Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2481

 

 

Х.Т-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02107 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Т-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д  холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 19 224 445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Т миний бие 2011 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, JTMDV09J0B4055266 арлын дугаартай Toyota Land Cruizer 200 маркийн 1158 УБЗ улсын дугаар бүхий суудлын автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдан авч улмаар тухайн өдөртөө авто тээврийн хэрэгслийн даатгалыг “С” ХХК-ийн С-д даатгуулсан. Миний бие даатгуулсан өдрөөсөө буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлэн 3 сарын хугацаатай буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл даатгуулж, даатгалын төлбөрт бэлнээр 252 000 төгрөгийг өгч даатгалд хамрагдаж №Р330990 дугаартай гэрээ байгуулж баталгаажуулж 006 дугаартай даатгав гэсэн тэмдэг даруулж баталжуулсан. Гэтэл даатгалд хамрагдсан дээрх суудлын автомашин нь даатгалын гэрээний хамрагдах хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгаас Өмнөговь аймаг руу явах замд дугуй хагарсаны улмаас замын хажуу руу онхолдож авто осолд орж эвдэрсэн. Авто осол гарсан талаарх Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тодорхойлтод “2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Ланд круйзер маркийн 1158 УБЗ улсын дугаартай автомашин ...зам тээврийн осол гаргасан байна ... Уг ослын улмаас Ланд круйзер маркийн 1158 УБЗ улсын дугаартай автомашины зүүн талын урд хаалга, мөн зүүн талын хойд хаалга, зүүн талын урд керло, зүүн талын хойд булан, зүүн талын толь, зүүн талын хойд булангийн гэрэл, дээвэр, урд салхины шил, дээврийн ачаа, зүүн талын гишгүүр хонхойсон, хагарсан эвдрэл гэмтэл учирсан байна” гэж тодорхойлсон. Гэтэл С-ын н.Түшиг гэсэн ажилтан нь уг тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус гэсэн ба тус цагдаагийн тасгаас ахиад акт, камерийн бичлэг авчир гэсэн. Ингээд Х.Т миний бие дахин Өмнөговь аймаг явж тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч Э.Буяннэмэхтэй очиж уулзаж акт авах гэсэн боловч тухайн албан тушаалтны зүгээс акт бичиж өгөхөө болиод ойролцоогоор 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Нэгэнт хол газраас зориод ирсэн болохоор дахиад тодорхойлолт бичиж өгье гээд С-д хандаж тодорхойлолтыг “С” ХХК-д өгөх гэсэн боловч хүлээн авалгүй нөхөн олговор олгохоос татгалзсан. Миний хувьд “С” ХХК-тай байгуулсан Р330990 дугаартай даатгалын гэрээний үүргийнхээ дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16.00 цагт 77115555 дугаарт залгаж даатгалд хамрагдсан 1158 УБЗ улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орж эвдэрсэн талаар хэлж бүртгүүлсэн. Мөн “С” ХХК-д даатгуулагчийн өргөдлийг бичиж өгсөн, даатгалын гэрээ, баталгааны эх хувийг танилцуулсан, хохирол үнэлэгч байгууллагын тайлан буюу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4242 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт буюу үнэлгээгээр тогтоогдсон дүн 24 055 703 төгрөгийн хохирол учирсан тухай тайлан, үүний 80 хувь болох 19 224 445 төгрөг “С” ХХК, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ослын болон хохирлын гэрэл зургууд зэргийг тус тус “С” ХХК-д  хүлээлгэж өгсөн болно.

Энэхүү зам тээврийн осол болсонтой холбогдуулан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч Э.Буяннэмэх нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51-д заасныг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15:05 цагт 310004318003159 дугаартай шийтгэврийн хуудсаар 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан. Иймээс миний эзэмшлийн 1158 УБЗ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашин нь зам тээврийн осолд орж эвдэрч гэмтсэн нь холбогдох хууль хяналтын байгууллагаас өгсөн фото зураг, тодорхойлолт, шийтгэврийн хуудас, гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг материалжуулалгүй, газар дээр нь шалгаж шийдвэрлэсэн бүртгэл, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, Соёмбо даатгалын 77115555 утасны дугаарт даатгуулагч нарын өгсөн дуудлагын тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байх тул Хөрөнгө эстимэйт ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлангийн 8 дугаар хэсэгт 24 055 703 төгрөгийн хохирол учирсан үнэлгээний үнийн дүнгийн 80 хувь болох 19 224 445 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-д  Х.Т нь өөрийн өмчлөлийн 11-58 УБЗ улсын дугаартай Тоёото Ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар Авто тээврийн хэрэгслийн даатгалаар даатгуулж даатгалын гэрээ байгуулсан. Даатгуулагч Х.Т-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Угтахбаяр овогтой Ерэнтэй гэх нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож яваад Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу явах замд дугуй хагарч жолоодлого алдсаны улмаас хөмөрсөн шалтгаанаар нөхөн төлбөр шилжсэн. Уг нөхөн төлбөрийн материалыг судлан үзэхэд цагдаагийн тодорхойлолтод дурдсан шалтгаан, даатгуулагчийн өргөдөлд дурдсан ослын шалтгаан нь хоорондоо илэрхий зөрүүтэй байсан тул даатгалын гэрээний 6.1.1-т даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл төлбөрийн хүсэлт гаргахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад зааснаар хариуцагч С ХХК-иас нийт 19 224 445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Т-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254 072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргааны шалтгаан болсон Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2 ширхэг /ижил огноо, дугаар бүхий/ тодорхойлолтын аль нь үнэн болох талаар Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас тодруулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах шийдвэр гаргасан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцэхгүй байна. Учир нь цагдаагийн тодорхойлолт нь даатгалын тохиолдол болсон эсэхийг нотлох гол баримт болдог. Цагдаагийн тодорхойлолтод осол болсон, түүнчлэн ослын шалтгаан юунаас болсон буюу жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөний улмаас осол гарсан тухай тодорхой заасан байдаг тул энэ нь тээврийн хэрэгслийн даатгалын тохиолдолд гол нотлох баримт болдог. Зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол болсон тохиолдолд цагдаагийн тодорхойлолтод заасан ослын шалтгаанаас хамаарч даатгалын нөхөн төлбөр олгох эсэх, цаашлаад олгох тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг хэдэн хувиар тооцож олгохыг тогтоодог. Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал байдаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгдөг. Гэтэл тус бүрдээ өөр, өөр ослын шалтгаан бүхий нэгэн ижил дугаар, огноо бүхий цагдаагийн тодорхойлолтын алийг нь үндэслэж шүүх шийдвэр гаргасан байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Т   нь хариуцагч “С” ХХК-д  холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 19 224 445 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь сайн дураар өөрийн өмчлөлийн 1158 УБЗ улсын дугаартай Тоёота маркийн Ланд крузер загварын тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамжид 252 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 15,18 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, даатгалын баталгаа зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Ландкрузер маркийн 11-58 УБЗ улсын дугаартай автомашиныг У.Ерэнтэй нь жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн 7-13 дахь талд авагдсан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар тодорхойлолт, гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг материалжуулалгүй, газар дээр нь шалгаж шийдвэрлэсэн бүртгэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон.                              /хх-7-13, 39 дэх тал/

 

Талууд даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан талаар маргаагүй боловч хариуцагч нь ослын шалтгааны талаар хоорондоо зөрүүтэй тодорхойлолт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас гаргасан тул даатгуулагч төлбөрийн хүсэлт гаргахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж марган даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсанаас талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй ба хэргийн 7, 39 дэх талд авагдсан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гаргасан хоёр тодорхойлолтод зөрчигдсөн гэх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрүүтэй бичигдсэн байна. Уг байгууллага гаргаж буй баримт бичигтээ дүрмийн өөр, өөр заалт бичиж нэхэмжлэгчид өгсөн байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийг хуурамчаар баримт бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Даатгуулагчаас даатгалын буюу даатгалын тохиолдол бий болсонтой холбоотой гаргаж өгсөн баримт, мэдээлэл хуурамч гэж үзсэн бол энэ нөхцөл байдлаа хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, нотлох баримтаа гаргах үүргийн талаар тайлбарласан байх бөгөөд хэргийн материалтай 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр танилцсан байна. Энэ өдрөөс хойш шүүх хуралдаан болох 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хариуцагч нь “2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ямар шалтгааны улмаас осол гарсан талаар Өмнөговь аймгийн цагдаагийн газраас тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулах” гэх хүсэлтэд зааж буй баримтыг өөрөө олж авах боломжгүй болон хүндэтгэн үзэх үндэслэлээр хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжгүй байсан гэдгээ нотлоогүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хариуцагч даатгалын гэрээний нэг тал байх тул хүсэлтэд дурдсан баримтыг өөрөө олж авах боломжгүй гэх үндэслэлгүй гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт хохирол 24 055 703 төгрөгийн 80 хувь болох 19 224 445 төгрөгийг шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хариуцагч “С” ХХК-иас 19 224 445 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Т-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснтай нийцжээ. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 072 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ