Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/02129

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “ХА-54” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л. Л-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2.060.400 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ХА-54” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Таня, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэн Л нь манай “ХА-54” СӨХ-ийн харьяа Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хорооны 12 дугаар байрны 1 давхрын /манайд 12 дугаар байрны 3.1 тоот 19.5 мкв болон 3.2 тоот 30 мкв гэж бүртгэлтэй/ худалдаа үйлчилгээ эрхэлсэн хоёр байрны эзэн юм. Энэ иргэн олон жилээр СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Төлбөр төлөхгүйгээс 2015 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж байсан юм. Харин Л.Лд дараагийн хугацааны төлбөрийг удаа дараа төлөх сануулга, шаардах хуудас өгч байсан боловч тэр энэ хугацаанаас хойшхи хугацааны СӨХ-ны төлбөрөөс дахин зайлж, төлбөрөө хийхгүй байна. СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2011, 2014 оны шийдвэрээр аж ахуйн нэгжээс нэг метр квадратыг 800 төгрөгөөр тооцон зардал авахаар тогтоосон байдаг. Иргэний хуулийн 143-149 дүгээр зүйл, "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулиар сууц өмчлөгч тогтоосон зардлыг төлөх үүрэгтэй. Хог хаягдал, цахилгааны төлбөр манайд хамааралгүй бусад байгууллагад төлдөг. Иймд Л.Л-аас 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлөөгүй дундын өмчийн засвар, үйлчилгээний зардалд 19.5 мкв 3.1 тоотынх сард 15.600 төгрөг тул төлөгдөөгүй 52 сард 811.200 төгрөг, 30 мкв 3.2 тоотынх сард 24.000 төгрөг төлөх ёстой тул 1.248.000 төгрөг, нийтдээ 2.060.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны дарга Г.Таня нь аж ахуйн нэгжүүдтэйгээ уулздаггүй, гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирьё гэхээр шүүхээр шийдье гэдэг, мөн шүүхийн нэхэмжлэл дээр удаа дараа сануулга, мэдэгдэх хуудас өгсөн гэж хүнийг гүтгэдэг. Тайлангийн хурал болон бүх гишүүдийн хурал дээр дууддаггүй, ямар үйл ажиллагаа явуулдаг нь бүрхэг байдаг. Хариуцагч тус СӨХ-ийн гишүүн бишээс гадна уг байр нь орон сууц биш харин Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу зөвшөөрөл авсан үйлдвэрлэл үйлчилгээний газар. Хуулиар орон сууц өмчлөгч зардал төлөх үүрэгтэй гэсэн. Гэтэл уг байр орон сууцны зориулалттай сууц биш тул хамаарахгүй. Манайх орцыг ашигладаггүй,  тусдаа гадагш гарсан хаалгаар орж гардаг. Түүнчлэн СӨХ-с зардал гаргаж ямар нэг засвар үйлчилгээ авч байсан удаагүй. Мөн зардлын хэмжээг 800 төгрөгөөр тогтоосон гэх 2014 оны бүх гишүүдийн хурлын шийдвэр Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульдаа нийцээгүй,  ирц тодорхой бус, хэн хэн оролцсон нь байхгүй. Зөвхөн 150 айл өрхөөс 81 хүн орсон гэж тусгасан. Үнэхээр 81 хүн хуралд оролцсон эсэх тодорхойгүй. Өмнө шүүхээр ороход тогтоолд ирц байгаагүй байсныг зассан байна. Иймд төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                             

                                                                                                                 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “ХА-54” СӨХ нь Л.Лд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2.060.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2659 дүгээр шийдвэрээр хариуцагч Л.Лаас 2014 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг тооцож “ХА-54” СӨХ-д олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр гэдэгт талууд маргаагүй. Мөн нэхэмжлэгч байгууллагын нэр “ХА-54” СӨХ болж өөрчлөгдсөнд маргаагүй.

Хариуцагч 2014 оны 5 дугаар сараас хойшхи хугацааны зардлыг төлөөгүй гэдэгт маргаагүй, харин тус СӨХ-ийн гишүүн бус, уг үл хөдлөх эд хөрөнгө орон сууцны зориулалттай биш тул хамаарахгүй, СӨХ-с тариф тогтоосон өдрийн бүх гишүүдийн хурал хуралдсан эсэх, ирц хуульд заасан хэмжээнд хүрсэн эсэх эргэлзээтэй, СӨХ-ийн хийж гүйцэтгэдэг ажил тодорхойгүй, үйлчилгээ үзүүлж байгаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал  тухайн холбооны гишүүн байх”-аар, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т “өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг  зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан, хариуцагч өөрийн хөрөнгийн зориулалтыг өөрчилж ашиглаж буй байдал зардал төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй тул дээрх тайлбар үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байхаар заасан тул СӨХ-оос тогтоосон тариф эргэлзээтэй, бүх гишүүдийн хурал болсон эсэх, оролцсон ирц тодорхойгүй гэсэн хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй.  

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ... төлөх” үүргийг хүлээхээр, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг” хүлээхээр заасан тул хариуцагч нийтийн зориулалттай орон сууцны сууцны хэсэгт үйлчилгээ явуулж байгаагийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй.

Түүнчлэн “ХА-54” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын  тэмдэглэлээр тус холбоо дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжээс 1 мкв талбайгаас 800 төгрөг авч байхаар тогтоосон, хариуцагч Л.Л тус СӨХ-ийн харьяалах Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 12 дугаар байрны 1 давхарт байрлах 19.54 мкв, 30 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хоёр ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Ү-2202011174, Ү-2202014371 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2014 оны 5 дугаар сараас хойшхи 2018 оны 8 дугаар сар дуусталх 52 сарын ашиглалт, үйлчилгээний зардалд 19.54 мкв талбайтай хөрөнгийн хувьд 811.200 төгрөг, 30 мкв талбайтай хөрөнгийн хувьд 1.248.000 төгрөг, нийт 2.060.400 төгрөг нэхэмжилж байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байхаар заасан, нэхэмжлэгч тус шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул тэрээр 2014 оны 5 сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны зардлыг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүх 2015 оны 8 дугаар сараас хойшхи 2018 оны 8 дугаар сар дуусталх  37 сарын зардалд нийт 1.465.200 /19.5 мкв * 800 * 37 сар + 30 мкв * 800 * 37 сар/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Л.Лаас 1.465.200 /нэг сая дөрвөн зуун жаран таван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, “ХА-54” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 595.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47.916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38.393 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ