Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03321

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03321

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК гаргасан,

 

Хариуцагч: Д.Б,

 

Хариуцагч: Н.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,172,342.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, П.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагч Д.Б, Н.Б нартай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 15,000,000.00 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******,*******,*******лол, дугаартай 36.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

 

Зохигчид зээлийн гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 сараар, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3 сараар тус тус сунгасан боловч хариуцагчид өнөөдрийг хүртэл зээлийг зохих ёсоор төлж барагдуулсангүй.

 

Хариуцагч нар энэ хугацаанд үндсэн зээлд 270,000.00 төгрөг, зээлийн хүүнд 8,193,297.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,503.00 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 14,730,000.00 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн хүү 7,245,545.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,188,711.00 төгрөг болсон. Бид, нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 2,545,258.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 25,717,600.00 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

Хэрэгт авагдсан баримтаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15/15 тоот тушаалаар хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийг шинэчлэн баталсан бөгөөд олгосон зээлээс 85,000.00 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй, зээлийн хүүг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс, нэмэгдүүлсэн хүүг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсон.

 

Иймд, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14,730,000.00 төгрөг, зээлийн хүү 9,374,665.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612,935.00 төгрөг, нийт 25,717,600.00 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлийн шаардлагаа 2,545,258.00 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа боловч үүнд заавал 14 хоногийн хугацаанд хариу тайлбар өгөхгүйгээр мэтгэлцэх боломжтой.

 

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ч 15,000,000.00 төгрөгийг С.Н гэж хүн авч ашиглаж, тэрээр зээлийг буцаан төлж байсан. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хугацааг сунгасан 2 удаагийн нэмэлт, өөрчлөлт гэх гэрээнд хариуцагч Н.Б гарын үсэг зураагүй, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад нэхэмжлэгч тал зөвхөн Д.Бтай гэрээний хугацааг сунгахаар тохирсон байгааг ойлгохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал чухам аль гэрээг үндэслэн ийнхүү хариуцагч нараас дээрх төлбөрийг нэхэмжилж байгаагаа тодруулсангүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан байтал зөвхөн Д.Бтай гэрээний хугацааг сунгаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч яагаад өнөөдрийг хүртэл уг зээлийг нэхэмжлээгүй болохыг тодруулах хэрэгтэй, тэдгээрийн байгуулсан гэрээнд цуцлах үндэслэлийн талаар зохицуулж, хариуцагч нар зээлийг төлөх боломжгүй гээд байхад ийнхүү хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн буруу.

 

Гэрээнд заасан зээл олгосны шимтгэл 75,000.00 төгрөг, өргөдлийн хураамж 10,000 төгрөгийг ямар үндэслэлээр авч байгааг тодорхой тайлбарласангүй, хэрэгт авагдсан баримтыг үзвэл зээлийн гэрээг байгуулахаас өмнө бус, харин одоогийн маргаан үүссний дараа нэхэмжлэгчийн зүгээс шимтгэл, хураамж авахаар журам баталжээ.

 

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

          ҮНДЭСЛЭХ нь:
 

Нэхэмжлэгч Ж ХХК-иас хариуцагч Д.Б, Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,172,342.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2,545,258.00 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 14,730,000.00 төгрөг, зээлийн хүү 9,374,665.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,612,935.00 төгрөг, нийт 25,717,600.00 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч Д.Б, Н.Б нар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон ба талууд гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4 сараар, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3 сараар тус тус сунгаж, гэрээний бусад нөхцлийг хэвээр дагаж мөрдөхөөр болжээ /х.х-ийн 6-8, 56-59-р хуудас/.

 

Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагч нарын өмчлөлийн  улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******лол /13334/,  тоот хаягт байрлах 36.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 9, 10, 16, 17-р хуудас/.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3.-д Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, түүнчлэн 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.............. гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг хэлнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 131-133-р хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж ХХК-иас хариуцагч Д.Б, Н.Б нарт 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний зүйл болох 15,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн ба хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнээс 14,915,000.00 төгрөгийг хүлээн авсан, харин 85,000.00 төгрөгийг шимтгэл болон өргөдлийн хураамжид суутган авах ёсгүй гэж маргасан /х.х-ийн 62-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн байна.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэрт дурьдсанаар зээлийн шимтгэл 75,000.00 төгрөг, өргөдлийн хураамжид 10,000 төгрөгийг хариуцагч нараас авахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус шийдвэрийг үндэслэн зээлдэгчид өгөх 15,000,00.00 төгрөгөөс 85,000.00 төгрөгийг суутгасан гэж тайлбарласан /х.х-ийн 12, 124-р хуудас/.

 

Хэдийгээр зохигчдын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8.-д зээл олгосны шимтгэл 75,000.00 төгрөг, өргөдлийн хураамж 10,000 төгрөгийг зээлдэгч нар төлөх, мөн нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15/15 тоот тушаалаар батлагдсан хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд шимтгэл, хураамжийн хувь хэмжээг тодорхой заасан байгаа ч ямар үндэслэлээр ийнхүү дээрх төлбөрийг суутгаж авсан нь ойлгомжгүй, зээлийн судалгаа, хяналт хийсэн гэх үйл баримт тодорхой бус байна /х.х-ийн 135-р хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, хавтас хэргийн 56, 58, 59-р хуудаст авагдсан зээлийн гэрээ, гэрээний хугацааг сунгах гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтад хариуцагч Д.Б гарын үсэг зурсан эсэхийг тодруулахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр 25-ны өдрийн дүгнэлтээр мөн гэсэн хариу ирүүлсэн /х.х-ийн 107-112-р хуудас/.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нарт 14,915,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул энэхүү зээлийн хэмжээнд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Хариуцагч нар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг сар бүрийн 29-ний өдөр, үндсэн зээлийг хугацааны эцэст буюу 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн бол 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хугацаа сунгах гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 14,800,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, зээлийн хүүг сарын бүрийн 25-ны өдөр төлөх, мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн хугацаа сунгах гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 14,730,000.00 төгрөгөөс хүү тооцож, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлж дуусгахаар болжээ /х.х-ийн 8, 57, 59-р хуудас/.

 

Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээр дурьдсан хугацаа сунгах тухай гэрээнүүдийг зөвхөн хариуцагч Д.Бтай байгуулсан, хариуцагч Н.Б гэрээнд гарын үсэг зураагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа ч тэд хамтран үүрэг гүйцэтгэгчид юм.

 

Тодруулбал, хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2.-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болно.

 

Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтаар гэрээний зүйл болох 14,915,000.00 төгрөгийг хариуцагч Д.Б гарын үсэг зурж, хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч Н.Б маргаагүй, тус хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн 211.2.Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг этгээдийн зөвшөөрлөөр нөгөө этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ж ХХК-иас хариуцагч Д.Б, Н.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 14,730,000.00 төгрөг, хүү 9,374,665.00 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс, мөн нэмэгдүүлсэн хүү 1,612,935.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус тооцож, нийт 25,717,600.00 төгрөг нэхэмжилсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчид үндсэн зээлээс 2016 оны 12 дүгээр сарын 28-ны өдөр 75,000.00 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 125,000.00 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 70,000.00 төгрөг төлсөн бол зээлийн хүүнд 8,193,297.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 163,503.00 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 13, 66-78-р хуудас/.

 

Гэвч зээлдэгч нар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1.-д заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,645,000,00 төгрөг, зээлийн хүү 8,969,019.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,572,993.37 төгрөгийг тус тус төлөх ёстой байтал уг үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчдын төлбөл зохих үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцвол:

 

1/ Үндсэн зээл болон хүү

 

-               Хариуцагч нарт олгосон 14,915,000.00 төгрөгөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл буюу 75,000.00 төгрөг төлөх хүртэлх хугацааны хүү:

 

14,915,000x4.5%=671,175 /1 сарын хүү/, 671,175x12=8,054,100 /1 жилийн хүү/, 8,054,100:365=22,066.02 /1 өдрийн хүү/, 22,066,02x121хоног=2,669,989.32 төгрөг,

 

-               Хариуцагч нар 14,915,000.00 төгрөгийн үндсэн зээлээс 2016 оны 12 дүгээр сарын 28-ны өдөр 75,000.00 төгрөгийг төлсөн /14,915,000-75,000=14,840,000/ дараагийн өдөр болох 2016 оны 12 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 125,000.00 төгрөг төлөх хүртэлх хугацааны хүү:

 

14,840,000x4.5%=667,800 /1сарын хүү/, 667,800x12=8,013,600 /1 жилийн хүү/, 8,013,600:365=21,955.06 /1 өдрийн хүү, 21,955.06x56 хоног=1,229,483.36 төгрөг,

 

-               Хариуцагч нар 14,840,000.00 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 125,000.00 төгрөгийн төлсөн /14,840,000-125,000=14,715,000/ дараагийн өдөр болох 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу 70,000.00 төгрөг төлөх хүртэлх хугацааны хүү:

 

14,715,000x4.5%=662,175 /1 сарын хүү/, 662,175x12=7,946,100 /1 жилийн хүү/, 7,946,100:365=21,770.13 /1 өдрийн хүү/, 21,770.13x28 өдөр=609,563.83 төгрөг,

 

-               Хариуцагч нар 14,715,000.00 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 70,000.00 төгрөг төлсөн /14,715,000-70,000=14,645,000/ дараагийн өдөр болох 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хүү:

 

14,645,000x4.5%=659,025 /1 сарын хүү/, 659,025x12=7,908,300 /12 сарын хүү/, 7,908,300:365=21,666.57 /1 өдрийн хүү/, 21,666.57x584 хоног=12,653,280.00 төгрөг, нийт 17,162,316.51 төгрөг, үүнээс хариуцагч нарын төлсөн 8,193,297.00 төгрөгийг хасвал 8,969,019.51 төгрөгийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 14,645,000.00 төгрөг болж байна

 

2/ Нэмэгдүүлсэн хүү

 

-               Хариуцагч нар 15,915,000.00 төгрөгөөс ийнхүү дээр дурьдсанаар хэд хэдэн төлбөр төлсөн, үүнээс хамгийн сүүлд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 70,000.00 төгрөг төлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн хугацаа сунгах гэрээний дагуу үлдэх зээлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлөх ёстой байсныг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү:

 

4.5x20%=0.9 /нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээ/, 14,645,000x0.9%=131,805 /1 сарын нэмэгдүүлсэн хүү/, 131,805x12=1,581,660 /1 жилийн нэмэгдүүлсэн хүү/, 1,581,600:365=4,333.31 /1 өдрийн нэмэгдүүлсэн хүү/, 4,333.31x363 хоног=1,572,993.37 төгрөг.

 

Ийнхүү дээр дурьдсанаар хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 14,645,000.00 төгрөг, зээлийн хүү 8,969,019.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,572,993.37 төгрөг, нийт 25,187,012.09 төгрөг болж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ийм хэмжээтэй болоход нөлөөлсөн гэж буруутгасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.9, хугацаа сунгасан гэрээний 1 дүгээр зүйлийн b хэсэгт тус тус зааснаар зохигчид нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирсон нь Иргэний хуулийн 452.2.т нийцэж байгаагаас гадна 10 дугаар зүйлийн 10.1.-д зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлийн талаар зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

 

Тайлбарлавал, зээлдүүлэгч гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т гэрээг хугацаанаас өмнө цуцлах, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн .....................зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэсэн заалтууд зээлдүүлэгчид эрх олгосон заалт болохоос үүрэг хүлээлгэсэн, заавал биелүүлэх шинжтэй заалт биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү татгалзал үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж ХХК-иас хариуцагч Д.Б, Н.Б нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Б, Н.Б нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 17 хуудас/.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2.-т Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл үлдэгдэл 14,645,000.00 төгрөг, зээлийн хүү 8,969,019.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,572,993.37 төгрөг, нийт 25,187,012.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 530,587.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1- тус тус зааснаар хариуцагч Д.Б, Н.Б нараас 25,187,012.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 530,587.12 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Б, Н.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү улсын бүртгэлийн дугаартай *******,*******,*******лол /13334/,  хаягт байрлах 36.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,092.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 283,885.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР