Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00565

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03098 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2382 дугаар магадлалтай

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“К” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Туул, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12б магистралын шугамны 700-ийн шугамнаас салаалж байгаа Олимп хотхоны дулааны 400-ийн шугамны 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300 хоолойгоор хийх зөвшөөрлийг “И” ХХК-иас “К” ХХК-д өгөх, үүний төлбөрт “К”ХХК нь 350 000 000 төгрөгийг “И” ХХК-д төлөхөөр 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид хүлээсэн үүргээ биелүүлсэн ба “К” ХХК нь огтолгоог хийж ажлаа дуусгаж, байрыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Гэрээний нийт үнийн дүнгээс 200 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг “Тайгам-Алтай” ХХК-ийн дансаар шилжүүлж авсан. Учир нь “Тайгам-Алтай” ХХК нь манай барилгын Ерөнхий гүйцэтгэгч байсан ба бид “Тайгам-Алтай” ХХК-ийн дансаар төлбөрөө авсан дээр маргадаггүй. Гэтэл “К” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 150 000 000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлөөгүй. “К” ХХК нь манай компанийг хуурч гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Хууран мэхлэгдээд хохирсон талаараа огт шаардлага гаргаж байгаагүй. Энэ гэрээ нь хэрэгжиж бодит үр дүнгээ өгсөн. Таван компани шаардлага гаргасан асуудлыг ярьдаг боловч эдгээр компаниуд “К” ХХК-ийн эрх ашгийг хохироосон зүйл огт байхгүй. Харин ч дулааныг цааш нь дамжуулахгүй байх үүргийг “К” ХХК нь “И” ХХК-ийн өмнө хүлээсэн хэдий ч 11 дүгээр цэгээс “Тайм тү тайм” ХХК-тай хамтарч шугам татсан асуудал нь гэрээний үүргийг зөрчиж бусдын эрх ашгийг хөндсөн үйлдэл байж болно. Таван компанийн хамтарч байгуулсан гэрээ гэх энэ гэрээ хэрэгт ач холбогдолгүй. “Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн дулааны шугамын зураг болон “И” ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулах үеийн заагийн зураг дээрээс харвал “И” ХХК нь дангаараа хэрэглэгч юм гэсэн байдал тогтоогдож байгаа. 2017 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Улаанбаатар шугам сүлжээ” ТӨХК-иас тодруулга авсан байдаг. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 07/790 тоот албан бичгээр нэгдүгээр ээлжийн шугамыг “И” ХХК-ийн захиалгаар хийсэн. Өөрөөр хэлбэл энэ хэсгийн шугамын захиалагч хэн байсан гэдгийг тодорхойлж өгсөн. Мөн хөрөнгийг хөрөнгийн бүртгэлд тусгаагүй байж болно. Хожим санхүүгийн ил тод байдлын тухай өршөөлийн хуульд хамрагдаж энэ тухайгаа тайлагнасан. Энэ 2,6 тэрбум төгрөг нь “И” ХХК нь 1-14 худгийг хийж гүйцэтгэхэд зарцуулсан хөрөнгө бөгөөд эрх бүхий байгууллагын тодорхойлолт санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байгаа. Таван компанийн гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан баримт. Энэ гэрээ хэрэгжээгүй. Гэрээг уншаад үзэхээр санхүүгийн асуудлыг тусдаа гэрээгээр зохицуулна гэсэн байдаг. Хэрэгт ач холбогдолгүй баримтыг дурдах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцэж, нотлох баримтад тулгуурлаж гарах ёстой. “Алтай констракшн” ХХК-ийн газар нийт 40 м.кв тусдаа хоёр захирамжаар олгогдсон газар байдаг. Нэг нь замын ард, нэг нь замынхаа урд байрлана. 11 дүгээр цэгээс цааш хэний газар дээгүүр дайрч өнгөрөх нь”И” ХХК-д хамааралгүй. Цаашид дулааны шугам нь хэний газрыг дамжиж өнгөрөх асуудал ч гэрээний маргаанд хамааралгүй. Тухайн үед ”И” ХХК-ийг 400-н шугам татаж байх үед бусад компаниудад ямар ч техникийн нөхцөл гараагүй байсан. Эдгээр таван компаниуд нь хаанаас дулаанаа авахаа мэдэхгүй байсан. Учир нь 700-н шугамаас дулаан авах техникийн нөхцөл гараагүй байсан. Мөн эдгээр таван компани нь дулаан авах хугацаа нь болоогүй байсан. Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.

Гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлөөгүй тул гэрээгээр тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алдангид 75 000 000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд нийт 225 000 000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “И” ХХК болон “К” ХХК-иуд нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 12б магистралын 700 шугамаас салаалж байгаа 400-н шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300-н хоолойгоор хийх зөвшөөрлийг авсан. Энэ гэрээний дагуу төлбөрийг 2 хувааж өгөх ёстой байсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 200 000 000 төгрөгийг “Тайгам-Алтай” ХХК-д төлсөн. Яагаад урьдчилгаа төлбөрийг “Тайгам-Алтай” ХХК-д төлсөн гэхээр хамтран ажиллах гэрээг хийсний дараагаар 400-н салаа шугамын өмчлөгчийн асуудал үүссэн. “Тайгам-Алтай” ХХК, “Парк од” ХХК, “Эйч Эс Би” ХХК, “Илсон девелопмент” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК-иуд нь гарч ирээд “И” ХХК нь энэ шугамыг бусдад ашиглуулах эрх бүхий этгээд биш харин манай байгууллагуудын өмчлөлийн шугам. ”И” ХХК-тай хийсэн хэлцэл нь эрх зүйн үндэслэлгүй. Иймд бид “Тайгам-Алтай” ХХК-д 200 000 000 төгрөгийг төлсөн болохоос энэ гэрээний үүрэгт төлөөгүй. Гэтэл бусад 4 компани энэ төлбөрийг бидэнд хувааж өгөх ёстой байсан, ганцхан “Тайгам-Алтай” ХХК-д өгөх ёсгүй гэсэн асуудлыг үүсгэсэн. Тэгээд манай байгууллагын хийсэн эхний холболтыг салгасан. Ийм учраас энэ гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болоод “К” ХХК нь холболтыг хийгээгүй. Энэ гэрээ нь үндсэн зорилгодоо хүрэлгүй дуусгавар болсон. Тухайн үед манай байгууллага нь огтолгоо авах болсон шалтгаан нь уг шугамын зураг нь “И” ХХК гэсэн нэрээр гарсан учир бид “И” ХХК-ийг шугамын эзэмшигч мөн гэж үзээд гэрээ байгуулсан. Гэтэл бид шугамын эзэмшигчийг андуурч гэрээг хийсэн. Энэ холболтыг “Тайм тү тайм” ХХК нь хийсэн. Бид “И” ХХК-тай гэрээ хийснийхээ дараа оруулах хөрөнгөө хамтарч гаргахаар “Тайм тү тайм” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийсэн. Гэтэл бусад техникийн нөхцөл нь холболтыг “Тайм тү тайм” ХХК 400-н шугам дээр гарсан байсан. Манай барилгын ашиглалтад орох хугацаа нь болоогүй байсан учир энэ асуудлыг орхисон. Холболтыг “Тайм тү тайм” ХХК-ийн барилга болох “Тайм таур” хороолол нь ашиглалтад орох болсон байсан учир энэ 4 компанид “Тайм тү тайм” ХХК мөнгө төлөөд 11 дүгээр цэгээс холболтыг хийсэн. Үүнээс нь бид дулааны шугамыг татаж дулаанаа авсан. Тэгэхээр “И” ХХК нь “К” ХХК-иас мөнгө нэхэх хууль зүйн үндэслэлгүй байна.Дээрх 5 компаниудын хооронд байгуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Таван компаниудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийсэн. Манай байгууллага нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “И“ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл бараг жилийн өмнө таван компаниуд 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийсэн байна. Энэ гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр буюу манай гэрээг байгуулснаас сарын дараа 5 компанийн нэр дээр гарсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ гэрээг “К” ХХК-ийг хуурч мэхлэх замаар байгуулсан гэж үзэж байгаа. Дээрх таван компанийн байгуулсан гэрээнд “И” ХХК нь оролцогч биш. “И” ХХК нь шүүхэд тайлбар гаргахдаа эдгээр компаниудтай огт гэрээ байгуулаагүй гэж захирал нь бичгээр тайлбар гаргаж байсан. 11 дүгээр цэгээс энэ таван компаниас бусад компаниуд дулааны шугамаас холболт авахдаа тус таван компанийн зөвшөөрлийг авна гэдэг нь гэрээг уншихад ойлгомжтой харагдаж байна. “И” ХХК нь бид зөвшөөрөл өгөх эрхтэй этгээд байна гээд манай байгууллагатай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад ажил эхлээд явмагц нөгөө байгууллагууд нь гарч ирээд та нар бид нараас зөвшөөрөл авахгүй дулаан авсан гэсэн. Ажил зогсоосон асуудлаар 2014 оны 10 дугаар сарны 24-ний өдөр “Жигүүр гранд” ХХК нь “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-д албан бичиг явуулж байсан. Яагаад “Жигүүр гранд” ХХК нь гэрээний оролцогч биш байж, албан бичиг явуулсан гэхээр энэ гэрээний оролцогч “Парк Од” ХХК нь “Жигүүр гранд” ХХК-ийн охин компани юм. Энэ нь албан бичиг дээрээ ч тодорхой харагдаж байгаа. Энэ албан бичгийн агуулгыг харахад энэ таван компани хамтраад дулааны шугамыг тавьсан. Тус шугамын нийт төсвийн 60 хувийг бусад дөрвөн компаниуд гаргаж хөрөнгө оруулалт хийснээр дундын өмчлөлд шилжсэн. Дээрх гэрээний заалтаар “И” ХХК нь нэгдүгээр ээлжийн 400-н шугамаас ямар нэгэн огтолгоо өгөх шийдвэр гаргахын өмнө энэ компаниудад мэдэгдэж зөвшөөрөл авсан байхыг тусгасан. “И” ХХК гэж бичсэний учир “И” ХХК-ийн удирдлагууд нь “И” ХХК нь ”Тайгам-Алтай” ХХК-ийн охин компани гэж тайлбарладаг. Гэхдээ хэрэгт байгаа баримтаар үүнийг олж хараагүй. Тухайн үед “Тайм тү тайм” ХХК нь бусад компаниудтай уулзаад тэдний шаардаад байгаа мөнгийг нь өгөөд салгасан байсан холболтыг залгуулсан. 11 дүгээр цэг дээр л нийлүүлж, салгаад байгаа. 11 цэгээс “Тайм тү тайм” ХХК нь мөнгийг төлөөд холболтыг хийсэн учир дулаан нь “К” ХХК-д ирэх нь ойлгомжтой. Гэтэл “К” ХХК нь дулаан авсан тул төлбөр төлөх ёстой гэж нэхэмжлээд байгаа нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ шугам нь “Тайм тү тайм” ХХК-тай хамтарсан өмчлөлд байдаг шугам. Энэ нь “Тайм тү тайм” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээн дээр тодорхой байгаа. “Тайм тү тайм” ХХК-иас бусад компаниудтай тохиролцоод төлбөр төлсөн талаарх баримтуудыг авахаар хандсан боловч одоогийн гүйцэтгэх удирдлага нь би энэ компанийг худалдаж авсан. Намайг худалдаж авахаас өмнөх асуудал байна. Надад та нарт гаргаж өгөх баримт байхгүй гэж хариу өгсөн. “Тайм тү тайм” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасан боловч шүүхээс гэрээний оролцогч биш гээд гуравдагч этгээдээр татаагүй. “Тайм тү тайм” ХХК болон “К” ХХК-ийн дундын өмчлөлийн шугамыг 11 дүгээр цэг дээр холбосон асуудал одоо яригдаж байгаа. “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-иас зарим баримтууд ирсэн, гэрээ болон нэмэлт дулаан эзэмшлийн заагийн зургаас харахад 1-14 хүртэл таван компанийн эзэмшилд байгаа гэж харагдаж байна. Энэ таван компани дотор “И” ХХК нь харагдахгүй байгаа. Шүүх 2013 оны зургийг үндэслээд шийдэх нь өрөөсгөл болно. Энэ нь дулааны шугамыг барьж байгуулахад гарсан зардлаа нөхөж олох зорилготой болохоос дуртай үнээ хэлдэг зүйл биш. Өөрийнхөө эзэмшилд байгаа 400-н 1-14 цэг гэдэг дулааны шугамыг хэдэн төгрөгөөр яаж барьж байгуулсан нь тодорхойгүй, баримтгүй байна. Мөн энэ холболтыг авсан 11 цэг нь хаана хэний эзэмшлийн газар дээр байгаа гэдэг асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс 11 дүгээр цэг бол “Алтай констракшн” ХХК-ийн эзэмшлийн газар дээр байгаа гэсэн албан бичгийг “Алтай констракшн” ХХК-иас аваад шүүхэд өгсөн байдаг. Энэ Нийслэлийн газрын албанаас гаргуулсан баримт болон кадастрын зургийг харахад “Алтай констракшн” ХХК буюу Баянмонгол хорооллын дунд нэг л зам байгаа. Тэр замын хойд хэсэг дээр “Алтай констракшн” ХХК газар эзэмшдэг. Гэтэл 11 цэг нь замын урд хэсэгт байгаа. 11 цэг өөр компанийн эзэмшлийн газарт байрладаг. 11 дүгээр цэгийг байрлаж байгаа газрын эзэмшигч нь “Цэ Эн Вэс” ХХК юм. Энэ нь Нийслэлийн газрын албанаас ирсэн баримтаар харагдана. “Цэ Эн Вэс” ХХК-иас “К” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичигт 11 цэг манай эзэмшлийн газарт байрладаг гэж тодорхой дурдсан байгаа. “Цэ Эн Вэс” ХХК нь энэ хэрэгт ямар хамааралтай вэ гэхээр 11 цэгээс “К” ХХК болон “Тайм тү тайм” ХХК-иудын хамтарсан шугам нь барилга хүртэл явсан байгаа. Тэгэхээр энэ шугам “Цэ Эн Вэс” ХХК-ийн газар дээгүүр тавигдсан. Тийм учраас газар эзэмшигчтэй зөвшилцөж байж дулааны шугам татах учир тус компаниас зөвшөөрөл авах асуудал яригдахад н.Батсайхан гэдэг хүнээр дамжуулж гэрээ байгуулан тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03098 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас 150 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-иас 907 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2382 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/03098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “И” ХХК-ийн төлсөн 532 950 төгрөгийг, хариуцагч “К” ХХК-ийн төлсөн 907 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, бүгд 225 000 000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс алданги 75 000 000 төгрөгийг хасч 150 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг алданги хасч шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрсөн. Зохигчдын гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолд заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7, 168.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал арилаагүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн хэвээр байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.

Тэгвэл анхан шатны шүүх хуралдаан удаа дараа товлогдон хойшилж байсан нь хариуцагч талын гаргасан хүсэлтүүдтэй холбоотой бөгөөд хариуцагчаас таамаг төдий үндэслэл муутай зүйлийг байнга ярьж саад учруулж байдаг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунжруулахад хүргэсэн.:Гэсэн ч шүүх хүсэлтийг нь хангаж хүссэн баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан ч хариуцагчийн татгалзал нотлогдоогүй.

Мөн маргаан бүхий 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний талууд нь нэг талаас “И” ХХК  /А тал/, нөгөө талаас “К” ХХК /Б тал/ байх бөгөөд гэрээний 3.2.4 дэх хэсэгт “К” ХХК нь “И” ХХК-иас авсан дулааны эх үүсвэрээ цааш нь гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэг хүлээсэн байхад хариуцагчийн хүсэлтээр “Тайм тү Тайм” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь учир дутагдалтай болжээ гэж дүгнэсэн нь буруу, энэ хэргийг шийдвэрлэхэд огт хамааралгүй асуудал юм. Хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэсэн ч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасч шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 4.2-т зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож А талд төлнө гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хуулийн хүчин төгөлдөр тохиролцоо юм. Гэрээний 1.9-т хугацааг тодорхойлсноос үзвэл хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр холболтын ажлыг бүрэн дуусгах үүрэгтэй ба энэ үед үлдэгдэл төлбөрөө төлөх үүргийг хүлээсэн. Төлбөр төлөөгүй хэтэрсэн хугацаагаар тоолбол Иргэний хуулийн анз тооцоход баримтлах хэмжээнээс илүү гарах тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан шаардсан алдангийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “И” ХХК нь “К” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 150 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Зохигчдын хооронд  2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр “И” ХХК нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12б магистрал шугамны 700-ийн шугамнаас салаалж байгаа Олимп хотхоны дулааны 400-ийн шугамны 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300 хоолойгоор хийх зөвшөөрлийг “К” ХХК-д өгч, “К” ХХК нь энэхүү дулаан ашиглах зөвшөөрлийн төлбөрт 350 000 000 төгрөгийг “И” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу “К” ХХК нь урьдчилгаа 200 000 000 төгрөгийг “И” ХХК-ийн толгой компани гэх “Тайгам Алтай” ХХК-д шилжүүлсэн, улмаар дулаан татах ажил эхлэхэд  уг салаа шугам бусдын эзэмшил газар дээр байдаг, тус шугам татагдахад хөрөнгө оруулсан  газар эзэмшигч М.Батсайханы эрх зөрчигдсөн гэж, мөн “Эйч Эс Би” ХХК, “Ай Эс Юу Би” ХХК, “Парк Од” ХХК, “Эрчимт сүлжээ” ХХК-иудаас хүмүүс ирж, “К” ХХК-ийн дулааны холболтыг тасалж, тус шугамаас дулаан авахын тулд дээрх компаниудаас зөвшөөрөл авч, бүгдэд нь төлбөр төлөх ёстой гэсэн шаардлага тавьж, дулааныг холбуулаагүй байна.

Энэ талаар “И” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй, маргаантай байдлыг шийдвэрлэж өгөөгүй, улмаар гэрээ зорилгодоо хүрээгүй гэжээ.

2014 оны 08 дугаар сарын 01-ний “К” ХХК нь “Тайм тү Тайм” ХХК-ийн хүсэлтээр  тус компанитай “Дулааны шугам татах хамтран ажиллах” гэрээ байгуулж, уг гэрээгээр “К” ХХК нь Олимп хотхоны 11 дүгээр цэгээс Энканто-2 хотхон хүртэл дулааны шугам татах, “Тайм тү Тайм” ХХК 11 дүгээр цэгээс холболт хийх зөвшөөрөл авах болон бусдын газар дээгүүр дулааны шугам татах зардал, мөн талуудын эзэмшлийн талбайн дунд хийгдэх дулааны худаг хүртэлх дулааны шугам татах зардлын 50 хувийг ажил гүйцэтгэх явцад болон ажлыг дууссаны дараа “К” ХХК-д төлөх үүрэг хүлээжээ.

“Тайм тү Тайм” ХХК нь өөрийн барьж байсан Тайм тауэр хотхоныг ашиглалтад оруулахын тулд дээр дурдсан компаниудад төлбөрийг төлж, 11 дүгээр цэгээс дулаан татах зөвшөөрлийг авч, өөрийн зардлаар холболтыг хийлгэсэн, “К” ХХК “Тайм тү Тайм” ХХК-ийн зөвшөөрлийг үндэслэн Энканто-2 хотхон руу дулаанаа татсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч “И” ХХК нь “К” ХХК-ийг гэрээний дагуу огтолгоог хийж, дулаан татсан үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, “И” ХХК нь дангаараа зөвшөөрөл өгөх эрхгүй атлаа биднийг хуурч гэрээ байгуулсан, дулаан татсан зөвшөөрлийн төлбөрийг “Тайм тү Тайм” ХХК төлж, холболтыг хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Улмаар хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлохоор, түүнчлэн шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх боломжтой гэж үзэн “Тайм тү Тайм” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзжээ.

Хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Тогтоолд заасан зөрчил арилаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс “...хяналтын  шатны шүүхийн тогтоолд заасан зөрчил арилаагүй, мөн хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн хэвээр байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчсөн...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн зүйлийн 168.1.7., 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтад нийцжээ.

Магадлалд дурдснаас гадна хэрэгт авагдсан баримтаар хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, “И” ХХК нь маргаж буй 11 дүгээр цэгээс огтолгоо хийж дулаан авах зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд мөн эсэх, тус дулааны шугамын хөрөнгө оруулалт, угсралтын ажлыг хамтран гүйцэтгэхээр, ажил хийгдэж дууссаны дараа шугамыг хамтран эзэмшихээр тохиролцсон 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №83/09/13 тоот “Дулаан болон бохирын гол шугамын ажилд хамтран ажиллах гэрээ”, №01/13 дугаартай “83/09/13 тоот хамтран ажиллах гэрээний хавсралт гэрээ”-ний талаар болон “Тайгам Алтай” ХХК, “И” ХХК-иуд нь хоорондоо хамаарал бүхий хуулийн этгээд эсэх, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн тус шугамын эзэмшигчийн талаарх хоорондоо зөрүүтэй албан бичгийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иймд шийдвэрийг дэмжиж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2382 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 282 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА

               ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД