Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00538

 

Х.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02107 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2481 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “С Д” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 19 224 445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэмээ, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Би өөрийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашинаа 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ыг “С Д” ХХК-ийн “С Д”-д 3 сарын хугацаатай даатгуулж, төлбөрт бэлнээр 252 000 төгрөг төлж, №Р330990 дугаартай гэрээ байгуулан 006 дугаартай “даатгав” гэсэн тамга даруулан баталгаажуулсан.

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгаас Өмнөговь аймаг руу явах замдаа дугуй хагарсны улмаас замын хажуу руу онхолдож авто осолд орж, эвдэрсэн.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тодорхойлтонд: ...Уг ослын улмаас Ланд круйзер маркийн 11-58 УБЗ улсын дугаартай автомашины зүүн талын хаалга, мөн зүүн талын хойд хаалга, зүүн талын урд керло, зүүн талын хойд булан, зүүн талын толь, зүүн талын хойд булангийн гэрэл, дээвэр, урд салхины шил, дээврийн ачаа, зүүн талын гишгүүр хонхойсон, хагарсан эвдрэл гэмтэл учирсан байна” гэж дурдсан.

...Дээрх тодорхойлолт болон ослын газрын фото 7 кадр зургийг хавсарган өгсөн боловч “С Д” ХХК хүлээн авалгүй, нөхөн олговор олгохоос татгалзсан.

Миний хувьд “С Д”–тай байгуулсан даатгалын гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16.00 цагт 77115555 дугаарт залгаж, зам тээврийн осолд орж эвдэрсэн талаар хэлж бүртгүүлсэн.

... Хохирлын үнэлгээний хавсралтаар 24 055 703 төгрөгийн хохирол учирсан байдаг. 

Иймд үнийн дүнгийн 80% болох 19 224 445 төгрөгийг “С Д” ХХК-ийн “С Д”-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

...Даатгуулагч Х.Т-гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Угтахбаяр овогтой Ерэнтэй 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож яваад Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу явах замд дугуй хагарч жолоодлого алдсаны улмаас хөмөрсөн шалтгаанаар нөхөн төлбөр шилжсэн. Уг нөхөн төлбөрийн материалыг судлан үзэхэд цагдаагийн тодорхойлолтод дурдсан шалтгаан, даатгуулагчийн өргөдөлд дурдсан ослын шалтгаан нь хоорондоо илэрхий зөрүүтэй байсан тул даатгалын гэрээний 6.1.1-д даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл төлбөрийн хүсэлт гаргахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02107 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад зааснаар хариуцагч С Д ХХК-иас нийт 19 224 445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254 072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2481 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 072 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргааны шалтгаан болсон Өмнөговь аймаг дахь Замын Цагдаагийн тасгийн 2 ширхэг ижил огноо, дугаар бүхий/ тодорхойлолтын аль нь үнэн болох талаар Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас тодруулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцэхгүй байна.

...Зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол болсон тохиолдолд цагдаагийн тодорхойлолтонд заасан ослын шалтгаанаас хамаарч даатгалын нөхөн төлбөр олгох эсэх, цаашлаад олгох тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг хэдэн хувиар тооцож олгохыг тогтоодог.

... гэтэл тус бүрдээ өөр, өөр ослын шалтгаан бүхий нэгэн ижил дугаар, огноо бүхий цагдаагийн тодорхойлолтын алийг нь үндэслэж шүүх шийдвэр гаргасан байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2481 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хууль болон Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Т- нь хариуцагч “С Д” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 19 224 445 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “С Д” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл төлбөрийн хүсэлт гаргахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, нэхэмжлэгч Х.Т- нь өөрийн өмчлөлийн 11-58 УБЗ улсын дугаартай Тоёота маркийн Ланд крузер загварын тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамжид 252 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Х.Т-гийн автомашиныг У.Ерэнтэй гэгч жолоодож явахдаа 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргажээ. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01 дугаартай албан бичгээр “С Д” ХХК-д ослын талаар тодорхойлсон байна. Цагдаагийн байгууллагын “гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг материалжуулалгүй, газар дээр нь шалгаж шийдвэрлэсэн бүртгэл” хэрэгт авагджээ.

Хариуцагч “С Д” ХХК нь нэхэмжлэгчийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ, түүнчлэн даатгалын тохиолдол үүсээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр,  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх боловч хэргийн оролцогч өөрөө олж авах боломжтой нотлох баримтыг бүрдүүлэхээс татгалзах эрхтэй болно.

Нотлох баримт бүрдүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагааны талаар давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 67 дугаар зүйлийн 67.1.3.-т нийцсэн дүгнэлт хийжээ. Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах учиртай.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 9 дүгээр зүйлийн 9.1.4.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан тухайн маргаанд хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу, даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02107 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2481 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 254 072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН