Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2426

 

 

“Хот айл-54” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хот айл-54” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Л-д холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 060 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Л  нь манай “Хот айл-54” СӨХ-ны харьяа Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хорооны 12 дугаар байрны 1 давхрын /манайд 12 дугаар байрны 3.1 тоот 19.5 м.кв болон 3.2 тоот 30 м.кв гэж бүртгэлтэй/ худалдаа үйлчилгээ эрхэлсэн хоёр байрны эзэн юм. Энэ иргэн олон жилээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй. Төлбөр төлөхгүйгээс 2015 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж байсан. Харин Л.Л-д дараагийн хугацааны төлбөрийг удаа дараа төлөх сануулга, шаардах хуудас өгч байсан боловч тэр энэ хугацаанаас хойшхи хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөс дахин зайлж, төлбөрөө хийхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2011, 2014 оны шийдвэрээр аж ахуйн нэгжээс нэг метр квадратыг 800 төгрөгөөр тооцон зардал авахаар тогтоосон байдаг. Иргэний хуулийн 143-149 дүгээр зүйл, "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулиар сууц өмчлөгч тогтоосон зардлыг төлөх үүрэгтэй. Хог хаягдал, цахилгааны төлбөр манайд хамааралгүй бусад байгууллагад төлдөг. Иймд Л.Л-с 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлөөгүй дундын өмчийн засвар, үйлчилгээний зардалд 19.5 м.кв 3.1 тоотынх сард 15 600 төгрөг тул төлөгдөөгүй 52 сард 811 200 төгрөг, 30 м.кв 3.2 тоотынх сард 24 000 төгрөг төлөх ёстой тул 1 248 000 төгрөг, нийтдээ 2 060 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сууц өмчлөгчдийн холбооны дарга Г.Т нь аж ахуйн нэгжүүдтэйгээ уулздаггүй, гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирьё гэхээр шүүхээр шийдье гэдэг, мөн шүүхийн нэхэмжлэл дээр удаа дараа сануулга, мэдэгдэх хуудас өгсөн гэж хүнийг гүтгэдэг. Тайлангийн хурал болон бүх гишүүдийн хурал дээр дууддаггүй, ямар үйл ажиллагаа явуулдаг нь бүрхэг байдаг. Хариуцагч тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн бишээс гадна уг байр нь орон сууц биш харин Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу зөвшөөрөл авсан үйлдвэрлэл үйлчилгээний газар юм. Хуулиар орон сууц өмчлөгч зардал төлөх үүрэгтэй гэсэн. Гэтэл уг байр орон сууцны зориулалттай сууц биш тул хамаарахгүй. Манайх орцыг ашигладаггүй, тусдаа гадагш гарсан хаалгаар орж гардаг. Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбооноос зардал гаргаж ямар нэг засвар үйлчилгээ авч байсан удаагүй. Мөн зардлын хэмжээг 800 төгрөгөөр тогтоосон гэх 2014 оны бүх гишүүдийн хурлын шийдвэр Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцээгүй, ирц тодорхой бус, хэн хэн оролцсон нь байхгүй. Зөвхөн 150 айл өрхөөс 81 хүн орсон гэж тусгасан. Үнэхээр 81 хүн хуралд оролцсон эсэх тодорхойгүй. Өмнө шүүхээр ороход тогтоолд ирц байгаагүй байсныг зассан байна. Иймд төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-тзааснаар хариуцагч Л.Л-с 1 465 200 төгрөг гаргуулж, Хот айл-54 СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 595 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 393 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Хот айл" СӨХ-ны гишүүдийн хурлын шийдвэрээр аж ахуй эрхэлж байгаа 1 дүгээр давхрын иргэн, байгууллагаас үйлчилгээний төлбөрт сард 1 м.кв-д 800 төгрөгөөр тогтоожээ. Энэ нь Орон сууцны тухай хуулийн 15,16 дугаар зүйлд зааснаар орон сууцны зориулалттай байрны зориулалтыг өөрчилж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй сууц өмчлөгчид хамааралтай ба Барилгын тухай хуульд зааснаар зураг төслийн дагуу дэлгүүрийн зориулалттай баригдсан бөгөөд зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрны өмчлөгчид хамааруулан ойлгох боломжгүй юм. "Хот айл" СӨХ-ны гишүүдийн хурлын шийдвэр нь үүний эсрэг зориулалтыг өөрчилж үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж 1 м.кв талбайд сард 400 төгрөг, зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж буй иргэд нь 1 м.кв талбайд сард 800 төгрөг төлөх нь шударга биш байна. Харин хариуцагчийн өмчлөлд байгаа талбай бүхий байрны дээд давхарт орон сууц байрладаг тул "Хот айл" СӨХ болон хариуцагч Л.Л  нар тухайн барилгын засвар үйлчилгээний талаар цаашид харилцан үүрэг хүлээсэн гэрээний үндсэн дээр хамтран ажиллах нь зүйтэй ба 1 м.кв талбайд сард 400 төгрөг төлөх нь шударга гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “Хот айл-54” СӨХ нь хариуцагч Л.Л-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 060 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11, 12, 54 дүгээр байрны оршин суугчдын 2003 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр “Хот айл 54” СӨХ үүсгэн байгуулагдсан болох нь хэргийн 3 дугаар тал дахь гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Хариуцагч Л.Л  нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 12 дугаар байрны 1 давхарт 30 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай, мөн давхарт 19.54 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн 27-28 дугаар тал дахь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

 

Хариуцагчийн өмчлөлийн 30 м.кв болон 19.54 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь “орон сууц” мөн эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас хариуцагчийг сууц өмчлөгчдийн холбооны гишүүн гэж үзэж, холбогдох үүргийг хүлээхээр анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болно.

 

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгоно” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар “сууц өмчлөгч” гэдэг нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж тус тус заажээ.

 

Хариуцагчийн өмчлөлийн дээрх 30 м.кв, 19.54 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүд нь үйлчилгээний зориулалттай буюу үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байх тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан нийтийн зориулалттай орон сууцанд хамаарахгүй юм. Улмаар Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Л-ыг тухайн орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч буюу сууц өмчлөгчийн холбооны гишүүн гэж үзэх баримт хэрэгт байхгүй болно.

 

Тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч буй сууц өмчлөгч дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний засварыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй ба хариуцагч Л.Л  нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан тухайн нийтийн зориулалттай орон сууцны барилгын “сууц өмчлөгч” гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй байх боловч хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараараа нэхэмжилж буй 1 м.кв талбайд тооцогдох үнийн хэмжээний талаар маргажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо орон сууцны зориулалтыг өөрчилж үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуй нэгжтэй адилхан 1 м.кв талбайд сард 400 төгрөөөр бодож сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөх ёстой гэх үндэслэлийг заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хэмжээнд шүүх нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Шүүх 2015 оны 8 дугаар сараас хойшхи 2018 оны 8 дугаар сар хүртэл 37 сарын зардалд нийт 1 465 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс хөндлөнгийн байх зарчмын хүрээнд талуудын шүүхэд гаргасан тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж 1 м.кв талбайд сарын 400 төгрөгөөр тооцон, хариуцагч Л.Л-с 732 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хот айл-54” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 327 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 465 200” гэснийг “732 600” гэж, “595 200” гэснийг “1 327 800” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “38 393” гэснийг “22 133” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Л-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 393 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ