Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00739

 

                         

“Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар магадлалтай,

“Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д , Н  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 25,717,600.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Манай компани хариуцагч Д , Н  нартай 2016 оны 08 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 15,000,000.00 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 88а байр, 129 тоот хаягт байрлах Ү-2204075931 тоот дугаартай 36.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зохигчид зээлийн гэрээний хугацааг 2017 оны 02 сарын 24-ний өдөр 4 сараар, 2017 оны 07 сарын 31-ний өдөр 3 сараар тус тус сунгасан боловч хариуцагчид өнөөдрийг хүртэл зээлийг зохих ёсоор төлж барагдуулсангүй. Хариуцагч нар энэ хугацаанд үндсэн зээлд 270,000.00 төгрөг, зээлийн хүүд 8,193,297.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,503.00 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 14,730,000.00 төгрөг, 2018 оны 07 сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн хүү 7,245,545.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,188,711.00 төгрөг болсон. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 2,545,258.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 25,717,600.00 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 сарын 02-ны өдрийн 15/15 тоот тушаалаар хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийг шинэчлэн баталсан бөгөөд олгосон зээлээс 85,000.00 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй, зээлийн хүүг 2016 оны 08 сарын 29-ний өдрөөс, нэмэгдүүлсэн хүүг 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсон. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14,730,000.00 төгрөг, зээлийн хүү 9,374,665.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612,935.00 төгрөг, нийт 25,717,600.00 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Талуудын хооронд 2016 оны 08 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ч 15,000,000.00 төгрөгийг С.Нарангэрэл гэж хүн авч ашиглаж, тэрээр зээлийг буцаан төлж байсан. Хэдийгээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2,545,258.00 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа боловч үүнд заавал 14 хоногийн хугацаанд хариу тайлбар өгөхгүйгээр мэтгэлцэх боломжтой. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хугацааг сунгасан 2 удаагийн нэмэлт, өөрчлөлт гэх гэрээнд хариуцагч Н  гарын үсэг зураагүй, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад нэхэмжлэгч тал зөвхөн Д тай гэрээний хугацааг сунгахаар тохирсон байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал чухам аль гэрээг үндэслэн ийнхүү хариуцагч нараас дээрх төлбөрийг нэхэмжилж байгаагаа тодруулсангүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан байтал зөвхөн Д тай гэрээний хугацааг сунгаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч яагаад өнөөдрийг хүртэл уг зээлийг нэхэмжлээгүй болохыг тодруулах хэрэгтэй, тэдгээрийн байгуулсан гэрээнд цуцлах үндэслэлийн талаар зохицуулж, хариуцагч нар зээлийг төлөх боломжгүй гээд байхад ийнхүү хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн буруу. Гэрээнд заасан зээл олгосны шимтгэл 75,000.00 төгрөг, өргөдлийн хураамж 10,000 төгрөгийг ямар үндэслэлээр авч байгааг тодорхой тайлбарласангүй, хэрэгт авагдсан баримтыг үзвэл зээлийн гэрээг байгуулахаас өмнө бус, харин одоогийн маргаан үүссэний дараа нэхэмжлэгчийн зүгээс шимтгэл, хураамж авахаар журам баталжээ. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Д , Н  нараас 25,187,012.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 530,587.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д , Н  нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2204075931 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, 88а байр, 129 тоот хаягт байрлах 36.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,092.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 283,885.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3321 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 27 дугаар магадлалд гомдол гаргаж байна. Д , Н  нар зээл авснаа хүлээн зөвшөөрдөг ч 2018 оны 10 сарын 30-ны байдлаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй байсан. Зээлийн гэрээний нэг тал зээлдэгч Д , Н  нар байхад зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч “Жи Эс Би капитал ББСБ” зөвхөн Д аар гэрээ сунгах хүсэлт бичүүлсэн ба зээлдэгчид зээлийг төлөх боломжгүй болсон байхад үндэслэлгүйгээр 2 удаа гэрээг сунгажээ. Аль гэрээний зөрчлөөр нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. ИХШХШТХ-ийн 62-р зүйлийн 62.1.5, 63-р зүйлийн 63.1.1-д заасныг хэрэглэн нэхэмжлэлийг буцаах байсан гэж үзэж ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1-д зааснаар хяналтын гомдол гаргав гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Жи Эс Би капитал ББСБ” ХХК нь хариуцагч Д , Н  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,172,342.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлийн үлдэгдэл 14,730,000.00 төгрөг, хүү 9,374,665.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612,935.00 төгрөг, нийт 25,717,600.00 төгрөг болгож нэмэгдүүлжээ. 

2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЗГ0301160069 тоот зээлийн гэрээгээр нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт 15,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай,  сарын 4,5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлүүлэхээр тохиролцож, талууд гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 сараар, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3 сараар тус тус сунгасан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ 88а байр, 129 тоот орон сууцны зориулалттай 36,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчид 14,915,000.00 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нар нь үндсэн зээлээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 75,000.00 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 125,000.00 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 70,000.00 төгрөг, зээлийн хүү  8,193,297.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,503.00 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Д , Н  нар нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үндсэн зээл 14,645,000.00 төгрөг, хүү 8,969,019.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,572,993.37 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 7.1.5-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах эрхтэй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний 4.9-д эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 Хариуцагч нарын хүлээх үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 14,645,000.00 төгрөг, зээлийн хүү 8,969,019.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,572,993.37 төгрөг гэж тооцон, Д , Н  нараас 25,187,012.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.   

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ гомдолд дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Хариуцагч Д аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 283,885.00 /хоёр зуун наян гурван мянга найман зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН