Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00457

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00457

 

Л.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/00131 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Г-ын хариуцагч Ц.Б-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Анх Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн 77-58 УБК улсын дугаартай автомашиныг би Б.Н-аас 28,000,000 төгрөгөөр худалдан аваад Ц.Б-д 29,000,000 төгрөгөөр худалдахдаа 7,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан боловч 500,000 төгрөг нь уг автомашины төлбөрт тооцогдохгүй, 7,000,000 төгрөгт бодож Ц.Б-ын нэр дээр байсан Тоёота румион /Toyota rumion/ маркийн автомашиныг аваад би өөр хүнд худалдсан. 15,000,000 төгрөгийг Ц.Б Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн 77-58 УБК улсын дугаартай автомашиныг нэр дээрээ шилжүүлээд ББСБ-д барьцаанд тавьж авч өгөхөөр тохиролцсон боловч ББСБ-аас 10,000,000 төгрөгийн зээл олгосон тул үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгнө гэж бичиг хийж өгсөн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Иймд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, алданги 825,000 төгрөгийг нэхэмжлэхээсээ татгалзаж байна. Ц.Б нь зээл авахдаа ББСБ-аас өндөр зээл гарахгүй байна гээд автомашиныг өндөр үнэлүүлж, урьдчилгаанд их мөнгө төлсөн гэж харагдуулахын тулд 32,000,000 төгрөгөөр худалдан, 22,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн мэт гэрээг хийж, ББСБ-д өгсөн ч хүссэн 15,000,000 төгрөгийн зээлээ авч чадаагүй. Хариуцагч нь 32,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэж хэлж байгаа боловч уг мөнгийг төлсөн баримт байхгүй байна. Мөн дансаар 2 удаа биш нэг удаа л 7,500,000 төгрөг шилжүүлсэн. Иймд автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг Ц.Б аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Б нь Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн 77-58 УБК улсын дугаартай автомашиныг Л.Г-аас 32,000,000 төгрөгт бодож худалдах-худалдан авах гэрээ хийж, авахдаа 7,500,000 төгрөгөөр 2 удаа дансаар шилжүүлж, нийт 15,000,000 төгрөг, уг автомашиныг ББСБ-д барьцаанд тавьж, 10,000,000 төгрөг зээлж авч өгсөн, мөн өөрийн өмчлөлийн Тоёота румион /Toyota rumion/ маркийн автомашиныг 7,000,000 төгрөгт тооцож, өөр хүний нэр дээр автомашиныг шилжүүлж, нийт 32,000,000 төгрөгийг бүрэн төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Автомашин 10 хоноод мотор нь цохьсон учир Л.Г-д хэлэхэд тэрээр төлбөрөө төлсөн учир надад хамаагүй гэж хэлсэн байдаг. Хариуцагч Ц.Б ажил ихтэй байсан учир нэхэмжлэл гаргаагүй, 32,000,000 төгрөгөөр хохирсон. Уг автомашины төлбөр бүрэн төлөгдсөн учир нэр нь шилжсэн. Энэ нь худалдах-худалдан авах гэрээний 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэж бичсэнээр нотлогдоно. Баталгаа гэсэн баримт нь тухайн автомашинтай ямар ч холбоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Шүүх Н ББСБ-аас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3770 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 105210707 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн фидуцийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг, мөн гэрч Б.Наранжаргалыг гэрчээр оролцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар бүрдүүлсэн. Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заалтыг хэрэглэхдээ шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж нэхэмжлэгч талд ач холбогдолтой гэх баримт, гэрчийг оролцуулахаар шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Наранжаргалыг гэрчээр оролцуулахаар хоёр удаа хойшлуулсан. Дээрх байдлаас үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд хийгдсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3770 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний 3.3-д төлбөр бүрэн төлөгдсөн, автомашиныг үзэж шалгаж авсан гэж зааснаас үзэхэд уг автомашиныг үнэ бүрэн төлөгдөж автомашиныг хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэн өгснөөр дээрх гэрээний үүрэг биелэгдсэн болох нь тогтоогдсон байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхааран үзсэнгүй. Мөн нэхэмжлэгч Л.Г нь тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үнийг 32,000,000 төгрөгөөр тохиролцсон байхад 29,000,000 төгрөгөөр тохиролцож худалдсан гэж зөрүүтэй тайлбарлаж байгаад шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч Л.Г нь автомашины үнээс 5,000,000 төгрөг дутуу авсан болохоо баримтаар нотолж чадаагүй. Хариуцагч Л.Б нь 2 удаа 7,500,000 төгрөгийг Л.Г-ын данс руу шилжүүлсэн. Гэтэл шүүх Л.Г-ын эзэмшлийн данс болох нь тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. Дээрх Хаан банкны дансны хуулгыг шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтаар гаргуулж авсан. Шүүх энэхүү нотлох баримтаар авсан дансны хуулга хэний данс болохыг шалгаж тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

3. Нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг Ц.Б-д 29,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 7,000,000 төгрөгт тээврийн хэрэгсэл авч, 10,000,000 төгрөгийг хариуцагч нь Нл ББСБ-аас уг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн зээлийн болон фидуцийн гэрээний үндсэн дээр зээл авч төлсөн, 5,000,000 төгрөгийг төлөх талаар Баталгаа гэх баримтыг бичиж өгсөн, 7,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн боловч 500,000 төгрөг нь уг гэрээний төлбөрт тооцогдохгүй, Ц.Б 7,500,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн гэдгээ нотлоогүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн 32,000,000 төгрөгөөр худалдан авч, Л.Г-д 2 удаа 7,500,000 төгрөгийг түүний Хаан банк дахь 5114216198, 5007879702 дугаарын дансанд шилжүүлж, нийт 15,000,000 төлсөн, банк бус санхүүгээс тээврийн хэрэгслийг зээл болон фидуцийн гэрээгээр байгуулж 10,000,000 төгрөг өгсөн, өөрийн автомашиныг 7,000,000 төгрөгт тооцон өгч бүгд 32,000,000 төгрөг төлсөн гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан.

 

Хэрэгт нэхэмжлэгч Л.Г-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар авагдсан уг хуулгаас үзвэл 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 7,500,000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн боловч уг мөнгөн хөрөнгийг хэнээс шилжүүлсэн нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь хариуцагч 7,500,000 төгрөг худалдсан тээврийн хэрэгслийн үнэд 1 удаа шилжүүлсэн, нөгөө 7,500,000 төгрөгийг хариуцагчаас 7,000,000 төгрөгт тооцож авсан түүний автомашиныг 7,500,000 төгрөгөөр бусдад худалдсанаас орж ирсэн мөнгө гэж тайлбарласан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алины дансны хуулгыг харьцуулан дүгнэх шаардлагатай байтал хариуцагч Ц.Б-ын дансны хуулга хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх талуудын маргааны зүйлд хамааралтай нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

4. Мөн 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.Н-аас Л.Г-д итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн 77-58 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах эрхийг олгосон бөгөөд дээрх итгэмжлэлээр Л.Г-д шүүхэд нэхэмжлэл гаргаж худалдсан тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхийг олгоогүй байхад тэрээр Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн 77-58 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргийг шаардсан нэхэмжлэл гаргасныг тодруулах шаардлагатай.

 

5. Түүнчлэн, талуудын маргаанд хамааралтай нэхэмжлэгчийн Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн 77-58 УБК улсын дугаартай автомашин, хариуцагчийн төлбөрт тооцож өгсөн Тоёота румион /Toyota rumion/ маркийн автомашины лавлагаа болон худалдах худалдан авах гэрээг Автотээврийн үндэсний төвөөс нотлох баримтаар гаргуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн болно.

 

6. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд оролцох эрхгүй, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/00131 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ