчингүйд тооцсоны улмаас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг бууруулсныг үл зөвшөөрч байна. 83/ЗГ дугаартай зээлийн гэрээний 2.9-д төлбөр төлөгдөх дарааллыг тогтоосон бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл гэрээнд заасан дарааллаар төлбөрийг хуваарилан бодох ёстой бөгөөд энэ хугацаанаас хойш дахин зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул үүнээс хойших төлөлтийг Иргэний Хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг хуваарилах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлийг дээр дурдсан тул хүү тооцоолол болон төлөгдсөн төлбөрийн хуваарилалт байна.
83/ЗГ дугаартай зээлийн гэрээний хүү тооцоолол:
3ээлийн дүн 25 000 000 төгрөг, хүү нь 4,5 хувь, хугацаа нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, нийт бодогдох хүү 6 750 000 төгрөг байна. Нийт төлөлт 13 677 600 төгрөг, үндсэн зээл 6 927 600 төгрөг, хүүний төлбөр 6 750 000 төгрөг байна.
83/ЗГ дугаартай зээлийн гэрээний нэмэлт гэрээнүүдийн хүү тооцоолол:
Үлдэгдэл зээлийн дүн 18 072 400 төгрөг, хүү 4,5 хувь, хугацаа нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, нийт бодогдох хүү 14 638 644 төгрөг байна. Нийт төлөлт 15 071 500 төгрөг, үндсэн зээл 432 856 төгрөг, хүүний төлбөр 14 638 644 төгрөг байна.
83/3Г дугаартай зээлийн гэрээний нэмэлт гэрээнүүдийн хугацаа дууссанаас хойших хүү тооцоолол:
Үлдэгдэл зээлийн дүн 17 639 544 төгрөг, хүү 4,5 хувь, хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, нийт бодогдох хүү 14 288 030,64 төгрөг байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 17 639 544 төгрөг, хуримтлагдсан хүү 14 288 030,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 857 606,13 төгрөг нийт дүн 34 785 180,77 төгрөг байна.
Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээгээр 13 000 000 төгрөгийг нэмж олгосон бөгөөд энэхүү гэрээгээр хүү тохироогүй тул хүү тооцох эрхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Тухайн нэмэлт зээлийг олгохдоо 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 83 ЗГ тоот зээлийн гэрээнд дараах нэмэлтийг оруулж байна... хэмээн гэрээний дугаар огноо зэргийг тодорхой дурдаж улмаар ...Зээлийн гэрээнд дээрх нэмэлтийг оруулсан нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээний нөхцөл өөрчлөгдөх. үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд бусад бүх заалт хэвээр дагаж мөрдөгдөнө хэмээн тодорхой дурдсан. 83/ЗГ тоот зээлийн гэрээнд зээлийн хүүг тодорхойлсон бөгөөд нэмэлт гэрээгээр энэхүү хүүгийн нөхцөлийг Зээлдэгч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн холбогдох заалтуудад бүрэн нийцэж байх тул нэмэлтээр авсан 13 000 000 төгрөгт хүү тооцох үндэслэлтэй юм.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний нэмэлт хүчин төгөлдөр тул 13 000 000 төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү болох 13 802 100 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй болохыг анхаарч үзнэ үү.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК нь хариуцагч Ш.О-, Б.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51 542 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.
Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 83/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулан “Г Ф ББСБ” ХХК-аас Ш.О-, Б.А- нар 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэй зээлж, мөн “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол 105 тоот байрны 69 тоот байршилтай 55 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.
/1 хавтас 6-8 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно. Өөрөөр хэлбэл талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээг хуулиар тогтоосон хэлбэр шаардлагад нийцүүлэн байгуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ш.О- нь “Г Ф ББСБ” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээний нэмэлт” №83/ЗГ-01 гэсэн гэрээг байгуулж, уг гэрээгээр 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан,
2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр №83/ЗГ-02 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж 13 000 000 төгрөг зээлсэн,
2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр №83/ЗГ-03 тоот зээлийн гэрээний нэмэлт гэсэн гэрээг байгуулж 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан.
2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №83/ЗГ-04 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн №83/ЗГ гэрээг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгасан тухай баримтууд авагдсан байна. /1 хавтас 9-12 дугаар тал/
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Ш.О- анхны зээлийн гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээнүүдийг байгуулсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд дээрх зээлийн нэмэлт гэрээнүүдэд зээлдэгч Ш.О- Б.А-ийг төлөөлж гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасан. Хэргийн 13 дугаар талд төлөөлүүлэгч Б.А-аас Ш.О-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрч холбогдох гэрээ хийх гарын үсэг зурах зөвшөөрлийг олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу итгэмжлэлийн үгийг шууд утгаар нь авч үзвэл Б.А- нь Ш.О-д өөрийн хөрөнгөө барьцаанд тавиулахыг зөвшөөрч, уг барьцаатай холбоотой гэрээ хийхийг зөвшөөрсөн агуулгатай байна. Иймээс зээлийн гэрээний сунгалт хийхийг Ш.О-д зөвшөөрсөн агуулга байхгүй байх тул дээрх зээлийн гэрээнүүдэд Б.А-ийг төлөөлж Ш.О- гэрээг сунгах эрхгүй байна. Иймээс дээрх нэмэлт гэрээнүүдээр 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээг сунгасан гэж үзэхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Түүнчлэн, 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сунгаж байгаа нь гэрээний хугацаа дууссан өдрөөс хийх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ. Харин анхан шатны шүүх “Г Ф ББСБ” ХХК болон Ш.О- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр Ш.О- 13 000 000 төгрөгийг зээлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заалттай нийцжээ.
Зохигчид Ш.О-д 13 000 000 төгрөгийн зээл олгох гэрээндээ хугацаа дуусгавар болсон гэрээг ишлээд хүү төлөх тухай агуулгыг заасан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу талууд хүүгийн хэмжээний талаар тодорхой зааж тохиролцоогүй тул хүүгийн талаарх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК болон Ш.О- нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг стандарт гэрээ гэж үзнэ. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах бөгөөд зээлийн хүүг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлдэг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2017/07634 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Г Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.О-, Б.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46 280 496 төгрөгийг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хариуцагч талаас нэхэмжлэлийг татгалзсан болон түүнтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн тайлбар, татгалзлыг анхан шатны шүүхэд гаргаагүй, давж заалдах гомдолд энэ талаар дурдаагүй байх тул талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
/1 хавтас 94-95 дугаар тал/
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ц.ИЧИНХОРЛОО