Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2022/00001/И |
Дугаар | 130/ШШ2022/00579 |
Огноо | 2022-06-16 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2022/00579
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А аймгийн Ө сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “А” ХХК /захирал Б, рд:00000, утас:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт А /рд:000000000, утас:000000000/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б дүүрэг, 26-р хороо, 00 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Ж овогт А-ийн Б /рд:00000000, утас: 000000000/ нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: 15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б,
Хариуцагч Ө, түүний өмгөөлөгч Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
Хариуцагч Б-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хариуцагч Б-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэрийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б нь хариуцагч Ө, Б нарт холбогдуулан 15000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1) 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Б гээд Улаанбаатарын иргэн манай компанид ирж өөрийгөө нэг компанийн захирал болгон танилцуулаад Баянхонгор аймгаас мал цуглуулж өгөх талаар ярсан. Анхандаа өөрсдийнхөө компаниас мөнгө гаргах болоод сүүлдээ манай компаниас мөнгө гаргая гэсэн болохоор бид зөвшөөрөөгүй. Тухайн үед манай компанид өмнө хэд хэдэн удаа мал өгч байсан Ө гэх залуу ирж мал цуглуулж өгье, та надад мөнгө гаргаж өгөх боломж байгаа юу гэсэн. Тухайн үед Ө-ыг сайн танихгүй ч гэсэн аавыг нь таньдаг мундаг хүн байсан тул итгээд мөнгө гаргаж өгсөн. Тухайн үед манай “А” ХХК Иран улс руу мах гаргах гэрээтэй байсан, тэр махыг манай компани гаргаж өгөх болоод Өд итгэж Бтай хамт Баянхонгор аймагт мал цуглуулахаар явуулсан. 15000000 сая төгрөгийг Б-д биш Ө-ын дансанд шилжүүлсэн. Өдий хүртэл мөнгө буцааж аваагүй. Баянхонгорт очоод мал авч байна гэж ярьсан сүүлдээ мал ачих машин эвдэрсэн гэж надад холбогдсон. Б-д итгээгүй тул Ө-тай холбогдож байсан.
2) Эхний малыг 5 хоногийн дотор нийлүүлэхээр тохирсон. Уг тохиролцсон хугацаа дууссан боловч Ө, Б нар мал ч нийлүүлээгүй, мөнгийг ч буцааж өгөөгүй болно. Энэ талаар компанийн хуулийн зөвлөх Б шүүхэд хандсан боловч нэхэмжлэгч нь биш гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд би урьдчилгаанд өгсөн мөнгө болох 15000000 төгрөгийг иргэн Ө, Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ө хариу тайлбартаа: 1) Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү 15 сая төгрөгийг урьд нь Б нь миний мөнгө байсан хэмээн надаас нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлж байсан. Тухайн үед “А” ХХК-ийн захирал Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай албан тоотоор “тус компанийн хуулийн зөвлөх Б-д өгөх ёстой 15 сая төгрөгийг 2020 онд түүний хүсэлтээр иргэн Ө-ын данс руу шууд шилжүүлсэн болно. Учир нь уг мөнгийг Б нэхэмжлэх эрхтэй болохыг тодорхойлов” хэмээн тодорхойлолт гаргаж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байсан. Ингэж намайг чирэгдүүлж шүүхэд хариуцагчаар татан хэргийг шийдвэрлүүлж амжилт олоогүй тул дахин “А” ХХК-ийн нэр дээр тухайн мөнгийг дахин намайг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж дахин чирэгдүүлж байгаад гомдолтой байна. “А” ХХК-ийн захирал Б хуурамч тодорхойлолт бичиж, үүнийг ашиглан Б гэгчээр нэхэмжлэл гаргуулж намайг хохироосон явдалд Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулах болно.
2) "А" ХХК болон "Б" ХХК-ийн захирал Бтай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж 15 сая төгрөгт хонь худалдан авахаар болж харилцан тохиролцсон байсан. Тэдний гэрээнд зааснаар "А” ХХК-ийн төлөөлөл нь "Б" ХХК-ийн захирал Б хонь худалдан авах үед мөнгө төгрөгийг шилжүүлж, тухайн хонийг автомашинаар ачиж авч ирэхээр тохиролцсон байна. А ХХК-ийн захирал Б надад санал тавьж "Биг мототрак" ХХК-тай гэрээ хийсэн гэдгээ хэлж, Б гэдэг залууд итгэхгүй байна чи цуг яваад ирээч гэсэн. Миний очиж ирэх хоол ундыг Б хариуцна, харин чиний хөлсийг чинь ирсний дараа би гомдоохгүй өгнө гэсэн тул зөвшөөрөл өгч хамт явахаар болсон. Ингээд Б гэдэг хүнтэй 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Б мөнгийг миний дансанд шилжүүлж, Б хонь худалдан авсан үед тухайн хүний дансанд тухай бүрт шилжүүлэг хийхээр болж явсан. 2020 оны 2 дугаар сарын сүүл хүртэл би Б гэдэг хүнтэй цуг Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээр явж хонь авахаар болсон боловч зарим аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрсэн, зудтай байсан тул санаанд тохирох хонь олдоогүй. Худалдаж авахаар болсон малчид үнэ нэмж хямд үнээр хонь худалдаж авах боломжгүй байдалд хүрсэн. Би тухайн үед намайг төлөөлөл болгож явуулсан Б-ын утсанд өдөр бүр нөхцөл байдлыг мэдэгдэж байсан. Явсаар байгаад Баянхонгор аймгийн малчдаас Б хонь авахаар болж тохиролцсон тул надад хэлсний дагуу тэдгээр хүмүүсийн дансанд малын үнэ гэж мөнгийг шилжүүлдэг байсан. Өвлийн цаг учир худалдаж авсан хонио ачих машин олдохгүй байсан тул Б-н нь Улаанбаатар хотоос машин авчирна гэсэн тул түүнтэй хамт хот руу явсан. Б нь хотын хүн бөгөөд Улаанбаатар хотоос хямдхан хонь ачих машин олдоно гэж хэлж байв. Хотод ирээд би нөгөө хүнд итгээд машинаа хүлээгээд Б-д болсон явдлыг өдөр болгон хэлээд байж байсан ба машинаар ачихаар болж тохиролцсон малчдад очиход тэд хонио өгөхүй, малын үнэ нэмэгдсэн нэг хоньд 10000 төгрөг нэмж өг хэмээн урьд тохиролцсон үнэ дээр мөнгө нэмсэн тул Б малаа авч чадаагүй. Харин Б нь хонио зарсан хүмүүстэй тусдаа тооцоо хийж, мөнгөө буцааж авна хэмээн яваад өгсөн.
Өөрөөр хэлбэл 2019 оны 12 дугаар сараас 2 дугаар сарын сүүл хүртэл Б-ын даалгавраар явж түүний шилжүүлсэн 15 сая төгрөгөөс 14,2 сая төгрөгийг 36 удаагийн гүйлгээгээр Б хонь худалдаж авч байна гэж надаар шилжүүлэг хийлгэсэн. Үлдсэн мөнгийг бусад зардалд бүрэн зарцуулж дуусгасан. Харин Б гэгч нь “А” ХХК-ийг анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан гэдгийг би сүүлд ухаарсан. Б нь Батмагнайд итгэхгүй түүнд бэлэн мөнгө шилжүүлэхгүйгээр, түүний мал авах гэж очсон иргэнд л мөнгөө шилжүүлэхийг хүсэж түүний хажууд намайг дагуулж явуулсан байсан. Гэхдээ энэ нь хангалтгүй байсан байна. Гэтэл Б нь хонь худалдан авч байгаа хэмээн иргэдтэй уулзуулж, тэдгээр иргэдийн дансыг ашиглан мөнгө шилжүүлж авчихсан мөртлөө “А” ХХК-нд хонио цуглуулж өгөхгүйгээр хохироосон. Мөнгөө нь ч буцаан өгөөгүй. Б нь маш их зальтай этгээд болохыг тухайн үед мэдсэн. Тэгээд хонь ч байхгүй мөнгө ч байхгүй болсон учир би Бд хүчээр “чи өөрөө очиж Б-д учраа хэлж, тооцоо хий" гэж 2020 оны 2 дугаар сарын сүүлд хотоос дагуулж Өд авчирч Бтай уулзуулсан. Тэд тухайн үед хоорондоо уулзаж ярилцаж хонь өгөх, эсхүл мөнгөө өгөх талаар тохиролцсон байсан. Гэрээнд заасан малыг Б өгч чадаагүй учраас төлбөр тооцоогоо яаж барагдуулах талаар, мөн 15 сая төгрөгийн өртэй болсон учраас 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдөр нотариатад очиж хуурамч гэрээ хийж өгөхөөр болсон талаар ярьж байсныг гар утсаар бичлэг хийж өөртөө хадгалсан юм. Утсаар бичиж авсан тэдгээр дуу бичлэгүүдийг ДиВиДи хуурцагт буулгаж, шүүхийн журмаар үзлэг хийлгэж байсан бөгөөд энэ нь Г.Бауыржаны нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэрэг дотор байгаа болно. Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00867 дугаар шийдвэр, Бын Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбарыг,
Хариуцагч Бгаас түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг,
Хариуцагч Ө-аас Б-ийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШЗ2021/01816 дугаар шүүгчийн захирамж, Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Ө-ын ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 179, 180 дугаартай зээлийн гэрээнүүд, “А” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч Ө, Б нараас 15000000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Хариуцагч Ө, Б нар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай нядалгааны газарт мал бэлтгэн нийлүүлэхээр тохироод урьдчилгаанд 15000000 төгрөгийг Өы данс руу шилжүүлэг хийлгэн авсан. Эхний малыг 5 хоногийн дотор нийлүүлэхээр тохирсон боловч тохиролцсон хугацаа дууссан боловч мал нийлүүлээгүй, мөнгийг буцааж өгөөгүй тул урьдчилгаанд өгсөн 15000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3.Хариуцагч Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “А” ХХК нь “Б” ХХК-ийн захирал Б-тай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж 15000000 төгрөгт хонь худалдаж авахаар болж харилцан тохиролцсон байсан ба “А” ХХК-ийн захирал Б надад санал тавьж “Б” ХХК-тай гэрээ хийсэн гэдгээ хэлж, Б гэдэг залууд итгэхгүй байна, чи цуг яваад ирээч гэсэн. Очиж ирэх, хоол ундыг Б хариуцна, харин чиний хөлсийг чинь ирсний дараа би гомдоохгүй өгнө гэсэн тул зөвшөөрч хамт явахаар болсон. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Б мөнгийг миний дансанд шилжүүлж, Б хонь худалдан авсан үед тухайн хүний дансанд тухай бүрт шилжүүлэг хийхээр болж явсан. 2020 оны 2 дугаар сарын сүүл хүртэл Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээр явж хонь авахаар болсон боловч зарим аймгийн нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрсэн, зудтай байсан тул санаанд тохирох хонь олдоогүй. Худалдаж авахаар болсон малчид үнэ нэмж хямд үнээр хонь худалдаж авах боломжгүй байдалд хүрсэн. Тухайн үед нөхцөл байдлыг өдөр бүр мэдэгдэж байсан. Явсаар байгаад Баянхонгор аймгийн малчдаас Б хонь авахаар тохиролцсон тул надад хэлсний дагуу тэдгээр хүмүүсийн дансанд малын үнэ гэж мөнгийг шилжүүлдэг байсан. Миний бие Б-ын даалгавраар явж түүний шилжүүлсэн 15 сая төгрөгөөс 14.2 сая төгрөгийг 36 удаагийн гүйлгээгээр Б хонь худалдаж авч байна гэж надаар шилжүүлэг хийлгэсэн. Үлдсэн мөнгийг бусад зардалд бүрэн зарцуулж дуусгасан. Б нь “А” ХХК-ийг анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсныг би сүүлд ухаарсан. Б нь хонь худалдаж авч байгаа хэмээн иргэдтэй уулзаж тэдгээр иргэдийн дансыг ашиглан мөнгө шилжүүлж авчихсан мөртлөө “А” ХХК-д хонио цуглуулж өгөхгүйгээр хохироосон. Миний бие “А” ХХК-ийг төлөөлж явсан тул хариуцлага хүлээх учиргүй гэжээ.
4.Хариуцагч Бд нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хувийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарласан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: “А” ХХК-аас хариуцагч Ө-ын дансанд 15000000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, ХААН банкнаас гаргаж өгсөн харилцагч Өы депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон. Нэхэмжлэгч “А” ХХК болон “Биг мототрак” ХХК-ийг төлөөлж Алтангэрэлийн Батмагнай нар нь харилцан тохиролцож Б нь “А” ХХК-д хонь нийлүүлэх, “А” ХХК нь худалдан авахаар болсон болох нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ээр тогтоогдсон. 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 179 дугаартай зээлийн гэрээг А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130//ШШ2021/00867 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцжээ.
6.Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон хонь бэлтгэн нийлүүлэх үүрэг болон урьдчилгаанд шилжүүлсэн мөнгө нь маргааны зүйл болсон байна.
7.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б, хариуцагч Ө нарын тайлбараас үзэхэд Б, Ө нар нь “А” ХХК-д хонь бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч Ө-аас миний бие “А” ХХК-ийг төлөөлж, хонь худалдсан иргэдэд мөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч хонь худалдаж авах урьдчилгаа мөнгө болох 15000000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, хонь худалдаж авах, бэлтгэн нийлүүлэх үүргийг Б-тай хамтран хүлээсэн байх тул гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр заасан бөгөөд хариуцагч Ө нь “А” ХХК-ийн шилжүүлсэн мөнгийг хүлээн авч, бараа бэлтгэн нийлүүлэх ажиллагаанд өөрийн үйлдлээр оролцсон, тухайн байдлын талаар өөрөө тайлбарлаж байгаа тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үүрэг үүссэн байна.
Хариуцагч Б-д нэхэмжлэгч “А” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 04 дугаар сарын 04-ний өдөр гардуулж өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2022 оны 04 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлан өгсөн боловч хариуцагч Б дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар буюу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг шийдвэрлэлээ.
Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б, Ө нараас 15000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 232950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б, Ө нараас 15000000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө, Б нараас 232950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х