Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2022/01974

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2022/01974

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,825,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.Б нь 2021 оны 07 сарын 06-ны өдөр над дээр ирж машин авъя гэсэн. Би өөрөө Да Хүрээ зах дээр машин зардаг. Тэгээд Ц.Б нь надад румион маркийн машин байгаа үлдэгдэл төлбөрийг банк бусаар өгч машин худалдаж авъя гэж санал тавьсан. Тухайн үед саналыг хүлээн авч 1999 оны 2012 онд Монголд орж ирсэн улбар шар өнгийн LХ470 маркийн машиныг надаас 29,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 7,000,000 төгрөгийг бэлнээр, Ц.Бын өөрийнх нь тоёота румион маркийн автомашиныг 7,000,000 төгрөгт тооцож, банк бусаас 10,000,000 төгрөгийн зээлийг Ц.Б авч, нийт 24,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 08-ны өдөр авсан. Уг нь банк бусаас 15,000,000 төгрөгийг авч өгнө гэж байсан боловч Ц.Бд 10,000,000 төгрөгийн зээл л гарсан. Банк бусад худалдах, худалдан авах гэрээгээ өгөхдөө 32,000,000 төгрөгөөр бичиж өгсөн учир нь урьдчилгаа төлбөрөө өндөр өгсөн харагдуулбал зээл өндөр гарна гэсэн. Ингээд наадам болох гээд бүх юм амрах болоод байсан тул үлдэгдэл 5,000,000 төгрөгийг наадмын дараа буюу 2021 оны 07 сарын 20-ны өдөр Ц.Б төлж барагдуулна гээд баталгаа гаргаж цаасан дээр бичиж өгсөн. Мөн заасан хугацаандаа 5,000,000 төгрөгийг төлөөхгүй тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцож бодохоор тохирсон. Улмаар мөнгө өгөх хугацаа дууссан боловч өгөлгүй өдийг хүртэл хохироож байна. Иймд хариуцагч Ц.Баас машины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 825,000 төгрөг, нийт 5,825,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Г нь надаас ямар үндэслэлээр 5,825,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Би Л.Гд ямар нэгэн өр төлбөргүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний нэр дээр LX470 маркийн машин худалдаж аваагүй гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь гэвэл худалдах, худалдан авах гэрээгээр Б.Н гэдэг хүний нэр дээрх тээврийн хэрэгслийг итгэмжлэлээр авсан. Л.Г гэдэг хүнд худалдах эрх олгосон итгэмжлэлээр тээврийн хэрэгслийг 32,000,000 төгрөгт тооцож худалдах, худалдан авах гэрээ хийж, 32,000,000 төгрөгийг бүрэн төлж авсан. Ингэж авахдаа гэрээний 3.3-д зааснаар гэрээгээр тооцоогоо бүрэн төлж дууссан. Дансаар 7,500,000 төгрөг, румион машиныг 7,000,000 төгрөгт тооцож, банк бусаас 10,000,000 төгрөг, бэлнээр 7,500,000 төгрөгийг төлж, нийт 32,000,000 төгрөг төлсөн. Машиныг худалдан аваад 7 хоногийн дараа замд унаад явж байхад мотор нь цохиж эвдрэхэд Ц.Б Л.Г руу утасдаж энэ машинаа буцаая гэхэд тэрээр одоо бид хоёрын тооцоо дууссан, бүх зүйлийг та үзэж шалгаад авсан, бүх юм дууссан учраас одоо ярих юм байхгүй гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Ийм учраас Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас 5,000,000 төгрөг болон алданги өгөх ямар ч тооцоо байхгүй. Энэ машин Л.Г машин биш учир түүнд нэхэмжлэх эрх байхгүй. Харин Б.Н нэхэмжлэх эрхтэй байж болох юм гэв.

 

4.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Л.Г иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 сарын 08-ны өдрийн баталгаа гэх баримт, 2021 оны 06 сарын 26-ны өдрийн итгэмжлэл, 2021 оны 07 сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Л.Г Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Үүнд: 2021 оны 09 сарын 24-ний өдрийн Ц.Баас Ц.О олгосон итгэмжлэл,

 

Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Үүнд: Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-ийн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 06/11 дугаартай албан бичгээр хавсарган ирүүлсэн Худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 07 сарын 09-ний өдрийн №105210707 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, №105210707 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Авто тээврийн Үндэсний төвийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн №684 дугаартай албан бичгээр ирүүлсэн 77-58 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Б.Ныг гэрчээр асуусан тэмдэглэл, Хаан банк ХХК-ийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 29/3509 дугаартай албан бичиг, Авто тээврийн Үндэсний төвийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 419 дугаартай албан бичгээр ирүүлсэн 77-58 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэл, 77-58 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-ийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн №ШБ-02/0953 дугаартай албан бичиг, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-ийн тушаал, 40-79УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ц.Б, П.Буянжаргал нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичмэл баримтууд байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 5,825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

6.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид LХ470 маркийн автомашиныг 29,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, 7,000,000 төгрөгийг бэлнээр, тоёота румион маркийн автомашиныг 7,000,000 төгрөгт тооцож, Ц.Б 10,000,000 төгрөгийн зээлийг банк бусаас авч, нийт 24,000,000 төгрөг төлсөн. Үлдэх 5,000,000 төгрөг, алдангид 825,000 төгрөг тус тус гаргуулна... хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Л.Гас LX470 маркийн автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдан авч, дансаар 7,500,000 төгрөг, румион машиныг 7,000,000 төгрөгт, банк бусаас 10,000,000 төгрөг, бэлнээр 7,500,000 төгрөгийг төлсөн. Төлөх төлбөрийн үлдэгдэлгүй... хэмээн маргав.

 

7.2021 оны 07 сарын 08-ны өдөр Л.Г нь JT6HT00W7X0037563 арлын дугаартай, 7758УБК улсын дугаартай, Lexus, LX470-J100 маркийн, суудлын зориулалттай автомашиныг Ц.Бд худалдахаар харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч Л.Г нь автомашиныг хариуцагч Ц.Бын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

8.Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Гантулгыг нэхэмжлэл гаргах эрхгүй, Б.Нын автомашиныг итгэмжлэлийн үндсэн дээр худалдсан хэмээн нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар маргадаг. 2021 оны 06 сарын 26-ны өдөр Б.Н нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг ...худалдах, төлөөлж гэрээ хэлцэл хийх, гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авах, авто тээвэрт төлөөлөх эрхийг Л.Гд олгож, итгэмжлэл үйлджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Б.Н нь Л.Гд итгэмжлэлийн гэрээгээр 28,000,000 төгрөгөөр машинаа зарсан, Л.Г мөнгөө төлөөд машиныг авсан, уг автомашин Г өмч гэж үзнэ гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан 2021 оны 06 сарын 26-ны өдрийн итгэмжлэл, гэрч Б.Нын мэдүүлэг зэргээр Л.Г нь 7758УБК улсын дугаартай, Lexus, LX470-J100 маркийн, суудлын зориулалттай автомашины өмчлөгч байх тул уг хөрөнгөтэй холбоотой үүргийг шаардах эрхтэй. Тиймээс хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Л.Г нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох автомашиныг худалдан авагч Ц.Бын өмчлөлд шилжүүлэх үүргээ 2021 оны 07 сарын 08-ны өдөр биелүүлсэн болох нь худалдах, худалдан авах гэрээ, Авто тээврийн Үндэсний төвийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 419 дугаартай албан бичгээр ирүүлсэн 77-58УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа, 2021 оны 07 сарын 09-ний өдрийн №105210707 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Нэгэнт худалдагч хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул худалдан авагч үнийг төлөх үүргээ биелүүлснээ нотлох шаардлага үүсэх бөгөөд нэхэмжлэгч гэрээний үнэ 32,000,000 төгрөгөөр бичигдсэн боловч 29,000,00 төгрөгөөр худалдахаар тохиролцсоноос 24,000,000 төгрөгийг хүлээн авсан, 5,000,000 төгрөг дутуу гэж, хариуцагч гэрээний үнэ 32,000,000 төгрөг бөгөөд үнийг бүрэн төлсөн хэмээн маргав.

 

10.Зохигчид худалдах, худалдан авах гэрээний үнэд 7,000,000 төгрөгт тооцож, Toyota rumion маркийн автомашиныг, 10,000,000 төгрөгийг Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-иас маргаан бүхий тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авч өгсөн, нийт 17,000,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

 

 11.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Л.Г Хаан банк дахь 5018544718 тоот дансанд 2021 оны 07 сарын 08-ны өдөр 470 үнэ утгаар 5007879702 тоот данснаас 7,500,000 төгрөг, Машин авах утгаар 5114216198 тоот данснаас 7,500,000 төгрөг тус тус шилжин орсныг хариуцагч Ц.Б төлсөн гэж тайлбарладаг ба Хаан банк ХХК-ийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 29/3509 дугаартай албан бичигт дурдсанаар 5007879702 тоот дансны эзэмшигч нь Ц.Б байна. Харин 5114216198 тоот дансны эзэмшигч нь П.Буянжаргал байх бөгөөд тэрээр Toyota rumion автомашиныг худалдан авсан эзэмшигч болох нь мөн Авто тээврийн Үндэсний төвийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 419 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тус тус тогтоогдов.

 

Дээрхээс үзэхэд хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Л.Гд 24,500,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан Баталгаа гэх баримтад зурсан Ц.Бын гэх гарын үсгийг хариуцагч үгүйсгээгүй юм. Тус баримтад 5,000,000 төгрөг 2021.7.8-ны өдөр зээлж авсан, эргээд төлөх хугацаа нь 2021.7.20-ны өдөр төлж дуусгана гээд зээлдэгч, зээлдүүлэгч гэсэн гарын үсэг зуржээ. Тус баримтаас үзэхэд Ц.Б нь 5,000,000 төгрөгийг Л.Гд 2021 оны 07 сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцжээ.

 

12.Хариуцагч нь 2021 оны 07 сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-д Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 32,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэх, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-тай 2021 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан №105210707 дугаартай Зээлийн гэрээ гэх баримтуудаар талууд тээврийн хэрэгслийг 32,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, уг мөнгийг хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Л.Гд бүрэн төлсөн гэх тайлбар, татгалзал нь нотлогдсонгүй.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 01 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчид 7,500,000 төгрөгийг 2 удаа дансаар шилжүүлсэн хэмээн тайлбарлаж байсан болох нь хэргийн 86 хуудасны арын талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд 7,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх зөрүүтэй тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

 

13.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Хариуцагч нь 2021 оны 07 сарын 08-ны өдрийн Баталгаа гэх баримтад үндэслэн 2021 оны 07 сарын 20-ноос нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар тооцож алдангид 825,000 төгрөг шаардсан ба талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-гээр анзын талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч худалдах, худалдах авах гэрээний үүрэг шаардаж байгаа тул алдангид нэхэмжилсэн 825,000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй.

 

14. Нэхэмжлэгч нь Ц.Бын 5007879702 тоот данснаас хүлээн авсан 7,500,000 төгрөгөөс 500,000 төгрөг нь машины төлбөрт хамаарахгүй гэх тайлбар гаргах боловч түүний тайлбар баримтаар нотлогдоогүй, 500,000 төгрөг нь ямар зориулалттай болохыг тэрээр тайлбарлаагүй болно.

 

15.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Баас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,325,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Баас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,325,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Гас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


 
      

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ