Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01498

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01845 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1636 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “К” ХХК-д холбогдох,

225 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Э.Уянгасайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр, Э.Алтангбагана, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“И” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 126 магистралын шугамны 700 шугамнаас салаалж байгаа Олимп хотхоны дулааны 400 шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300 хоолойгоор хийх зөвшөөрлийг “И” ХХК-иас “К” ХХК-д өгөх, “К” ХХК үүнийг төлбөрт 350 000 000 төгрөгийг “И” ХХК-д төлөхөөр 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан тохиролцсон. “К” ХХК нь гэрээний дагуу огтолгоог хийн ажлаа дуусгасан боловч үлдэгдэл 150 000 000 төгрөгийг төлөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнийн дүн 200 000 000 төгрөгийг хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн дансаар шилжүүлснийг “И” ХХК хүлээн авсан, энэ талаар маргаан байхгүй. Мөн талууд гэрээгээ 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулж уг өдрөөс 45 хоногийн дотор огтолгооны ажлаа дуусган төлбөр төлөх ёстой байсан. Уг хугацаанаас хойш тоолбол 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэл 822 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 150 000 000 төгрөгийн 0.5 хувийн алданги 616 500 000 болж байгаа юм. Үүнээс хуулийн дагуу алдангийн хэмжээг 75 000 000 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байна.

Иймд “И” ХХК болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Энканто-2 хотхоны барилгыг барих явцад төвийн дулааны шугамд “И” ХХК-ийн татсан дулааны шугамаар дамжин холбогдох шаардлагатай болсон. Ингээд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “И” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн 12Б магистралын шугамын 700-ын шугамаас Олимп хотхоны дулааны 400-ын шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300-ын хоолойгоор хийхээр харилцан тохиролцож, шугам татахтай холбогдох бүхий л хүчин зүйлсийг харгалзан үзэж төлбөрийг 350 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний дагуу бид эхний 200 000 000 төгрөгийг тэдний толгой компани гэх “Тайгам Алтай” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл дулааны шугам татах ажил эхлэхэд М.Батсайхан гэх иргэн гарч ирээд “И” ХХК-ийн дулааны шугамаас холболт хийхэд надад төлбөр төлөх ёстой гэсэн тайлбар хийгээд шугам татах ажиллагаанд саад учруулсан. Үүнийг бид “И” ХХК-д мэдэгдэхэд уг компани “бид н.Батсайхантай гэрээтэй, гэрээнийхээ дагуу зохицуулж өгнө” гэсэн боловч эргэж холбоо барилгүй алга болсон. Бид дулааны шугамын ажлаа богино хугацаанд дуусгах шаардлагатай байсан тул ажлаа үргэлжлүүлэхийн тулд “И” ХХК-д төлөх үлдэгдэл төлбөрийн 120 000 000 төгрөгийг М.Батсайханд төлж ажлаа дуусгасан. Түүнчлэн “Тайм Тү Тайм” ХХК болон манай компани бид шугам татах төлбөр, зардлаа хамтран гаргасан тул үлдэгдэл төлбөрийг “Тайм Тү Тайм” ХХК-иас төлсөн байдаг болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01845 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас 225 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1636 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01845 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “476 дугаар зүйлийн 476.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг харьцуулан зөв дүгнэж шийдвэр гаргаагүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасан зөрчил гаргасан.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “түгээх, зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” гэж дулааны эрчим хүч хэрэглэгчийн үүргийг тодорхойлсон байдаг. Энэ хуулийн заалтыг энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх ёстой байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “УБДС” ТӨХК, хэрэглэгч нь “И” ХХК, бусад хэрэглэгч нь “К” ХХК байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэнгүй. “К” ХХК нь “Грийн хаус сити” ХХК-тай хамтран Энканто таун-2 хотхоныг барьж байсан тул Эрчим Хүчний Яамны Техникийн нөхцөл олгох комиссын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар “Грийн хаус сити” ХХК-д олгосон 30/2014 тоот техникийн нөхцлийн 4-т “Холболтын цэг: Холболтыг 12Б магистраль, Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын үл хөдлөх тулгууртай цэгээс шугам эзэмшигчтэй зөвшилцөн тусдаа салаа шугам татаж холбох” гэж заасныг үндэслэн “УБДС” ТӨХК-ийн 12Б магистраль дулааны шугамын 700 мм-ийн голчтой шугамаас салаалсан Олимп хотхоны дулааны 400мм-ийн голчтой шугамын эзэмшигч гэх “И” ХХК-иас тус салаа шугамын 11 дүгээр цэгийг ашиглан Энканто таун-2 хотхоны дулааны шугамыг холбох зөвшөөрлийг 2014 оны 07 дугаар сарын 08-нд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ээр авахаар болсон. Хамгийн гол нь “К” ХХК энэхүү гэрээний дагуу холболт хийж чадаагүй учраас “И” ХХК-д төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Анхан шатны шүүх бүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж чадсангүй. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07/286 тоот албан бичигт дурдагдсан 5 компанийн Хамтын ажиллагааны гэрээг нотлох баримтаар гаргуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй, маргаан бүхий буюу манай компанийн холболт хийж чадаагүй цэгээс холболт хийсэн “Тү тайм тү” ХХК-ийг гэрчээр эсвэл гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүйгээс анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн зөв тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан зөрчил гаргасан.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07/286 тоот албан бичигт дурдсанаар Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамыг “Эйч Эс Би” ХХК, “Ай Эс Юу Би” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК, “И” ХХК гэсэн 5 компани хамтын ажиллагааны гэрээ байгуулан хувь нийлүүлж, өөрсдийн хөрөнгөөрөө гүйцэтгэж 2013 онд ашиглалтад оруулсан. Үүний дараа 2014 онд “К” ХХК нь “И” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ, мөн М.Батсайхантай Хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж, дулааны шугам холбох ажлыг гүйцэтгэсэн боловч дулааны шугамыг холбосны дараагийн өдөр нь “Эйч Эс Би” ХХК, “Ай Эс Юу Би” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК-иудаас ирж “К” ХХК-ийн хийлгэсэн дулааны холболтыг салгасан тохиолдол 3 удаа болсон. Тэдгээр компаниудын “К” ХХК-ийн холболтыг тасалсан шалтгаан нь ганц “И” ХХК-иас биш, бүх компаниудаас зөвшөөрөл авч, бүгдэд нь мөнгө төлөх ёстой гэсэн шаардлагыг тэдгээр компаниуд тавьж байсан. “К” ХХК-ийн зүгээс тэдгээр компаниудын энэ шаардлагын талаар “И” ХХК-д хэлсэн боловч ямар нэг хариу өгөөгүй. “И” ХХК дээрх маргаантай байдлыг шийдвэрлэж өгөөгүй, мөн “К” ХХК-ийн барьж байсан Энканто таун-2 хотхон 2014 онд биш 2015 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан тул дээрх компаниудын тасалсан холболтыг дахин буцааж холбох оролдлого хийх боломжгүй гэж үзээд холболтгүй чигээр нь орхисон болно. Өөрөөр хэлбэл “К” ХХК нь “И” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ зорилгод хүрч чадаагүй. Иймд “И” ХХК нь Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгийг ашиглуулах зөвшөөрлийг бусад 4 компанитай өгөх ёстой байсан эсэхийг анхан шатны шүүх дээрх гэрээг шинжлэн судлаж тодруулах ёстой байсан.

“К” ХХК нь уг гэрээний дагуу Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгээс Энканто таун-2 хотхон хүртэл буюу талуудын эзэмшлийн талбайн дунд хийгдэх дулааны худаг хүртэл дулааны шугам татсан боловч дээр дурдсанаар дулааны холболтоо удаа дараа таслуулсан тул дахин холболт хийлгүй орхисон. Гэвч “Тайм Тү Тайм” ХХК-ийн Тайм тауэр хотхоны барилгууд 2014 онд ашиглалтад орох ёстой байсан тул “К” ХХК-ийн татсан дулааны шугамыг Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгт холбох зөвшөөрлийг “Тайм Тү Тайм” ХХК нь “И” ХХК болон “Эйч Эс Би” ХХК, “Ай Эс Юу Би” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК гэсэн 5 компаниас авч, бүгдэд нь мөнгө төлж байж, өөрийн зардлаар уг холболтыг хийлгэсэн. Ингэснээр “И” ХХК нь Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгт “К” ХХК-ийн татсан дулааны шугамыг холбох зөвшөөрлийн төлбөр гэж “К” ХХК болон “Тайм Тү Тайм” ХХК хоёроос хоёулангаас нь мөнгө авсан байсан. “Тайм Тү Тайм” ХХК нь “И” ХХК-д хэдэн төгрөг төлсөн нь нууц, тодорхойгүй хэвээр үлдсэн. Энэ талаарх баримтыг “И” ХХК болон “Тайм Тү Тайм” ХХК-иас гаргуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй. Уг холболтыг хийсний дараа 2014 онд ашиглалтад орж, хийгдсэн “Тайм Тү Тайм” ХХК-ийн барилгын дулааны зангилаа, ус халаагчийг угсарсан акт, дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан актыг шүүхэд өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүй атлаа “К” ХХК-ийн Энканто-2 хотхоны барилгыг 2015 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан улсын комиссын актад үндэслэн “К” ХХК-ийн “И” ХХК-тай байгуулсан гэрээний зорилго хэрэгжсэн гэж өнгөцхөн дүгнэсэн нь дээрх цаг хугацааны дарааллыг ойлгоогүй болохыг харуулж байна.

...Шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд хариуцагчийн өмгөөлөгчид 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад болох хурлын товыг 2017 оны 05  дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудсаар болон утсаар мэдэгдсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч нарт шүүх хурлын товыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний 13 цаг 50 минутад утсаар мэдэгдсэн болно. Шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Таванбаяр би Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн Хяналтын шатны шүүх дээр хуралтай байсан тул хуралд утсаар хэлэхэд шууд очих боломжгүй байсан тул энэ тухай баримтаа шүүх рүү хүргүүлсэн боловч хуралдаан эхэлсэн гээд хүлээн аваагүй байсан.

Иймд анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т заасан шаардлагыг зөрчжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг анхан шатны шүүх бүрэн хэмжээгээр хангаж чадаагүйгээс маргааны үйл баримт хангалттай нотлогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус үлдсэн байх тул хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

“И” ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 12б магистралын шугамны 700 шугамнаас салаалж байгаа Олимп хотхоны дулааны 400 шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300 хоолойгоор хийх зөвшөөрлийг “К” ХХК-д өгч, “К” ХХК нь төлбөрт 350 000 000 төгрөгийг “И” ХХК-д төлөхөөр тохиролцож, зохигчид 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  “К” ХХК нь гэрээний дагуу огтолгоог хийн ажлаа дуусгасан боловч үлдэгдэл 150 000 000 төгрөгийг төлөөгүй гэж “И” ХХК нэхэмжлэл гаргасан ба шаардлагадаа 75 000 000 төгрөгийн алдангийг тусгасан байна.

“К” ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Энканто-2 хотхоны барилгыг барих явцад төвийн дулааны шугамд “И” ХХК-ийн татсан дулааны шугамаар дамжин холбогдох шаардлагатай болсон тул 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “И” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн 12б магистралын шугамын 700-ын шугамаас Олимп хотхоны дулааны 400-ын шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300-ын хоолойгоор хийхээр, төлбөрт 350 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсоныг хүлээн зөвшөөрсөн байна. Харин дулааны шугам татах ажил эхлэхэд тухайн газрыг эзэмших эрхтэй иргэн М.Батсайхан “И” ХХК-ийн дулааны шугамаас холболт хийхэд өөрт нь төлбөр төлөх ёстой гэснийг “И” ХХК үгүйсгээгүй тул  “И” ХХК-д төлөх үлдэгдэл төлбөрийн 120 000 000 төгрөгийг М.Батсайханд төлсөн, “Тайм Тү Тайм” ХХК үлдэх төлбөрийг төлсөн гэж хариуцагч тайлбарлажээ.

Анхан шатны шүүх зохигчдыг хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон бол давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримталжээ.

Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн дулааны шугамаас салаалах зөвшөөрлийг хариуцагчид хариу төлбөртэйгээр олгосон зохигчдын дээрх тохиролцоог давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамааруулсан нь үндэслэлтэй байна. Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь эд юмс байхаас гадна эрх байх боломжтой тул давж заалдах шатны шүүхийн уг дүгнэлт Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1.-д заасан зохицуулалтад нийцсэн байна. Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаардаг.

Харин мөн зүйлийн 260 дугаар зүйлийн 260.3.-т зааснаар эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй хариуцагч “К” ХХК-ийн татгалзлын үндэслэлд нэхэмжлэгчийг эрхийн доголдолтой буюу бусдын эрхээр хязгаарлагдсан эрх шилжүүлснээс төлбөрийг өөр этгээдэд төлсөн гэх нөхцөл заагдсан байгааг хоёр шатны шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар гэрээний зүйл эрхийн доголдолтой байсан эсэхийг тодорхойлох хангалттай баримт авагдаагүй, зохигчдын энэ асуудлаар мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасан байх ба энэхүү хүсэлтэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12Б магистралын шугамын 700-ийн шугам, Олимп хотхоны дулааны 400-ийн шугамын эзэмшигч нь “И” ХХК мөн эсэхийг тодруулахын тулд “Улаанбаатар Дулааны Шугам сүлжээ” ТӨХК-иас лавлагаа авах, иргэн М.Батсайхан дээрх шугам болон газрын эзэмшигч мөн эсэхийг тодорхойлох баримтыг Нийслэлийн газрын албанаас, “И” ХХК болон иргэн М.Батсайхан нарын хоорондох харилцааг зохицуулсан гэрээг тэдгээрээс, “И” ХХК-д төлбөр төлсөн баримтыг “Тайм Тү Тайм” ХХК-иас тус тус гаргуулахыг хүсчээ.

Бусдын өмчлөл болон эзэмшлийн эд хөрөнгө, эрхийн талаарх мэдээлэл, төлбөр төлөлтийн талаарх нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэхээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан шаардлагад нийцсэн байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг хариуцагч шүүхэд өөрөө гаргаж өгөх боломжтой гэж үзсэн нь алдаатай болжээ.

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай.  Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйл,  Хувь хүний нууцын тухай хуулийн 2, 4 дүгээр зүйлд зааснаар  “байгууллагын нууц” гэдэгт  тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлээс гадна байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох мэдээ, мэдээллийг хамааруулж болдог ба хувь хүний нууцын төрөл болох хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг хамааруулдаг байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан дээрх баримтыг тухайн мэдээллийн эзэмшигч нууцлахгүй байсан ч шүүх хэргийн оролцогчийг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө, гэрээ хэлцэлтэй холбоотой баримтыг гаргаж өгөх боломжтой гэж дүгнэн нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийхээс татгалзсан нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.1.7., 168.3.-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх уг үүргээ биелүүлээгүй байна.

Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгчөө өөрчилж байгаа тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах зэрэг ажиллагааг анхан шатны шүүх хангалттай бүрэн явуулаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01845 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1636 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН