Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 38

 

 

О.С-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/03060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.С-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д  холбогдох

 

6 875 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надтай автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 2007 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота приус” /Toyota prius/ маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийг төлж дуустал “Н” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулахаар тохиролцсон. Гэрээ байгуулсан өдөр урьдчилгаанд нь 3 000 000 төгрөгийг дансанд шилжүүлэхээр, үлдэгдэл 9 500 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгахаар бид харилцан тохирсон. Гэвч Б.Б нь тохирсон ёсоор 3 000 000 төгрөгөө шилжүүлээгүй, харин 2 500 000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүлсэн. Ингээд биднээр шаардуулан байж дахин 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Б.Б 3 000 000 төгрөг биш 2 700 000 төгрөг буюу 300 000 төгрөг дутуу төлж автомашиныг авч явсан. Б.Б гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгэхгүй, удаа дараа шаардуулсан. Сүүлдээ холбоо барих боломжгүй болсон ба автомашины үнийн 50 хувийг л төлсөн байж автомашины өнгө үзэмжийг дордуулж, гэмтэл сэв үүсгэж, гэрээний хугацаа дуусаад бүтэн 5 сарын хугацаа өнгөрөхөд үүргээ гүйцэтгэх талаар ямар ч санаа тавихгүй байсан тул миний бие Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө туслах үйлдэл хийж 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас 5 сарын дараа автомашиныг унаж эдэлж эзэмшиж байсан нөхөр болох Б.Эрдэнэбаатарын ажлын байрны гаднаас Б.Эрдэнэбаатарын зөвшөөрсний дагуу буцаан авсан. Ийнхүү үйлдлийг хийх болсон шалтгаан нь автомашины үнээс 6 300 000 төгрөг төлөөгүй хэрнээ гэрээний 3.8-д тохиролцсоны дагуу алдангид тооцогдсон 6 842 500 төгрөгийг төлөхгүй, автомашиныг Б.Б худалдан авсан боловч Б.Эрдэнэбаатар гэдэг хүн эзэмшиж, маш их хэмжээгээр торгуулан, байнга торгуулийн хуудас ирэх, автомашинтай шүргүүлэн гэмтээж өнгө үзэмжийг алдагдуулан цаашид үнэ төлөгдөх боломжгүй байдалд хүрсэн нь надад өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд автомашиныг буцаан авч хохиролгүй болохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Гэтэл Б.Б гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа хэтрүүлсэн алдангийг ч төлөөгүй байж гэрээнээс татгалзсан гэж төлсөн мөнгөө бүрэн нэхэмжилж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02146 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний 2453 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Б-ын нэхэмжлэлийг хангаж 6 500 000 төгрөгийг “Н” ХХК-ийн захирал О.С надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Б.Б манай компаниас автомашин зээлээр худалдан авсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хохирол учруулсан боловч тэр хохирлоо арилгахгүйгээр төлсөн мөнгөнөөсөө 300 000 төгрөг илүү нэхэмжилж шүүхийн шийдвэр гаргуулсан тул бид шүүхэд анх “Н” ХХК-иар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр О.С болон Б.Б нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн учир нэхэмжлэгчээ О.С болгон сольсон. Ингээд О.С миний бие дараах шаардлагыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан үндэслэлээр нэхэмжилж байна. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний бие автомашинаа очиж авахад Б.Б зээлээр худалдан авч явсан автомашиныг шүргүүлж, доторхыг нь бохирдуулж, өнгө үзэмжийг нь алдагдуулсан байсан. Нэгэнт би автомашиныг бусдад цааш нь зарж борлуулах шаардлагатай байсан учир Вьетнам засварын газар очиж 420 000 төгрөгөөр засварлуулсан. Уг 420 000 төгрөгийг гэрээний хохирол гэж шаардаж байна. Б.Б гэрээгээр тохирсон ёсоор автомашиныг авсан. Гэвч 7 сарын хугацаанд эдэлж хэрэглэн зах зээлийн анхны үнийг бууруулснаас би 12 500 000 төгрөгөөр худалдах байсан автомашинаа 7 700 000 төгрөгөөр бусдад худалдсан. Ингээд миний бие хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болоод автомашинаа бусдад хямдаар зарж 4 800 000 төгрөгийн алдагдалд орсон. Уг зөрүү болох 4 800 000 төгрөгийг буцааж хариуцагчаас шаардаж байна. Миний бие Замын-үүдын гаалиар орж ирсэн автомашинуудаа хүлээж авахын тулд мөнгөний хэрэгцээ их байсан. Ингээд худалдсан машины мөнгөө Б.Б-с нэхэмжилсэн. Гэтэл түүний нөхөр Б.Эрдэнэбаатар надад “...та түрүүлээд явж бай, би араас чинь 4 000 000 төгрөг шилжүүлнэ” гэж хэлсэн. Ингээд түүнд итгээд Замын-Үүд дээр 2015 оны 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдийн хооронд очиж Б.Эрдэнэбаатар руу залгахад тэрээр утсаа аваагүй, над руу мөнгө шилжүүлээгүй. Б.Эрдэнэбаатар намайг хуурч явуулснаас би үргүй зардал гарган, нийт 1 209 000 төгрөгөөр хохирсон. Уг мөнгөө Б.Б-с нэхэмжилнэ. Б.Б анх надаас автомашин авахдаа “...та автомашины оношлогоо, даатгал, улсын дугаар авах мөнгийг нь хийчих. Би энэ мөнгийг нь автомашины үлдэгдэл төлбөртэй хамт шилжүүлнэ” гэж хүссэн. Үүний дагуу зарцуулсан төлбөр болох 75 850 төгрөгийг нэхэмжилнэ. Б.Б-д  холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суугаа хаяг тодорхой бус байсан. Ингээд түүнийг Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01899 дүгээр шийдвэрээр эрэн сурвалжлуулж, “НҮСО” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Уг 70 200 төгрөгийг нэхэмжилнэ. Б.Б нь анх автомашин зээлээр худалдан авахад урьдчилгаа 3 000 000 төгрөг төлөхөөс 2 700 000 төгрөг төлсөн. Дутуу төлсөн үлдэгдэл 300 000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Б нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 6 200 000 төгрөг төлсөн мөртлөө 6 500 000 төгрөг төлсөн гэж шүүхэд худал тайлбар өгч илүү мөнгө буцаан авахаар шүүхийн шийдвэр гаргуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь О.С-ыг эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байна. Уг тайлбарыг зөвшөөрөхгүй байна. О.С нь Б.Б-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн учир гэрээнээс татгалзахад хүрсэн. Б.Б гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна. Хариуцагч Б.Б нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээнээс үүдэн гарсан зардал хохирлыг арилгах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Б “Н” ХХК-тай биш харин иргэн О.С-тай автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Үүнтэй холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул хариуцагч нь “Н” ХХК болон О.С нарт ямар нэгэн өр төлбөргүй гэж үзэж байна. Б.Б нь автомашиныг ямар нэг байдлаар шүргүүлж, эвдрэл гэмтэл учруулаагүй. Эвдэлж гэмтээсэн болохыг нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд Вьетнам засварын газарт засуулсан хөлс гэх 420 000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэгч тал автомашинаа 7 700 000 төгрөгөөр бусдад худалдсан буюу 4 800 000 төгрөгийн алдагдалд орсон гэж байгаа нь үндэслэлгүй. О.С нь өөрөө гэрээнээс татгалзаж, автомашиныг хүчээр авч явсан. Тухайн автомашины зах зээлийн үнэ бууралт Б.Б-с шалтгаалаагүй. Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр Б.Б болон түүний нөхөр Б.Эрдэнэбаатар нь гаалийн татвар төлөх үүрэг хүлээгээгүй. Өөрийн оруулж ирсэн автомашины татварыг төлөх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг. Тэгээд ч Б.Эрдэнэбаатар нэхэмжлэгчийг хуурсан гэж байгаа нь нотлогдохгүй, энэ талаар тусдаа шаардлага гаргах ёстой. Б.Б, О.С нар автомашин худалдах-худалдан авах талаар л тохирсон болохоос автомашины оношлогоо, даатгал, улсын дугаар авах мөнгийг хэрхэх талаар тохироогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б нь байсан газраа л амьдарч байсан. Тэрээр эрэн сурвалжлуулах нөхцөл байдлыг үүсгээгүй. О.С нь хариуцагчийн оршин суугаа газрыг анхнаасаа мэдэж байсан атлаа өөрөө буруу хаягаар нэхэмжлэл гаргаж, өөрөө өөртөө зардал гаргасан. Хариуцагч нь урьдчилгаа 3 000 000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд үүнийгээ баталгаажуулж автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээнд “урьдчилгаа 3 000 000 төгрөгийг бүрэн төлсөн” гэж бичсэн байгаа. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нийт шаардлага болох 6 875 050 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлж байна. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтаа нэхэмжлэгч өөрөө бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Мөн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч О.С нь Б.Б гэрээгээ биелүүлээгүйгээс үүдэн хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох боломжтой байсан. Гэтэл О.С нь Б.Б-ыг гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн байхад өөрөө гэрээнээс татгалзаж, автомашиныг авч явсан. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 4 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 075 050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 91 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.С-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 4 800 000 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж хариуцагч талаас үзэж байна. Учир нь Б.Б нь гэрээний үүргээ ялимгүй зөрчиж, төлбөр төлөх хугацаа хожимдсон боловч талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.7-д заасан “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэсэн нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгч О.С автомашиныг хүчээр авч яван өөр этгээдэд 7 700 000 худалдан борлуулсан нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаа бөгөөд нөгөөтэйгүүр Б.Б-ын өгсөн 6 500 000 төгрөгийг анхнаасаа буцааж өгөх бодолгүй ашиг хонжоо харсан үйлдэл юм. Үүнээс гадна талуудын хооронд байгуулсан гэрээний 3.8-д зааснаар худалдан авагч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг худалдагч талд төлөх зохицуулалт байсаар байтал О.С нь ашиг хонжоо хайж өөр этгээдэд зарж борлуулсан байхыг үгүйсгэхгүй юм. Тодруулбал О.С нь гэрээний 3.7-д заасан нөхцөл байдал үүсээгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар Б.Б нь үүргийг ялимгүй зөрчсөн буюу худалдагч тал хууль болон гэрээний дагуу гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байхад бусдад зарж борлуулсны дараа хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Автомашиныг гуравдагч этгээдэд зарж борлуулсан 7 700 000 төгрөгийн үнийн хувьд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас автомашины буурсан үнэ биш бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд өөрсдөө тохиролцсон үнэ байхад шүүхээс түүний зөрүү 4 800 000 төгрөгийг О.С-т зайлшгүй орох байсан орлого гэж үзсэн нь хуульд нийцэхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 6 875 050 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Н” ХХК-ийг О.С-аар сольж, нэхэмжлэгч О.С нь хариуцагч Б.Б-с автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 6 875 050 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчид Тоёота приус маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 3 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хүлээлгэн өгч, үлдэгдэл 9 500 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 30-нд төлж дуусгахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Хариуцагч нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зохигчдын хооронд маргаан үүсчээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар зохигчид маргах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.Б гэрээгээр тохирсон ёсоор автомашиныг авсан. Гэвч 7 сарын хугацаанд эдэлж хэрэглэн зах зээлийн анхны үнийг бууруулснаас би 12 500 000 төгрөгөөр худалдах байсан автомашинаа 7 700 000 төгрөгөөр бусдад худалдсан тул зөрүү 4 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарласан байна.

 

            Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь автомашин  худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж маргаан бүхий автомашиныг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр буцаан авч, Х.Бат-Эрдэнэтэй 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 7124/15 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 7124 УБГ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг 7 700 000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлд хамааруулан хохирлын хүрээг тодорхойлсон байх тул нэг тал гэрээний үүргээ зөрчсөн нөхцөлд нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон үүссэн хохирлыг арилгахаар хэрэглэгдэх зохицуулалт юм.

 

Иймд анхан шатны шүүх автомашины үнийн зөрүү болох 4 800 000 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж нэхэмжлэгч О.С-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч “2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр автомашинаа очиж авахад Б.Б зээлээр худалдан авч явсан автомашиныг шүргүүлж, доторхыг нь бохирдуулж, өнгө үзэмжийг нь алдагдуулсан байсан. Нэгэнт би автомашиныг бусдад цааш нь худалдан борлуулах шаардлагатай байсан учир Вьетнам засварын газар очиж 420 000 төгрөгөөр засварлуулсан тул гэрээний хохиролд 420 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарлан хариуцагчаас 420 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх 71-24 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин хариуцагч Б.Б-ын эзэмшил, ашиглалтад байхдаа гэмтсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 420 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч О.С нь Б.Эрдэнэбаатартай гэрээний харилцаанд ороогүй тул Замын-үүд явж үргүй зардал гаргасан гэх 1 209 000 төгрөгийг хариуцагч Б.Б-с шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 209 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч автомашиныг оношилгоонд оруулах, даатгал хийлгэх, улсын дугаар авахад зарцуулсан 75 850 төгрөг, Б.Б-ыг эрэн сурвалжуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, Б.Б анх автомашин худалдан авахад урьчилгаа 3 000 000 төгрөг төлөхөөс 2 700 000 төгрөг төлсөн тул дутуу төлсөн 300 000 төгрөгийг тус тус шаардсан боловч шүүх 75 850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах тухай О.С, Б.Б нарын хооронд үүссэн маргаанд “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг болон хариуцагч Б.Б автомашины урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн талаарх шүүхийн дүгнэлт хүчин төгөлдөр байгаа тул автомашины урьдчилгаанд дутуу төлсөн гэх 300 000 төгрөгийг тус тус шаардах эрхгүй гэж дүгнэж дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/03060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 93 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ