Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 27

 

 

“Ж ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б, Н.Б нар т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 25 717 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, П.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч Д.Б, Н.Б нар тай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 15 000 000.00 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 88а байр, 129 тоот хаягт байрлах Ү-2204075931 тоот дугаартай 36.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зохигчид зээлийн гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 сараар, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 сараар тус тус сунгасан боловч хариуцагчид өнөөдрийг хүртэл зээлийг зохих ёсоор төлж барагдуулсангүй. Хариуцагч нар энэ хугацаанд үндсэн зээлд 270 000.00 төгрөг, зээлийн хүүд 8 193 297.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163 503.00 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 14 730 000.00 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн хүү 7 245 545.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 188 711.00 төгрөг болсон. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 2 545 258.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 25 717 600.00 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15/15 тоот тушаалаар хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийг шинэчлэн баталсан бөгөөд олгосон зээлээс 85 000.00 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй, зээлийн хүүг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс, нэмэгдүүлсэн хүүг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсон. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14 730 000.00 төгрөг, зээлийн хүү 9 374 665.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 612 935.00 төгрөг, нийт 25 717 600.00 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2 545 258.00 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа боловч үүнд заавал 14 хоногийн хугацаанд хариу тайлбар өгөхгүйгээр мэтгэлцэх боломжтой. Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ч 15 000 000.00 төгрөгийг С.Нарангэрэл гэж хүн авч ашиглаж, тэрээр зээлийг буцаан төлж байсан. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хугацааг сунгасан 2 удаагийн нэмэлт, өөрчлөлт гэх гэрээнд хариуцагч Н.Б гарын үсэг зураагүй, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад нэхэмжлэгч тал зөвхөн Д.Б-тай гэрээний хугацааг сунгахаар тохирсон байгааг ойлгохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал чухам аль гэрээг үндэслэн ийнхүү хариуцагч нараас дээрх төлбөрийг нэхэмжилж байгаагаа тодруулсангүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан байтал зөвхөн Д.Б-тай гэрээний хугацааг сунгаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч яагаад өнөөдрийг хүртэл уг зээлийг нэхэмжлээгүй болохыг тодруулах хэрэгтэй, тэдгээрийн байгуулсан гэрээнд цуцлах үндэслэлийн талаар зохицуулж, хариуцагч нар зээлийг төлөх боломжгүй гээд байхад ийнхүү хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн буруу. Гэрээнд заасан зээл олгосны шимтгэл 75 000.00 төгрөг, өргөдлийн хураамж 10 000 төгрөгийг ямар үндэслэлээр авч байгааг тодорхой тайлбарласангүй, хэрэгт авагдсан баримтыг үзвэл зээлийн гэрээг байгуулахаас өмнө бус, харин одоогийн маргаан үүссэний дараа нэхэмжлэгчийн зүгээс шимтгэл, хураамж авахаар журам баталжээ. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1- тус тус зааснаар хариуцагч Д.Б, Н.Б нараас 25 187 012.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 530 587.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Б, Н.Б нар  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2204075931 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, 88а байр, 129 тоот хаягт байрлах 36.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444 092.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 283 885.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээл авснаа хариуцагч нар зөвшөөрдөг ч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шүүхээр шийдвэрлэх үндэслэл байгаагүй болно. Хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний хугацааг дуусахад дангаараа нэг удаа гэрээг сунгуулах хүсэлт тавьсан ба 2 удаа гэрээг сунгахад зээлдэгч Н.Б оролцоогүй, түүний хүсэл зориг байгаагүй болно. 3 гэрээний алинаар нь гэрээний зөрчил үүссэн болон үнийн дүн тодорхой бус байхад шүүх шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой байх шаардлага хангаагүй нэхэмжлэл байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь хариуцагч Д.Б, Н.Б нар т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 172 342 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 14 730 000 төгрөг, зээлийн хүү 9 374 665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 612 935 төгрөг, нийт 25 717 600 төгрөг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ЗГ0301160069 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Д.Б, Н.Б нар т 15 000 000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцон зээлийн гэрээ бичгээр байгуулж, талууд зээлийн гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 сараар, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 сараар тус тус сунгасан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.Б, Н.Б нар ын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ 88а байр, 129 тоот хаягт оршин байх, орон сууцны зориулалттай 36,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн 6-18, 54-57 дахь талд авагдсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн нэмэлт гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нар нь 14 915 000 төгрөг хүлээн авсан, зээлийн шимтгэл болон өргөдлийн хураамжид суутгаж авсан 85 000 төгрөгийг төлөх ёсгүй гэж тус тус маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 14 915 000 төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

            Хариуцагч нар нь үндсэн зээлээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 75 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 125 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 70 000 төгрөг, зээлийн хүүд 8 193 297 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 163 503 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэргийн 13 дахь талд авагдсан зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч Д.Б, Н.Б нар  нь зээлийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндсэн зээл 14 645 000 төгрөг, зээлийн хүү 8 969 019.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 572 993.37 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч Д.Б, Н.Б нар  нь зээлийн гэрээний 5.3-т “Зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу тухай бүр бэлнээр эсвэл зээлдүүлэгчийн Хаан банк дахь 5070080238 тоот төгрөгийн дансанд төлнө”, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний 7.1.5-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.9-д “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох зохицуулалтад нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагджээ.

 

Иймд анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 14 645 000 төгрөг, зээлийн хүү 8 969 019.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 572 993.37 төгрөг гэж зээлийн тооцооллыг зөв тодорхойлж, хариуцагч Д.Б, Н.Б нар аас 25 187 012.09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ 88а байр, 129 тоотод байрлах Ү-2204075931 тоот улсын бүртгэлийн дугаартай, 36.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлдээ зааж буй 3 гэрээний алинаар нь гэрээний зөрчил үүссэн болон үнийн дүн тодорхой бус байхад шүүх шийдвэрлэсэн нь буруу гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн, зээлийн нэг гэрээнд хариуцагч Н.Б гарын үсэг зурсан нь түүнийг зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 283 885 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ