Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2022/01670

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: П ХХК

Т ХХК-ийн өмчлөлийн 8 ширхэг нэхмэлийн машиныг Т ХХК-д буцаан шилжүүлэхийг П ХХК-д даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний төлбөрт 768 828 597 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан өмчлөлийн 8 ширхэг нэхмэлийн машиныг Т ХХК-д буцаан шилжүүлэхийг П ХХК-д даалгахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Т ХХК нь П ХХК-тай 2018 оны 09 сарын 24-ний өдөр IPSA 020/2018 дугаар хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Т ХХК нь 10 ширхэг нэхмэлийн машиныг шилжүүлэн өгөх, түрээслэгч П ХХК нь урьдчилгаа төлбөрт 96 580 ам.доллар өгч, үлдэгдэл 386 320 ам.долларыг жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор Т ХХК, П ХХК нар нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр ЗХХАГБГ 020/2018 дугаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, П ХХК-ийн орлого, авлага, бараа материал болон түрээслүүлэн өгсөн 10 ширхэг нэхмэлийн машиныг тус тус барьцаалсан. Гэтэл П ХХК нь 2020 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд 2021 оны 03 сарын 12-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 386 320 ам.доллар /1 100 807 250.4 төгрөг/, хүү 29 325.66 ам.доллар /83 562 588.4002 төгрөг/, алданги 9 020.90 ам.долларын /25 704 783.923 төгрөг/ төлбөртэй байна. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний 13.2, 13.2.2, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 5.1.8-д зааснаар түрээсийн гэрээг цуцлах болон барьцааны эрх хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Т ХХК нь 2020 оны 11 сарын 02-ны өдөр 2 ширхэг нэхмэлийн машиныг актаар эзэмшилдээ шилжүүлэн авч, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч П ХХК нь төлөлт хийсэнгүй. Иймд түрээсийн гэрээ, барьцааны гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 69878 серийн дугаартай 12 gauge LL-Hook машин, 69555 серийн дугаартай 12 gauge LL-Hook машин, 69531 серийн дугаартай 12 gauge LL-Hook машин, 69578 серийн дугаартай 12 gauge LL-Hook машин, 69532 серийн дугаартай 12 gauge LL-Hook машин, 69849 серийн дугаартай 12 gauge LL-Hook машин, 65162 серийн дугаартай 7 gauge ММ-Ноок машин 65163 серийн дугаартай 7 gauge ММ-Ноок нийт 8 ширхэг нэхмэлийн машиныг буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь санхүүгийн түрээсийн төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлснөөр өмчлөх эрх нь хариуцагч компанид шилжихээр гэрээнд заасан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ хуваарийн дагуу биелүүлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн, энэ тухай манай талаас тодорхой шаардлага тавьж, зөрчлөө арилгах мэдэгдэл хүргүүлж байсан. Хариуцагч гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээ Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон, экспорт хаагдсанаар бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулах боломжгүй болсон гэж тайлбарладаг. Гэрээний үүргийн зөрчил Ковид-19 цар тахалтай хамааралгүй, цар тахлаас өмнө П ХХК-ийн үйл ажиллагаа доголдсон байсан. Т ХХК нь П ХХК-ийн хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрийг сар болгон 1000 доллар болгон бууруулах саналыг нь хүлээж авсан боловч үр дүг гараагүй. Хариуцагч нь 2019 оны 12 сарын 27-ны өдрийн албан бичгээр гэрээнээс татгалзахаа мэдэгдсэн гэх боловч үүнээс хойш бүтэн жил үүргээ хэрэгжүүлж, түрээсээ төлөөд нэхмэлийн машиныг ашиглаад явсан тул гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй.

П ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ түрээслэгчийн зүгээс гэрээг цуцлах эсхүл татгалзах асуудлыг гэрээнд тусгаагүй тул тухайн асуудал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар зохицуулагдана гэжээ. Манай эрх зүйн тогтолцоонд аливаа зохицуулалтыг хэрэглэхдээ хамгийн нарийвчилсан эсхүл сүүлд батлагдсаныг хэрэглэдэг. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний 13 дугаар зүйлд гэрээний харилцааг дуусгавар болгох буюу түүнийг цуцлаx гэж, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлд Санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах гэж тус тус зааснаар гэрээ дуусгавар болох, татгалзах тухай энэхүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэнэ. П ХХК нь Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.1, 221.2-т заасны дагуу гэрээнээс татгалзана гэжээ. Хуулийн 221 дүгээр зүйлд талуудын хооронд урт хугацаатай гэрээний харилцаа үүссэн байх, хүндэтгэн үзэх үндэслэл байх гэсэн урьдчилсан нөхцөл тавигдсан бөгөөд талуудын байгуулсан гэрээ урт хугацааны гэрээнд тооцогдохгүй. П ХХК нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт 143 797 ам.доллар төлсөн боловч санхүүгийн түрээсийн гэрээний онцлогийн дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу төлж чадаагүй тул түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг буцаан авах ба түрээслэгчийн төлсөн төлбөр нь түрээсэлсэн хугацааны төлбөрт тооцогдохыг гэрээний 13.5-д зааснаар зохицуулсан. Иймд түрээслэгчийн төлсөн төлбөр нь нэхмэлийн машиныг тодорхой хугацаанд ашигласны түрээсийн төлбөр болох тул гэрээнээс татгалзахад урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч П ХХК нь Т ХХК-д холбогдуулан гэрээний төлбөр 768 828 597 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

П ХХК нь 2018 оны 09 сарын 24-ний өдрийн IPSA020/2018 тоот хэсэгчлэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 428 900 ам.долларын үнэ бүхий 10 ширхэг нэхмэлийн машиныг түрээслэхээр тохиролцож, урьдчилгаанд 96 580 ам.доллар төлж, үлдэх 386 320 ам.доллароос 143 798 ам.долларыг төлсөн. Манай компани нь ноос, ноолууран хувцас бэлтгэн боловсруулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж ашиг олдог. Гэтэл 2019 оноос эхэлсэн цар тахлын улмаас Монгол Улс хилээ хааж, улс орон даяараа санхүүгийн хүнд хямралд орсноор бидний үйл ажиллагаа зогсож, төлбөрийн чадваргүй болсон. Монгол Улс хилээ бүрэн нээгээгүй бөгөөд хэдий хүртэл үргэлжлэхийг тааварлах аргагүй бөгөөд төлбөрийн чадваргүй болсон энэхүү нөхцөл байдал нь талуудаас хамааралгүй гэнэтийн хүчин зүйл болсон. Энэ тухай нэхэмжлэгч нь мэдэж байгаа бөгөөд хэдийгээр санхүүгийн хүндрэлтэй байгаа ч 2020 оны 9 сар хүртэл эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийсэн. Бидний зүгээс бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадахгүй болсноор ямар ч орлогогүй болж, төлбөрийн чадваргүй болсон тухайгаа нэхэмжлэгч талд мэдэгдэж гэрээ цуцлах санал гаргасан боловч, бидний хооронд байгуулагдсан гэрээнд түрээслэгч буюу хариуцагчаас гэрээг цуцлах эсхүл татгалзах үндэслэлийг оруулаагүй бөгөөд энэ нь бидний үзэж байгаагаар стандарт нөхцөл бүхий хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах эрхийг зөвхөн түрээслүүлэгч талд олгосноороо түрээслэгч талын эрх, ашиг сонирхлын илт хохироосон, тэгш бус, нэг тал нь давамгай эрхтэй гэрээ байна.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь цар тахлын улмаас улс даяар санхүүгийн хүнд хямралд орсноос компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, төлбөрийн чадваргүй болсон нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйл юм. Бид 2019 оны 12 сарын 27-ны өдөр 01/103 тоот албан бичгээр Т ХХК-д хандаж гэрээнээс татгалзах мэдэгдэл өгсөн, үүнээс хойш ч цар тахал, хөл хорионы улмаас давагдашгүй хүчин зүйлийн үндэслэлээр гэрээнээс татгалзах мэдэгдэл амаар болон бичгээр олон удаа өгсөн. Гэтэл нэхэмжлэгч компани нь биднийг зөвхөн гэрээний төлбөр, санхүүгийн түрээс төлөхийг шахаж, нэг талын давуу байдлаа ашиглан, шахалтад оруулсаар өнөөг хүрч байна. Түрээсийн гэрээний 13 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, цуцлах асуудлыг зохицуулсан байх боловч энэ нь дангаараа түрээслүүлэгч талын үзэмжийн асуудал байх бөгөөд түрээслэгчийн зүгээс гэрээг цуцлах эсхүл талууд гэрээнээс татгалзах тохиолдолд хэрхэх талаар гэрээнд тусгаагүй. Гэрээнд тусгагдаагүй асуудал нь хуулиар зохицуулагддаг бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.2-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэлд тооцох гэж зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсэн болох нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/327 тоот гэрчилгээ давхар нотолно. Бид санхүүгийн түрээсийн гэрээ байгуулахдаа тоног төхөөрөмжийг гэрээ дуусахад өмчлөлдөө авахаар гэрээ байгуулсан бөгөөд энэ нь бусад санхүүгийн түрээсийн гэрээнээс ялгаатай. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. 10 ширхэг нэхмэлийн машин нь Т ХХК-ийн өмчлөлд шилжсэн тул П ХХК-ийн төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй. Иймд П ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ болон дагалдах бусад гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 96 580 ам.доллар буюу 275 253 000 төгрөг гэрээ үргэлжлэх хугацаанд төлсөн 173 184.42 ам.доллар буюу 493 570 597 төгрөг нийт 768 828 597 төгрөгийг Т ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь 2021 оны 03 сарын 12-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 099/2021, 098/2021 дүгээр итгэмжлэл, 2018 оны 09 сарын 24-ний өдрийн IPSA 020/2018 дугаар Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 11 сарын 25-ны өдрийн IPSA 020/2018-1 дүгээр нэмэлт гэрээ, 2018 оны 09 сарын 24-ний өдрийн №ЗХХАГБГ 020/2018 дугаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 337/2019 дүгээр албан бичиг, 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 11/2020 дугаар албан бичиг, 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 32/2020, 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 208/2020, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 427/2020, 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 467/2020 дугаар Мэдэгдэл хүргүүлэх нь албан бичиг, 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 515/2020 дугаар Хариу хүргүүлэх нь албан бичиг, 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 069/2021 дүгээр Барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, гадаад шилжүүлгийн даалгавар, Санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүү, алдангийн тооцоолол, 2021 оны 03 сарын 10-ны өдрийн Барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан тухай тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлан, П ХХК-ийн 2018 оны 09 сарын 07-ны өдрийн №101/18 дугаар итгэмжлэл, 2018 оны 09 сарын 07-ны өдрийн П ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 7/3885 дугаар Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Т ХХК-ийн дүрэм, Монгол банкны 2021 оны 11 сарын 19-ний өдрийн А-6/1136 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 670.21 дүгээр итгэмжлэл, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн №21-03/01 дүгээр Санал хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2 ширхэг Ш үйлдвэрийн түрээсийн зүйл буцаан хураан авсан тухай акт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн албан бичиг, 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 107/2021 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичиг, /1 дүгээр хавтаст хэргийн 6-43, 79-97, 214-216, 220-225, 243, 2 дугаар хавтаст хэргийн 68-69, 74-75 тал/

Хариуцагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 04 сарын 01-ний өдрийн итгэмжлэл, 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 02/327 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Forse majeure/-ийн гэрчилгээ, Т ХХК-ийн Зээлийн дансны хуулга, 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 467/2020 дугаар Мэдэгдэл хүргүүлэх нь албан бичиг, 2021 оны 11 сарын 22-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн №01/103 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ... хаягт ирүүлсэн татварын нэхэмжлэх, 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2 ширхэг Ш үйлдвэрийн түрээсийн зүйл буцаан хураан авсан тухай акт, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 02/75 дугаар албан бичиг тус тус бүрдүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 58-59, 131-133, 140-143, 219, 2 дугаар хавтаст хэргийн 13-22, 74-75 тал/

Шүүх 2022 оны 02 сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, Ш ХХК болон Т ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний орчуулга, гэрээний зүйлийн үнэд ногдох нэмэгдсэн өртөгийн албан татвар төлсөн баримт, дансны хуулга, 2018 оны 11 сарын 27-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн мэдээ, 2018 оны 11 сарын 28-ны өдрийн төлбөрийн даалгавар, Т ХХК-ийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 254.2022 дугаар итгэмжлэл тус тус бүрдүүлсэн. /2 дугаар хавтаст хэргийн 32-55, 113-116, 125-126 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Т ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч П ХХК-д холбогдох өмчлөлийн 8 ширхэг нэхмэлийн машиныг буцаан шилжүүлэхийг даалгах, П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох гэрээний төлбөрт 768 828 597 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: хариуцагч нь түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн тул түрээсийн зүйл болох нэхмэлийн машиныг буцаан гаргуулна, гэрээгээр төлбөр буцаах тухай зохицуулаагүй, түрээсийн гэрээ нь урт хугацааны гэрээ бус, гэнэтийн буюу давагдашгүй хүчний онцгой нөхцөл үүсээгүй тул төлбөр буцаан шаардах эрхгүй гэж,

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн татгалзал, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж давагдашгүй хүчин зүйл буюу ковид цар тахлаас шалтгаалж үйл ажиллагаа зогсож түрээсийн төлбөр төлөөгүй нь хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарах тул гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө буцаана гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг.Үндсэн нэхэмжлэл

Т ХХК /түрээслүүлэгч/, П ХХК /түрээслэгч/ нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ /цаашид түрээсийн гэрээ гэх/ байгуулж, гэрээний 1.1-д зааснаар түрээслүүлэгч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй, Хавсралт №1-д заасан гэрээний зүйлүүдийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу гэрээний зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх, түрээслэгч гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусахад гэрээний зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирчээ. /1 х.х-ийн 10 тал/

Гэрээний зүйл нь 10 ширхэг сүлжмэлийн /нэхмэлийн/ машин болох нь зохигчдын тайлбар, 2018 оны 09 сарын 25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр тогтоогдсон. /1 х.х-ийн 27-34, 2 х.х-ийн 113-114 тал/

2018 оны 09 сарын 24-ний өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалагч Т ХХК нь барьцаалуулагч П ХХК-аас 2018 оны 09 сарын 24-ний өдрийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 10 ширхэг сүлжмэлийн /нэхмэлийн/ машин барьцаалсан. /1х.х-ийн 23-25 тал/

Түрээсийн гэрээний 3.1-т гэрээний зүйлийн үнэ 482 900 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, урьдчилгаа төлбөр 96 580 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, гэрээний үндсэн төлбөр 386 320 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, гэрээний хүү жилийн 6 хувь, шимтгэл 1 931.60 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, гэрээний хугацаа 36 сар, алданги 0.1 хувьтай тэнцүү гэж тус тус заасан, түрээсийн гэрээний эргэн төлөлтийн үндсэн хуваариар үндсэн төлбөр, хүү тооцсон болох нь тогтоогдсон. /1 х.х-ийн 11, 19-20 тал/

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэг тус тус хүлээнэ, 312.3-т түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйлийн худалдан авах, үргэлжлүүлэн түрээслэхээр гэрээнд зааж болно гэж,

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгохоор заасан.

Түрээсийн гэрээний 3.1 дэх заалтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр зохицуулсан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа бус харин Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана, 263.2.1-т бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2-т хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ, 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам гэж заажээ.

Тодруулбал худалдагч Т ХХК нь П ХХК үнийг төлөхөөс өмнө 10 ширхэг нэхмэлийн машиныг худалдан авагч П ХХК-д шилжүүлсэн, П ХХК нь урьдчилгаа төлбөр 96 580 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийг төлж, үлдэх 386 320 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийг жилийн 6 хувийн хүү 33 373.68 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг, даатгал 5 336.05 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг нийт 425 029.73 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийг 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 сарын 06-ны өдөр хүртэл 36 сарын туршид хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсоноор талууд зээлээр худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

Түрээслэгч П ХХК нь түрээсийн төлбөр төлөхөд хүндрэл үүссэн тул талууд 2019 оны 11 сарын 25-ны өдөр №IPSA020/2018-1 нэмэлт гэрээ байгуулан 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 08 сарын 25-ны өдрийн хооронд түрээсийн үндсэн төлбөрийг сарын 1 000 ам.доллар болгон бууруулсан боловч үр дүн гараагүй, улмаар 2020 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу түрээсийн гэрээний 13.2, 13.2.2-д заасныг түрээслэгч зөрчсөн бөгөөд зохигчид энэ тухай маргаагүй. /1 х.х-ийн 21 тал/

Түрээслүүлэгч Т ХХК нь түрээсийн гэрээний 13.4.1, 13.4.2, 13.4.3-т зааснаар түрээслэгч П ХХК-д гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох 10 ширхэг сүлжмэлийн /нэхмэлийн/ машиныг хураан авах тухай мэдэгдсэн бөгөөд 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2 ширхэг Ш үйлдвэрийн түрээсийн зүйл буцаан хураан авсан актаар 2 ширхэг сүлжмэлийн /нэхмэлийн/ машиныг хураасан байна. /1 х.х-ийн 28-36, 2 х.х-ийн 74 тал/

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан нь худалдагч буюу Т ХХК-д олгосон гэрээнээс татгалзах хялбаршуулсан эрх бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээнээс татгалзахад баримтлах тусгай нөхцөл болох нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх нь хамааралгүй.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 32/2020 дугаар албан бичигт ... Санхүүгийн түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ... 10 ширхэг сүлжмэлийн машиныг хураан авах болохыг үүгээр мэдэгдэж байна гэж дурдсан нь худалдагчийг зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

Худалдан авагч /нэхэмжлэгч/ гэрээнээс татгалзсан тул худалдан авагчид /хариуцагч/ өгсөн 65162 бүртгэлийн дугаартай 7 gauge MM-Hook, 65163 бүртгэлийн дугаартай 7 gauge MM-Hook, 69531 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69532 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69555 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69578 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69849 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69878 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook нийт 8 ширхэг сүлжмэлийн /нэхмэлийн/ машиныг П ХХК-аас гаргуулан Т ХХК-д олгох үндэстэй.

Хоёр.Сөрөг нэхэмжлэл

П ХХК нь түрээсийн гэрээний урьдчилгаа 96 580 ам.доллар буюу 275 253 000 төгрөг, үндсэн төлбөр 173 184.42 ам.доллар буюу 493 575 597 төгрөг нийт 768 828 597 төгрөг /275 253 000 + 493 575 597 = 768 828 597/ нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Худалдан авагч П ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээ Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын улмаас ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргадаг үйл ажиллагаа зогссон гэж тайлбарласан бөгөөд Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахал нь нийтэд илэрхий үйл баримт болно.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, 218 дугаар зүйлийн 218.1-т төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр тус тус заасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч П ХХК нь 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон бөгөөд 2020 оны 08 сарын 25-ны өдөр 1 америк доллар 2,851.71 төгрөгтэй тэнцүү байжээ.[1]

1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан Санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүү, алдангийн тооцоолол гэх баримтаар хариуцагч нь 2020 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 104 628.36 ам.доллар, 30 148.26 ам.доллар, алданги 9 020.90 ам.доллар нийт 143 797.52 ам.долларыг зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн байна. 143 797.52 ам.долларыг 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 1 америк долларын ханш 2,851.71 төгрөгөөр тооцоход 410 068 825 төгрөг /143 797.52 х 2 851.71= 410 068 825/ байна.

Талууд гэрээнээс татгалзсанаар өгсөн, авсан зүйлээ буцаах тул худалдан авагч П ХХК-ийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 410 068 825 төгрөгийг худалдагч Т ХХК-аас гаргуулан П ХХК-д олгож, үлдэх 358 759 772 төгрөгийг /768 828 597-410 068 825 = 410 068 825/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 661 987 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-ийн 768 828 597 төгрөг гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 4 002 092 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар хариуцагч П ХХК-аас 65162 бүртгэлийн дугаартай 7 gauge MM-Hook, 65163 бүртгэлийн дугаартай 7 gauge MM-Hook, 69531 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69532 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69555 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69578 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69849 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook, 69878 бүртгэлийн дугаартай 12 gauge LL-Hook нийт 8 ширхэг сүлжмэлийн /нэхмэлийн/ машиныг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д, Т ХХК-аас 410 068 825 төгрөг гаргуулан П ХХК-д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 358 759 772 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 661 987 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас 4 002 092 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 184/ШЗ2021/03291, 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 184/ШЗ2021/13605 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР