Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2382

 

 

“И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03098 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К” ХХК-д  холбогдох

 

Гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12б магистралын шугамны 700-ийн шугамнаас салаалж байгаа Олимп хотхоны дулааны 400-ийн шугамны 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300 хоолойгоор хийх зөвшөөрлийг “И” ХХК-иас “К” ХХК-д  өгөх, үүний төлбөрт “К” ХХК    нь 350 000 000 төгрөгийг “И” ХХК-д   төлөхөөр 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид хүлээсэн үүргээ биелүүлсэн ба “К” ХХК    нь огтолгоог хийж ажлаа дуусгаж,байрыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Гэрээний нийт үнийн дүнгээс 200 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг “Тайгам-Алтай” ХХК-ийн дансаар шилжүүлж авсан. Учир нь “Тайгам-Алтай” ХХК нь манай барилгын Ерөнхий гүйцэтгэгч байсан ба бид “Тайгам-Алтай” ХХК-ийн дансаар төлбөрөө авсан дээр маргадаггүй. Гэтэл “К” ХХК    нь гэрээний үлдэгдэл төлбөр 150 000 000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлөөгүй. “К” ХХК    нь манай компанийг хуурч гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Хууран мэхлэгдээд хохирсон талаараа огт шаардлага гаргаж байгаагүй. Энэ гэрээ нь хэрэгжиж бодит үр дүнгээ өгсөн. Таван компани шаардлага гаргасан асуудлыг ярьдаг боловч эдгээр компаниуд “К” ХХК-ийн эрх ашгийг хохироосон зүйл огт байхгүй. Харин ч дулааныг цааш нь дамжуулахгүй байх үүргийг “К” ХХК    нь “И” ХХК-ийн  өмнө хүлээсэн хэдий ч 11 дүгээр цэгээс “Тайм тү тайм” ХХК-тай хамтарч шугам татсан асуудал нь гэрээний үүргийг зөрчиж бусдын эрх ашгийг хөндсөн үйлдэл байж болно. Таван компанийн хамтарч байгуулсан гэрээ гэх энэ гэрээ хэрэгт ач холбогдолгүй. Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн дулааны шугамын зураг болон “И” ХХК-ийн  2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулах үеийн заагийн зураг дээрээс харвал “И” ХХК нь дангаараа хэрэглэгч юм гэсэн байдал тогтоогдож байгаа. 2017 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар шугам сүлжээ ТӨХК-иас тодруулга авсан байдаг. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 07/790 тоот албан бичгээр нэгдүгээр ээлжийн шугамыг “И” ХХК-ийн  захиалгаар хийсэн. Өөрөөр хэлбэл энэ хэсгийн шугамын захиалагч хэн байсан гэдгийг тодорхойлж өгсөн. Мөн хөрөнгийг хөрөнгийн бүртгэлд тусгаагүй байж болно. Хожим санхүүгийн ил тод байдлын тухай өршөөлийн хуульд хамрагдаж энэ тухайгаа тайлагнасан. Энэ 2,6 тэрбум төгрөг нь “И” ХХК нь 1-14 худгийг хийж гүйцэтгэхэд зарцуулсан хөрөнгө бөгөөд эрх бүхий байгууллагын тодорхойлолт санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байгаа. Таван компанийн гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан баримт. Энэ гэрээ хэрэгжээгүй. Гэрээг уншаад үзэхээр санхүүгийн асуудлыг тусдаа гэрээгээр зохицуулна гэсэн байдаг. Хэрэгт ач холбогдолгүй баримтыг дурдах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцэж, нотлох баримтад тулгуурлаж гарах ёстой. “Алтай констракшн” ХХК-ийн газар нийт 40 м.кв тусдаа хоёр захирамжаар олгогдсон газар байдаг. Нэг нь замын ард, нэг нь замынхаа урд байрлана. 11 дүгээр цэгээс цааш хэний газар дээгүүр дайрч өнгөрөх нь “И” ХХК-д   хамааралгүй. Цаашид дулааны шугам нь хэний газрыг дамжиж өнгөрөх асуудал ч гэрээний маргаанд хамааралгүй. Тухайн үед “И” ХХК-ийг 400-н шугам татаж байх үед бусад компаниудад ямар ч техникийн нөхцөл гараагүй байсан. Эдгээр таван компаниуд нь хаанаас дулаанаа авахаа мэдэхгүй байсан. Учир нь 700-н шугамаас дулаан авах техникийн нөхцөл гараагүй байсан. Мөн эдгээр таван компани нь дулаан авах хугацаа нь болоогүй байсан. Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. Гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлөөгүй тул гэрээгээр тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алдангид 75 000 000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд нийт 225 000 000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК болон “К” ХХК-иуд нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 12б магистралын 700 шугамаас салаалж байгаа 400-н шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300-н хоолойгоор хийх зөвшөөрлийг авсан. Энэ гэрээний дагуу төлбөрийг 2 хувааж өгөх ёстой байсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 200 000 000 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-д төлсөн. Яагаад урьдчилгаа төлбөрийг “Тайгам-Алтай” ХХК-д төлсөн гэхээр хамтран ажиллах гэрээг хийсний дараагаар 400-н салаа шугамын өмчлөгчийн асуудал үүссэн. “Тайгам-Алтай” ХХК, “Парк од” ХХК, “Эйч Эс Би” ХХК, “Илсон девелопмент” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК-иуд нь гарч ирээд “И” ХХК нь энэ шугамыг бусдад ашиглуулах эрх бүхий этгээд биш харин манай байгууллагуудын өмчлөлийн шугам. “И” ХХК-тай хийсэн хэлцэл нь эрх зүйн үндэслэлгүй. Иймд бид “Тайгам-Алтай” ХХК-д 200 000 000 төгрөгийг төлсөн болохоос энэ гэрээний үүрэгт төлөөгүй. Гэтэл бусад 4 компани энэ төлбөрийг бидэнд хувааж өгөх ёстой байсан, ганцхан “Тайгам-Алтай” ХХК-д өгөх ёсгүй гэсэн асуудлыг үүсгэсэн. Тэгээд манай байгууллагын хийсэн эхний холболтыг салгасан. Ийм учраас энэ гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болоод “К” ХХК    нь холболтыг хийгээгүй. Энэ гэрээ нь үндсэн зорилгодоо хүрэлгүй дуусгавар болсон. Тухайн үед манай байгууллага нь огтолгоо авах болсон шалтгаан нь уг шугамын зураг нь “И” ХХК гэсэн нэрээр гарсан учир бид “И” ХХК-ийг шугамын эзэмшигч мөн гэж үзээд гэрээ байгуулсан. Гэтэл бид шугамын эзэмшигчийг андуурч гэрээг хийсэн. Энэ холболтыг “Тайм тү тайм” ХХК нь хийсэн. Бид “И” ХХК-тай гэрээ хийснийхээ дараа оруулах хөрөнгөө хамтарч гаргахаар “Тайм тү тайм” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийсэн. Гэтэл бусад техникийн нөхцөл нь холболтыг “Тайм тү тайм” ХХК 400-н шугам дээр гарсан байсан. Манай барилгын ашиглалтад орох хугацаа нь болоогүй байсан учир энэ асуудлыг орхисон. Холболтыг “Тайм тү тайм” ХХК-ийн барилга болох Тайм таур хороолол нь ашиглалтад орох болсон байсан учир энэ 4 компанид “Тайм тү тайм” ХХК мөнгө төлөөд 11 дүгээр цэгээс холболтыг хийсэн. Үүнээс нь бид дулааны шугамыг татаж дулаанаа авсан. Тэгэхээр “И” ХХК нь “К” ХХК-иас мөнгө нэхэх хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх 5 компаниудын хооронд байгуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Таван компаниудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийсэн. Манай байгууллага нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “И” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл бараг жилийн өмнө таван компаниуд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийсэн байна. Энэ гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр буюу манай гэрээг байгуулснаас сарын дараа 5 компанийн нэр дээр гарсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ гэрээг “К” ХХК-ийг хуурч мэхлэх замаар байгуулсан гэж үзэж байгаа. Дээрх таван компанийн байгуулсан гэрээнд “И” ХХК нь оролцогч биш. “И” ХХК нь шүүхэд тайлбар гаргахдаа эдгээр компаниудтай огт гэрээ байгуулаагүй гэж захирал нь бичгээр тайлбар гаргаж байсан. 11 дүгээр цэгээс энэ таван компаниас бусад компаниуд дулааны шугамаас холболт авахдаа тус таван компанийн зөвшөөрлийг авна гэдэг нь гэрээг уншихад ойлгомжтой харагдаж байна. “И” ХХК нь бид зөвшөөрөл өгөх эрхтэй этгээд байна гээд манай байгууллагатай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад ажил эхлээд явмагц нөгөө байгууллагууд нь гарч ирээд та нар бид нараас зөвшөөрөл авахгүй дулаан авсан гэсэн. Ажил зогсоосон асуудлаар 2014 оны 10 дугаар сарны 24-ний өдөр “Жигүүр гранд” ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-д албан бичиг явуулж байсан. Яагаад Жигүүр гранд ХХК нь гэрээний оролцогч биш байж, албан бичиг явуулсан гэхээр энэ гэрээний оролцогч “Парк Од” ХХК нь “Жигүүр гранд” ХХК-ийн охин компани юм. Энэ нь албан бичиг дээрээ ч тодорхой харагдаж байгаа. Энэ албан бичгийн агуулгыг харахад энэ таван компани хамтраад дулааны шугамыг тавьсан. Тус шугамын нийт төсвийн 60 хувийг бусад дөрвөн компаниуд гаргаж хөрөнгө оруулалт хийснээр дундын өмчлөлд шилжсэн. Дээрх гэрээний заалтаар “И” ХХК нь нэгдүгээр ээлжийн 400-н шугамаас ямар нэгэн огтолгоо өгөх шийдвэр гаргахын өмнө энэ компаниудад мэдэгдэж зөвшөөрөл авсан байхыг тусгасан. “И” ХХК гэж бичсэний учир “И” ХХК-ийн  удирдлагууд нь “И” нь “Тайгам-Алтай” ХХК-ийн охин компани гэж тайлбарладаг. Гэхдээ хэрэгт байгаа баримтаар үүнийг олж хараагүй. Тухайн үед “Тайм тү тайм” ХХК нь бусад компаниудтай уулзаад тэдний шаардаад байгаа мөнгийг нь өгөөд салгасан байсан холболтыг залгуулсан. 11 дүгээр цэг дээр л нийлүүлж, салгаад байгаа. 11 цэгээс “Тайм тү тайм” ХХК нь мөнгийг төлөөд холболтыг хийсэн учир дулаан нь “К” ХХК-д  ирэх нь ойлгомжтой. Гэтэл “К” ХХК    нь дулаан авсан тул төлбөр төлөх ёстой гэж нэхэмжлээд байгаа нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ шугам нь “Тайм тү тайм” ХХК-тай хамтарсан өмчлөлд байдаг шугам. Энэ нь “Тайм тү тайм” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээн дээр тодорхой байгаа. “Тайм тү тайм” ХХК-иас бусад компаниудтай тохиролцоод төлбөр төлсөн талаарх баримтуудыг авахаар хандсан боловч одоогийн гүйцэтгэх удирдлага нь би энэ компанийг худалдаж авсан. Намайг худалдаж авахаас өмнөх асуудал байна. Надад та нарт гаргаж өгөх баримт байхгүй гэж хариу өгсөн. “Тайм тү тайм” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасан боловч шүүхээс гэрээний оролцогч биш гээд гуравдагч этгээдээр татаагүй. “Тайм тү тайм” ХХК болон “К” ХХК-ийн дундын өмчлөлийн шугамыг 11 дүгээр цэг дээр холбосон асуудал одоо яригдаж байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-иас зарим баримтууд ирсэн, гэрээ болон нэмэлт дулаан эзэмшлийн заагийн зургаас харахад 1-14 хүртэл таван компанийн эзэмшилд байгаа гэж харагдаж байна. Энэ таван компани дотор “И” ХХК нь харагдахгүй байгаа. Шүүх 2013 оны зургийг үндэслээд шийдэх нь өрөөсгөл болно. Энэ нь дулааны шугамыг барьж байгуулахад гарсан зардлаа нөхөж олох зорилготой болохоос дуртай үнээ хэлдэг зүйл биш. Өөрийнхөө эзэмшилд байгаа 400-н 1-14 цэг гэдэг дулааны шугамыг хэдэн төгрөгөөр яаж барьж байгуулсан нь тодорхойгүй, баримтгүй байна. Мөн энэ холболтыг авсан 11 цэг нь хаана хэний эзэмшлийн газар дээр байгаа гэдэг асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс 11 дүгээр цэг бол “Алтай констракшн” ХХК-ийн эзэмшлийн газар дээр байгаа гэсэн албан бичгийг “Алтай констракшн” ХХК-иас аваад шүүхэд өгсөн байдаг. Энэ Нийслэлийн газрын албанаас гаргуулсан баримт болон кадастрын зургийг харахад “Алтай констракшн” ХХК буюу Баянмонгол хорооллын дунд нэг л зам байгаа. Тэр замын хойд хэсэг дээр “Алтай констракшн” ХХК газар эзэмшдэг. Гэтэл 11 цэг нь замын урд хэсэгт байгаа. 11 цэг өөр компанийн эзэмшлийн газарт байрладаг. 11 дүгээр цэгийг байрлаж байгаа газрын эзэмшигч нь “Цэ Эн Вэс” ХХК юм. Энэ нь Нийслэлийн газрын албанаас ирсэн баримтаар харагдана. “Цэ Эн Вэс” ХХК-иас “К” ХХК-д  2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичигт 11 цэг манай эзэмшлийн газарт байрладаг гэж тодорхой дурдсан байгаа. “Цэ Эн Вэс” ХХК нь энэ хэрэгт ямар хамааралтай вэ гэхээр 11 цэгээс “К” ХХК    болон “Тайм тү тайм” ХХК-иудын хамтарсан шугам нь барилга хүртэл явсан байгаа. Тэгэхээр энэ шугам “Цэ Эн Вэс” ХХК-ийн газар дээгүүр тавигдсан. Тийм учраас газар эзэмшигчтэй зөвшилцөж байж дулааны шугам татах учир тус компаниас зөвшөөрөл авах асуудал яригдахад н.Батсайхан гэдэг хүнээр дамжуулж гэрээ байгуулан тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас 150 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-иас 907 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д   олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 1-14 дүгээр дулааны худаг буюу ДХ1- ДХ14 дүгээр цэг хүртэл дулааны шугам нь “И” ХХК-ийн  эзэмшил гэдгийг үгүйсгэж чадахгүй байна. Нэхэмжлэгч нь дулааны шугам татах зөвшөөрлийн хариуцагчид хариу төлбөртэйгээр олгосон зохигчдын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байх тул талуудын хооронд дулааны шугам зөвшөөрөл буюу эрхийг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна. “И” ХХК тай байгуулсан гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж зөв дүгнэсэн. Холболтын ажил бүрэн дуусаж дулаан хангахаас 3 хоногийн өмнө төлнө гэж тохиролцсон байх бөгөөд дээрх тохиролцооноос үзэхэд "төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэсэн " хугацааг тодорхойлох боломжгүй байна гэдэг нь үндэслэлгүй бөгөөд холболт хийснээс хойш 2 жил болсныг талууд маргаагүй бөгөөд алдангийн хэмжээ нь хоногоор тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байсан тул багасгаж 75 000 000 төгрөгөөр нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 75 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх бүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д "түгээх, зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах" гэж дулааны эрчим хүч хэрэглэгчийн үүргийг тодорхойлсон байдаг. Энэ хуулийн заалтыг энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх ёстой байсан. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07/286 тоот албан бичигт "1 дүгээр ээлжийн шугамыг “И” ХХК /Тайгам Алтай ХХК/ хийж гүйцэтгэсэн ба шугам эзэмшлийн асуудлыг эдгээр компаниуд руу хамрагдаж тодруулахыг зөвлөж байна" гэсэн байдаг бөгөөд үнэхээр 1 дүгээр ээлжийн шугамыг “И” ХХК дангаараа хийж гүйцэтгэсэн, дангаараа эзэмшдэг байсан бол /Тайгам-Алтай ХХК/ гэж хаалтан дотор бичих шаардлагагүй байсан. Мөн шугам эзэмшлийн асуудлыг эдгээр компаниуд руу гэж олон тоон дээр бичих шаардлагагүй байсан. Бодит байдалд дээрх шугамыг “И” ХХК биш, харин “Тайгам-Алтай” ХХК тэргүүтэй өөр 5 компани хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрсдийн хөрөнгөөрөө гүйцэтгэж, ашиглалтад оруулсан байдаг. Энэ албан бичиг нь дээр дурдсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 07/790 тоот албан бичигтэйгээ зөрчилдсөн агуулгатай болсон. Энэ талаар дээр дурдсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 07/790 тоот албан бичигт "... дулааны шугамын ажлыг “Эйч Эс Би” ХХК, “Ай Эс Юу Би” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК, “Тайгам-Алтай” ХХК зэрэг 5 байгууллага хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өөрсдийн хөрөнгөөрөө гүйцэтгэж, 2013 онд ашиглалтад оруулсан. Энэ нь уг шугамын 14 дүгээр худгаас хойшхи буюу 2 дугаар ээлжийн хэсэг, харин 1 дүгээр ээлжийн шугамыг “И” ХХК-ийн  захиалгаар хийсэн"' гэсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан “Тайгам-Алтай” ХХК, “Эйч Эс Би” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК, “Илсон Девелопмент” ХХК-уудын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 83/09/13 дугаартай Дулаан болон бохирын гол шугамны ажилд хамтран ажиллах гэрээний "Гэрээний нөхцөл" гэсэн 1 дүгээр зүйлийн "Ажлын нэр" гэсэн 2 дугаар мөрөнд "Олимп хотхоны дулааны 1-14-р худгийн хоорон дахь ф400-ийн голчтой дулааны гол шугам мөн ф500-ийн голчтой бохирын гол шугамуудын ажлын хөрөнгө оруулалт, угсралтын ажил хамаарна" гэснээс үзэхэд дээрх 5 компани нь зөвхөн 14 дүгээр худгаас хойшх буюу 2 дугаар ээлжийн хэсгийг биш, 1 дүгээр ээлж гэж нэрлэгдсэн 1-14 дүгээр худгийн ф400-ийн голчтой дулааны гол шугамын хөрөнгө оруулалт, угсралтын ажлыг бас хийсэн нь нотлогдож байна. Иймд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 07/790 тоот албан бичгийг үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүх энэ албан бичгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон тул шийдвэр үндэслэлгүй болсон. “Тайгам-Алтай” ХХК нь энэ гэрээний эрх, үүргээ “И” ХХК-д   шилжүүлээгүй, шилжүүлсэн баримт байхгүй болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмнөх шүүх хуралдаануудад "тэдгээр 5 компапиуд нь зөвхөн 2 дугаар ээлжийн дулааны шугам сүлжээг байгуулсан. 1 дүгээр ээлжийн шугам сүлжээтэй хамааралгүй гэсэн тайлбар хэлдэг байснаа сүүлийн шүүх хуралдаанд дээрх гэрээний биелэлт, үр дүн тодорхойгүй гэж өмнө гаргасан тайлбараа үгүйсгэсэн нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн явдал болсон бөгөөд дээрх 5 компанийн хийсэн ажлын талаарх нотлох баримтууд хэрэгт байхад шүүх тэдгээрийг дүгнээгүй орхигдуулсан. Тухайлбал, дээрх гэрээний дагуу дулаан, бохирын шугамыг хийгдэж дууссаны дараа хийгдсэн, бусад 4 компанийн дулааны шугам эзэмшлийн заагийн зураг хэрэгт байхад, мөн “Парк од” ХХК-ийг төлөөлж дээрх гэрээнд оролцсон “Жигүүр гранд групп” ХХК-аас Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-д 2014 оны 9 дүгээр сард гаргасан гомдолдоо “К” ХХК-ийг өөрсдийнх нь барьсан дулааны шугам сүлжээнд өөрсдийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр холбогдсон тул холболтыг нь салгасан тухай дурдсан байхад шүүх энэ талаарх баримтыг зохих ёсоор үнэлэлгүй, буруу дүгнэлт хийсэн. Ямар нэг орон сууцны барилгыг барьсан компани барилгаа дулааны шугамд холбосныхоо дараа өөрийн хөрөнгөөр тавьсан дулааны шугамын эзэмшлийн заагийн зургийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай хамтран баталдаг. Гэтэл “И” ХХК-ийн  шүүхэд гаргаж өгсөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2017/86 тоот комиссын актаас үзвэл “И” ХХК нь барилгын ажлаа 2013 оиы 5 сард эхэлж, 2015 оны 10 дугаар сард дуусгаж, 2017 оны 3 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. “И” ХХК барилгын ажлаа эхлүүдээд 5 сарын дараа буюу дээрх 5 компанийн байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 83/09/13 дугаартай Дулаан болон бохирын гол шугамны ажилчид хамтран ажиллах гэрээнээс хойш 1 сар хүрэхгүй хугацааны дараа 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн баригдаж эхлэж байгаа барилгын дулааны шугам эзэмшлийн заагийн зургийг хийлгэж авсан нь бодит байдалд “И” ХХК нь Олими хотхоны 400 мм-ийн голчтой дулааны салаа шугамын 1-14 дүгээр худгийг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан эзэмшигч болсон гэдэг тайлбарыг эргэлзээтэй болгож байна. Хариуцагчийн өмгоөлөгч “И” ХХК-аас Олимп хотхоны 400 мм-ийн голчтой дулааны салаа шугамын 1-14 дүгээр худгийг өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан талаарх нотлох баримтуудыг буюу уг ажлыг захиалж хийлгэсэн гэрээ, гэрээний төлбөр төлсөн баримт зэргийг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон. “И” ХХК нь дулааны шугамын 11 дүгээр цэгт холбогдох гэрээг “К” ХХК-тай байгуулахдаа гуравдагч этгээдийн эрхийн талаар буюу уг 11 дүгээр цэг нь бусад компанийн хөрөнгө, санхүүжилтээр байгуулагдсан. тэднээс зөвшөөрөл авах ёстой талаар “К” ХХК-д  мэдэгдэлгүй нуун дарагдуулсан. “И” ХХК-тай гэрээ байгуулж, дулааны шугам холбох ажлыг гүйцэтгэсэн боловч дулааны шугамыг холбосны дараагийн өдөр нь "Эйч Эс Би" ХХК, "Ай Эс Юу Би" ХХК, "Парк од" ХХК, "Эрчимт сүлжээ зам" ХХК-уудаас ирж “К” ХХК-ийн хийлгэсэн дулааны холболтыг салгасан тохиолдол 3 удаа болсон. Гэдгээр компаниудын “К” ХХК-ийн холболтыг тасалсан шалтгаан нь тэдгээр компаниудаас зөвшөөрөл авч, бүгдэд нь мөнгө төлөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. “К” ХХК-ийн зүгээс тэдгээр компаниудын энэ шаардлагын талаар “И” ХХК-д   хэлсэн боловч ямар нэг хариу өгөөгүй. “И” ХХК дээрх маргаантай байдлыг шийдвэрлэж өгөөгүй. мөн “К” ХХК-ийн барьж байсан Энканто таун-2 хотхон 2014 онд биш 2015 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан тул дээрх компаниудын тасалсан холболтыг дахин буцааж холбох оролдлого хийх боломжгүй гэж үзээд холболтгүй чигээр нь орхисон болно. Өөрөөр хэлбэл “К” ХХК    нь “И” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ зорилгод хүрч чадаагүй.

Анхан шатны шүүх “К” ХХК-аас “Тайм тү тайм” ХХК-тай байгуулсан Дулааны шугам татах хамтран ажиллах гэрээг хэрэгт хамааралгүй гэж буруу дүгнэсэн. “Тайм тү тайм” ХХК-ийн дулааны шугам эзэмшлийн заагийн зургийг нотлох баримтаар үнэлээгүй. “К” ХХК    нь хөрш зэргэлдээ газарт "Тайм тауэр" хотхон барьж байсан “Тайм тү тайм” ХХК-ийн хүсэлтээр 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр "Дулааны шугам татах хамтран ажиллах гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр “К” ХХК    нь Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын II дүгээр цэгээс Энканто таун-2 хотхоп хүртэл дулааны шугам татах “Тайм тү тайм” ХХК нь дээр дурдсан Олимп хотхоны салаа шугамын 11 дүгээр цэгээс холболт хийх зөвшөөрөл авах болон бусдын газар дээгүүр дулааны шугам татах зардал, мөн талуудын эзэмшлийн талбайн дунд хийгдэх дулааны худаг хүртэл дулааны шугам татах зардлын 50 хувийг ажил гүйцэтгэх явцад болон ажлыг дууссаны дараа “К” ХХК-д  төлөх үүрэг хүлээсэн. Хоёр тал талуудын эзэмшлийн талбайн дунд хийгдэх дулааны худгаас өөрсдийн барилга хүртэлх дулааны шугамыг өөрсдөө гүйцэтгэхээр тохирсон. “К” ХХК    нь уг гэрээний дагуу Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгээс Энкантотаун-2 хотхон хүртэл буюу талуудын эзэмшлийн талбайн дунд хийгдэх дулааны худаг хүртэл дулааны шугам татсан боловч дээр дурдсанаар дулааны холболтоо удаа дараа таслуулсан тул дахин холболт хийлгүй орхисон. Гэвч “Тайм тү тайм” ХХК-ийн Тайм тауэр хотхоны барилгууд 2014 онд ашиглалтад орох ёстой байсан тул “К” ХХК-ийн татсан дулааны шугамыг Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгг холбох зөвшөөрлийг “Тайм тү тайм” ХХК нь “Тайгам-Алтай” ХХК болон “Эйч Эс Би” ХХК, “Илсон девелопмент” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК гэсэн 5 компаниас авч, бүгдэд нь мөнгө төлж байж, өөрийн зардлаар уг холболтыг хийлгэсэн. Уг холболтыг хийсний дараа 2014 онд ашиглалтад орж, хийгдсэн “Тайм тү тайм” ХХК-ийн барилгын дулааны зангилаа, ус халаагчийг угсарсан акт, дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан актыг шүүхэд өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүй атлаа “К” ХХК-ийн Энканто-2 хотхоны барилгыг 2015 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан улсын комиссын актад үндэслэн “К” ХХК-ийн “И” ХХК-тай байгуулсан гэрээний зорилго хэрэгжсэн гэж өнгөцхөн дүгнэсэн нь дээрх цаг хугацааны дарааллыг ойлгоогүй болохыг харуулж байна. “Тайм тү тайм” ХХК нь дулааны шугам эзэмшлийн заагийн зургаа УБДС ТӨХК-тай хамтран баталсан бөгөөд уг зурагт Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэг хүртэл хэрэглэгчдийн хамтран эзэмших шугам гэж тэмдэглэгдсэн, түүнээс хойшх нь хэрэглэгч “Тайм тү тайм” ХХК-ийн шугам гэж тэмдэглэгдсэн байсан. Энэхүү заагийн зураг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “И” ХХК-ийн  заагийн зурагтай зөрчилдөж байхад анхан шатны шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Мөн уг заагийн зурагт хоёр байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг зурсан огноо 2014 он, 2015 он гэж хоёр янзаар бичигдсэн байсан бөгөөд аль огноо нь зөв талаар шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “К” ХХК-д  холбогдуулан гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 220-225 дахь талд авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/01498 дугаар тогтоолоор ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7, 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, энэ хуулийн 38.6 дахь хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх тогтоолд заасан нөхцөл байдал арилаагүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн хэвээр байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.   

 

Түүнчлэн, “Тайм тү тайм” ХХК-ийн хувьд уг маргаан шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэнээс хамаарч ирээдүйд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байх боломжтой байхад түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь учир дутагдалтай болжээ.

 

            Шүүх маргааны үйл баримтад ач холбогдолтой байж болох нотлох баримт бүрдүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болох гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь талуудын нотлох баримт бүрдүүлэх, эрхээ хэрэгжүүлэх, маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх эрхэд хамааралтай юм. 

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “И” ХХК-ийн  төлсөн 532 950 төгрөгийг, хариуцагч “К” ХХК-ийн төлсөн 907 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ