Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2019/00496

 

 

“ХА-54” СӨХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02129 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2426 дугаар магадлалтай,

“ХА-54” СӨХны нэхэмжлэлтэй

Л.Лд холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 060 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Танягийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Таня, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Баттулга,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Л нь манай “ХА-54” СӨХны харьяа Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хорооны 12 дугаар байрны 1 давхрын /манайд 12 дугаар байрны 3.1 тоот 19.5 м.кв болон 3.2 тоот 30 м.кв гэж бүртгэлтэй/ худалдаа үйлчилгээ эрхэлсэн хоёр байрны эзэн юм. Энэ иргэн олон жилээр СӨХны төлбөрөө төлөөгүй. Төлбөр төлөхгүйгээс 2015 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж байсан. Харин Л.Лд дараагийн хугацааны төлбөрийг удаа дараа төлөх сануулга, шаардах хуудас өгч байсан боловч тэр энэ хугацаанаас хойшхи хугацааны СӨХны төлбөрөөс дахин зайлж, төлбөрөө хийхгүй байна. СӨХны бүх гишүүдийн хурлын 2011, 2014 оны шийдвэрээр аж ахуйн нэгжээс нэг метр квадратыг 800 төгрөгөөр тооцон зардал авахаар тогтоосон байдаг. Иргэний хуулийн 143-149 дүгээр зүйл, "СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулиар сууц өмчлөгч тогтоосон зардлыг төлөх үүрэгтэй. Хог хаягдал, цахилгааны төлбөр манайд хамааралгүй бусад байгууллагад төлдөг. Иймд Л.Лхагвадулмаас 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлөөгүй дундын өмчийн засвар, үйлчилгээний зардалд 19.5 м.кв 3.1 тоотынх сард 15 600 төгрөг тул төлөгдөөгүй 52 сард 811 200 төгрөг, 30 м.кв 3.2 тоотынх сард 24 000 төгрөг төлөх ёстой тул 1 248 000 төгрөг, нийтдээ 2 060 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХны дарга Г.Таня нь аж ахуйн нэгжүүдтэйгээ уулздаггүй, гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирьё гэхээр шүүхээр шийдье гэдэг, мөн шүүхийн нэхэмжлэл дээр удаа дараа сануулга, мэдэгдэх хуудас өгсөн гэж хүнийг гүтгэдэг. Тайлангийн хурал болон бүх гишүүдийн хурал дээр дууддаггүй, ямар үйл ажиллагаа явуулдаг нь бүрхэг байдаг. Хариуцагч тус СӨХны гишүүн бишээс гадна уг байр нь орон сууц биш харин Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу зөвшөөрөл авсан үйлдвэрлэл үйлчилгээний газар юм. Хуулиар орон сууц өмчлөгч зардал төлөх үүрэгтэй гэсэн. Гэтэл уг байр орон сууцны зориулалттай сууц биш тул хамаарахгүй. Манайх орцыг ашигладаггүй, тусдаа гадагш гарсан хаалгаар орж гардаг. Түүнчлэн СӨХноос зардал гаргаж ямар нэг засвар үйлчилгээ авч байсан удаагүй. Мөн зардлын хэмжээг 800 төгрөгөөр тогтоосон гэх 2014 оны бүх гишүүдийн хурлын шийдвэр Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцээгүй, ирц тодорхой бус, хэн хэн оролцсон нь байхгүй. Зөвхөн 150 айл өрхөөс 81 хүн орсон гэж тусгасан. Үнэхээр 81 хүн хуралд оролцсон эсэх тодорхойгүй. Өмнө шүүхээр ороход тогтоолд ирц байгаагүй байсныг зассан байна. Иймд төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02129 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Л.Лаас 1 465 200 төгрөг гаргуулж, “ХА-54” СӨХнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 595 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 393 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2426 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 465 200 гэснийг 732 600 гэж, 595 200 гэснийг 1 327 800 гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 38 393 гэснийг 22 133 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Лаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 393 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Танягийн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Хот айл 54” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Таня миний бие энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагчийн өмчлөлийн 30 м.кв болон 19.54 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь “орон сууц” мөн эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас хариуцагчийг СӨХны гишүүн гэж үзэж, холбогдох үүргийг хүлээхээр анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болно” хэмээн дурьдсанг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлт хийхдээ дараах хуулийн заалтыг анхаарч үзээгүй улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан улмаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Тухайлбал: СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 2-р зүйлийн 2.1-т “СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Орон сууц, хувьчлах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3-р зүйлийн 1-т “Нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг, мөн хуулийн 6-т “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц нэг буюу нэгээс дээш өрөө-ыг болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг гэж ойлгохоор тус тус заасан. Чингэлтэй дүүргийн 4-р хороо 12-р байр нь анх нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар баригдсан бөгөөд одоо 40 айл өрх оршин сууж, 9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өмч хувьчлалаар орон сууцын өмчлөгч болсон зарим хүмүүс зориулалтыг өөрчилж аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашиг олдог, энэ нь хэдийгээр сууц өмчлөгчийн эрхийн асуудал ч гэлээ хуулиар тогтоосон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй. СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-т “Сууц өмчлөгч нь “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13-р зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” хэмээн заасан байдаг. СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.4-т “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно” хэмээн заасан бөгөөд 16.4.2-т “сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол" хэмээн заасан. Энэхүү хуулийн заалтыг үндэслэн 2015 оны 4-р сарын 10-ны өдөр бүх гишүүд хуралдаж энэхүү бүх гишүүдийн хурлын шийдвэрийн 1.3-т “аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа айл, аж ахуйн нэгжүүдээс нийт талбайгаас 800 төг/м2-р тус тус тооцон үргэлжлүүлэн авахаар тогтлоо” хэмээн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нийтийн зориулалттай орон сууцны байшинд аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 1 м2 800 төгрөгөөр тооцон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал тогтоосон нь хуульд нийцсэн. Жил бүр нийтийн зориулалттай орон сууцны дундын өмч, дээврийн засвар, дээврийн хонгил дахь дулааны болон цахилгааны шугам, халуун хүйтэн ус, бохирын нэгдсэн шугам, сүлжээг гэх мэтчилэн олон зардлыг СӨХ хариуцан үйлчилгээ үзүүлдэг. Иймээс магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ХА-54” СӨХ нь хариуцагч Л.Лд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 060 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 465 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 732 600 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх тухайн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглэсэн, хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Л.Л нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 12 дугаар байрны 1 давхарт тус тус 30 м.кв, 19.54 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон, сууц өмчлөгч биш тул СӨХны гишүүнд хамаарахгүй, дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засварын зардлыг төлөх үүрэг хуулиар үүсэхгүй талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 143 дугаар зүйл, СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ.

Нийтийн зориулалттай байшин дах сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбогдож байгаа тул өмчлөгч этгээд СӨХтой гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд гэрээний дагуу тохирсон төлбөрийг төлөх ёстой байхад анхан шатны шүүх Л.Лыг сууц өмчлөгч гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийг зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч нь хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг, шүүх зохигчдын маргаагүй болон маргасан үйл баримтын хэмжээнд дүгнэлт өгдөг тул хариуцагч Л.Лын маргаагүй буюу зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагчийг сууц өмчлөгч гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. “ХА-54” СӨХ нь  Л.Лтай гэрээ байгуулж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засварын зардлыг төлүүлэх боломжтой болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2426 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА