Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 02107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “С” ХХК/РД:/-д холбогдох

 

19 224 445 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, Б.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүрэлбаатар овогтой Т /РД: УУ90111108/ миний бие 2011 онд Япон улсад уйлдвэрлэгдсэн, JTMDV09J0B4055266 арлын дугаартай Toyota Land Cruizer 200 маркийн 1158 УБЗ улсын дугаар бүхий суудлын авто машиныг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдан авч улмаар тухайн өдөртөө “Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ыг “С” ХХК-ийн “С”-д даатгуулсан.

Миний бие даатгуулсан өдрөөсөө буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлэн 3 сарын хугацаатай буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл даатгуулж, даатгалын төлбөрт бэлнээр 252 000 /хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийг өгч даатгалд хамрагдаж № Р 330990 дугаартай гэрээ байгуулж баталгаажуулж 006 дугаартай “ДААТГАВ” гэсэн тэмдэг даруулж баталжуулсан.

Гэтэл даатгалд хамрагдсан дээрх суудлын авто машин нь даатгалын гэрээний  хамрагдах хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгаас Өмнөговь аймаг уруу явах замд дугуй хагарсаны улмаас замын хажууруу онхолдож авто осолд орж эвдэрсэн. Авто осол гарсан талаарх “Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг”-ийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тодорхойлтод: “Сд тодорхойлолт гаргах нь: 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Ланд круйзер маркийн 1158 УБЗ улсын дугаартай автомашин ... зам тээврийн осол гаргасан байна ... Уг ослын улмаас Ланд круйзер маркийн 1158 УБЗ улсын дутаартай автомашины зүүн талын урд хаалга, мөн зүүн талын хойд хаалга, зүүн талын урд керло, зүүн талын хойд булан, зүүн талын толь, зүүн талын хойд булангийн гэрэл, дээвэр, урд салхины шил, дээврийн ачаа, зүүн талын гишгүүр хонхойсон, хагарсан эвдрэл гэмтэл учирсан байна.” гэж тодорхойлсон.

Гэтэл “С”-ын н.Түшиг гэсэн ажилтан нь уг тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус гэсэн ба тус цагдаагийн тасгаас ахиад акт, камерийн бичлэг авчир гэсэн. Ингээд Х.Т миний бие дахин Өмнөговь аймаг явж тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч Э.Буяннэмэхтэй очиж уулзаж акт авах гэсэн боловч тухайн албан тушаалтаны зүгээс “акт бичиж өгөхөө болиод ойролцоогоор 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Нэгэнт хол  газраас зориод ирсэн болохоор дахиад тодорхойлолт бичиж өгье” гээд “С”-д хандаж тодорхойлолт бичиж өгсөн.

Үүнд 2018 оны 02 сарын 02-ны өдөр, бүртгэлийн №01, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Ланд круйзер маркийн 1158 УБЗ улсын дугаартай атвомашин ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм...ийг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна ... Уг ослын улмаас Ланд круйзер маркийн 1158 УБЗ улсын дугаартай  автомашины зүүн талын урд хаалга, мөн зүүн хойд талын хаалга, зүүн талын урд керло, зүүн талын  хойд булан, зүүн талын толь, зүүн талын хойд булангийн гэрэл, дээвэр, урд салхины шил, дээврийн ачаа, зүүн талын гишгүүр хонхойсон, хагарсан эвдрэл гэмтэл учирсан байна. Ослын газрын фото 7 кадр зургийг хавсаргав” гэж миний эзэмшлийн автомашин нь осолд орж эвдэрсэн, гэмтсэнийг нотлох тодорхойлолтыг мөн гаргаж өгсөнийг “С”-д өгөх гэсэн боловч хүлээн авалгүй нөхөн олговор олгохоос татгалзсан.

Миний хувьд “С”-тай байгуулсан Р330990 дугаартай даатгалын гэрээний үүргийнхээ дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16.00 цагт 77115555 дугаарт залгаж даатгалд хамрагдсан 1158 УБЗ улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орж эвдэрсэн талаар хэлж бүртгүүлсэн. Мөн “С”-д

1. Даатгуулагчийн өргөдлийг бичиж өгсөн,

2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувийг танилцуулсан,

3 Хохирол үнэлэгч байгууллагын тайлан буюу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4242 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт” буюу Үнэлгээгээр тогтоогдсон дүн 24.055.703 /хорин дөрвөн сая тавин таван мянга долоон зуун гурав/ төгрөгийн хохирол учирсан тухай тайлан, үүний 80% болох 19.224.445/арван есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ “С ХХК”, Мэргэжлийн байгууллагын тодорхойлолт буюу Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт,

4.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

5. Ослын болон хохирлын гэрэл зургууд зэргийг тус тус “С”-д хүлээлгэж өгсөн болно.

Мөн “Санхүүгийн зохицуулах хороо”-ны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 9/2762 дугаартай албан бичигт “Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2018 оны 01 дутээр сарын 24-ний өдөр болсон зам тээврийн ослын талаар ... тус Хороонд ирүүлсэн баримт бичигт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 дутаар сарын 02-ны өдрийн 01 тоот тодорхойлолт нь 2 удаа үйлдэгдсэн байх ... энэ талаараа иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү.” гэсэн болно.

Энэхүү зам тээврийн осол болсонтой холбогдуулан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч Э.Буяннэмэх нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасныг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15:05 цагт 310004318003159 дугаартай “Шийтгэврийн хуудас”-аар “... 1158-УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ... нь Өмнөговь аймаг...байршил: 43.56561280, 104.42626770-д зөрчлийн тухай хууль 14.7.51-д “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын ... эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан.

Иймээс миний эзэмшлийн 1158 УБЗ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашин нь зам тээврийн осолд орж эвдэрч гэмтсэн нь холбогдох хууль хяналтын байгууллагаас өгсөн фото зураг, тодорхойлолт, шийтгэврийн хуудас, гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг материалжуулалгүй, газар дээр нь шалгаж шийдвэрлэсэн бүртгэл, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, “С”-ын 77115555 утасны дугаарт даатгуулагч нарын өгсөн дуудлагын тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байх тул “Хөрөнгө эстимэйт” ХХК-ний 09683540 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлангийн 8 дугаар хэсэгт 24 055 703/хорин дөрвөн сая тавин таван мянга долоон зуун гурав/ төгрөгийн хохирол учирсан үнэлгээний дүнг. Иймд үнийн дүнгийн 80 хувь болох 19 224 445/Арван есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг “С” ХХК-ийн “С”-аас нэхэмжлэн гаргуулах хүсэлтийг чинь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““С” ХХК-д Х.Т нь өөрийн өмчлөлийн 11-58 УБЗ     улсын дугаартай Тоёото Ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар “Авто тээврийн Хэрэгслийн Даатгал”-аар даатгуулж даатгалын гэрээ байгуулсан. Даатгуулагч Х.Тгийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Угтахбаяр овогтой Ерэнтэй гэх нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож яваад Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумруу явах замд дугуй хагарч жолоодлого алдсаны улмаас хөмөрсөн шалтгаанаар нөхөн төлбөр шилсэн.

Уг нөхөн төлбөрийн материалыг судлан үзэхэд Цагдаагийн тодорхойлолтод дурдсан шалтгаан, даатгуулагчийн өргөдөлд дурдсан ослын шалтгаан нь хоорондоо илэрхий зөрүүтэй байсан тул даатгалын гэрээний 6.1.1 дэх хэсэг даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл төлбөрийн хүсэлт гаргахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Х.Т хариуцагч “С” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 19 224 445/арван есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “С” ХХК нь төлбөрийн хүсэлт гаргахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулж, нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 252 000/хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний болон Даатгалын баталгааны хуулбараар нотлогдож байна.

 

Тус Гэрээгээр нэхэмжлэгч нь сайн дураар өөрийн өмчлөлийн 1158 УБЗ улсын дугаартай Тоёота маркийн ланд крузер загварын тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь зохигчийн тайлбар, № 01738909 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Гэрээний болон Даатгалын баталгааны хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутагт зам тээврийн осол гарж, Гэрээний даатгалын зүйл болох 1158 УБЗ улсын дугаартай Тоёота маркийн ланд крузер загварын тээврийн хэрэгсэлд 24 055 703/хорин дөрвөн сая тавин таван мянга долоон зуун гурав/ төгрөгийн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар тодорхойлолт, Гомдол, мэдээлэл, захиргааны зөрлчийг материалжуулалгүй, газар дээр нь шалгаж шийдвэрлэсэн бүртгэлийн хуулбар, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 4242 Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт хохирол болох 24 055 703/хорин дөрвөн сая тавин таван мянга долоон зуун гурав/ төгрөгийн 80/ная/ хувь болох 19 224 445/арван есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан нөхцөл, хугацаа, хэмжээнд даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй.

 

Хариуцагч нь Гэрээний 6-ын 6.1.1 дэх заалтад заасан буюу даатгуулагч төлбөрийн хүсэлт гаргахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзжээ.

 

Хариуцагч нь ослын шалтгаан нь хоорондоо илэрхий зөрүүтэй, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зам тээврийн ослын талаарх тодорхойрлолт 2/хоёр/ өөр гэж маргаж байна.

 

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар тодорхойлолтыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас гаргасан байх ба уг тодорхойлолтуудад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн/2004 он/ зүйл заалтыг зөрүүтэй бичсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ба эрх бүхий байгууллагаас уг тодорхойлолтуудыг хуурамч болохыг тогтоогоогүй байна.

 

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар нэхэмжлэгч нь жолоогоо бусдад шижлүүлсэн үед даатгалын тохиолдол учирсан байх ба нэхэмжлэгч нь худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь нотлогдохгүй байх тул хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад зааснаар хариуцагч “С” ХХК-иас нийт 19 224 445/арван есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгох нь зүйтэй гэж дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад зааснаар хариуцагч “С” ХХК-иас нийт 19 224 445/арван есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254 072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ